Д.ОДОНТУНГАЛАГ
Сэлэнгэ аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй хийгээд цаг үеийн асуудлын талаар аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе.Сэлэнгэ аймагт өвөлжилтийн бэлтгэлажил хэрхэн зохион байгуулагдажбайна. Аймгийн Засаг даргын зүгээсюун дээр онцгойлон анхаарч байгаавэ?
-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна. Анхаарах хэд хэдэн гол асуудал дээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн. Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар Засаг дарга гурван удаа шийдвэр гаргалаа. Зургадугаар сард албан даалгавар гаргасан. Мөн долдугаар сарын сүүлээр нөхцөл байдал өөр болж байгаа учраас холбогдох зарим арга хэмжээг зохион байгуулах тухай үүрэг чиглэл өгсөн. Өнөөдөр бүх сум, агентлагуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, цаг үеийн ажлыг хугацаа алдахгүй зохион байгуулах үүрэг даалгавар хүргүүлээд байна. Мал өвөлжилтийн асуудлаар манай аймаг таатай биш байна. Яагаад гэвэл энэ зуны нөхцөл байдлаас шалтгаалаад хадлангийн бэлтгэл сайн биш. Тийм учраас сумдын дарга нарыг хадлангийн асуудлыг орон нутагтаа маш сайн үр, дүнтэй зохион байгуулахыг онцгойлон анхаарууллаа. Аймгийн хэмжээнд энэ жил газар тариалангаас 38 мянган га талбайн ургац алдсан. Энэ талбайнхаа 10 мянган га-г нь бэлчээрт шилжүүлэх, мөн 10 мянган га-гийн өвсийг хадаж, хүчит тэжээл болгон бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэлийг ХХААГ-аар дамжуулан сумдын дарга нарт өгсөн. Хоёрдугаарт мал өвөлжүүлэхтэй холбоотой асуудлаар нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалтыг сайн хийх хэрэгтэй байна. Манай аймгийн дунд Дархан-Уул гэж бүхэл бүтэн том аймаг байдаг. Энэ аймгийн зонхилох иргэд манай аймгийн нутаг дэвсгэр дээр амьдардаг. Иймээс энэ асуудлыг харилцан шүтэлцээтэй өндөр төвшинд зохион байгуулах асуудал тус аймгийг тойрсон сумдын удирдлагад өгөөд байгаа.
-Аймгийн дулааны станцын хувьд нүүрс, түлээний нөөц байгаа юу. Халаалт, дулааны асуудлыг хэрхэнзохион байгуулж байна вэ?
-Төв орон нутгийн дулаан, өвлийн халаалттай холбоотой асуудал анхаарлын төвд байна. Манай аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг “Рэдхил Монголия” Улаан-Овоогийн нүүрсний уурхай эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан үйл ажиллагаагаа зогсоосон. Иймээс бид бусад уурхайтай гэрээ байгуулах, урьдчилж нүүрс татах ажлуудыг зохион байгуулах асуудал тулгараад байна. Иймээс энэ асуудлаар сумын Засаг дарга нарт тусгайлан үүрэг өглөө. Мөн сумын төвүүдэд дулааны станц, уурын зуухууд байгаа. Энд ажиллаж байгаа хүмүүст Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөр дамжуулан үүрэг даалгавар өглөө. Станцуудын эх үүсвэрт анхаарал тавихаасаа илүүтэй үйлдвэрлэсэн дулааныг яаж үр дүнтэй ашиглах вэ гэсэн чиглэлд анхаарлаа хандуулахын зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ЗДТГ гээд орон нутгийн өмчит, төр төсвийн байгууллагуудын дулаалгын явцад онцгой анхаарч байгаа. Энэ мэт ажлуудыг эмхэлж зохион байгуулаад дуусах тийшээ хандаж байна.
-Аймгийн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа бэлэн байгаа юу. Жил бүр төвлөрсөн халаалтыгнэлээд оройтож өгдөг. Энэ байдал энэ жил яаж зохицуулагдах вэ. Халаалтыг хэднээс өгөх төлөвлөгөөтэйбайгаа вэ?
-Дулааны станцын хувьд үйл ажиллагааны бэлэн байдал 100 хувь хангагдсан. Халаалт өгөхөд бэлэн байгаа. Гагцхүү хөрөнгийн асуудал шийдэгдээгүй. Сангийн яамнаас энэ халаалт дулааны мөнгийг шийдвэрлэнэ. Манай дулааны станц чинь 100 хувь орон нутгийн өмчийн, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчим дээр ажилладаг үйлдвэр шүү дээ. Гэтэл өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахгүй байгаа болохоор өнгөрсөн жилээс эхлэн улсын төсвөөс дэмжлэг авдаг болсон. Миний хувьд дулааны станцад есдүгээр сарын 20-ноос эхэлж халаалтыг өг, 25 гэхэд жигдрүүл гэсэн үүрэг өгсөн.
-Энэ намрын ургац хураалтын ажил ихээхэн хүндрэлтэй байх шиг байна...?
-Энэ сарын хамгийн гол ажил бол ургац хураалт. Энэ жил ургац муу байна. Бид га-гаас 8-9 цн ургац авна гэж хичээж байна. Гэтэл ургац маш намхан. Намхан тариаг хэдийгээр технологио бариад, ургамал хамгааллынхаа бодисоо хэрэглээд ч ангилан хадаж болдоггүй. Ангилахад газар луугаа шигдээд уначих юм бол дараагийн цайруулалтад ордоггүй маш их хаягдал үүсдэг. Үүнээс болгоомжлоод олон компани ажилдаа орохгүй байгаа. Олон жилийн дунджаар манай нийт хураах ургацынхаа 15-аас доошгүй хувийг хураасан байдаг. Гэтэл өнөөдөр хоёр хувьдаа ч ороогүй байна. Энэ бол ердөө будааны болц, цаг агаарын байдалтай холбоотой. Нөгөө хэсэг тариа нь нэлээд боломжтой. Тэгсэн мөртлөө наймдугаар сард орсон маш их бороо, дээр нь дулааны нийлбэр маш өндөр байна. Энэ нь хогийн ургамал эрчтэй ургах нөхцлийг үүсгэсэн. Дээр нь хяруу унахгүй, зэрлэг ургамал нь хатахгүй байна.
-Ийм хүнд нөхцөлд ургацаа аль болох хаягдалгүй, хурдан хурааж авахын тулд юуг анхаарвал зохих вэ?
-Бид одооноос салхилуулж, дундуур нь нэмэлт ангилан хадалт хийж салхилах зай гаргах, мөн хогийн ургамалд нь хор цацах арга хэмжээ авч байна. Нөгөө талаасаа ургац хураалт хойшлох нь. Маш бага ургац авах гэж байгаа мөртлөө их ургац авах хэмжээний хөдөлмөр, зохион байгуулалтыг үйлдвэрлэгчдээс шаардах нь. Иймээс сумын Засаг дарга нарт ургац хураалтыг дуустал тариалан руу мал оруулахгүй байх даалгаврыг онцгойлон өгсөн.
-Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
-Энэ жил хадлан тэжээлээс шалтгаалаад намрын мах бэлтгэлийн ажил эрчимтэй явагдах нь ээ. Тийм учраас аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлэг, бусад төсвийн байгууллагууд, хоолны газар, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээний бүх махыг тухайн сум хангах ажлыг зохион байгуулах чиг үүргийг сумын Засаг дарга нарт өгч байна. Үүгээрээ бид мал аж ахуйн үйлдвэрлэлээсээ гарч байгаа бүтээгдэхүүнээ өөрсдөө дэмжиж авъя, эдийн засгаа өөрсдөө дотооддоо бүрдүүлье гэсэн бодолтой байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин