Д.ЦЭРЭН

Сайндаа ч биш ээ. Ховд хотод алаг салатны үйлдвэр байдаг гэж сонсоод дэлгүүрээс бүтээгдэхүүнийг нь худалдан авч амталж үзлээ. Дажгүй юмаа. Үйлдвэр рүү нь очих бодол ч лавшрав. Ховд хотын хойт дүүрэгт багавтар хашаандаа томдсон гэхээр цагаан байшинд эднийх байрладаг аж. Үйлдвэрийн дотоод байдал гял цал. Ёстой л шинэ үйлдвэр юмаа. Компанийн нэр ньБаялаг БуянтХХК. Захиарл Т.Жаргалсайхантай уулзаж ярилцав.

-Үйлдвэрээ хэдийд байгуулсан бэ?

-2012 онд ажиллуулж эхэлсэн. Тоног төхөөрөмжийн хувьд Италиас гол хоёр шугамын хэсгийг авч ногоо хэрчих, чанах зэрэг тоноглолуудыг Хятадаас оруулж ирсэн. Хүчин чадлын хувьд бол цагт мянган шил бүтээгдэхүүн гаргадаг. Гэхдээ бид түүхий эдийн хангамж бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах хүндрэлээс шалтгаалаад тэр хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байна.

-Ийм үйлдвэр байгуулахын зорилго чинь юу байв?

-Ховд чинь ногоо, жимс их тариалдаг. Харин хурааж авсан бүхнээ борлуулж чадахгүй байдаг юм. Иймээс ногоочдынхоо зах зээлийг нь өргөжүүлье гэсэн гол зорилготой. Эцсийн зорилго маань импортыг орлох бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлэх явдал байлаа.

-Улирлын чанартай ажилладаг гэл үү?

-Тийм ээ. Байнга ажиллуулъя гэхээр түүхий эдийн хангамж алга. Байж гэмээнэ асар их бүтээгдэхүүн хийчихвэл зах зээл жижиг гэдэг утгаараа олон бэрхшээл гарч ирдэг. Ногоочид бидэнд итгэж өгөхгүй байна.

10-15-8a1

-Ногоочид итгэхгүй гэдэг юу гэсэн үг вэ?

-Намар ногоо хураах үедээ үнэ өндөр байдаг. Хураалтаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа ногооны үнэ огцом унадаг. Тэгэхээр бид тэр үнэтэй үед нь ногоо авахаар бүтээгдэхүүний өртөг, цаашлаад үнэ өсдөг. Энэ нь бусдын бүтээгдэхүүнтэй манай өрсөлдөх чадвар буурах эхлэл болж байна. Тэгвэл ногоо, жимсний үнэ буусан үед авъя гэж хүлээхээр чанар нь үйлдвэрлэлийн технологид тохиромж муутай болчихдог. Зовлон их бий. Түүхий эдийн тогтмол ханш гэж байдаггүй. Тарвас эхэндээ кг нь 2000 төгрөг байснаа сарын дараа ч юм уу 200 төгрөг болдог. Бусад ногоо ч ялгаагүй. Би ногоочиддоо хэлдэг. Та нар тарих ногоо, жимснийхээ төрлийг олшруулаач ээ гэж. Манай үйлдвэр зөвхөн ногооны салат биш жимсний компот, варень хийх боломж бий.

-Тэгэхээр тохиолдож байгаа бэрхшээлүүдийг давж гарах, бүтээгдэхүүнээ борлуулахын төлөө яаж ажилладаг вэ?

-Ер нь бэрхшээл байна гээд суугаад байвал ажил бүтэхгүй л дээ. Иймээс бид аль болохоор боломж бүхнийг хайж ажилладаг. Бүтээгдэхүүнээ Ховд хот, сумд руу нийлүүлж байна. Өөр аймаг, сум руу өгч борлуулах оролдлого ч байгаа л даа. Тухайлбал Баян-Өлгий, Увсад гэрээт борлуулагч хайж байна. Бас зовлон хэлэхэд бид тэр алсад бүтээгдэхүүнээ тээвэрлээд очихоор шатахуун  тосны зардал нэмэгдэж бүтээгдэхүүний маань үнэ өсч бусадтай ойролцоо болчихдог тал бий. Миний мэдэхээр Улаанбаатар хотод байдаг зарим үйлдвэр Хятадын хямд ногоо авч үйлдвэрлэл явуулдаг. Мэдээж тэдний бүтээгдэхүүн хямд байна шүү дээ.

-Танай үйлдвэр ер нь хичнээн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг юм бэ?

-Ноднин гэхэд 4-5 төр­лийн бүтээгдэхүүн хийж байлаа. Энэ жил нэр төрлөө нэмж 7-8 бол­госон. Булган су­манд тарьдаг слив гэдэг жимсээр компод хийсэн. Болж байнаа. Манай бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 18 сар. Хамгийн гол нь манай бүтээгдэхүүн эх орны хөрсөнд ургасан эрүүл жимс ногоогоор хийсэн гэдгээрээ онцлог юм шүү. Зах зээлийн зарчмаар бол эрүүл хүнсийг хямд үнээр сонгож авах учиртай. Гэтэл иргэдийн зах зээлийн сэтгэлгээ бүрэн төлөвшөөгүйн уршиг гэж байна. Ер нь үйлдвэр олон түмэнд танигдаад бүтээгдэхүүнийг нь авдаг болоход бас хугацаа хэрэгтэй байдаг шиг. Үүнийг үйлдвэрлэлээ нэлээд явуулсны хойно мэдэрч байна. Ер нь төдийг хийгээд тэгж борлуулна. Тийм ашиг гарна гээд цаасан дээр төлөвлөх, амьдрал дээр ямар байх хоёрын хооронд хол зайтай байх юмаа.

-Мартсанаас үйлд­вэрээ хэр өндөр зардлаар босгож авсан билээ?

-Үйлдвэрийн тоног төхөөрөмж барилгатайгаа нийлээд 650-иад сая төг­рөг болсон. Энэ хөрөн­гийг бид жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байж л бүрдүүлсэн дээ. Дараа нь хашаа байшин барих, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, шил саваа хийлгэж авахад зардал нэмэгдэж нийтдээ 800 гаруй сая төгрөгийн зардал гарсан.

-Мэргэжлийн технологичтой биз дээ?

-Байлгүй яахав. Болгарт сургууль төгсч ирээд өөр үйлдвэрт олоон жил ажиллаж байсан Оюун гэдэг хүн бий. Дээр нь улирлын чанартай ажилладаг үедээ 10-аад хүн авч байгаа.

-Ашигтай ажиллаж чадахгүй болохоор яах гэж ийм үйлдвэртэй болов доо гэж бодох үе гардаг уу?

-Бид эх орны хөрсөнд ургасан ногоо, жимсээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн эхний зорилгоосоо ухрахгүй л гэсэн бодолтой байдаг юм. Аймгийн хөгжилд ч ийм нэг орчин үеийн нэг үйлдвэр байх нь нэмэртэй биз дээ. Бас ногоочид үйлдвэрлэгч бидэнтэй олигтойхон хамтарч ажиллаж чадахгүйд хүрвэл өөрсдөө ногоо, жимсээ тарьдаг ч юм билүү гэсэн бодол бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин