Н.ДАГВА


Улс төрийн сонгууль хэмээх хийрхэл эхэллээ. Улстөрийн нам, улстөрчдийн тухай өргөн түмэн сонирхон чих тавьж, улстөрийн энэ сонголтын дараа эгэл түмэн бидэнд наалдацтай юу болох бол хэмээн нүд бэлчээдэг цаг. Бид үзэл санаа, үйл ажиллагаа, ухаан бодлоороо нийлэн нэгдсэн Улстөрийн нам хэмээн уухирдах хэсэг бүлэгт хөтлөгдөн улстөрийн сонгууль хэмээх сүр дуулиантай ажилд ойр ойрхон оролцов хэмээсээр хэдэн жилийг ардаа орхиж байна. Үүнийг ардчилал хэмээх торгон нөмрөгөөр хулдаж, агуу их үйл бүтээж байна, дэлхийн түмэн олон биднээс суралцаж байна ч гэж хөөрөн цээжээ дэлдэх болов. Тийм ч биз, үгүй ч биз.

Монгол орон дэлхийн хүн ардын нийтлэг хөгжлийн жишгээр хөгжих болсоноос хойш МАН, АН хэмээх улс төрийн хоёр хүч төрийн эрх ээлжлэн барьж байна. Энэ хоёр нам ээлжит буюу МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өөр өөрийн хүнээ тодруулан илгээгээд сурталчилгааныхаа ажилд сүр дуулиантай ороод хэд хонож байна. Харин би хачирхалтай гэмээр явдлын зах зухаас сөхвөл уншигч Танд сонин байх болов уу гэж саналаа. Энэ бол МАХН нам уугуул нэрээ сэргээв хэмээн МАН гэгдэх болж; УИХ-ын сонгуульд оролцон ялагдаж цөөнх болсон эгзэгтэй үед, Намын XXVI Их хурал дээрээ Бага хурлынхаа шийдвэрийг сөрөн танхимаас нэрээ дэвшүүлэн тухайн үед намын дарга, Монгол улсын ерөнхий сайдын сэнтийд заларч байсан эрхэмтэй өрсөлдөн ялж, Намын даргаар сонгогдсон “зоригтой эр” Өлзийсайханы ЭНХТҮВШИН-ий тухай юм.

УИХ-ын ээлжит сонгуульд олонхийн санал авч засгийн эрх дангаараа барих эрхтэй болсон хэрнээ сөрөг хүчинтэйгээ хамтрах “хэт ухаантай тооцоо хийж” засгийн газар байгуулж, үл ойлгогдох багагүй шийдвэр гаргаж, улмаар сонгуульд намаа сөхрүүлсэн дарга (С.Баяр)-С.Батболд зодог тайлсанд гайхах юм уг нь байхгүй л дээ. Гайхах юм нь хашир туршлагатай, нэгдмэл бодлоготой, хатуу сахилгатай, болчимгүй алхам хийдэггүй, тэр тусмаа улстөрийн уугуул хүчин гэж өөрсдийгөө зарлан тунхагладаг МАН дараа дараагийн сонгуульд хэрхэн оролцох, хэнийг сойхоо бодолгүй тохиолдлын шийдвэр гаргасан уу? гэдэгт байгаа юм. Үүнд хэн итгэх билээ? Үгүй бол... Ийм бодолд хөтлөгдөн интернетэд буй зарим нэг материал сөхөв. Болгоогтун.

Ө.Энхтүвшин олон хүүхэдтэй айлын том хүү болон 1958 онд Хөвсгөл аймагт төржээ. Дороо 9 дүүтэй. Хөвсгөл аймгийн төвд дунд сургууль1976 онд, МУИС-ийг түүхч, түүхийн багшаар1980 онд, ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид 1986-1989 онд суралцан “МАХН-ын ухуулга олон түмний ажил:Түүхэн туршлага, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр 1989 онд дэд доктор буюу одоогийн жишгээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан нэгэн ажээ. Хамгаалсан сэдвийнхээ дагуу “МАХН-ын хувьсгалын ардчилсан шатанд явуулсан ухуулга олон түмний ажил” хэмээх товхимол бичиж хэвлүүлсэн байна. Нийтэд дэлгээтэй байгаа энэ хүний танилцуулга материалаас харахад ийм нэгэн “сувай эрдэмтэн” ажээ. Эрдмийн мөр хөөгөөгүй эрх тушаалын мөр хөөсөн юм чинь гэж өмөөрөх л биз. Харин энд би өөнтөглөх ч гэсэнгүй, өмөөрөх ч гэсэнгүй ердөө л баримт дурдаж байна. Эрдмийн зэрэг хамгаалсан орон, судалгааны суурь онол, түмний санаа сэтгэлийг бүрэн эзэмдлээ, “зөвхөн нарыг л хэвээр үлдээнэ” гэж байсан суртал ухуулга цагийн аяс даалгүй хэдийнэ сураг алдарсныг дахин нэг тодруулъя. 

Ө.Энхтүвшин МУИС төгсөөд МАХН-ын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд 1980-1990 онд намын түүхийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан; “Ардын эрх” сонинд 1990-1995 онд сурвалжлагч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга; 1995-1996 онд МРТХЭГ-ын дарга; 1996-2005 онд МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга; мөн түүнчлэн 1996-1997 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны даргын ажил хавсран хашиж байжээ. МУ-ын УИХ-ын гишүүнээр 2000-2004, 2006-2008, 2008-2012, 2012 онд нийт дөрвөн удаа сонгогдож байгаа туршлагатай улс төрч. Мөн 2000-2004 онд Засгийн газрын гишүүн бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2006-2008 онд БСШУ-ны сайд, 2008-2010 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын алба хашиж байсан нэгэн. Нам дотроо ч сонгуульт ажил үүрэг тасралтгүй хашсаар байсны нотлогоо бол тэрээр 2008-2012 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан явдал яах аргагүй мөн.

Сүүлийн үед өндөр албан тушаалтны бизнес эрхлэлт, эд хөрөнгийн тухай мэдээ олны анхаарал ихээхэн татдаг сэдэв болоод байгаа. Бүр энэ ажил эрхэлдэг төрийн бие даасан байгууллага ч бий болоод байгаа. Ө.Энхтүвшингийн албан ёсны намтраас үзвэл төрийн гэнэ үү, төрлөх намынхаа гэнэ үү алба түшилцээд тун завгүй нэгэн байсан болохоор аж ахуй бизнес эрхлэж байгаагүй гэж харагдаж байна. Түүний 2011 оны жилийн орлого 13 сая, гэр бүлийнх нь орлого 120 сая төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл энэ айлын сарын орлого 11 сая илүү төгрөг байсан болж таарч байна. Энэ хэмжээ одоо ямар болсныг нөхөн онгичихыг зорьсонгүй. Ам бүл олуулаа, эхнэр гэхэд өмнөх, хойдох гээд хоёртой, тус бүрээс нь гарсан хүүхдүүдтэй байдаг юм чинь тэр хэмжээгээр “гэр бүлийн” орлого ихсэлгүй яахав гэж өмөөрөх хүн гарах л байх. За тэр ч яахав өнөөдрийн улстөрчдийн хувьд бүр ердийн үзэгдэл болсон зүйл. Тохьтой, томоотой нь дэндсэн “өвгөн” Дэмбэрэл дарга хүртэл нялх үрийн зулай үнэрлэсэн гэж ярьж байхад идэр залуу даргын хөнжил сөхлөө гэж зэмлэх хүн лавтай гарна. Уншигч Та өөрийнхөөрөө л болгоогтун. Ийм нэгэн эрхэм МАН-ын бага хурлаас “өөр хүн байхгүй” гэсэн тодотголтой, тэгсэн мөртлөө гишүүдийн 89 хувийн саналаар намын даргаар тодорсон байх ажээ.    

Ёстой л “МАН-ын туг барьж төрсөн”, эртнээс бодлогоор бэлдсэн гэхээр “улстөрийн аврага” аа МАН-ынхан яагаад ерөнхийлөгчийн сонгуульд сойлгүй, аврага ч гэсэн “бөх” Б.Бат-Эрдэнээр солив? Тохиолдол уу, тооцоо юу? Нийтэд түгсэн мэдээгээр энэ хоёрын нэгнийг тодруулах гэж МАН-ынхан хэд хэдэн удаа, их л ардчилсан байдлаар санал хураасан гэж байсан. Зөвхөн энэ мэдэгдлээс л тохиолдол биш гэдэг нь харагдаж байна бус уу? Тэгвэл тооцоо нь юу байж таарах билээ?.. Намуухан ярьж, далдуурхан тохиролцож, сэмээрхэн шийдэх талдаа гаршсан, хамтын нэгэнт гаргасан шийдвэрээ ягштал дагадаг хэмээдэг МАН-ын бага хурлын шийдвэр ингэж гуйвах болсоны учир юу вэ? Нам даа байна уу, намын дарга Ө.Энхтүвшинд байна уу?

Энэ асуултад хариулахын тулд Ө.Энхтүвшин гэх эрхэмтэй холбогдон гарч байгаа зарим материал, хэвлэл мэдээлэлийнхэнд өгсөн ярилцлагаас нь сөхөж үзье. Ингэж хэлэхээр “хүн л юм хойно сүүдэр ч, мөр ч байж таарна” гэж зарим хүн эгдүүцэж болно. Тийм ээ, хүн л юм хойно... Харин одоо энэ эрхэм эгэл нэгэн бодгаль биш, энгүй их боломжтой, нийгмийн эгэлгүй нэгэн байгууламж-МАН-ын дарга болчихоод байгаа болохоор, борог бидний өдөр тутмын амь амьдралтай холбоотой бүхнийг шийддэг хүрээнийхний их мэдэлтэй УЛСТӨРЧ учраас сайн муу, сайхан муухай, туулсан хийгээд туулах амьдрал нь бүгд тунгалаг, торох саадгүй бидний нүдэнд ил байх ёстой. Бид ч мэдэхийг шаардах эрхтэй. Энэ бол эгэл түмэн бидний язгуур эрх мөн хэмээн би мунхаглахын учир илүү дутууг төнхөж суугаа минь энэ.

Улстөрч хэн ч байлаа гэсэн хэлэх үг нь цэгцтэй, хийх үйлс нь тодорхой, ойлгомжтой, туйлбартай, нийтэд наалдах үр дүнтэй байх аваас монгол түмэн хүрээлэн авч өргөх байтугай бурхан тахилынхаа гүнгэрваанд залах ч энүүхэнд учраас би бас ингэж хэлж байгаа юм.

МАН-ын даргын хувьд намын гишүүд, дэмжигчид дээ хандан 2013 оны 2 сард бичсэн захидлыг эхлээд авч үзье. Тэрээр: “...Өнөөдөр манай намд бий болсон нөхцөл байдал бол зөвхөн ялагдлын дараах... ердийн нэг хүндрэл бишээ. ...нилээд эртнээс эхэлсэн, ужгирсан, олон үе шаттай үйл явц... 1996 онд УИХ-ын сонгуульд анх удаа ялагдсан манай нам  нэг хэсэг хугацаанд балмагдсан ...дотоод нэгдэл нягтралаа бэхжүүлэн, хориглолтоос давшилт руу шилжсэнээр 2000 онд үнэмлэхүй ялалтыг байгуулсан. ...энэ урам зоригоороо ажиллаж мянганы зам, газар хувьчлал, бүсчилсэн хөгжил, их өр тэглэсэн зэрэг өлзийгөө өгсөн, бүтээн байгуулалтын олон том бодлого... хэрэгжүүлсэн. ...хийх, бүтээх хүслээр жигүүрлэсэн он жилүүд байв. Үүний зэрэгцээ намын дотоодод аюултай нэг өвчин үүсч тархаж эхэлсэн... Улс төрийн ...тэр өвчний гол шинжүүд нь нэг хүний эрх мэдэл, нөлөө тасралтгүй өсч түүнийг тойрон хүрээлэл бүрэлдэх, улс төрийн тавцангаас мөддөө буухгүй мэт хуурмаг төсөөлөлд өөрийн мэдэлгүй автах, шүүмжлэлгүй, хяналтгүй байхыг улам бүр хүсэх, ололт амжилтаа байнга сурталчлах ,... үзэл бодлоо ард түмнийх мэт ойлгуулахыг оролдох зэрэг юм... Тэр үед МАН-ын шинэчлэлийн тухай биш Ардчилсан намын тодорхой хэсэгтэй нийлж Монголын Ардчилсан Хөгжлийн Нам (МАХН) байгуулах шаардлага, арга замын талаар явцуу хүрээнд ярилцаж байсан нь одоо нууц биш болжээ... Энэ бол 2004-2005 он... миний бие тэгэхэд МАХН-ын нарийн бичгийн дарга байхдаа...эсэргүүцэн санал нэгт хэдэн нөхдийн хамт “Ардчилал, шударга ёс, уламжлал, шинэчлэл” жигүүр байгуулж ... тэмцэж байсан...” гэжээ. Нэгэнт түүхч дарга өөрийнх нь хэлсэнээр “түүх өнгийж” байгаа болохоор ийм явдал болсон гэдэгт эргэлзэх юу байх билээ. Ө.Энхтүвшин энэ үед болж өнгөрсөн үйл явдалтай огт хамаагүй, оролцоо нөлөөгүй байсан юм уу гэхээр “...МАХН-ын нарийн бичгийн дарга байсан... эсэргүүцэн жигүүр байгуулан тэмцсэн” гэж мэдэгдсэн байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ? Намын нарийн бичгийн дарга гэдэг гаргах шийдвэрт оролцдоггүй албан тушаалтан гэж үү? Эсвэл намаас гарах шийдвэрийг энэ хүн идэвхгүй харж, хаашаа эргэхийг хүлээн ажиглаж байгаад буруу нь тодорхой болоод ирэхээр жигүүр байгуулан сүрхий эрийн дүрээр өндийж ирдэг нэгэн юмсан уу? Юутай ч болсон үйл явдлын өрнөлийг цаг хугацаагаар хөөн үзвэл БСШУ сайд болж дараа нь УИХ-ын нөхөн сонгуульд орж ялсанаас үзэхэд албан тушаалын хувьд алдаж эндээгүй юм билээ. Харин “жигүүр” тэгсгээд үгүй болсныг энэ эрхэм “үүргээ биелүүлсэн”-ээр тайлбарладаг. Болсон явдлаас эргэн харвал арай өөрөөр, “албан тушаалтай болсон”-оор үйл явдлын өрнөл, үр дүнг тайлбарлах хүн ч байдаг юмсанж.    

Бас тэрээр “...том намын зангараг, боловсон хүчний нөөц, ... нам шинэчлэгдэх нь гэдэг хүлээлт, сая 500 мянган төгрөгийн амлалт, ардчилсан хүчний бүр их бүтэлгүйтэл зэрэг хүчин зүйлсийн үр дүнд 2008 онд УИХ-ын сонгуульд манай нам олонхи болов. ... 46 суудал авсан хэрнээ цөөнх болсон хүчнээ урьж хамтарсан Засгийн газрыг дахин байгуулав...” гэжээ. Өөрөөр хэлбэл энэ эрхэмд дахиад л хамаагүй, холоос, ажиглагчийн байр сууринд явсан болж таарч байна. Энд хачирхан асуумаар нэг зүйл бол өнөө хамгийн олон гишүүнтэй, хамгийн анхны, хамгийн их туршлагатай, аль ч салбарт мэргэжилтэй боловсон хүчин хахаастай, хамгийн хамгийн... нам юу ч хийгээгүй зүгээр л аясын салхи таараад л, гэнэн монголчууд итгэл дайгаад олонх болгочихсон бололтой юм хэлсэн байгаа биз? МАН-ын удирдах газар хэрдээ л өдөр шөнө, өглөө үдшийг ялгалгүй шогшиж байсан ажилтнуудаа яаж үнэлсэн хэрэг вэ? Хэрэв үнэхээр Таны хэлж байгаа шиг тийм бол улстөрийн хүчин юм бол бидэнд ямар хэрэгтэй юм бэ? гэж асуувал Та юу гэж хариулахсан бол? Арай ч хамтын шийдвэр гаргасан удаа дараагийн хуралд орж байгаагүй гэж хэлээгүй байна аа.

 Цааш нь үргэлжлүүлэн “...цаг үеийн нөхцөл, сонгуулийн хийрхэлээр үзэл, итгэл үнэмшлийг биш мөнгө төгрөг, дарга даамалд ойр байсан, намд хандив өргөсөн гэх улс төрийн хат суугаагүй, үзлийн чиг нь тогтоогүй, ажил амьдралын туршлага багатай хүмүүсээр гол гол албан тушаалуудыг дүүргэж ... ирснийг энд дурдах ёстой. ...Намын удирдлагын дээд түвшингийн цикл алдаанаас болж МАН-ын ...дотоод эв нэгдэл сүрхий суларсан ...намын удирдлагын залуурыг атгаж яваа лидерүүдийн хооронд анх үл ойлголцол бий болсноос үүдэлтэй байдаг гэж би ойлгодог...” гэжээ. Эндээс “лидер” гэж хэн бэ? гэсэн асуулт гарна. Намын нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-д суугаа намын бүлгийн ахлагч, УИХ-д намын элч болон суугаа эрхэм гишүүн энэ ойлголтод багтдаггүй гэсэн үг үү? “Лидер” гэдгээ Та өөртөө хамаатуулж хэлээд байна уу? Хур намын тулхтай удирдах зүтгэлтэн хэмээх нэрийг Та алдаа гаргаад байгаа “лидерүүдийг” хэдэн жил зүгээр л дуугүй дагаж яваад авсан юм уу? Ингэж Та мэдэгдлээ гээд танай намын гишүүд Таныг “цикл алдаа”-нд хамаагүй хүн гээд чөлөөлөх юм уу? Цааш нь Та “... МАХН нэртэй шинэ хүчин үүсчихээд санал хуваагаад байгаа нь уугуул нэрээ сэргээснээс болсон гэхээсээ илүү, томчуулын хоорондын үл ойлголцлын үр дагавар гэж дүгнэвэл зүйтэй мэт” гэсэн “том” дүгнэлт хийжээ. Тийм ээ надад л лав том дүгнэлт санагдлаа. Энд чухам эрдэмтэн дүгнээд байна, намын удирдлагын эрх хэмжээг өөртөө төвлөрүүлсөн удирдагч яриад байна уу? “МАХН-ын ухуулга олон түмний ажил: Түүхэн туршлага, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр эрдэм судлалын ажил хийсэн хүний үг болохоор тал талаас нь бодож тунгаасан тулхтай үг байгаа байх. Гэхдээ МАХН гэсэн нэрээ хэвээр байлгах гэсэн гишүүдийн санал санаачлага огт хамаагүй гэсэнтэй энэ үг адил сонсогдохгүй байна гэж үү? Арай тойруу л болохоос биш өнөө “Ард түмэн гэдэг юу ч бичиж болох цагаан цаас” хэмээсэн Мао Цзэ Дун-ы алдарт үгнээс ялгаа байгаа юм уу? Болсон үйл явц сонгуулийн удаа дараагийн үр дүнд нөлөөлөөд байна гэж бас халаглан хэлсэн байх юм. Сонгуулийн үр дүнд нөлөөлөх хүний тоо гэдэг тэгээд хэдэн хүн гэсэн үг вэ? Тэр сонгогчид улстөрийн амьдралд болоод байгааг ойлгохгүй, танай нам хоёр салчихлаа гэдгийг сонсохгүй мунхаг улс болж таарч байна уу? Үгүй гэдэгт би л лав баттай итгэж байна. Хэрэв тийм бол яагаад удирдлагын хэдхэн хүмүүсийн хоорондын зөрчил өдий хэмжээнд нөлөөлөхүйц зүйл болоод байгаа билээ? Хэдий болтол гаргасан дутагдлынхаа таагүй үр дүнг бусдад тохох юм бэ?    

Илэн далангүй ярилцахыг уриалсан энэ захидалд цааш нь “...хүн бүрийн гар дээр 1,5 саяыг тавих ямар ч боломжгүй байлаа. ...Үнэндээ биднийг өнгөрсөн 4 жилд нуман тулгуурт оруулсан асуудлын нэг нь энэ байв. Хамтарсан Засгийн газрыг байгуулахад хүргэсэн нэг шалтгаан нь ч үүнтэй холбоотой гэж боддог. Ард түмнээ хуурч болохгүй хэмээн бид ухамсарлаж хичнээн зүтгэсэн боловч хүн бүрт 500 мянгыг өгч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэмж нэг сая төгрөг олгох санхүүгийн эх үүсвэр бүрдүүлээд сонгуульд орсон билээ... Уг нь дахин 4 жил Засгийн эрхийг барьсан бол дүүрэн хэрэгжих боломжтой байлаа...” гэж учирлаад байгаа юм уу, уйлагнаад ч байгаа юм уу, бичсэн байна. Энд дахиад л асуулт гарч ирж байна. МАН-ын дарга Энхтүвшин та “хуурч болохгүй хэмээн бид ухамсарлаж хичнээн зүтгэсэн боловч...” гэжээ. Юу гэсэн үг вэ? Хэлчихээд, хуурчихаад “ухамсарлаж” эхлэдэг болж байна уу, танай нам? Ядаж л сонгууль тулсан хариуцлагатай үед ингэж хэлж болохгүйг мэддэггүй “тулхтай улстөрч” үү Та?

Намын гишүүд, дэмжигчид дээ хандан бичсэн Таны захидлаас энэ мэт асуух зүйл олон байвч ингэсгээд өндөрлөе. Намын дарга лидер байх ёстой. Гишүүд, дэмжигчид дээ хандан бичсэн анхны захидал долоо байтугай огтолж, долоо байтугай талаас нь шинжиж, үг бүрийг нь шигшсэн байх ёстой. Таныг тэгж энэ захидлаа бичсэн гэдэгт эргэлзэх хүн байхгүй. Бодоход намын нөхөдтэйгээ ч хэлэлцсэн байж таарна. Тэгтэл... Бас Б.Бат-Эрдэнэ аварга шиг “Миний гар цэвэр, миний нэр цэвэр, миний сэтгэл цэвэр” гэж ам бардам хэлж чадах хүн Та биш болж таарч байна. Бодоход Танай намын хамт ингээд анхны бодлоосоо ухарсан бололтой. Тийм аваас МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшин намын лидер биш лойдор болж таарч байна.

 

 

2013.5.26.