Л.ЭНХТУЯА

Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.

 

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд телевизийн олон суваг дамжиж гарсан “100 чухал сэдэв” нэвтрүүлэг олны гайхшируулсан. Та оролцогчийн хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Энэ нэвтрүүлгийн цаад зорилго ямар байсан нь хамаагүй. Гол нь хүүхдийн парк өнөөдөр ямар чухал сэдэв болохыг дахин харууллаа. Хүмүүс надаар хэлүүлэлтгүй хүү­хэд залуучуудын тоглох, амрах ганц орчин болсон парк ямар байдалтай байгааг мэднэ. 

Би энэ нэвтрүүлэгт паркийг хүүхдүүд очиж тоглодог газар байх, бүрэн бүтнээр нь үлдээх тухай ярихаар очсон.

-Паркийн тухай ганц энэ нэвтрүүлэг биш, он дамжин ярьж байгаа?

-Энэ асуудлыг өн­гөр­сөн жилийн зун твиттерт анх гаргаж тавьсан. Жир­гээчид зунжингаа энэ тухай цахим хэлэлцүүлэг өрнүүлсэн, санаа бодлоо илэрхийлсэн. Паркийн тоглоом үнэтэй, цөөхөн байна. Хуучин цагт хүн болгон орж амарч зугаалж болдог байсан. Модны сүүдэрт суугаад, хуу­шуу­раа иддэг байлаа. Бүтэн өдөржингөө хөлөө цуцтал тоглодог байсан гээд хүүхэд насны олон сайхан дурсамжаа хуваалцсан. Сүүлдээ парк хэзээ бүрэн ашиглалтад орох, хувьчлал шударга болсон эсэх, яа­гаад тал талаас нь байгууллагууд хэмлээд, газрыг нь авчихсан юм бэ гэдэг асуудал болж хувирсан.

-Энэ үеэс та бүхэн паркийн газрыг эргүүлэн авахаар ажиллаж эхэлсэн үү?

-Залуучуудын, иргэ­дийн цахим ертөнцөд жир­гээгээр тавиад байгаа асууд­лыг тодруулах шаард­лагатай болсон учир намар нь аравдугаар са­рын 24-нд нээлттэй хэ­лэлцүүлэг зохион бай­гуулсан. Бүх талуудыг урьж оролцуулсан.

-Бүх тал гэдэгт?

-Хүүхдийн паркад зочид буудал барьсан М-Си-Эс компани, 1.1 га талбайг авсан “Мон-Уран”-ы Б.Наранхүү өөрөө, “Бодь” группийг төлөөлж Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинч­лэх төслийн удир­дагч Б.Батнягт, “Сөүл” группийн хуулийн зөвлөх А.Энхтөр, нийслэлийн газрын албаны хүмүүс гээд бүгд оролцсон. Тэд бүгдээрээ өөр өөрийн арь­саа хамгаалахыг чухал­чилсан. Хуулийн дагуу ажиллаж байна, маш их хэмжээний хөрөнгө оруу­лалт хийсэн гэх зэргээр ярьсан. Энэ үеэр нэг зүйл тодорхой болсон нь пар­кийн 12 га талбайд тоглоом байрлуулаад  үлдсэн 19 га-д бизнес төв, таван одтой хоёр зочид буудал барихаар болсон тухай юм.

-Хэн энэ баримтыг дэлгэсэн бэ?

-Үндэсний соёл ам­рал­тын хүрээлэн компа­нийн 24 хувь нь нийс­лэлийн мэдэлд байдаг. Нийслэлийг төлөөлж ТУЗ-д суудаг НИТХ-ын төлөөлөгч Л.Эрхэмбаяр “Бизнес төв, зочид буудал барих асуудлыг “Бодь” группээс тавьсан учир хэлэлцүүлэгт энэ талаар мэдэгдэх ёстой боллоо” гэснээр асуудал тодорхой болсон. Энэ цагаас хүүхэд залууст парк барьж өгө­хийн төлөө зүтгэж байгаа гэж сайхан ойлголт ний­гэмд төрүүлсэн “Бодь” группийн далд ашиг сонирхол ил болсон.

-Хэлэлцүүлэг үр дүн өгчээ. Зарим нь газраа буцааж өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн?

-”Мон-Уран”-ы Б.На­ранхүү тэр үед УИХ-ын гишүүн болчихсон байсан. Тэр “Бодь группийнхэн газраа буцаагаад өгчих­вөл, би бэлэн. Энэ газар дээрээ хүүхдүүдэд зориул­сан паркийг жинхэнэ утгаар нь байгуулаад, ар­ван жил үнэгүй тог­луул­на” гэж хэлчихээд гараад явсан. М-Си-Эс-ийнхэн “Бид зочид буудлынхаа нэгээс таван давхарт найман танхимтай кино театр, түргэн хоолны газар гэх мэт хүүхэд залууст зориулсан үйлчилгээ үзүүлдэг болно. Зөвхөн өндөрлөг хэсэгт буудал байрлуулна. Парк хүүхэд залуусынх байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч, та бүхний үйл ажиллагааг дэмжиж байна. Хамтарч ажиллая. Нийслэл, за­луучуудын байгуул­лага­тай хамтарсан санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн” гэсэн. Энэ хэлэлцүүлгээс ганцхан “Бодь” групптэй яаж хамтарч ажиллах юм бэ, тэд залуусын төлөө ямар шийдэл гаргах вэ гэдэг асуулт хариултгүй үлдсэн. Тэр үед Орон нутгийн сонгууль болж таарсан.

-Улс төр аливаа асууд­лыг бүрхэгдүүлэх нэг хөшиг болдгийн жишээ. Сонгууль болонгуут энэ чухал асуудлыг хойш тавьсан байх нь?

-Э.Бат-Үүл баатар тэр үед паркад ач холбогдол өгч байгаа гэсэн. Тэрээр “Паркийг парк чигээр нь үлдээх та бүхний санаачилгатай бид  100 хувь санал нэгтэй байна. Би та бүхэнд паркаа аврах өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулна. Энэ асууд­лаар шийдвэр гаргах түв­шин бол Хотын захиргаа. Та бүхэн тэвчээртэй хүлээж байгаач” гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл бид тэр төлөвлөгөөтэй нь танилцаагүй, хүлээгээд л байна.

-Та бүхнийг хүлээж байх хугацаанд өрсөлдөгчид чинь зүгээр суугаа­гүй бололтой?

-Энэ нэвтрүүлгийг өчиг­дөр, өнөөдөр л цацаж байгаа болохоос бичлэгийг хавар хийсэн.

-Өөрсдийнхөө гаргаж тавьсан асуудлынхаа эсрэг нэвтрүүлэгт орж л байдаг?

-Биднийг бичлэгт оруу­­лахдаа “Нero” энтер­тайментийнхан “Парк үнэ­хээр чухал сэдэв учир бид нэвтрүүлгийнхээ анх­ны дугааруудын нэгийг зориулна. Бүгдээрээ тойрч суугаад яръя, шийдэл гаргая. Хүүхдийн баяраас өмнө асуудал нэг талдаа гаргах ёстой. Тиймээс та бүхнийг урьж байна” гэдэг сайхан зүйл ярьсан. Бид итгэсэн. Миний нэвтрүүл­гийн бичлэг гэхэд нэг цаг 30 минут орчим болсон байдаг. Тэр бичлэг надад бий. Тэгтэл өнөөх нь эфирт цацахаар юу болж хувир­сан гэвэл “Паркийг аврах нэрийн дор өөрсдөө авах гээд байгаа нөхдүүд коммунистууд шүү. Бөгс­ний алчуурууд хувьдаа паркийг авах гээд байна” гэдэг утгатай болчихсон. Гэхдээ ин­гэж хувиргаж байгаа нь олон нийтийн хувьд баяр­лууштай хэрэг болсон. Энэ нэвтрүүлэг Монголын ний­гэм ямар байдалд хүрс­нийг тод томруун гаргаж өглөө, баталгаа нь боллоо. Мөнгөтэй хүмүүст үйл­чилдэг бүхэл бүтэн арми бий болсоныг харуулсан нэвтрүүлэг болсон. Мон­голд шударга зүйл байна уу, үгүй юу гэдэг асуулт хариулт нэхэж байгаад дүгнэлт хийх цаг болсны илэрхийлэл. Намууд, улс­төрчид “Цөөхүүлээ хөлжих үү, олуулаа хөгжих үү” гэж уриалдаг. Бид олуулаа хөгжихийн талд байна. Гэтэл цөөнхөд үйлчилсэн ийм байдал байгааг бид өнгөрсөн өдрүүдэд хан­галт­тай харлаа. Үүнийгээ яаж сайн хийдэг, яасан ичдэггүй, яаж мөнгөөр хүмүүсийг дуугаргаж чад­дагийг бодитоор үзүүллээ. Сэтгүүл зүйд сэтгүүлч биш хүмүүс, тухайлбал эмч Б.Болдсайхан, П.Анужин нар орж ирээд яаж бужиг­нуулж байгааг харууллаа. Нэвтрүүлэг гарснаас хойш миний утас байнга дуугарч байна, цахим ертөнцөд дүүрэн сэтгэгдэл. Яаж сэтгүүл зүйг ингэж дором­жилж чадаж байна вэ. Хэзээ сэтгүүлч хүн нэвт­рүүлэгтээ урьсан ярил­цагчаараа дамжуулж Монголын бүх залуусыг доромжилчихоод, орхиод явчихдаг болсон юм бэ гэж байна. Монголын сэтгүүл зүйн түүхэнд ийм зүйл хэзээ ч байгаагүй. Б.Ганчимэг сэтгүүлч энэ нэвтрүүлгийн бас нэг хохирогч болсон. Тэр ч гэсэн цаг гаруй энэ тухай ярилцлага өгсөн байгаа юм. Тэр дундаас бас л өөрс­дөдөө ашигтай хэс­гүүдээ монтажлаад тавь­чих­сан. Өнөөдөр над руу мессеж бичлээ, утсаар ярилаа. Сэтгүүлчдийн дунд ч бөөн хэлэлцүүлэг өрнөж байна гэнэ. Энэ нэвтрүүлгийн хохи­рогч­дын хувиар хоёулаа ярилц­лага хийе гэсэн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол банкны ерөн­хий­лөгч Н.Золжаргал нарын хувьд ч адилхан. Өөр нэвтрүүлэгт өгсөн яриаг нь оруулсан байх жишээтэй.

-Энэ нэвтрүүлгийнхний хэлээд байгаагаар та нар коммунистууд мөн үү?

-Бид коммунизм байгуулах үзэл сурталд тархиа хордуулаагүй хү­мүүс. Коммунизмын тухай баримтат кино, нэвтрүү­лэг, өвгөн партизаны яриа­наас сонссон болохоос нүдээр үзэж, чихээрээ сонсож, үнэмшиж байгаагүй. Гэтэл бидэнтэй коммунистуудын хэрэг­лэдэг аргаар ажиллаж дарахаар оролдож байгаа нь хачирхалтай. 90-ээд оны залуучууд бүгд гажигтай болчихсон гэж тэр хүн яаж хэлж чадаж байна. Би хувьдаа тэгээд хэлчихсэн бол гудамжаар сэтгэл тайван явж чадахгүй. Хэн ч миний тархийг хага цохиж болно. Энэ соёлгүй хүмүүсийг сэтгүүл зүйгээс хөөж явуулах нь зүйн хэрэг гэж бодож байна. “100 чухал сэдэв” гэдэг нэвтрүүлэг анхны дугааруудаараа их аятайхан, зөв гольдролтой явж байна гэдэг талархал хүлээж байсан. Паркийн тухай дугаар гарснаар энэ төсөл нурж байх шиг байна. Энэ нэвтрүүлгийг захиалгаар хийдэг, мөн­гөтэй хүмүүст үйлчилдэг гэдэг нь тодорхой бол­чихлоо. Бид ардчилсан нийгэмд амьдрах сон­гол­тоо хийсэн 90-ээд оноос хойш нэгэн үнэт зүйлтэй болсон. Хүн бүхэн зурагт, радиогоор ярьж хэлж бай­гаа бүх зүйлсийг өөр өөрийн­­хөөрөө шүүж тун­гааж, ялгаж салгадаг тар­хины шүүлтүүртэй болсон.

-Нэвтрүүлгийн төгсгөл хэсгийн хөтлөгчийн бодит бичлэгийг хараагүй бол магадгүй бид бүрхэг ойл­голттой үлдэж мэдэх байсан. Тэр хэсэг яаж яваад орчихсон юм бол?

-”Нero”-гийнхон до­тор дэвшилтэт үзэл санаа­тай, хэдийгээр хоолныхоо мөнгөний төлөө явж байгаа ч залуу хүний хувьд бусармаг байдалд эгдүү­цэж байгаа хүмүүс байна. Тэд оруулж дээ гэж хар­сан. Хүүхдийн паркийн асуудалд Б.Болдсайхан гэдэг хүн ямар байр сууринаас хандаж байгааг харуулсан ганцхан дүр зураг тэр. Тэр хүнтэй би цаг гаруй ярилцсан.  Тавьж байгаа асуулт бүхэн нь гутаах, доромжлохын тулд егөөдсөн, хатгасан байсан. Гол зорилго нь биднийг арчиж хаях байсан нь ярилцлагын үед тодорхой болсон. Муухай харагдаж болох хэсгүүдээ бүгдийг нь монтажилсан байна билээ. Залуус бид үнэт зүйл, үзэл бодлоо худалдахгүй. Одоогийн залуус өөр болсон. Бид хэн үнэн, хэн худал ярьж байгааг ялгаж салгадаг болсон. Энэ цагийн залуус хэнээс ч айхгүй өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурсан. Өнөөдөр твиттерт хэн намайг яах бол гэсэн айдасгүйгээр зориг­той­гоор өөрийгөө илэрхийлж байна. Бүгд өөр өөрийн байр сууриас оролцоод эхэллээ. Асуудлынхаа шийд­лийг гаргах гэж бу­жигналдаж байна. Ингэж өөрчлөгдөж байгаа ний­гэмд нэг нэвтрүүлэг хий­гээд асуудлыг мушгиж харуулна гэдэг их гэнэн мөрөөдөл. Тэр хүмүүс нийг­мээ сайн мэдэрч, залуусыг ойлгож, тэдний долгион дээр ажиллаж чаддаг болох хэрэгтэй. Уг нь бизнесмэнүүд эрсдлээ тооцож чаддаг хүмүүс. Паркад хөрөнгө оруулалт хийж чадахгүй, мөнгө бос­гох боломжгүй, өнөөдрийн үйл ажиллагааг нь авч явж чадахгүй болчихсондоо л  ингэж за­хиал­гат нэвтрүүлэг хийл­гэж байна гэж дүгнэхээс өөр арга алга.

-Нэвтрүүлэгт ярилц­лага өгч байхад танд ямар байсан бэ. Доромжлуулж байгаа мэдрэмж төрсөн үү?

-Паркаа аврах хөдөл­гөөн ариун зорилготой ажил байгаа юм. Нэвт­рүүлэгт оролцохоор очихдоо  ийм сэтгэгдэлтэй оролцсон. Би Улсын Их Хурлын гишүүн болох гээд, өшөө илүү карьер хэрэгтэй болоод очсон юм биш. Нэвтрүүлгийн үед надад ямар байсан нь чу­хал биш. Харин ч эсрэгээрээ өнөөдөр би баяртай байна. Бүх асуудал нийтэд ил тод, хэн хэнийх нь зорилго тодорхой асуудал дээр энэ хүмүүс ингэж тэнэгтэх хэрэг байсан юм байх даа гэж бодсон. Үүл баат­рын­хаа төлөвлөгөөг хүлээгээд байсан бол хэдэн ч жил болох байсан юм. Гэтэл хүмүүс нь өөрсдөө гал асаагаад гаргаад ирсэн. 

-Яагаад хүлээгээд байсан тухай тодруулмаар байна?

-Бидэнд хүүхэд залуу­сын парк л хэрэгтэй бо­лохоос хэн нэгэн буруутан хэрэггүй. Тиймээс бид маш тэвчээртэй хүлээсэн.

-Нэвтрүүлгийн үед ямар сэтгэгдэл төрж бай­сан гэдэг талаар хариул­сангүй?

-Захиалгатай, мөн­гө­ний төлөө ажил хий­хээрээ, хөлсний  хүн ямар бүдүүлэг болдгийг ил тод харуулсан. Энэ нэвтрүүлэг өнөөгийн нийгэмд цоо шинэ ойлголт өглөө. Мөнх­бат гэдэг хүн нэвтрүүл­гийн үеэр гомдсон, гомдоогүй гэдэг 37 дугаар асуудал. Би энэ зэргийн нэвтрүүлэгт ороод тэр зэр­гийн доромжлол сонсоод гуньж гутраад байхгүй, ёстой яршиг байна.

-Яагаад үүнийг тод­руулж асуугаад байна гэхээр та А.Мөнхбат гэдэг хувь хүнийхээ хувьд биш Монголын залуусыг тө­лөөлж тэр нэвтрүүлэгт очсон. Гэтэл хөтлөгч за­луу­сыг цаг үеэр нь тархины гажигтай гэж доромжилж байна. Та дуугүй, хүлцэнгүй байх эрхгүй хүн гэж л асуугаад байна?

-Нэг тэнэгтэй хэрэл­дэх бол нэг асуудал. Тэр олон тэнэгүүдийг нийтээр нь унагаах, бодит байдлыг харуулах нь хамгийн чухал байсан. Тиймдээ ч тэнд нэг хүнтэй барьцалдах авах миний зорилго байгаагүй. Тэр үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой учир бид шүүхэд хандана. Б.Болдсайханыг өнөө өглөө манай байгуул­лагын Хууль эрх зүйн хо­рооныхон стратегийн өм­гөөллийн фирмтэй гэрээ хийгээд шүүхэд өгсөн. Тэр хүн Монголын залуу­чуу­дыг, байгууллагыг, А.Мөнх­бат гэдэг хүнийг доромжилсныхоо төлөө уучлал гуйх ёстой.

-Энэ нэвтрүүлгийн бич­лэг хавар хийсэн гэлээ. Яагаад заавал өнөөдөр нийтэд үзүүлэх болсон юм бол?

-Би бас энэ асуудалд их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байна. “Голомт” -той холбоотой маш том асуудал үүссэн. Энэ үед  нэвтрүүлгийг гаргаж байгаа нь сэжиг төрүүлж байна. Удахгүй банк дампуурсан нь “Паркаа аваръя” хөдөл­гөөнтэй холбоотой гэж ярих гэж байна уу, эргэлзэж байгаа шүү. “М-Си-Эс”-ийн төлөөлөл хальт хэдэн үг хэлсэн. Хаа байсан Х.Баттулга сайд гарч ирсэн. Х.Баттулга сайдын хувьд анх пар­кийн тухайд биднийг тууш­тай дэмжигч байсан. Энэ агуулгаараа орж ирсэн байж болно. Гэхдээ түүний ганцхан санааг л нэвтрүүлэгтээ оруулсан. Сэжигтэй зүйл олон байна.

-Энэ нэвтрүүлэг таньд хандсан анхны дохио юу, эцсийн арга уу?

-Тэд аргаа барсан бай­на гэж ойлгож байна.

-Хувь хүнд чинь хандаж өмнө нь янз бүрийн санал тавьж байсан уу?

-А.Мөнхбат гэдэг хү­нийг тэд тодорхой хэм­жээгээр мэднэ. Тэд надтай яаж ярих вэ гэдгээ сайн мэдэж байгаа. Надад мөн­гө өгье гэж хэлэх зоригтой хүн байхгүй. Гэхдээ л маш их гэнэн зүйл хийж байна. Би ч ялгаагүй. Залуу­чуу­дын байгууллагад ажил­лаж эхэлснээс хойш их гэнэн цайлган болчихсон юм байна гэдгээ ойлголоо. Магадгүй, тэр нэвтрүүлэгт очиж оролцохгүй байх ёстой байсан  байж болох юм.

-Та өөрт байгаа нэг цаг 30 минутын бичлэгээ нийтэд дэлгэх үү?

-Шаардлагатай бол үзүүл­нэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэч­­лэх төслийн удир­дагч Б.Батнягт биднийг паркийн газрыг өөрсдөө авах гэж байна гэж гүтгэсэн мэдэгдлийг олон удаа хийсэн. Бид авахгүй гэдгээ хэлсэн. Хэлэлцүүл­гийн төгсгөлд энэ тухай би тодорхой хэлсэн. Бичлэ­гүүд байгаа. Тиймээс Б.Бат­нягтыг гүтгэсэн гэ­дэг асуудлаар шүүхэд өг­сөн. Бид асуудлыг баримт­тай ярина.

-Паркаа аврахын тө­лөө хийх дараагийн ажил юу байна?

-Хүлээж боллоо. Үүл баатрыг паркаа аврах тө­лөвлөгөөгөө хурдан танил­цуулахыг шаардана. Тойрч суугаад ярилцъя, хүүхдийн паркаа ирээдүйд ямар болгох вэ гэдгээр нэгдсэн ойлголттой, дүр зурагтай болъё гэсэн чинь болдогггүй юм байна. Одоо бол хулгайчийг хулгай­чаар нь, луйварчныг луйварчнаар нь нэг талдаа гаргах ёстой юм байна. Хүүхдийн парк бол зөвхөн эхлэл. Хүүхэд залуучуу­дын ордон, залуу зохион бүтээгчдийн ордон, номын сан, зуслан, соёлын төв гээд хүүхэд, залууст зориулж барьсан атлаа өнөөдөр луйварчдын гарт орсон 200-аад барилга байгууламжийн асуудал байна. Урлан бүтээх төвийг хар. Бүх газрыг нь зараад идчихсэн нэг нөхөр “Би хүүхдийн ордныг ийм гоё болголоо” гээд нүүр нь улайхгүй сууж байна.

-Мөрөөдлийн юм шиг сонсогдож байна. Парк гэдэг хүн бүхний мэддэг газар. Ганцхан үүнийг шийдэж чадахгүй байхад бусад нь хол байна?

-Хийх хэрэгтэй. Олуу­лаа нэгдэх ёстой. Уран шийдэл гаргах үүрэгтэй. Бид өөрсдийгөө хүүхдүү­дээ бодож оролцмоор байна. Нэгдээд эхэлбэл энэ байдал өөрчлөгдөнө. Хүүхдийн баяр өнгөрөө­гөөд маш олон шат дараал­сан ажлуудыг хийнэ. Зүгээр суусныхаа төлөө бид мушгиуллаа. Тиймээс нэг ч өдөр зүгээр суухгүй, амар заяаг нь үзүүлэхгүй.

-”100 чухал сэдэв” нэвтрүүлгийн бас нэг зорилго нь сайхан зүйл хийх гээд байхад энэ нөхөд саад болоод байна гэсэн ойлголтыг үзэж байгаа бидэнд өгөхөд байжээ гэж харсан. Та бүхэн тэднээс яг юу шаардаад байгаа юм бэ?

-”Бодь” группээс бид үлдсэн 19 га талбайдаа тоглоом байгуулаач ээ гэсэн. Үгүй гэвэл ногоон байгууламж болгох. Хашаагаа нээгээч гэж хүссэн. Өнөөдөр Сүхбаа­тарын талбай, Ялалтын талбай яаж дүүрч, чихэл­дэж байна. Залуучууд очих газаргүй болсон. Хүүх­дүүдээ тоглуулах, болзох газаргүй байна.

-Паркад тоглох багц үнийн санал танилцуулсан. Тэр юу болсон бэ?

-Хавар нийтэд энэ ту­хай танилцуулсан. Хоёр хүүхэдтэй гэр бүл 100 мян­ган төгрөгөөр нэг удаа орох багц үнэ байсан. Аав ээж хоёр тоглохгүй. Хүүхдүүд бүх тоглоом дээр тоглож чадахгүй. Одоо байгаа үнэ ч үнэтэй гэж хүмүүс хэлдэг. Парк Өр­сөл­дөөний тухай хуулиар зүй ёсны монополь бай­гууллага. Ийм бай­гуул­лагын төлбө­рийг  Шу­дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тогтоох хууль­тай. Бид паркийн санал болгох гэж байгаа үнийг хянах, хуу­лиар хүлээсэн ажлаа хийх талаар Шу­дарга өрсөл­дөөн, хэрэг­лэгчийн төлөө газрын дарга О.Магнайд хандсан. Тэд шуурхай хандсан. Хуучин мөрдөж байсан тарифаар үйлчлэх шийд­вэрийг гаргаж өгсөн. Үүнд бас өширхөөд байгаа юм уу гэж хардаж байна.

-Хүүхдүүдийнхээ тог­лох газраас соёлтой байд­лаар хулгайлж авчихаад нэг нэгэнтэйгээ барьцаад тэр өгвөл би өгнө гээд сууж байгаа нь өнөөдрийн эмгэнэл. Энэ байдлыг шууд таслан зогсоох хэрэгтэй юм биш үү?

- Э.Бат-Үүл даргыг тэр хэмжээний төлөвлөгөө оруулж ирнэ гэж хүлээж байгаа. Өмнөх Хотын дар­гын захирамжийг Хотын дарга л цуцална.