Р.ОЮУН

Төв аймгийн Боловсрол, соёлын газрын дарга С.Нямдоржтой ярилцлаа.

-Боловсрол, соёлын салбарт хийсэн бүтээн байгуулалтын ажлын тайлант өдөрлөг болох гэж байна. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

-Манай аймаг боловсролын шинэчлэлийн хүрээнд Шинэчлэлийн Засгийн газраас зохион байгуулж эхэлсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, сумын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу боловсролын салбарт орон нутгаас хийж байгаа хөрөнгө оруулалтууд, оюуны болон материаллаг хөрөнгө оруулалтын тайланг Боловсролын яам, орон нутгийн засаг, захиргааны төлөөлөлд тавих өдөрлөгийг багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлынхаа хүрээнд зохион байгуулж байна. Өмнө нь бид багш нарын баярыг хурал цуглаанаар хийдэг байсан бол өнөөдөр багш нарынхаа оюуны хөдөлмөрийг үнэлсэн шагнал гардуулах, нөгөө талаар хийсэн ажлынх нь бодит тайланг аймгийн Засаг даргаараа Боловсролын яаманд тавиулах хэлбэрийг сонгоод тайлангийн үеэр танилцуулгаас гадна хийсэн бүтээн байгуулалтын бодит тайлан, үзэсгэлэн гарна.

-Энэ үзэсгэлэнгээр юуг онцолж харуулахыг хүссэн юм бол?

-Үзэсгэлэн болон тайлан дээр зөвхөн тоо баримт ярихгүй. Яг бодит байдлаар нь харуулсан цаашилбал, материаллаг салбарт хийсэн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчилсэн загваруудыг үзүүлнэ. Нөгөө талаас том оюуны хөрөнгө оруулалтууд байгаа. Ялангуяа, багш нарын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, эцэг эх, суралцагсдын хэрэгцээнд шаардлагатай байгаа мэдээлэл технологийн шинэчлэлт, урлаг, спортын сургалтыг сайжруулах, хүүхэд бүрийг дуулж, бүжиглэдэг, хөгжмийн боловсрол, ур чадвараа дээшлүүлж чаддаг байхын зэрэгцээ спортын бүх төрлөөр хүүхдүүд авъяас чадвараа илэрхийлж чаддаг байх ёстой. Манай аймаг мал болон хөдөө аж ахуйн салбар хөгжиж байгаа учраас энэ салбарт хийж байгаа хүүхдүүдийнхээ оюуны бүтээлийг харуулсан үзэсгэлэн гаргахаар бэлдсэн. Энэ арга хэмжээнд БСШУ-ы сайд ирж оролцоно.

-Боловсролын сайд багш нарт лекц уншина гэсэн үү?

-Баярын хурлаа бид илтгэл тавих хэлбэрээр хийхгүй. Боловсролын сайдад боловсролын шинэчлэлттэй холбоотой олон лекц бий. Үүний нэгийг нь уншуулахаар урилга өгүүлсэн байгаа. Аймгийн төвийн нийт багш, хөдөөгийн сургуулийн багш нарын төлөөлөл, сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар бүгд сууж лекц сонсоно. Дараа нь шагнал гардуулах ба гавъяат багш нараа урьсан. Урлагийн тоглолтод дандаа багш нар оролцоно. Манай аймгийн багш нар урлаг, спортын авъяастай хүмүүс байдгийг харуулах зорилгоор зохион байгуулж байна.

-Өмнө нь ийм тайлант өдөрлөгийг зохион байгуулдаг байсан уу?

-Багш нарын хурлууд болдог байсан. Яг ийм тайлант өдөрлөгийг хийж байгаагүй. Төв аймагт анх удаа хийж байна. Тэр дундаа төр, захиргааны төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга аймагтаа хийсэн бүтээн байгуулалтынхаа ажлыг тайлагнах гэж байгаагаараа онцлог юм.

-Нийт хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийсэн юм бэ?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтаар 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Аймгийн Засаг дарга орон нутгаас найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оюуны болон материаллаг салбарт хийсэн нь том үзүүлэлт юм. Энэ хоёр том тооны дотор их үр дүн харагдаж байна. Сүүлийн жишээ дурдахад Төв аймгийн Баянцагаан суманд 100, Зуунмод сумын Баянхошуу багтБумбардай” 100 хүүхдийн цэцэрлэг аймгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авлаа. Мөн Сүмбэр суманд 75 хүүхдийн цэцэрлэгийг аймгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Мөнгөнморьт, Дэлгэрхаан, Бүрэн суманд сургууль болон дотуур байр, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдсэн. Зуунмод сумын IV дунд сургууль дээр газрын гүний дулааныг ашигласан халаалтын системийг нэвтрүүлсэн байгаа. 12 сум төвлөрсөн халаалтад шилжсэн. Энэ нь зөвхөн халаалтаас гадна хүүхдүүд халуун, цэвэр ус хэрэглэх боломжтой гэсэн үг. Аймгийн Засаг дарга багш нарынхаа оюуны хөрөнгө оруулалтыг хийж байна.

-Тухайлбал, ямар хөрөнгө оруулалт вэ?

-ОХУ, Япон, Солон­гос, Хятадад багш нарын багийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж туршлага судлах, сургалтын тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүний загвар, стандарт, технологийг олж ирэх даалгавар өгдөг. Ирсэн багш нараараа аймгийн хэмжээний сургалтуудыг зохион байгуулдаг. Тухайлбал, аймгийн төв бүх технологийн багш нарыг цуглуулаад таван өдрийн мэдээлэл зүйн гурван программ дээр ажиллах сургалтыг зохион байгуулсан. Энэ нь зөвхөн сургуульдаа очихгүй. Суман дээр дизайн, технологийн шийдлүүдийг хийхэд хувь нэмрээ оруулах жишээтэй. Бүх сумынхаа цэцэрлэгийн багш нарыг таван өдрийн сургалтыг зохион байгуулж, Японоос бүтэн жилийнх нь сургалтын материалыг авчирч нийлүүлсэн. 10 суманд өөрийн жишиг дотуур байрыг байгуулсан нь хүүхдийн ая тухтай амьдрах орчныг Засаг даргын нөөц хөрөнгөөс 75 сая төгрөг гаргаж бүрэн шийдсэн.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин