С.САРУУЛ

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод нэгдсэн байр сууринд хүрчээ. Тэд эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд цалин нэмэхгүй байх зөвшилцөлд хүрчээ. Энэ талаараа мэдээлэл хийж, уриалга гаргалаа.   Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Цалин нэмэх асуудал нь Засгийн газрын хамгийн чухал асуудлын нэг хэвээр байгаа. Гэвч энэ хямралтай үед цалинг нэмэхэд хүндрэлтэй тусах учраас гурван тал ойлголцолд хүрч тодорхой уриалга гаргалаа. Засгийн газрын хувьд төсвийн ерөнхийлөн захирагч нар аймаг, дүүргийн Засаг дарга нар төрийн оролцоотой байгууллагуудын захирлуудад хэмнэлтийн горимдоо шилжих зайлшгүй шаардлага байгааг уриалгаараа дамжуулж мэдэгдэж байна. Энэ оны төсвийн тодотголоор хэмнэлтийн жагсаалт орж ирнэ. Гэхдээ бид ирэх жил цалинг тодорхой хувиар нэмэх бодлого барина, энэ хүрээндээ 2016 оны улсын нэгдсэн төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгаж өгөхөөр асуудлыг тусгасан” гэлээ. Монголын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Манай холбоо бол төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх байр суурин дээр тууштай байгаа. Гэхдээ энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ тууштай биелүүлнэ гэсэн амлалтыг өгч байгаа учраас цаг хугацааны хувьд хойшлуулж байна. Тийм ч учраас энэ уриалгад оролцож байгаа. нийгмийн зөвшлийн гурван талт хороо хуралдаж нэмэлт хэлэлцээрийг байгуулах ёстой. Нэмэлт хэлэлцээрийн хүрээнд хэдийнээс хэдий хугацаанд цалинг нэмэх вэ гэдэг асуудал тодорхой болно” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn