С.БАТГҮР

МУНН-ын дарга Б.Батболдтой зарим нэг улс төр, нийгэмд өрнөөд байгаа цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Facebook-ийг эс тооцвол танаар сонин сайхан юу байна даа. Та ойрд нам гүмхэн байх чинь?
-Тайван сайхан байна даа гэж хэлье дээ.
-МУНН цагтаа УИХ-д суудалтай улс төрийн хүчин байлаа. Тиймдээ ч өдгөө МУНН-ыг идэвхгүй дэндүү сул дорой байна гэж шүүмжлэх хүмүүстэй би таарч байлаа. Та намын даргын хувьд ямар хариулт хэлэх вэ?
-Нэгдүгээрт, МУНН УИХ-д суудалгүй учраас үйл ажиллагаа, бодлого нь хүрч чадахгүй байна. Хоёрдугаарт, МУНН-ын үндсэн гол үзэл баримтлал болох Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнол, аюулгүй байдал гэсэн үндсэн сэдвээ барьж ажилладаг ийм л нам шүү дээ. Тэгэхлээр бидний хийдэг ажил заримдаа нүдэнд харагдахгүй байж болох юм. Бид сүүлийн 80 жилийн хугацаанд ард түмэндээ үндэсний үзэл, уламжлал, түүх соёлын талаар гайгүй мэдлэг мэдээллийг түгээж чаджээ гэж үзэж байгаа. Нөгөө талаар манай намд олигархи байхгүй, санхүүжилт муутай нам. Зөвхөн намынхаа тэргүүлэгч гишүүдийн татвараар санхүүждэг. Энэ агуулгаараа бодсон ч тэр айхтар үнэтэй, төлбөртэй радио, телевиз, сонинд ярилцлага өгөөд байх боломж муутайг нуух юун.
-Шинэчлэлийн Засгийн газар удахгүй нэг жилийнхээ ойг үзнэ. Тиймдээ ч одоогийн Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг цөөн хүний нэг нь яах аргагүй та. Энэ талаар юу хэлэх вэ?
-Харин ч бид Засгийн газрыг юм болгон дээр гоочлоод байдаггүй, гоочлоо ч үгүй. Бидний баримталдаг нэг гол зарчим бол 2012 оны УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар байр сууриа ойлгомжтойгоор маш тодорхой илэрхийлсэн.
МАН болон бусад намууд сонгуулийг будилаантай боллоо хэмээн шуугиж байхад, МУНН хамгийн анх сонгуулийн үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн.
Сонгуулийн санал тоолох машин зөв, буруу байсан гэдгийг баталж чадахгүйгээс хойш, ийм дэмий юмаар цаг заваа барах нь утгагүй гэсэн санааг тухайн үед илэрхийлсэн.
Нөгөө талаар сүүлийн хориод жил Монголын төрийг дангаараа эзэгнэж байсан МАН унасан нь шинэчлэл хийгдэж магадгүй нь дээ гэсэн горьдлогийг бий болгосон.
Энэ ч агуулгаараа эд нар нь булхайцсан байлаа ч гэсэн, засаг төрөө байгуулаад, эмхэлээд, ард түмнийхээ эрх ашгийг дээдлээд аятайхан юм болгоод аваад явчих болов уу гэж горьдсоных...
Тэр ч утгаараа бид таг дуугүй байгаа юм. Дуугарах байсан бол их л олон асуудал байсан. Өөрөөр хэлбэл таг дуугүй байсан нь үндэснийхээ эрх ашгийн үүднээс хандсан, гаргасан шийдвэр гэж ойлгож болно.
Харин өнгөрсөн бямба гаргийн Засгийн газраас хийгдсэн томилгоо нь ямар ч тэвчээрийг, эрх ашгийг доош нь дарсан ийм л томилгоо байсан. Н.Алтанхуяг гэдэг нөхөр Ерөнхий сайд болонгуутаа Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Аринсан гэдэг нөхрийг томилсон. Тухайн үед энэ томилгооноос үүдэн маргаан үүссэн. Асуудал биш боллоо гээд Н.Алтанхуяг гаргасан шийдвэрээ Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны өмнө татаж авсан.
Түүнчлэн, Сөрөг тагнуулын албанд олон жил зүтгэсэн н.Баярсайхан гэдэг даргыг ажлаас нь чөлөөлсөн. Оронд нь нэг залууг аваачиж тавьсан боловч, тэр залуу нь гэмт хэрэгт холбогдоод өнөөдөр ажил нь түдгэлзэгдсэн байж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газар удирдлага, жолоодлогогүй боллоо.
Гадаад тагнуулын албаны дарга нь мөн энэ мэргэжлийн байгууллагын хүн биш. Сөрөг тагнуул, гадаад тагнуул гэдэг чинь Тагнуулын ерөнхий газрын үндсэн хоёр багана нь юм. Гэтэл гадаад тагнуулын албаны дарга нь батлан хамгаалахын армийн хүн, тагнуулын байгууллагатай огт хамаагүй, энэ чиглэлийн ажлын туршлага ч байхгүй, хавьтах ч хүн биш. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг эмнэлэгт хэвтэж байхад нь Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох шийдвэрээ гаргасан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдний ажлыг хоёр цагийн дотор хүлээлцэн өгүүлэхээр өөрийн биеэр очсон байгаа юм. Энэ нь эрхгүй хар төрүүлж байгаа биз дээ. Сөрөг тагнуул удирдлагагүй байна. Гадаад тагнуул дээр мэргэжлийн бус хүн байгаа. Яагаад заавал Б.Ариунсан гэдэг нөхрийг энэ байгууллага руу зүтгүүлээд байна вэ. Би facebook-ээр олон сэтгэгдэл үзлээ. Үүний 90-ээд хувь нь энэ томилгоог эсэргүүцсэн, улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд эргэлзээтэй байдал үүсгэлээ гэх төрлийн сэтгэгдлүүд байна лээ. Мэдээж намынхан ч юм уу, томилогдсон хүний найз нөхөд ч юм уу, Н.Алтанхуягийн найз нөхөд ч юм уу ганц, хоёрхон хүн л энд тэнд гав гэсэн байна лээ. Гэхдээ тэр нь үндэслэл муутай, өмөөрөхийн тулд өмөөрсөн тэнэгдүүхэн сэтгэгдлүүд байна лээ. Энэ болгоноос дүгнэн харах юм бол монголчууд хэзээнээсээ нааш тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэж ирсэн ард түмэн. Монгол Улсын тусгаар тогтнол, түүний аюулгүй байдал, тэрийг хангадаг байгууллагыг хүчгүйдүүлэх, системтэйгээр устгах үйл ажиллагаа явуулж байгааг монголчууд хэн нь ч хүлээж авахгүй. Энэ бол таны ч, миний ч, бүх монголчуудын өөрсдийнх нь эрх ашиг, Бидэнд хамгийн чухал зүйл бол тусгаар тогтнол гэдэг асуудал. Энэ тусгаар тогтнолоо бид асар их үнээр олж авсан шүү дээ. Газар нутгийнхаа гуравны хоёрыг хүн амтай нь харийн хоёр мангаст тасдаж чулуудаж байж энэ газар нутаг, тусгаар тогтнолыг авч үлдсэн. Бид түүхээ мэдэхгүй учраас өнөөдрийн энэ тусгаар тогтнолын золиосонд явчихсан Орос, буриадуудаа ад үзээд байдаг. Нэгийг нь хужаа гээд байдаг. Ийм л байдалтай болчихсон байна. Түүхээ мартсан ард түмэн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдгийн хамгийн тод жишээ нь энэ. Тэгэхээр энэхүү асуудал нь том утгаараа тусгаар тогтнолын асуудал юм.
ТЕГ гэдэг бол мэргэжлийн байгууллага, юун дарга. Дарга битгий хэл Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Тагнуулийн сургуульд ороход хүртэл маш өндөр шалгуурыг давж байж ордог онцлогтой.
Энэ талаарх сайн сайхан сэтгэгдлүүд интернэтээр бичигдсэн байна лээ. Н.Алтанхуяг 17 тэрбум төгрөгөө дарах гэж байна, тэрбумаар тоологдох мөнгөө цэвэрлэх гэж Б.Ариунсанг явууллаа гэх мэт олон сэтгэгдэл бичигдсэн байна билээ. Тагнуулын ерөнхий газар эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага ч биш л дээ. Тэрэнд нь зориулсан АТГ гэгч тусгайд нь зохион байгуулсан чиг үүргийн байгууллага бий. Тиймээс би энэ бүгдийг үүнтэй холбож харахгүй байна. Түүний цаана илүү том юм, эрх ашиг нуугдаж байна гэж харж байна. Энэ нь Н.Алтанхуягийг огцруулах үндсэн шалтаг, шалтгаан мөн. Н.Алтанхуяг гэдэг хүн Монгол Улсын тусгаар тогтнол руу санаатай, санамсаргүй халдсан, нөхцөл байдлыг эрсдэлтэй байдалд оруулахаар үйлдэл хийчихсэн. Дээр нь Монгол Улсын Үндсэн Хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Ашиг сонирхлын тухай хууль зэрэг энэ бүгдийг ноцтойгоор зөрчсөн. Хууль зөрчдөг гүйцэтгэх засаглалын тэргүүн гэж байж болохгүй. Ганц хоёр гишүүнийг УИХ-д оруулах гээд УИХ-ын гишүүд нь амиа тавин орилоод байдаг юм билээ. Энэ том асуудал дээр яаж хандах нь вэ гэдгийг бид харах болсон. Энийг яавч зүгээр өнгөрөө ч болохгүй. Н.Алтанхуяг энэ гүйцэтгэх засаглалаас нэн даруй зайлах ёстой. Н.Алтанхуяг гэдэг хүн Монгол Улсын Ерөнхий сайд биш байна, Н.Алтанхуяг гэдэг хүн Монгол Улсын үндэсний эрх ашгийг хамгаалж чадахгүй юм байна, Н.Алтанхуяг гэдэг хүн Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд халдаж байна гэж бид үзэж, дүгнэж байна.
-Таны яриаг сонсоод байхад, Тагнуулын ерөнхий газрын талаарх бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг болон бусад асуудлаар дэндүү сайн мэдээлэлтэй юм уу даа. Та яагаад ийм мэдээлэл сайтай байна вэ?
-Манай МУНН-ын бүтцийн 75-80 хувь нь дандаа хуучны тэтгвэртээ гарсан цэрэг, хүчний байгууллагын хүмүүс байдаг. МУНН-ын дэргэд Уламжлалт Тусгаар Тогтнолын Холбоо гэгч цэвэр тагнуулын чиглэлээр ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн бүтэц байдаг. Энэ холбоо нь судалгаа, шинжилгээ, дүгнэлт хийдэг чиг үүрэгтэй байгууллага юм.
Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчид болон УИХ дахь улс төрийн намуудын бүлэгт “Шаардах Бичиг”-ээ хүргүүлчихлээ. Энэ асуудлыг хэн өнөөдөр анхааралтай авч ажиллах нь вэ гэдгийг харах л үлдлээ.
МАН энэ асуудалд улс төр хийх үүднээс ч юм уу, аль эсвэл үнэхээр ноцтой асуудал байна гэж олж харж чадах юм бол энэ асуудлыг аваад явж чадах байх гэж харж байна. Нөгөө МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвсэл тухайн асуудалд яаж хандах нь вэ гэдэг нь бас их чухал байна.
Энэ бүгд хүссэн ч, эс хүссэн ч Монголын ард түмний өмнө ил болно. Тиймээс энэ асуудал өөрөө өндөр ач холбогдолтой үйл явц юм гэж бид харж байгаа.
БИ МОНГОЛ УЧРААС МОНГОЛДОО МОНГОЛООРОО БАЙМААР БАЙНА
-Та мөн facebook хуудсаараа “...асуудал ихсэж байна” гэж нэлээн их бухимдаад авах шиг болно лээ?
-Геополитикийнхээ эргэн тойронд болж байгаа үйл явдлыг Монголын төр, засаг дүгнэх ёстой. УИХ-ын АБГББХ-оос зохион байгуулсан геополетикийн талаарх эрдэм шинжилгээний хуралд бид оролцсон, үгээ хэлсэн. Тэнд тавигдаж байгаа илтгэлүүд, стратеги судалгааныханы хэлж байгаа үг, Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн хэлж байгаа үгээс харахад, Монгол Улсын төр, засаг мэргэжлийн хүмүүсээр дутмаг болсон юм байна гэдэг нь нэгдүгээрт шууд харагдсан. Хоёрдугаарт, цагийн байдлын үнэлгээгээ хийж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Яагаад гэвэл, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал юун дээр оршин тогтнодог вэ гэдгээ ойлгодоггүй ч хүн байдаг юм байна.
Зарим нэг УИХ-ын болон сайд дарга нар явсан хүмүүс дургүй хүргэмээр үг хэлж байна лээ. Цагийн байдлын үнэлгээгээ хийж чадахгүй байгаа хүн зөв шийдвэр гаргаж чадахгүй. Тэд мэдээлэлгүй байна, мэдээллээ боловсруулж чадахгүй байна. Мэдээллүүд нь дандаа хов живээр явж байна гэдэг нь харагдсан.
Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад аюулгүй байдлын асуудал сүүлийн 20-оод жил гайгүй тогтвортой байсан. Харин өнөөдөр энэ нөхцөл байдал өөрчлөгдөж байна, үүнээс илүү зүйл хэлэх боломжгүй байна. Нөгөө талаар төр засгаас эдийн засгийн шинэчлэлийн асуудлаар явуулж байгаа бодлого бидэнд таалагдахгүй байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд юу байх юм бэ гэдгээ тодорхойлж чадаагүй эрх баригчидтай байна шүү дээ.
Монголд өнөөдөр компаниудын лоббийгоор төр, засгийн ажлууд явж байна гэж хэлэхэд болно. Өөрөөр хэлбэл төр, засаг бодлоггүй байна, үүргээ биелүүлж чадахгүй байна.
Тухайлбал байгаль, экологийн тэнцвэр алдагдаж байгаа байдал, хүнсний дутагдалд орох гэж байгаа нөхцөл байдал зэрэг энэ бүгдэд бодиттой дүн шинжилгээ хийж чадахгүй байна. Өнөөдөр экологийн цэвэр хүнс бүтээгдэхүүн хаана байна, зөвхөн Монголд л байна. Монголд химийн үйлдвэр нэгээхэн ч байхгүй, хөрс нь бохирдоогүй эх орондоо ард түмэн.
Аливаа улс орон хөгжихдөө давуу талаа түшиглэж, хөгжих ёстой. Тиймээс монголчууд бид газар нутаг дээрээ жигдэхэн тархаж байж гэмээнэ энэхүү сайхан газар орныг зөв зохистой эзэмшиж, үр хойчдоо үлдээж чадна.
Тиймээс Монгол Улсын тэргүүлэх салбар бол нөхөн сэргээгдэх эдийн засагт суурилсан салбар байх ёстой гэж МУНН бодлоготой тодорхой тодорхойлсон. Энэ нь нэгдүгээрт мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, банк санхүү, эрүүл мэнд, боловсрол гэсэн үндсэн чиглэлүүдийг тэргүүлэх чиглэл болгоноо гэж бид мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйл бий л дээ. Энэ талаар МАА дээр зөвхөн тооцоо хийгээд үзэхэд, малаа эрүүлжүүлэн вакцинжуулаад түүнээс гарч байгаа мах болон сүү сүүн бүтээгдэхүүнийг борлуулахад зөвхөн нэг жилдээ 5-6 тэрбум ам.долларын цэвэр орлоготой байж болох бүрэн бололцоотой байж байна. Энэ чинь нөхөн сэргээгдэх баялаг шүү дээ.
Тэгээд ч дэлхийн судлаачдын үзэж байгаагаар 2060-2070 онд байгалын баялаг шавхагдаж, багасана гэсэн урьдчилсан прогноз гараад байгаа. Эндээс үзэхэд, байгалийн баялагаа хадгалж үлдсэн улс орон ирээдүйдээ үнэ цэнэтэй байх нь гэсэн дүгнэлтэд бид хүрээд байна.
Барууны хөгжингүй орнууд хөгжлийн бодлогоо эргэж харж эхэлж байна.
-Мөн гадны бодлого манайд хэтэрхий их явагдаад байна гэж та бас хардаад байгаа шүү дээ?
-Нанхиадуудын том том бодлогуудыг харж байхад, үндсэн цөм хэд хэдэн бодлого байгаад байгаа юм. Тухайлбал, түүхийг мартуулах, Хэл соёлыг нь устгах зэрэг гэх мэт. Эдгээр бодлого нь манайд явагдсан. Түүхээ мэдэхгүй учраас бид хэн нь хэн бэг гэдгээ мэддэггүй. Түүх бол ард түмний хувьд ой санамж нь юм.
Чи бид хоёрын ой санамжийг авчих юм бол чи нэрээ мэдэхгүй, би гэрээ олохгүй ийм л байдалд орно. Яг үүнтэй адил зүйл Монголд бий болчихоод байна. Энийгээ ч урд, хойд хөршүүд маань амжилттай хэрэгжүүлсэн.
Нанхиадуудын дараагийн бодлого нь юу байсан гэхээр, цэрэг дайны байдлаар өчнөөн зардал гаргаж байхаар өөрсдөөр нь суурьшуулчих. Тэгж чадвал монголчууд өөр өөрсдийгөө устгаад эхлэх болно гэж хэлсэн байдаг юм. Энэ бүгд өнөөдөр бодиттой хэрэгжээд явж байна.
Түүнчлэн малын бэлчээрийг нь үгүй хийх бодлого хэрэгжүүлэх. Малаас нь салгаж газар тариланч болгох, улмаар хот суурин газар луу суурьшуулж газар нутгийг нь эзэнгүйрүүлэх зэрэг нь мөн нанхиадуудын бодлого шүү дээ. Малчдыг хотруу суурьшуулчихлаа, газар нутаг нь эзэнгүйрчихлээ. Нэгэнт бэлчээр байхгүй юм чинь мал байхгүй, мал байхгүй юм чинь малчин байхгүй, малчин байхгүй болохоор хүн нь байхгүй болно, мөн үү. Тэгэхээр өнөөдөр газар нутаг маань эзэнгүй болчихсон байна шүү дээ.
Өнөөдөр урдаас 25 мянган хятад ажилчин авахаар гэрээ хийсэн байна. Тэднийг хянаж, цагддаг чиг үүргийн байгууллагууд нь яагаад ажлаа хийхгүй байна вэ. Тэднийг хэний ямар зөвшөөрлөөр оруулж ирээд байна вэ. Худлаа сонсоогүй бол дахиад нэмж 25 мянган хятад ажиллах хүч оруулж ирэх гэж байгаа тухай албан бус мэдээлэл би сонсоод байна. Худлаа байгаа даа л гэж бодож байна шүү.
-Сүүлийн үед хүний эрхийн тухай асуудлыг ихэд хөндөж ярьдаг болжээ. Тэр тусмаа морь унаач хүүхдийн тухай асуудлыг зарим нэг хүрээнийхэн хүчтэй ярих боллоо?
-Бидний үнэт зүйлсийг яагаад хүчиндэж үгүй болгох гээд байгаа юм. Монголын уламжлалын эцсийн цэг болоод үлдсэн уяачдын асуудлыг сүүлийн үед УИХ-ын төвшинд хүчтэй ярих болжээ. Тэд хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байна, хүүхдийн амь насанд аюултай байна гэж. Хэдэн зуун мянган жил яваад ирсэн соёл уламжлалыг хэдэн хүүхнүүд үгүй болгох юм гэнэ дээ. Надад энэ таалагдахгүй байна. Яагаад гэвэл би Монголоо Монголоор нь авч үлдэх гэсэн үзэл санаатай хүн. Яагаад миний уламжлалыг таслах гээд байгаа юм. Чамд таалагдахгүй бол чи хүүхдээ морь унуулахаа больчих л доо. Чамд Монгол Улс таалагдахгүй бол Америк, Япондоо очоод амьдар. Энэ чинь Монголын газар нутаг. Бидний өвөг дээдэс энэ газар нутгийн төлөө маш их цусаа урсгаж, маш их амиар төлж байж энэ газар нутгийг авч үлдсэн. Би монгол хүн учраас Монголдоо Монголоороо л баймаар байна. Энэ бол МУНН-ын үндэс нь юм.
ТОМ ДАРГА НАРЫН АМАА МЭДЭХГҮЙ БУРДАГ НЬ АЮУЛ ДУУДДАГ
-Таны ярианаас сонсоод байхад Монгол Улсын ойрын ирээдүйд юу болохыг урьдчилан таамаглаад байх шиг санагдах юм?
-Бид судлаачдын хувьд Монгол улсад ойрын үед юу болох гэж байгааг маш сайн мэдэж байна. Хэлэх юм ч бий, хэлэхгүй нь ч бий.
-Хэлж болохыг нь дурдаж болохгүй юм уу?
-Хоёулаа тэгж онигоонд ороод яахав. Би Нострадамус ч болоод яахав. Тийм байдалд оруулахгүй тулд бид өөрсдийнхөө хүч бололцоо, оюун ухаан, эрдэм мэдлэг зэрэг бүх юмаа шавхан ажиллаж байна. Энийг та миний ярианаас ойлгосон бол тэрийг хүргэж өгөөсэй гэж хүсэж байна. Тэрнээс биш гоё сайхан үг, үнэн үг хоёр чинь хоорондоо ялгаатай ш дээ.
-Тандаа мөн уулзсаных “Чингис” бондын талаарх таны байр суурийг сонсмоор байна?
-Манайд “Чингис” бонд зайлшгүй хэрэгтэй байсан уу гэвэл байсан. Чингис бондоос босгосон мөнгийг юунд яаж зарцуулах вэ гэдэгт асуудал бий. Өнөөдрийн байдлаар Засгийн хийгээд байгаа хуваарилалт надад таалагдахгүй байна. Энүүхэндээ гэж хэлэхэд, АН-ынхан идэж, уухын донтой хүмүүс шүү дээ, зүгээр л дон. МАН нь ч ялгаа байхгүй донтсон. Тэгээд нам нь бондын мөнгөнөөс хувь хүртэж чадахгүй үхчих гээд орилоод байгаа юм. Нөгөөдүүл нь яахав мөн нөгөөдүүлдээ өгөхгүй гялс хусчих гээд байгаад байгаа юм.
Хэрэв бид тэдний оронд байсан бол эхнийн ээлжинд улс орны тэргүүлэх чиглэлийг бий болгоод, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хүрээг тэлэх энэ ажил руу хамгийн эхнийн мөнгө чулуудах байсан. Хоёрдугаарт, гурван бүсэд цахилгаан станцыг барих байсан. Тэгээд дэд бүтцийг бий болгох тал дээр анхаарч ажиллах, эцэст нь хотоос төвлөрөлийг хөдөө рүү чиглүүлэх тэр чиглэлд ажиллана гэх байсан. Энэ бүгд богино хугацаанд эргэн төлөгдөх бололцоотой хөрөнгө оруулалтууд юм. Ингэснээр Монгол Улс асар түргэн хугацаанд босоод ирэх бололцоотой болох юм гэж бид харж байна.
-Манай улсын үндэсний аюулгүй байдалд юу заналхийлж байна гэж та үздэг вэ?
-Манай улсын үндэсний аюулгүй байдалд юу гол нөлөөлж байна вэ гэхээр, эрх баригчдын гаргаж байгаа шийдвэр нөлөөлж байна. Түүнчлэн том дарга нарын урвалт, идэлд, уулд болоод бас том дарга нарын амаа мэдэхгүй хуцдаг нь өөрөө аюулгүй байдлыг дуудаад байгаа байхгүй юу.
Тэд нарыг чинь хяналтандаа байлгаж байх ёстой чиг үүргийн байгууллага чинь өнөөдрийн Тагнуулын ерөнхий газар шүү дээ. Анхнаасаа ард түмний зэвүү, дургүй хоёрыг хүргэх гэж “Тагнуулын ерөнхий газар” гэдэг нэрийг өгсөн юм. Тагнана, туршина гэсэн энэ үг ард түмнээс хөндий сонсогдож байгаа биз. Аюлгүй байдлыг хангах газар, аюулгүй байдлын агентлаг юм уу, аюулгүй байдлын яам гэсэн нэртэй байх ёстой шүү дээ уг нь. Энэ нь өөрөө ганцхан дотоод, гадаад тагнуулын үйл ажиллагаа явуулаад байх биш. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцдэг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцдэг, идэж уугаад байгаа тэр том, жижиг дарга нарыг нам харгалзахгүйгээр хянаж байдаг ийм л үйл ажиллагаа явуулах хэрэгтэй чиг үүргийн байгууллага байх нь чухал.
Өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын харъяат эрхлэх газар, Авилгатай тэмцэх газар зэргийг өөр хооронд нь нэгтгэх хэрэгтэй. Манай өнөөдөр энэ бүгдийгээ үгүй хийх, тусгай албадыг улам л жижигрүүлж, сулруулах үйл ажиллагаа явуулаад байгаад харамсаж байна. Манайх шиг жижиг улс хүчтэй тусгай албатай байх ёстой.
Хуучин “Нийгмийн аюулаас хамгаалах яам” гэж байлаа. Дарга нар нь айгаад хулгай хийж чаддаггүй, элдэв долоо юм донгосдоггүй, ажилд авах гэж байгаа хүнээ нэг бүрчлэн нарийн судалж, шалгадаг ийм л том хүчтэй байгууллага байсан. Ийм л хүчтэй тогтолцоо бидэнд өнөөдөр дутагдаад байна.
Мөн өнөөдрийн Тагнуулын ерөнхий газрын даргыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүний 100 хувийн саналаар томилдог болгох ёстой байгаа юм. Тэгсэн тохиолдолд тэр хүн тогтвортой ажиллана. Толгой тогтвортой ажиллаад ирэхийн цагт энэ мэт гаж үзэгдэлүүд гарахаа болино. Тэр Тагнуулын ерөнхий газар буюу аюулгүй байдлын газрын даргаар очсон хүнд аль ч нам ялаад, засаг төрд гарах нь, хэн нь ямар сайд дарга болох нь тийм ч сонин биш. Харин ч эсрэгээрээ ямар дарга сайд байх нь хамаагүй, хууль зөрчөөд, үндэсний аюулгүй байдалд онц ноцтой аюул заналхийлж байвал түүнийг аюулгүй болгох нь Тагнуулын ерөнхий газрын чиг үүрэг байх ёстой. Даанч энэ эрхзүй хүчтэй чадамжийг 1990 онд салгаад, жижиглээд хаясан юм.
-МУНН өнөөдөр УИХ-д төлөөлөлгүй ч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжиж ажиллах вэ?
-Бид хэн нэгнийг дэмжихгүй. Энэ нь цаанаа асар том үндэслэлтэй. Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчид Тагнуулын ерөнхий газрын асуудлаар болж буй үйл явцын талаар мэдээлэл, шаардлага хүргүүлсэн байгаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн ямар арга хэмжээ авах нь уу гэдгийг харж байна. Энэ хүн Монгол Улсын Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн мөн үү, үгүй юу гэдэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө хариу өгөх ёстой. Энэ хүн бидний тавьсан асуудлын мөрөөр ямар нэгэн ажил хийхгүй бол бид түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин ямар нэгэн арга хэмжээ аваад, асуудлыг шийдэх юм бол бид энэ хүнийг дахин гарахад нь МУНН өөрийн зүгээс өөрөөс хамаарах хийж чадах бүх юмаа хийнэ. Тиймээс энэ асуудал хэн нэг МУНН-ын биш, Б.Батболдоос гарч байгаа эрх ашиг биш. Үндэсний эрх ашгаас урган гарч байгаа үндсэн нөхцөл байдал байх болно. Манай бодлогыг ойлгоход амархан. МУНН-ын болон Б.Батболдын гэхээсээ илүүтэй үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал хаана байна түүнд тулгуурлан шийдвэрээ гаргаж байдаг ийм л онцлогтой нам.
Эх сурвалж: Aravt.mn