Ч.ОЛДОХ
Бүх ард түмний хурилдайн төлөөлөгчид, МАХН-ын гишүүд, дэмжигчид өчигдөр АСА циркт чуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй Нацагийн Удвалд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Бүх ард түмний их хурилдайг УИХ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ц.Цолмон нээж үг хэлэв. Тэрээр “Өнөөдөр бид шударга түмний хурилдайг хийж байна. Мөн МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Нацагийн Удвалд хүндэтгэл үзүүлэх, сонгуулийг хэрхэн зохион байгуулахаа хэлэлцэхээр ийнхүү хуран цуглалаа. Нацагийн Удвалд монгол орноо нүүрлээд буй аюулаас аврах хөтөлбөр бий, түүний төлөө шударгаар зүтгэх чин зориг бий, баг болон ажиллах бэлтгэгдсэн мэргэжлийн сайн нөхөд нь гэдгийг онцлон хэлмээр байна. Монгол оронд шударга төр хэрэгтэй байна, Үүнийг хэрэгжүүлээд хийж чадах шударга тэмцэгч, удирдагч хэрэгтэй байна. Өнөөдөр МАНАН арилаагүй байна. МАНАН-г арилгах, засч залруулах хатан ухаан хэрэгтэй. Тиймээс манай нам, эмэгтэй хүнийг, эмэгтэй улстөрчөө нэр дэвшүүлсэн билээ” хэмээн онцоллоо.
Их хурилдайн гол илтгэлийг тавьж, танилцуулгыг хийсэн УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог “Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа асуудлаар ард түмэнтэйгээ нээлттэй хэлэлцдэг сайхан уламжлалыг бид бий болгоод багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдөр монголчуудын дийлэнх олонх ядуу байна, эдийн засаг элгээрээ мөлхөж байна. Монголын баялаг гадагшаагаа хямд гарч байна. Үүнийг бүрэн эрх нь дуусч байгаа Ц.Элбэгдорж засч чадсангүй. Монголын улс төрийн тогтолцоо гажсан хэвээрээ, монголчууд төр, засагтаа итгэл алдарсан хэвээр, бараг нүүрээ буруулсан байна гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй биз ээ. Манай намын дарга Н.Энхбаярт хилс хэрэг тулган, ял өгч хэлмэгдүүлээгүй байсан бол энэ удаагийн сонгуульд ялах нь гарцаагүй байсан. Нэгэнт нөхцөл байдал ийм байгаа учраас бид намын даргынхаа үйл хэргийг үргэлжүүлж чадах, монгол төрийн тэргүүн байж чадах Нацагийн Удвалын нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлээд байна.Шударга төрийг бий болгож, эзэн нь байж чадна гэж итгэж байна” гэв.
МАХН-наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь сонгуульд нэр дэвшигч Нацагийн Удвал 1972-1978 онд Анагаах ухааны дээд сургууль, 1993-1994 онд Тайланд улсын Махидолын их сургууль, 1995-1997 онд Их Британийн Манчестрийн их сургуулийг удирдахуйн ухааны чиглэлээр тус тус суралцаж төгссөн анагаахын шинжлэх ухааны доктор юм. 1979 оноос сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, их эмчээс ажлынхаа гарааг эхэлж, Эх нялхасын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, клиникийн захирлаар, НҮБ-ын Хүүхдийн санд төслийн ажилтан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөлд Төрийн албан шинэтгэлээр бодлогын шинжээчээр ажилласан. 1999 -2000 онд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2000-2004 онд Эрүүл мэндийн дэд сайд, 2007-2009 онд МАХН-ын Ёс зүйн хорооны дарга, 2011-2012 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа. Тэмцэгч, шударга, урвахгүй, муухан эрээс дээр, дажгүй эр гэхчлэн хамтран зүтгэгчид нь наргиж бас оноож өгсөн нэр цөөнгүй. Энэ нь ч түүнийг нийгэмд таниулж ирсэн гэж болно. Өдгөө түүнийг нэр дэвшигч Удвал, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны монгол эмэгтэй гэх алдар хүнд дагаж байна.

Н.ЭНХБАЯР ДАРГЫН ҮЙЛ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН
Бүх ард түмний их хурилдайн төлөөлөгчид, намын журмын нөхөд, гишүүд, дэмжигчид, сонгогч иргэдээс хүндэтгэл үзүүлсний дараа тэрээр тэнд хуран цугласан бүх хүнд мэхийн ёслоод өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтыг танилцуулсан юм. Н.Удвал хэлэхдээ “Бүх ард түмний хурилдайн хүндэт төлөөлөгчид, МАХН-ын гишүүд, дэмжигчид, нийт ард иргэддээ намайг дэмждэг нийт монголчууддаа энд хуран цугласанд талархал дэвшүүлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуульд МАХН-аасаа нэр дэвшиж, өнөөдөр та бүхэнтэйгээ уулзаж байна.
МАХН-ын Бага чуулганаас миний нэрийг дэвшүүлэхдээ таван шалтгааныг онцлон анхаарсан гэж би үздэг. Эх орон, газар, шороо, ард түмнээ өмөөрч байсныхаа төлөө хэлмэгдэж шоронд орсон Н.Энхбаяр даргынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх итгэл хүлээлгэсэн. Өнгө мөнгө, өгөө аваа, өш хонзонгоос тогтсон өнөөгийн дүрэмгүй, журамгүй харгис улс төрийг хатан ухаан, уран билгээр зөөллөн зас гэж намайг нэр дэвшүүллээ. Шударга төрд суудал хатуудсан шуналтнуудын сэнтий болсон төрийн хийморийг тэгшил, төвшитгө, засч залруул гэж намайг Монголын ард түмэнд илгээлээ. Ажилгүйдэл, ядуурал, авлига, алагчлалаас болж амьдрах арга нь мухардсан , өвчин зовлон, өр зээлд баригдсан ард түмнээ аварч хамгаал, асарч энэр гэж намайг МАХН-ын гишүүд, дэмжигчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Хэрэв Монголын ард түмэн надад итгэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгох юм бол би монгол оронд нүүрлээд байгаа таван аюулыг арилгах болно. Ингэхийн тулд “Таван бодлого-таван зорилго” гэсэн мөрийн хөтөлбөрийг та бүхэндээ танилцуулж байна. Өнөөдөр монгол оронд алт эрдэнэс, нүүрс, байгалийн баялаг, үнэт металл хамгийн үнэтэй зүйл биш ээ. Хамгийн үнэтэй зүйлийг би монгол хүнээ гэж дээдэлж байна. Монгол төрийн бодлогын цөм нь монгол төрийн хамгийн эрхэмлэх үнэт эрдэнэ нь монгол хүн байх болно. Ард түмнээ үзэл бодол, намын харъяалал, нутаг ус, хот хөдөө, хөрөнгө чинээ, нас хүйсээр нь алагчлахгүй эхийн сэтгэлээр ижил тэгш хандаж, үндэсний эв нэгдлээ бөхөлж аргамжиж явна гэдгээ та бүхэндээ амалж байна. хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хийсэн гэмт хэрэг, хүний наймааны гэмт хэрэг хийсэн этгээдийг уучлахгүй, өршөөл үзүүлэхгүй. Эх орондоо амар амгалан амьдралыг бий болгоно” гэлээ.
Бүх ард түмний их хурилдай МАХН-ын их хурилдай монгол зан заншил, түүх уламжлал руугаа хандсанаараа олон хүний сэтгэлд омогшил төрүүлж байлаа. Тухайлбал, их хурилдайн төлөөлөгчид Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны эмэгтэй нэр дэвшигч Нацагийн Удвалд хүндэтгэл үзүүлэхдээ эмэгтэй хүн айл гэрийн , улс орны галын бурхан байдаг гэдэг утгаар гал тахих ёслол хийлээ. Мөн түүний дэвшүүлсэн “Таван бодлого-таван зорилт” мөрийн хөтөлбөрт нийт монголчуудыг нэгдэхийг уриалж монголчуудын эв нэгдлийн билэгдэл таван сум /мөс/ -ыг түүнд гардуулсан юм.
Нэр дэвшигчид хүндэтгэл үзүүлэх их хурилдайд олон зочин, төлөөлөгч, гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсэн. Тэдний дотор МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын аав Б.Намбар гуай ирсэн юм. Мөн Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, аж үйлдвэрийн гавьяат ажилтан нэхмэлчин С.Гүнжинлхам, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр нарын ахмад үеийнхэн, оюутнууд, залуучууд, эмэгтэйчүүд МАХН-аас нэр дэвшигчийг дэмжиж бас баяр хүргэж үг хэллээ. Нөгөөтэйгүүр, Бүх ард түмний их хурилдай анх зохиогдсон өдрөөсөө эхлэн ард түмний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх индэр байсаар ирсэн. Тиймээс эх орны өнцөг булан бүрээс ирсэн зочид төлөөлөгч, гишүүд, дэмжигчид өөрийн аймаг, сум, баг хороонд байгаа даруй өөрчлөх ёстой, шинэчлэх шаардлагатай асуудлуудыг нэр дэвшигчид дуулгаад энэ бүхнийг өөрчлөхөд хичээж ажиллахыг хүсээд нэр дэвшигчийн сонгуулийн ажилд амжилт хүслээ.
Х.Монголбай Баян-Өлгийн аймгийн Сагсай сумын иргэн/ : Н.ЭНХБАЯРЫН ЖУРМЫН НӨХРИЙГ БИД ДЭМЖИНЭ
-Манай казах ард түмэн төдийгүй нийт монголчууд Н.Удвалыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл тэр бидний хүндэтгэн хайрлаж байдаг МАХН-ын дарга Н.Энхбаярын үйл хэргийг үргэлжлүүлэгч журмын нөхөр нь учраас түүнд саналаа өгнө.
С.Гүнжинлхам/ Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, аж үйлдвэрийн гавьяат ажилтан/ : ҮЙЛДВЭРЛЭГЧИД ДЭМЖИЖ БАЙГАА
-Монгол төрийн тэргүүнд оюунт монгол бүсгүй нэр дэвшиж байгаад Нацагийн Удвалдаа баяр хүргэе. МАХН-ын дарга Н.Энхбаярын журмын нөхдийн амрыг эрье. Аж үйлдвэрийн салбар, ноосон нэхмэлийн үйлдвэрийнхний өмнөөс үг хэлж байгаадаа баяртай байна. Манай үйлдвэр хэдэн мянган ажилтантай нөр их салбар байсан. 1990-ээд оноос хувьчлал, хувьцааны уршгаар сөнөсөн. Энэ их айлын эзэд шуналтан, эд мөнгөний хорхойтнууд байснаас үйлдвэрлэл байгуулах ажлыг нураасан. Үүнээс болж хувцсаа өөрсдөө хийгээд өмсчихдөг үйлдвэрлэгч түмэн маань бусдын гар харах болсон. Өнөөдөр ч тийм байна. Улс орны удирдагч эмэгтэй хүн болбол энэ байдлыг даруй засах засах байх гэж найдаж байна.
Д.Төмөрхуяг /Дорнод аймгийн Цагаан уул сумын малчин/: ЭМЭГТЭЙ ХҮН ТӨРД ГАРААСАЙ
-Өнөөдөр улс орны байдал эзэнгүй айл шиг, ард иргэд нь өнчин хүүхдүүд шиг байгаа. Иймээс МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг иргэддээ эх хүний хатан ухаанаар ижил тэгш хандаж ард олноо халамжилна гэж бодож байна, дэмжиж байна.
З.Дорж /Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн: ТҮҮНД ОЛОН ДАВУУ ТАЛ БИЙ
-Н.Удвалд хэдэн давуу тал байна. Тэр алдар гавьяа цол хэргэм, албан тушаалд ханаж цадчихаагүй, өөрөөр хэлбэл химийн томъёоллоор ханасан уусмал болчихоогүй. Нөгөөтэйгүүр, тэр эмч хүн. Өнөөдөр улс төрчид хорыг хоол гэж идээд сүйдэж байна. Тэгвэл түүнд анагаахын ухаан бий. Улс төрийн ухаан бол тойм байхад болно. Тэр эх хүний хувьд үр хүүхдээ алдан зовж явсан, хань нөхрөөсөө хагацаж шаналж байсан гэсэн. Тэр үнэн бол өнөөдөр монголд зовлонтой хүн олон, жаргалтай нь цөөхөн. Энэ үүднээсээ зовсон олондоо ойр байж зовлонг нь нимгэлэх болов уу.