Э.НОМИН

“Хүүхдэд ээлтэй Өргөө” аян хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрэв. “Өргөө” кинотеатр энэ оныг хүүхдэд ээлтэй жил болгон зарласан. Өчигдөр тус театрын хамт олон “Өргөө-1” салбартаа 240 гаруй хүүхдийг хүлээн авч үйлчиллээ. “Өргөө” театрынхан өнгөрсөн саруудад “Хүүхдэд ээлтэй Өргөө” аяныхаа  хүрээнд  асрамжийн газрын болон эмзэг бүлгийн багачуудыг театртаа урьж тэднийг чөлөөт цагаа үр дүнтэй боловсон өнгөрүүлэхэд тусалсан юм. Харин энэ удаад уг аянд 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид хамрагдлаа. Хуруу дарам тоонд багтах тусгай сургуулийн хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс. Үүнийг 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид ч хэлж байв. Хэл, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг тус сургуулийг 20 гаруй жилийн өмнөх хуучин сандал ширээ, ганц гайгүй сүүдрэвчгүй хашаа, сургууль руу орох ганцхан нарийн гудамж, 100 айлын баахан барилгын материалын дэлгүүр, наймаачдаар хүрээлүүлсэн орчноор нь олон нийт андахгүй. Ийм л дүр зургаар хүрээлүүлсэн орчинд өдөр бүр цугладаг тэд харин энэ удаад “Өргөө-1” кинотеатрт цугларлаа. Тэднийг олны дунд байлгаж, үеийнхэнтэй нь ойртуулахыг хичээн “Би, бид нар бусдаас өөр” гэж өөрсдийгөө битгий тусгаарлаасай гэсэндээ “Хүүхдэд ээлтэй Өргөө” аяныг тэдэнд хүргэсэн нь энэ байв. Дэлгэцийн урлагийн театрт кино үзэх урилга авсан тэдний сэтгэгдлийг багш нь бидэнд дамжууллаа.

 

Л.Мөнхтуяа: АНХ УДАА КИНОТЕАТРТ КИНО ҮЗЛЭЭ

 

Би долоон настай. 29 дүгээр сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Өмнө нь би кинотеатрт кино үзэж байгаагүй. Зурагтаар кино үздэг боловч заримыг нь  ойлгодоггүй. Энд үзсэн “Төмөр хүн” кино үнэхээр сонирхолтой. Ангиараа үзсэн болохоор бүр гоё байсан. Дараа дахин энд кино үзнэ гэж бодож байгаа.

Б.Мөнхбаяр: АНГИАРАА ИНГЭЖ КИНО ҮЗЭЖ БАЙГААГҮЙ

 

Би хоёрдугаар ангийн сурагч. Манай ангийнхан ингэж ангиараа кино үзэж байгаагүй. Өмнө нь аав, ээжтэйгээ л кинотеатрт кино үзэж байсан. Ангиараа кино үзэх гоё юм. Дэлгэцийн доогуур орчуулсан үгнүүд гардаг болохоор ойлгомжтой юм. Бид дараа дахиж кино үзэхээр болсон. 

 

Б.Чимэдцэрэн: СУРГУУЛИА ТӨГСӨӨД СОНСГОЛГҮЙ ХҮҮХДҮҮДИЙН БАГШ БОЛНО

 

Өнөөдөр сайхан өдөр байна. Ангиараа, найзуудтайгаа цуг кино үзэх боломж олгосон “Өргөө” кино театрын ах, эгч нартаа баярлалаа. Бидэнд ингэж кино үзэх үе ховор байдаг. Би ирэх жил 11 дүгээр ангиа төгсөнө. Хэл, сонсголын бэрх­шээлтэй хүүхдүүдийн багш болохыг мөрөөддөг. Тэднийг гадуур явахад багш шиг хүн үнэхээр хэрэгтэй байдаг. Тийм болохоор би энэ мэргэжлийг сонгоно гэж боддог.

 

Б.Батзаяа: НАЙЗУУДТАЙГАА ЦАГИЙГ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОСОНД БАЯРЛАЛАА

 

Би 11 дүгээр ангид сурдаг. “Өргөө” кинотеатрынханд найзууд­тайгаа цагийг гоё өнгөрүүлэх боломж олгосонд баярлалаа. Бид ингэж бараг явдаггүй. Өдрийг сургууль дээрээ л өнгөрүүлдэг. Хааяа кино, тоглолт үздэг ч заримыг нь ойлгож чаддаггүй. Кинотеатруудын гадаад киноны орчуулга дэлгэцийн доогуур гардаг болохоор илүү ойлгомжтой байдаг.

 

Х.Ариунаа: БИДЭНД ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ОЧИХ ГАЗАР БАРАГ БАЙДАГГҮЙ

 

Манай сургуулийнхан хичээл тараад ихэнхдээ сургууль дээрээ байдаг. Сургууль дээр янз бүрийн дугуйлан хичээллэдэг. Чөлөөт цагаараа түүнд явдаг. Харин гадуур цөлөөт цагаа өнгөрүүлчихээр бидэнд зориулсан газар бараг байдаггүй. “Өргөө”, “Тэнгист” хааяа найзууд­тайгаа кино үздэг. Дэлгэцийн доогуур орчуулга нь гардаг болохоор ойлгоход амар. Зурагтаар кино үзснээс л дээр байдаг юм. Өнөөдөр энд ирсэндээ үнэхээр баяртай байна. Ангиараа боловсон, тохилог газраар үйлчлүүлэх боломж бидэнд тэр бүр олддоггүй. Хааяа нэгнийхээ төрсөн өдрөөр гадуур явахад үйлчилгээний байгууллагын зарим хүнтэй ойлголцохгүй хэцүү шүү дээ. Энд биднийг багштай минь хамт авч ирсэн болохоор гоё байна. 

 

А.Бямбацогт: ТОМ КОМПАНИУД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ДЭМЖДЭГ БОЛСОН  

 

Ирэх жил би сургуулиа төгсөнө. Өөртөө их, дээд сургуульд орно гэсэн зорилт тавьсан байгаа. Зурагтын мэдээгээр “Өргөө” кинотеатрыг Хүүхдийн чөлөөт цагийн таатай орчин нэртэй шагнал авч байгааг хараад энд ангиараа очъё гэж бодсон. Тэр бодол минь өнөөдөр биелж байна. Ийм сайхан орчинд биднийг найрсгаар угтаж авсан “Өргөө”-ийн ах, эгч нарт баярлалаа гэж хэлмээр байна. Ер нь том компаниуд бидэн шиг хүүхдүүдийг сурч боловсроход их дэмжиж байгаа.

Мөн тэдний багш энэ үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

Б.Эрдэнэчимэг: ХҮҮХДҮҮДИЙГ НИЙГЭМШИХЭД КОМПАНИУД ТУСАЛЖ БАЙГАА 

 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүх­дүүдэд чиглэсэн нийгмийн ажлууд хэр хангалттай байна вэ?

-Манай сургуулийн 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хувийн хэвшлийнхэн нэлээд дэмжиж байгаа. Үүний нэг тод жишээ бол өнөөдрийн энэ арга хэмжээ. Хүүхдийн баярыг угтаж “Өргөө” кинотеатрын хамт олон манай сургуулийн бүх сурагчид үнэ төлбөргүй үйлчилж байна. Сүүлийн үед иймэрхүү арга хэмжээ, ажлууд ихэссэн. Үр дүн нь ч гарч байгаа. Тэднийг нийгэмших, олны дунд ороход томоохон байгууллагууд хувь нэмрээ оруулж байна. Энэ жил тусгай сургуулийн сурагчдад зориулсан дөрөв, тавдугаар  ангийн сурах бичиг хэвлэгдэхээр болсон. Хичээлийн шинэ жилийг бид шинэ номтой угтана. Тусгай сурах бичиг үнэхээр хангалтгүй байна.

-Тэдний чөлөөт цагаа өнгөрөөх газар манайд хэчнээн байдаг юм?

-Ер нь Монголд хүүхдүүд цаг заваа боловсон өнгөрөөх газар ховор байдаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оччихоор газар бараг алга. Тэдэнд зориулсан тоглоом, үзвэр үйлчилгээний газар бараг байхгүй. Тиймээс манай сургууль 24 цагийн турш ажилладаг. Тэднийг сурч боловсруулж, уйдаахгүй гэсэндээ тэр шүү дээ. Манай сурагчдын 70-80 хувь нь дотуур байранд амьдардаг болохоор энэ мэт арга хэмжээ үнэхээр хэрэгтэй байдаг юм.