Түрүүч нь http://zms.mn/halh-gol-chuluut-busiig-gazar-deerees-n-survalzhillaa/
Буйр нуурын өмнөд хэсгээр хөвөөлөн эхэлсэн “Халх гол” чөлөөт бүсийн хойд хил 50 орчим км үргэлжилж Ялалт багийн төвд тулаад буцжээ. Зүүн урагш Халхгол сум руу чөлөөт бүсийн эзэмшил газар үргэлжилнэ. Яг тэр хэсэгт нутгийн Шарилын ухаа гэдэг газар оржээ. Одоогийн Ялалт багийнхан 1963 онд Халхгол сумыг төвхнөсөн үеэс бурхан бологсдоо хөдөөлүүлж ирсэн газар нь тэр юм байна. Эцэг, өвгөдийхөө газрыг хөндөхийг цээрлэж ирсэн монгол ёсыг бодож хэдэн арван жилээр талийгчдаа нутаглуулж ирсэн газар хүн амьтны хөлд үрэгдэх үү, шарилыг нь нүүлгэх үү, хэн хариуцах вэ гэсэн асуултуудыг Халхголчууд тавьж байна.
Мөн 70 гаруй жилийн түүхт Халх голын байлдааны үед бий болсон эх газрын шарх сорви, тусгаар тогтнолыг цээжээрээ хамгаалсан эрэлхэг хөвгүүдийн мөрөө үлдээсэн түүхэн дурсгалууд энд байгаа гэдгийг нутгийнхан ам уралдан ярьж байв.
[caption id="attachment_22375" align="aligncenter" width="750"]
“Халх голын сав газар ирээдүйд Монголын ард түмнийг тэжээх үүц юм”[/caption]
Тэд чөлөөт бүсийн тухай мэдээллийг малын бэлчээр, радио телевиз, багийн хурал зэрэг боломжтой бүх газраасаа авч төр засгаас ямар байр суурь илэрхийлэхийг анхааралтай ажиглаж байгаагаа хэлж байлаа. Тогтоол баталснаас хойш төр, төрийн байгууллагынхан таг чиг байна гэж байв. Бас иргэдийн эсэргүүцэл улстөржсөн, сонгуулийн шоу гэсэн мэдээлэлд бухимдаж “Бидэнтэй газар орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс нэгдсэн. Тал газрын бидэнд улстөржих, шоу хөөх ямар ч санаархал байхгүй. Чадал ч хүрэхгүй. Эх нутагтаа тайван малаа маллаад явбал барав” гэх. Чөлөөт бүсийн тухай хуулиар “Халх гол” чөлөөт бүсийн захирагч Засгийн газарт захирагдах учир нутаг оронд хэнийг хаана байлгах, нүүлгэхээ дур мэдэж шийдээд нутгийн иргэдийг огт тоохгүй. Бас 500 мянган га талбайг хашаажуулах юм билээ. Буйр нуурыг бэлчээр нутагтай минь хашчихвал бид ч өнгөрлөө гэцгээж байна, тэд.
“БУХИМДСАН ИРГЭД ЯАЖ Ч МАГАДГҮЙ”
[caption id="attachment_22376" align="aligncenter" width="750"]
Солонгосын хөрөнгө оруулалтаар барьсан 200 га талбай бүхий загвар аж ахуй.[/caption]
УИХ-ын тогтоолоор батлагдсан 500 мянган га талбайд бусдын эзэмшил газрууд олноор давхацжээ. Газар тариалан, ашигт малтмалын компаниуд, цаашлаад малчдын олон жил амьдарч ирсэн өвөлжөө, хаваржаанууд цөм орсныг Ялалт багийн малчин Ц.Энхжаргал дуулгав. Малчид дор хаяж 15 жилээс 40, 50 жилээр өвөлжөө, хаваржаагаа эзэмших гэрчилгээ гаргуулчихсан, жил бүр улсад татвар төлсөөр иржээ. Гэтэл эдгээрийг төр хэрхэн зохицуулах нь тодорхойгүй, ард түмнийхээ өмчийг илт дээрэмдэж байгаа явдал гэж тэрээр нэмж хэлнэ лээ. Түүний тэргүүлсэн хөдөлгөөний иргэд чөлөөт бүсийн асуудлаар хуульчдад хандсан гэнэ. Улс орны хэмжээнд яригдаж байгаа асуудлыг муйхраар ярьснаас хуулийн үндэслэлтэй ярьж, мэтгэлцэж тэмцвэл үр дүнтэй гэж үзжээ. Энэ тухай ярихдаа “Халх голыг чөлөөт бүс болгох төрийн шийдвэр маш олон хуулийг зөрчжээ. Иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбайг ямар ч зохицуулалтгүй, тайлбаргүйгээр давхцуулж, дээрээс нь нутгийн иргэдийн саналыг ч тусгаагүй. Ер нь тэр Чөлөөт бүсийн хууль айхтар заалтуудтай юм билээ. Гадаадын иргэд нь квотгүй, визгүй амьдарна. Эхний жилүүдэд татвар төлөхгүй. Гэтэл бид өөрсдөө зөвшөөрөлтэй орж гарна гэж байгаа. Бид малаа маллаж ирсэн хүмүүс. Бэлчээр нутгаа хамгаалахын тулд яаж ч тэмцэж магадгүй” гэв. Ялалт багийн төвд суурьшсан С.Баатар гуай ч 500 мянган га талбайг хашаажуулахыг эсэргүүцэгчдийн нэг аж. Хорио цээрийн бүс болгоод хашчихвал гаднын компаниуд ч ашиг олохын тулд юу ч хийж мэднэ. Казино ч байгуулж болох юм байна лээ. Газар орон сүйтгэсэн, эвдсэн юм барьчихаад гадныхан эзэн сууна. Харин нутгийнхан бидний амьдрах орчин улам л хумигдана. Хотод хашааны дундуур үхэр туусан хөгшид хааяахан харагддаг даа. Малчид маань тийм хэмжээнд хүрэх аюултай. Бослого, хөдөлгөөндөө тулвал нэгдэнэ” гэж байна. Малчидтай уулзаж явахад тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн албан ёсоор ирээгүй ч хэсэг хүн Зүүн захын нуураар ирээд гурав хоноод буцсан мэдээг тэд дуулжээ. Ер нь Буйр нуурыг бараадан ирж улс төрийн хэлэлцээр хийдэг тухай тэд ярианыхаа дундуур хавчуулна. Үүний гайгаар байгаль, нуур бохирдож хоцордгийг ч хэлж байв. “Өнгөрсөн онд гэхэд АН-ын зүүн бүсийн зөвлөгөөн гэж 600 гаруй хүн Буйрын захад цугларч хогон овоо босгочихоод яваад өгсөн гэж нутгийн уугуул В.Буяндэлгэр яриа хачирлаж байлаа.
Г.Ширнэн: ХАЛХГОЛЧУУД ДАРИЙН УТААГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ҮНЭРТСЭН АРД ТҮМЭН
Буйр нуураас чөлөөт бүсийн хил дагуу явж малчидтай уулзсаны дараа Ялалт багт очив. Багийн төвийнхөн хашаа барих дургүй бололтой. Барилга байшин, гэрүүд хоорондоо тусгаарлах зүйлгүй учир эл хуль харагдах ч энэ нь цаанаа учиртай гэнэ. Халхгол сумын хөрс сул, эмзэг учраас хашаа, хайс барихад тэр дор нь элсээр булагдчихдаг ажээ. Ялалт багт /хуучнаар Халхгол сум/ дайны үеийг хүүхэд ахуйдаа туулсан хүн цөөнгүй байдаг аж. Монголын төдийгүй дэлхийн түүхэнд тод мөртэй, гашуун сургамжтай түүхийн дурсгалыг онгон чигээр үлдээх нь хойч үед хэрэгтэй гэж ахмадууд ярьж байлаа. Тэдний нэг Г.Ширнэн гуай ийн ярьсан юм. “Бид чинь маш их зовлон үзсэн ард түмэн. 1939 оны зарлаагүй дайны дарийн утааг хамгийн түрүүнд үнэртсэн. Нутаг маань 325 жилийн үүх түүхтэй. Бидний элэнц хуланц, өвөг дээдэс энэ нутаг орны төлөө амь насаа золиосолж өвлүүлэн үлдээсэн. Гэтэл өнөөдөр бидний байгаа царай, сонгосон төрийн түшээдийн царай энэ. Энэ тухай нойроо хугаслан бодох болсон. Сэтгэл маш их эмзэглэж байна. Алдар түүхтэй баян тансаг нутаг 30-40 жил судлагдсан, газар тариаланд тохиромжтой, I, II зэргийн хар хүрэн хөрстэй. Басхүү эмзэг хөрстэй. Манайхаас бусад сум, багийнхан хашаатай. Харин манайх эсрэгээрээ байгааг харсан байх. Энэ нь эмзэг хөрстэй холбоотой. Ирээдүйд Монголын ард түмнийг тэжээх үүц газар энэ юм. Төр засаг маань эргэж ард иргэдийнхээ санааг сонсох байх найдаж байна” гэсэн юм.
Дорнын талд “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах санаа аль эртнээс эхтэй, гадныхны явуулга, мөнгөөр цохиж батлуулсан гэсэн ил, далд санаагаар хэлэх хүмүүс олон таарав. 2012 онд Хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунайгийн үед Халх голын районд 170 мянган га газарт загвар аж ахуйн чөлөөт бүс байгуулна гэж яригдаж байжээ. Тэр хэдий ажил хэрэг болоогүй ч түүний дагуу Халхгол суманд солонгосчуудын хөрөнгө оруулалтаар 200 га талбайд загвар аж ахуйг эхлүүлсэн байна. Ялалт багаас 60 орчим км зайд алслагдсан Халхгол сумыг зорилоо. Сумын зүүн урд Халх голын сав дагуу усалгаажуулалтын систем, хүлэмж, хэд хэдэн барилгатай талбайг хашаалжээ. Халхын голын бүс нутагт газар тариаланг ямар чиглэлээр хөгжүүлж болохыг 200 га талбайд судалсан солонгосчуудын хөрөнгө оруулалтаар бүтээсэн загвар аж ахуй юм байна. Загвар аж ахуйг өнгөрсөн жил Монголын талд хүлээлгэж өгөх ёстой байсан ч шилжээгүй байгаа аж. Загвар аж ахуйд хоёр жилийн өмнө нутгийн малчдаас худалдан авсан 50 гаруй тооны үхэр байна. Дараа жилээс Солонгосоос хоёр бух оруулж ирээд мах, сүүний чиглэлээр үржүүлэхээр болсон гэнэ. Нутгийн иргэд “Энд Солонгосоос 150 үхэр оруулж ирээд загвар аж ахуйг хөгжүүлж байгаа гэж төр засгийн хэмжээнд яригддаг гэсэн. Үнэндээ энд гаднаас оруулж ирсэн ямар ч мал байхгүй. Хоёр жилийн өмнө нутгийн малчдаас 50 гаруй охин бяруу худалдаж авч байсан. Өөр онц гойд хийсэн ажил загвар аж ахуйд байхгүй. Үүнийг үндэслээд талбайг нь нэмж “Халх гол” чөлөөт бүс байгуулж байгаа юм билээ” гэцгээж байв.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин