Д.ЖАВХЛАН

Ирэх сарын 15-нд олон улсын хөгжимчид Дархан хотод тоглолтоо хийнэ. Энэ талаар тус аймгийн “Ара филмс” студын гүйцэтгэх захирал Р.Жавхлантөгстэй ярилцлаа. 

 

-Удахгүй болох тог­лолтынхоо талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу.

-Бид уран бүтээлүүдээ ихэвчлэн халамж, хандив руу хандуулж байна. Ирэх сарын 15-нд Шанхай хотноо уран бүтээл туурвидаг олон улсын хөгжимчид Дархан-Уул аймгийн халамжийн төвийн дэргэдэх “Шонхоолой” циркийнхэнд зориулан хандивын тоглолт хийхээр болсон. ­­­­­­

-Таныг Дарханы за­луус кино найруулагч мэр­гэжилтэй гэх юм. Одоо энэ мэргэжлээрээ ажил­лаж байна уу?

-Миний уран бүтээлийн хэсэг нөхөд 2006 онд “Бүхнийг би цэглэнэ” уран сайхны кино хийсэн. Энэхүү киног манай сургуулийн төгсөлтийн хэсэг залуус уран бүтээлийн анхны гараагаа болгон хамтарч ажилласан юм. Би талийгаач Бадар-Ууган багшийн үүсгэн байгуулсан кино урлагийн сургуулийн анхны төгсөгч. Бидний анхны уран бүтээл учир алдаа дутагдал гарах нь мэдээж.  2010 онд Дархан хотынхоо 50 жилийн ойд зориулан “Их хааны дархан нутгаар” нэртэй Гурван бүлэг киног хийж гаргасан. Энэ кино гарсан даруйдаа олны талархлыг хүлээж, уран бүтээлч бидэнд маш их урам зоргийг өгсөн юм. ­­­­

-Түүнээс хойш киноны чиглэлээр ажилласан уу?   

-Энэ жил Америкийн уран бүтээлчидтэй хамтран “Зэрлэг хангай”, “Зэрлэг говь” гэсэн хоёр баримтат кино хийхээр төлөвлөсөн. Бид мөн “Монголын нууц товчоо” радио жүжгээ баримтат кино руу хөрвүүлэхээр бэлтгэж байна. Би сүүлийн үед манай нийгмийн анхаарлыг яахын арга татаад буй Мазаалай гэгч энэ хөөрхөн амьтны талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтарч баримтат кино хийхээр төсөлд гарын үсэг зурсан юм. ­­­

-Таны уран бүтээлүүд цаашдаа хэрхэн өргөжин тэлэх вэ?

-“Монголын нууц товчоо” радио жүжиг миний анхны уран бүтээл. Энэ түүхэн жүжгийн радио хувилбарыг Боловсрол шинжлэх ухааны яамны ном хөтөлбөрийн хүрээнд, ерөнхий боловсролын бүх сургуулиудад үнэ төлбөргүй тараахаар зэхээд байна. Цаашлаад гадаад зах зээл рүү гаргах санаатай байгаа. ­­­­­

Би Дархан хотын JCI олон улсын байгууллагатай хамтран “Их хааны Дархан нутгаар” комикс болон киногоо Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 30 сургуульд тараасан. Бид энэхүү бүтээлүүдээ цаашид үргэлжлүүлэн гадаад зах зээлд, мөн онлайнаар борлуулах бодолтой байна. Мөн хөөмийч Алтан-Од, муурч Хонгор нартай “Дархан” гэдэг хөгжмийн шинэ хамтлагийг байгуулсан. Энэ хамтлаг маань олон улсад Монголын язгуур урлагийг таниулах зорилготой юм. Би энэ хамтлагийн анхны цомгийг гаргах гээд мөн л завгүй байна. ­­­­­­­­

-Та гадаад зах зээлд Монголын урлагийг чам­лахааргүй таниулж байгаа юм байна. Радио цомогт хэдэн хүн дуу оруул­сан бэ? 

-2002 онд АНУ-ын Флорида мужийн Гайксвилл хотын театрын уран бүтээлчдийн баг манайд хотод ирсэн. Тэд энд байх хугацаандаа радио жүжгийн чиглэлээр мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн гаргасан юм. Энэхүү жүжгүүдэд дуу оруулсан хүмүүс бүгд Дарханы залуус. Тэд америк уран бүтээлчдийн арга барилаар ажилласан гэхэд болно. Радио жүжгийн ажлыг чанарын өндөр түвшинд хийхэд цаг хугацаа мэдлэг ур чадвар их шаардсан. “Монголын нууц товчоо”-нд дуу оруулахад хоёр орны 70 гаруй уран бүтээлчид оролцсон байдаг. Монголын талаас Дарханы залуу жүжигчин соёлын тэргүүний ажилтан Д.Ганболд, О.Оюунчимэг, М.Буджав, С.Лхагвасүрэн, Б.Мандахбаяр, Б.Баянмөнх нарын 21 жүжигчин оролцсон байх жишээтэй. Энэ жүжгийн туйлчийн хэсгийг Хадбаатар гэдэг залуу туйлсан. Харин дээрх жүжгийг номноос радио хувилбар руу хөрвүүлсэн хүн нь миний аав ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн юм. ­­­­­­­­­­­­­­­­­­­

-Таны гаргасан уран бүтээлийг Улаанбаатарын залуус хаанаас авч болох вэ?

-Гурван CD, 12 бүлгээс бүрдэх “Монголын нууц товчоо” жүжгийн хэвлэмэлийг “Интер” болон “Hi CD”-ийн бүх салбаруудаар худалдаалаад дууссан. Хүүхдүүд уншигчдын санал их ирж байгаа учир дахин хэвлэх ажилыг эхлүүлсэн. Тун удахгүй гарах байх. Ер нь “Монголын нууц товчоо” номыг хүүхэд уншихад сонирхолгүй байх шиг санагддаг. Харин жүжиг хэлбэрт оруулсан чинь сонсоход эвтэйхэн, хөнгөн болж гэсэн магтаалын үгийг олон хүнээс сонссон. “Монголын нууц товчоо” жүжгийн хэвлэх ажлыг 2008 онд эхлүүлж хоёр жилийн хугацаанд бүрэн дуусгасан даа. ­­­­

-Та ярианыхаа эхэнд говийн нэн ховор амьтдын тоонд зүй ёсоор ороод буй мазаалайн талаар ба­римтат кино хийх тухай өгүүллээ. Мазаалайг суд­лах болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Миний аав Өмнөговийнх. Аав бид хоёр говийн ховордсон ан амьтан, ургамлыг судлахаар жилийн жилд явдаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам энэ амьтныг хамгаалах талаар ажлын хэсгийг байгуулсан. Энэ амьтныг арчлан хамгаалж, хайрлах талын мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн анхаарлыг энэ чиг рүү хандуулах тал дээр ажиллаж байна. Одоогийн байдлаар Мазаалайгийн талаарх комикс хувилбар нь миний гар дээр бэлэн байна. ­­­­­­­