С.УЯНГА

Сүүлийн өдрүүдэд Чингисийн талбай, энд тэндхийн үзэсгэлэнгийн танхим гээд хаа сайгүй том цүнх үүрч, аппарат үүрсэн хүмүүс хөлхөлдөв. Тэд бол буцалж буй амьдрал дундаас торгон агшныг аргамжиж, он цагаар нь архивладаг хүмүүс. Энэ сарын 4-нөөс эхлээд хоног алгасахгүй үзэсгэлэнгээ гаргаж, номоо хэвлүүлж үгээр хэлшгүй их баяр хөөр, сэтгэлийн таашаалыг эдлэн яваа эрхмүүд бол үе үеийн гэрэл зурагчид. Гайхалтай торгон мөчийг хальсанд мөнхөлж чадсан гэрэл зурагчдаар бахархаж, гэрэл зургаар амьсгалсан өдрүүд болж байна.

Тухайн нийгмийн шүүмжлэлтэй, мөн гэрэл гэгээтэй бүхий л үйл явдлын торгон агшныг хальсанд буулгаж, түүх болгон үлдээдэг гэрэл зурагчид эдгээр өдрүүдэд 80 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ойн баярын хүрээнд ахмад гэрэл зурагчин Ж.Даваасамбуугийн “Жарныг түүхэлсэн агшин” үзэсгэлэн, Б.Болор-Эрдэнийн “Шүтээн”, гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Нүүдэлчин Монгол”, 140 гэрэл зурагчдын оролцсон “Монголын гэрэл зураг-80 жил” үзэсгэлэн  зэрэг олон гэрэл зургийн гайхамшгийг харуулсан олон үйл явдлыг зохион байгуулсаар. Баяртаа зориулж  100 гаруй гэрэл зурагчны намтар, 400 гаруй уран бүтээлийг багтаасан “Монголын гэрэл зурагчид” номоо өлгийдөж  аваад удаагүй байгаа гэрэл зурагчдын арми өчигдөр баярын хуралдаа уригдлаа.

Баярын хуралд гэрэл зурагчдын үе үеийн төлөөллөөс гадна Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, тус холбооны хүндэт ерөнхийлөгч Зам тээврийн сайд М.Зоригт, БСШУ-ы дэд сайд Б.Тулга, МУСГЗ Т.Баасансүрэн нар хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр “Гэрэл зураг түүхэнд буусан 80 жил” баримтат кино, гэрэл зурагчдын нэгдсэн үзэс­гэлэнг зочдод толи­лууллаа. Гэрэл зурагчдын үзэсгэлэнд тухайн нийгмийн бүхий л өнгийг хальсанаа буулгажээ. Тэнд гэрэл гэгээтэй зүйлийг харуулсан зураг байхад, аюулын өөдөөс сөрсөн үнэтэй кадр ч цөөнгүй байна.

Ийнхүү бүтээсэн түүхээрээ бахархаж, арми нь өргөжсөөр байгаа гэрэл зурагчдад   Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэндчилгээ  дэвшүүлэв. Тэрээр “Энэ бол түүхэн өдөр. Яг 80 жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрын тогтоол гарч Кино, гэрэл зургийн албыг үүсгэн байгуулж байсан. Өнөөдөр энд бидний дундаас төрөн гарсан үе үеийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Гэрэл зурагчид Монголын, монгол хүний түүхийг бичилцэж байна. Монголын түүх, соёл, урлаг бүгд гэрэл зургаар дамжиж үлддэг юм байна. Энэ бол бид ямар их хариуцлагатай албанд зүтгэж байгаагийн илрэл. Бидний өмнө  Монголын гэрэл зурагчдыг дэлхийн дэвжээнд гаргах, гэрэл зурагчдын оюуны өмчийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрсдэлтэй албанд зүтгэж байгаа гэрэл зурагчдын даатгалын  тогтолцоо гээд томоохон зорилтууд бий. Бидэнд маш их чадвар, зүтгэл, сэтгэл байна. Бидэнд дэлхийн дэвжээ ойрхон байна. Гэрэл зурагчиддаа баярын мэнд хүргэе” гэлээ.

Эдгээр өдрүүдэд баяраа тэмдэглэж, мэргэжлээрээ бахархаж яваа гэрэл зурагчдын ахмад үеийн төлөөлөл Д.Цэрэннадмидын сэтгэгдлийг сонслоо. Тэрээр манай сонины “Гэрэл зураг, орон нут­гийн мэдээллийн албаны даргаар ажилладаг юм.

10-12-5Д.Цэрэннадмид: ФОТО СЭТГҮҮЛЧ ЖИЛЭЭР БИШ ӨДРӨӨР ХӨГЖИЖ БАЙДАГ

-Монголын гэрэл зургийн албаны 80 жилийн ойд оролцож байгаадаа баяртай байна. Миний хувьд сэтгүүлзүйн салбарт 40-өөд жил ажиллахад нэг гартаа үзэг дэвтэр, нөгөө гартаа аппараттай явж өдий хүрлээ. Ийм болохоор фото сэтгүүлчдийн эгнээнд багтаж явдаг юм. Гэрэл зураг бол сэтгүүлзүйн хамгийн гойд томруун үнэн зөвөөр үлдээж чаддаг төрөл. Фото сэтгүүлчийн ажил хамгийн өндөр мэдрэмж шаарддаг. Хөгжил нь жилээр биш өдрөөс өдөрт хөгжиж байдаг. Тийм хурдацтай. Ингээд цаашид фото сэтгүүлзүй улам бадарч хөгжөөсэй гэж ерөөе.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин