Түрүүч нь: http://zms.mn/halh-gol-chuluut-busiig-gazar-deerees-n-survalzhillaa-2/  http://zms.mn/halh-gol-chuluut-busiig-gazar-deerees-n-survalzhillaa/  
Б.ЭНХЗАЯА

ОЛОН УЛС ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГААС ТАТГАЛЗАЖ БАЙХАД...”

Халхголчууд түүхийн дурсгалтай газар нутагт нь чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байна. Тэнд зөвхөн түүхийн дурсгалаар зогсохгүй газар тариалангийн сор хөрстэй, уламжлалт мал аж ахуй сайн хөгжсөн нутаг ажээ.

Талын улаангэж улсдаа шилмэл үхрээрээ нэртэй зүүн хязгаарын нутагт эрчимжсэн мал аж ахуй битгий хэл солонгосчуудын барьж өгсөн загвар аж ахуй ч шаардлагагүй гэж нутгийнхан ярьж байна. Сумаас зүүн урд Халх голын сав газар дагуу 200 га талбай дээр хэдэн жилийн өмнөөс яригдсан загвар аж ахуйг солонгосчууд саяхан барьж дуусгажээ.

Малчдаас худалдаж авсан 50 гаруй тооны үхэр, цөөн тооны техник, усалгааны систем, хүлэмж тэнд байна. Ирэх жилээс Солонгосоос хоёр бух авчирч, монгол үхрийг хээлтүүлэгт оруулан мах, сүүний чиглэлээр үржүүлэхээр болсон гэнэ. Социализмын үед 30 жил судлагдаж, үржил шимтэй нь тодорсонТалын улаан”-тай нутгийнханд эрлийз малын шаардлагагүй, тэгээд ч бие жижигтэй монгол үхэр том малын үр төлийг тээж, төрүүлж дийлэхгүй гэж байна. Ингэж эрлийзжүүлэх нь малын генийг алдагдуулж, удмын санг хөнөөж байгаатай адил гэж малын эмч нар үздэг аж.

Нутгийнхны ярьснаар Солонгосын загвар аж ахуйгаас эхлэлээ тавьсан гэхХалх голчөлөөт бүсэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх нь  Монгол Улсын Засгийн газар өөрийн болон дэлхийн улс орнуудын чиг хандлагаас ухарч байгаа явдал гэдгийг онцолж байлаа. Олон улс бүх салбарт ногоон хөгжлийг эрхэмлэж, эко бүтээгдэхүүний хэрэглээг урьтал болгож генийн өөрчлөлттэй хүнсээс татгалзаж буй. Үүнийг Халхгол сумынхан ч ярьцгааж байна. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан гэдэг пестицидээр хөрс бордож ургасан ургамлаар малаа тэжээгээд хурдан хугацаанд өндөр үр, ашиг хүртэхийг хэлдэг. Ийм бүтээгдэхүүн генийн өөрчлөлттэй байдгийг, түүнээс болж зах зээлээс бүтээгдэхүүнээ татсан олон жишээг гадны улсаас бид харсан тухай ч ярьж байна. Монгол Улс бэлчээрийнхээс татгалзаж генийн өөрчлөлттэй эрчимжсэн мал аж ахуйгаар хүн ардынхаа ирээдүйдХалх голчөлөөт бүс  нэрээр аюултарьжбайгаа юм биш биз гэсэн  хардлагатай байна, нутгийн ардууд.

Халхгол сумын нутгийн зөвлөлийн байгаль орчин хариуцсан тэргүүлэгч С.Цэрэндуламтай уулзаж цөөн хором ярилцсан юм.

С.ЦэрэндуламХАЛХГОЛ УСАЛГААТАЙ ТАРИАЛАН ЭРХЛЭХЭД ЗОХИСГҮЙ ЭМЗЭГ ХӨРСТЭЙ

-Халхголын хөрс шимтэй хэрнээ эмзэг гэж байна. Газар тариалан эрхлэх боломжтой юу?

-Одоогийн залуусын муу гээд голоод байгаа социалист нийгмийн үед Халхголын районд хөрс, усны цогц судалгааг хийж 270 мянган га талбайд 12 сангийн аж ахуй барихад хангалттай гэж эрдэмтэд үзэж байсан. Гэтэл 12 биш 24 сангийн аж ахуй барих нутагт ямар ч судалгаагүйгээр төр дайрч байна. Халхгол бол маш сайн хөрстэй. Гэвч усалгаатай тариалан эрхлэхэд зохисгүй эмзэг хөрс. Ж.Наранцацралт гишүүн амьд сэрүүндээ хэлж байсан. “Халхголын хөрсийг газар тариалан эрхлэхэд болгоомжтой хандах хэрэгтэйгэж. Тэнд хөрс хамгаалал хийхгүй бол тэгш тал болохоор салхинд хуу хамаад явчихна. Тийм судалгаатай байхад хил хязгаарын хорио цээрийн дэглэмтэй бүс болговол дуртай нь пестицид, хортон шавьж устгагч, бордоогоо оруулж ирээд сагсайтал ургуулаад генийн инженерчлэгдсэн хүнс бий болгоно гэсэн үг.

-Нутгийн малчид чөлөөт бүс байгуулахыг хүчтэй эсэргүүцэж байна лээ?

-Халхголын ард түмэн төр засгийн алдаатай шийдвэрийг өнөө хүртэл хүлээж авсаар ирсэн. Газрын тосны баялгаас ашиг хүртэх битгий хэл газар нутгаа талхлуулж байна. Монголын том компаниуд орж ирээд тариа тарьж байна. Бас л дуугүй байсан. Ард түмэн тэвчээрийн дээд хязгаарт хүрчихлээ. Хяналтаас давбал юу болдогийг Монголын төр мэднэ. Халхгол бол Монголын төрийн өмнө ташаагаа тулаад зогсох гавьяатай. Халхын голын хонхорт дэлхийн хүнийг бэлдэж чадсан, олон мянган сайхан залуу энэ нутгийг хамгаалахын төлөө цусаа урсгаж тэмцсэн. Тэд ийм үнэгүй болгох газрын төлөө амиа алдсан гэж үү. Үнэндээ УИХ-ын 75 дугаар тогтоол амьдралын хөрсөнд буугаагүй. Улсын дотор хил үүсгэж Халхголын бахархал, эцэг өвгөдийн шарилыг устгаж, уугуул ард түмнийг доромжилж, хөрс, малыг нь олон жил судалсан эрдэмтдийн бүтээлийг үгүйсгэж байна. Хөрсөн доорх судлагдаагүй баялгийн талаар яриад ч хэрэггүй.

-Манай улс хангалттай малтай. Одоо тоо бус чанарыг эрхэмлэх нь зүйтэй гэж эрчимжсэн мал аж ахуйг сонгоод байгаа бололтой?

-Эрчимжсэн мал аж ахуй гэдэг бол олон сөрөг талтай. Үүлдэр угсааг нь сайжруулна гэж гаднаас мал оруулж ирэх нь өндөр эрсдэлтэй. Малыг дагаад халдварт өвчин орж ирдэг. Монгол мал 1960 оноос өмнө бурцёллоз өвчин тусдаггүй байсан. Гадаадаас нарийн сүүлтэй хонь мирнусан хонийг оруулж ирэхэд тэр өвчин орж ирсэн байдаг. 1980 оноос хар тарлан сүүний үнээ оруулж ирэхэд цусны өвчин дэлгэрэх болсон нь тогтоогдсон байдаг.

ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД УЛСТӨРЖӨӨД ЗАВГҮЙ

Халх голчөлөөт бүсийн 500 мянган га талбай Буйр нуураас Ялалт баг, тэндээсээ Халхгол сум, Ташгайгаар хүрээлэгдсэн байгаа юм. “Буурай орны газар нутгаас 1000 га-аас дээш газар нутгийг ашиглана гэж байгаа бол газар булаалт гэж НҮБ-аас сануулаад байгаа. Манай улс худалдааны чиглэлийн хоёр чөлөөт бүстэй. 100 га газар нутагтай. Тэр нь гай ч болдоггүй, гавьяа ч байхгүй. Тийм байхад 500 мянган га талбай дээр чөлөөт бүс байгуулж чадахгүй ээгэж нутгийн хөгшид халаглаж сууна. Тэд чөлөөт бүсийн талаар олон таамаг дэвшүүлэн ярьцгаах болжээ. Гаднын улсаас авсан өрөө газраараа төлөх гэж байна, солонгосчууд аль эртнээс манай нутгийг судалж эхэлсэн зэргээр дуулсан сонссоноо ам дамжин ярьж, “Газраа хамгаалахын тулд яахаас ч буцахгүйгэж байна. Харин ард иргэдийнхээ энэ их бухимдалд нутгийн удирдлагууд санаа тавьж байгаа зүйл алга. Халхгол сумынхан Засаг даргаа огцруулахаар хэлэлцээд, аймгийн ИТХ хоёр даргатай болоод ард түмнээ сонсох битгий хэл төрийн ажил хэрхэн үргэлжилж байгаа нь ч тодорхойгүй байна. Зарим нэг төрийн албан тушаалтанЧөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа ч төрийн тушаал шийдвэр учир бид ил гарч болохгүй байнагэх нэгэн ч таарлаа.

УИХ-ын 75 дугаар тогтоолоор өнгөрсөн долдугаар сард баталсан хорио цээрийн дэглэмтэй “Халх гол” чөлөөт бүсийн тухай эсэргүүцэл орон нутагт ийнхүү өрнөж байна. Тэд тогтоолыг цуцлахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ, зөвхөн Халхголчууд биш бусад нутаг орныхон дэмжихийг хүсч байлаа. Чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын долоон газарт яригдсанаас Дорнод аймгийн Халхгол сумыг сонгогдсон талаар албаныхан ярьдаг ажээ. Өнөөдөр Халхголд, маргааш Ховд, нөгөөдөр Хөвсгөлийн нутагт чөлөөт бүс байгуулж, үзэсгэлэнтэй хийгээд түүхт газар нутгаа гадны улсад найр тавин өгч улс дотор улс бий болгох вий гэсээр Халхголчууд үлдлээ.

Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин