З.ХҮРЭЛ



ӨНГӨӨР ЯЛГАРСАН ГУРВАН МЭДЭГДЭЛ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхлээд 10  дахь  хоногтойгоо золгож байна. Сурталчилгааны нийт хугацааны тавны нэг нь өнгөрч байна гэсэн үг. Үндсэндээ чимээ шуугиан, хар PR бага­тай, басхүү өмнөх сонгуу­лиудыг бодвол даруухандуу гэж болохоор сурталчилгаа үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгууль чухам яагаад сонирхол татаад, бас даруухан гэгдээд байгааг судлаачид, улстөрчид хоёр ч зүйлээр онцолно лээ.
Эхнийх нь, Ардын намаас дарга нь биш, сул гишүүн, гэхдээ  ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн үндэсний спортын аварга нэр дэвшиж байгаа.
Хоёр дахь нь, гэнэтийн гэж болохоор нэгэн явдал нь МАХН-аас эмэгтэй хүн нэр дэвшсэн нь энэ сонгуулийн яахын аргагүй нэгэн сонир­холтой өнгө болж чадсан гэх. Мэдээж хэрэг, энэ хоёр эрхэмтэй өрсөлдөж буй өнөөгийн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж бас л олны анхаарлыг та­тахуйц улстөрч.
Энэ утгаараа, Монгол Улсын тав дахь Ерөн­хийлөгчийг сонгох 2013 оны сонгууль эхнээсээ л олон нийтийн анхаарлыг татаж байна.
Нэр дэвшигчид 22-ны өдөр эрхийн үнэмлэхээ аваад мэдэгдсэн, хэлсэн үгийн “сезон” одоо ч намдаагүй л байна. Намуудын Сонгуулийн төв штабууд энэ талаарх мэдээллийг телевизүүдэд авсан цагуудаараа бүтэн долоо хоногийн турш “нүдэж” байгааг харвал нэр дэвшигчид нь тэр өдөр хамгийн чухал, гол үгээ хэлсэн бололтой юм.
Ардын намаас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн үнэм­лэхээ гардсан даруйдаа “Энэ удаагийн сонгууль үнэн, шударга явагдана гэж найдаж байна” гэж мэдэгдсэн бол, орой нь СТӨ-нд болсон Сон­гуулийн суртал­чил­гааныхаа нээлтийн үеэр “...Миний нэр цэвэр, гар минь цэвэр, миний сэтгэл цэвэр ээ...” гэсэн нь олон нийтийн дунд ч, цахим ертөнцөөр ч багагүй шуугиан тарьж чадсан. Шуугиан гэдэг нь талархал. Гэхдээ зарим нь сэтгэл, зүрх нь ч хаашаа юм бэ хэмээн хэвлэлд бичсэн нь харагдсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд нэр дэвшигчийн үнэмлэх гардах үеэрээ “...Илүү ихийг хийж бүтээх шаардлагатай байгаа. Ямар асуудал бидний өмнө тулгамдаж байна. Юуг шинээр хийх хэрэгтэй байна. Юуг цааш үргэлж­лүүлж хийх хэрэгтэй байна вэ гэдгийг бид маш сайн мэдэж байгаа. Энэ ажлыг үргэлжлүүлэхийн төлөө, бүгдээрээ хамтдаа Монгол Улсынхаа төлөө зүтгэцгээе” гэсэн. Харин СЕХ-ноос гараад суртал­чилгаагаа Дорнод аймагт ажиллахаар гарч, замдаа Яармаг дахь “Шунхлай”-н ШТС-аас “MGL-93”  бензинээр машинаа цэнэглэн хөдөллөө гэсэн мэдээлэл цацсан юм. Улсын Ерөнхийлөгч Мон­голоор нэрлэгдсэн анхны бензинээр ийм “арга хэмжээ” зохион байгуул­сан нь мэдээж гоё хараг­дав. Харин хоёрхон хо­ногийн дараа Яармагаас машинтай хөдөлсөн Ерөн­хийлөгч буюу нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дорнодод онгоцоор бууж харагдан, олон хүний амнаас шоучин хэмээх таатай бус үгийг сонсоод авлаа.
Энэ сонгуульд нэр дэвшигч ганц эмэгтэй Н.Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаад “Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаадаа баяртай байна. Учир нь надтай хамт нэр дэвшиж байгаа эрхмүүдийн нэг нь үнэхээр сайн улстөрч, нөгөө нь дархан аварга хүн. Аваргыг давж аварга болдог шиг би хичээх болно” гэв.
Юутай ч сурталчил­гааны эхний өдрөөс гур­ван нэр дэвшигч өөр өөрийн өнгийг илэр­хийлсэн “Лоозон үг”-ээ таниулж эхэлсэн юм.

НАРАН МАНДАХ ЗҮГ ХИЙГЭЭД ДЭЛХИЙН НИЙСЛЭЛИЙН ШҮНШИГЛЭЛ


Үнэндээ бол гараа сайн бол бариа сайн гэх үг лав сонгуулийн сур­талчилгаанд тохирдоггүйг бид мэддэг болсон. Олон улсын нэртэй, зартай PR-чдын онолоор ч ингэж үздэг юм байна лээ. Гэхдээ л гурван намын нэр дэв­шигч өөрийнхөө “онол”-оор гараагаа эхэлж, ерөнхийдөө хувь хүн, дээрээс нь PR-чдынхаа зөвлөгөөгөөр сонгосон нутгаа зорин суртал­чилгаагаа эхэлсэн юм.
Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаныхаа маргааш өглөө төрөлх нутаг Хэн­тийгээ зорив. Хамгийн түрүүнд төрсөн сум Өмнөдэлгэртээ очжээ. Ийн гарахдаа Тусгаар тогт­нолын ордныхоо үүд­нээс 10 гаруй Ландкруйзер-200 хөлөг­лөн, өөрөөсөө том залуус дагуулан явлаа, баян намын нэр дэвшигч сай­хан юм хэмээн өрсөл­дөгчдийнх нь сонирхлоор бичигдсэн бичвэрүүд хэвлэлүүдээр гарсан. Бор эсгий малгай, хүрэн даавуу дээлээр даруухан гоёсон аварга Хэнтий, Дорноговь, Улаан­баатараар дайран өдгөө Ховд, Баян-Өлгийд сур­тал­чилгаагаа хийж явна.
Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Дорнодоос эхлэн, Дорноговь, өчигдөр Өмнө­говьд ажиллаж байна.
Нэр дэвшигч Н.Удвалын хувьд Өвөр­хангайн Хархориноос сурталчилгаагаа эхэлж, төрсөн нутаг Архангайдаа үргэлжлүүлсэн. Тэр өдгөө Дархан-Уул, Орхон аймагт сурталчилгаагаа хийж байгаа ажээ.
Нэр дэвшигчдийн сурталчилгааны эхлэлийг ажихад МАН, АН-ынхан “Наран мандах нутаг”-ийг илүүд үзсэн бол МАХН-ынх “Дэлхийн нийслэл”-ийг сонгосон байна. Монголчууд наран мандах зүг, нар зөв эргэлтийг шүтлэг бус, бүр бичиг­дээгүйй хууль болгож мөрдсөөр ирсэн. Мөн  их газрын энергийг шүтэх нь ч бий. Тэр утгаараа, дорнын, тэр тусмаа монгол далд шүтлэг нэр дэвшигчдэд, тэдний PR-чдад байгаа нь харагдаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, үйлчилдэггүй ч гараа сайн бол... хэлцийн фило­софилог утгаар суртал­чилгаагаа эхэлжээ.

ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ТОХИРОО БА ХАР PR


МАН, АН-ын нэр дэвшигчдийн сонгуулийн төв штабын удирдлагууд хэн хэнээ гүтгэж доромжлох, өөрөөр хэлбэл хар PR хэрэглэхгүйгээр өрсөлдөх тухай гарын үсэг зурцгааж тохирсон гэдэг.
Гэтэл сурталчилгааны эхний долоо хоногт амжаад л бие бие рүүгээ дайрсан мэдээллээр сонгогчдын мэлмий сонорыг мялаагаад эхлэв. Хоёр намын сонгуулийн штаб “Тэднийх эхэлсэн учраас манайх ингэж мэдээлж байна” гэсэн тодотголтой сөрөг PR-аа телевизүүдээр шууд цацаж эхэллээ. Мөн үүний хажуугаар эртнээс бэлтгэсэн сонгуулийн сурталчилгааны зарим нь хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдож, төрийн албаныханд ч нэрмээс болоод эхлэв бололтой.
Хамгийн эхний шуугиан тарьсан суртал­чилгаа бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролц­сон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг. Өвөл, хавар, зун гээд бүтэн жилийн туршид зураг авалт хийж бэлтгэгдсэн энэхүү нэвтрүүлэг сурталчилгаа эхлэхийн өмнөх өдөр олон телевизийн программыг эвдэж эфир эзэгнэснийг ШӨХТГ-ын байцаагчид тогтоожээ. Гэтэл ШӨХТГ-ын дарга О.Магнай ийм дүгнэлт хийсэн байцаагчдаа бөө­нөөр нь халаад гадагшаа нисчихлээ гэсэн бор шувуу нисээд удлаа. Бас Бавуугийн Лхагвасүрэн, “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатар нар “Энэ бол төлөвлөгөөт нэвтрүүлэг байсан” гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа. Үүний зэрэгцээ “Цахиагийн Элбэгдоржийн онч үгс-1” нэртэй ном хэвлэгдсэн нь бас шуугиан тариад байна. МАН-ынхан үүнийг сонгуулийн суртла­чилгаа хэмээн үзсэн бол уг номын авторууд болох “Хөгжлийн танхим” ТББ-ын залуус эсрэг мэдэгд­лийг хийгээд байна. Тэд “Залуу хүмүүсийн хийж бүтээж байгаа зүйлийг улстөржүүлж байгааг эсэргүүцэж байна” хэмээн мэдэгдсэн ч “Цахиагийн Элбэгдоржийн онч үгс-1” ном гадуур үнэгүй тарааг­даж, тухайлбал “Улаан­баатар такси” ХХК-ийн жолооч бүр гурван ширхэг ном үйлчлүүлсэн хүндээ өгч байгаа гээд суртал­чилгаа гэх баримтууд нь ил болоод эхэлсэн.
Энэ бүхний эсрэг Ц.Элбэгдоржийн PR-чин А.Ганбаатар, Сонгуулийн төв штабыг нь удирдаж буй АН-ын генсек Ц.Оюундарь нар хэв­лэлийн бага хурал зарлаж, МАН-ынханд “Тохироо байгаа шүү” хэмээн са­нуулаад авна лээ. Эндээс үзэхүл, санал хураалт ойртох тусам суртал­чил­гааны сүүлийн өдрүүдэд хар PR цадигаа алдах магадлал өндөр байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёулаа өрсөлдөгч нэр дэв­шигчдийн талаарх сөрөг мэдээллийг цуглуулан эмхтгэж байгаа гэсэн.

ДАВУУ ТАЛ ГУРВУУЛАНД НЬ БАЙНА


Энэ удаагийн сон­гуульд нэр дэвшигчид дор бүрнээ нөгөө хоёроосоо ялгарах давуу талтай. Тэр давуу талуудаа ч гаргууд ашиглан өөрсдийгөө сурталчилж байна. Б.Бат-Эрдэнэ аваргын  “Нэр, гар, сэтгэл цэвэр...” гэдэг үг хүмүүсийн сэтгэлд ихээхэн хүрээд байгаа аж. Очсон газар бүрт нь монгол уламжлал, жудаг санасан сонгогчид түүнийг угтаж байх шиг. Ерөн­хийлөгч Ц.Элбэг­доржийн хувьд албан тушаал хашиж байгаа­гийнхаа давуу талыг сурталчилгаандаа нэлээд ашиглаж байна. Замын-Үүдээр орж ирэх гэж бөөгнөрөл үүсгээд байсан ачааг зохицуулан, цемент ачсан автомашинуудыг шууд нэвтрүүлэх шийдвэрийг газар дээр нь гаргаж давуу талаа харуулсан. Жолооч нар ч Ерөнхийлөгчид ихэд талархсан гэж байгаа.
Харин МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа анхны эмэгтэй. Түүний хашиж байгаа албан тушаал нь Эрүүл мэндийн сайд. Энэ бүхнээ нийлүүлэн сон­гуулийн сурталчилгаандаа зөөлөн тактик барьж буй бололтой. Мөн Н.Удвал нэр дэвшигчийн томоохон түлхээс нь гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. УИХ-ын сонгуулиар бүлэг байгуулах хэмжээнд хүртэл олон гишүүнийг “төрүүлэхэд” түүний нэр хүндийн нөлөө голлосон гэдэгтэй хэн ч маргахгүй. Сонгуулийн өмнөхөн явуулсан Сантмаралын судалгаагаар Н.Энхбаяр рейтингээрээ улстөрчдийг манлайлж байгаа нь харагдсан. Иймээс Н.Удвал нэр дэвшигчийн саналд Н.Энхбаярын оруулах хувь нэмэр их байна гэдгийг улстөрийн хүрээнийхэн хэлж байна.