Сурвалжилсан С.ЦЭЦЭГМАА, С.УЯНГА, Д.БАТБААТАР
Намар цаг зангаа хувиргаж бороо, цас, мөндөр холилдон орсон өдөр бид Хэрлэнгийн хөдөө арал буюу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумыг зорив. Цас малгайлахнуу гэмээр бударч байснаа тэгсхийгээд тэнгэр цэлмэлээ. Хэдийгээр дүн өвлийн хүйтэн хаяанд ирчихээгүй ч хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилжээ.
Хэрлэнгийн хөдөө арал бол Чингис хааны баатар цэргүүд нь жагсч, хүлэг морьд хөрсийг нь туурайгаараа тамгалж байсан эртний түүхийн өлгий нутаг. Тэр ч утгаараа Монгол үндэстний сэргэн мандсан, буурч доройтсон олон үеийн гэрч болсон домогт газраас “Амьдралын тойрог”-оо бэлтгэхээр явж буйдаа олзуурхаж байлаа. Тодотгож хэлбэл, Монголдоо Морьт суман хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийг зорьж яваа минь энэ. Бага үдэд Улаанбаатараас гарсан бид тааваараа явсаар оройхон тийшээ зорьсон газартаа дөрөө мулталлаа.
[caption id="" align="alignnone" width="700"]
Олон улсын сургуулилалт, түүхт ойн баярт морьт цэргийн парад, морьтой үзүүлэх тоглолтоор оролцдог болжээ. Ангийн захирагч, хурандаа Б.Ганбаатар морьт цэргүүдийн хамт.[/caption]
Төрийн торгон сүргийн эзэн, туршлагатай ангийн захирагч, хурандаа Б.Ганбаатар биднийг албан өрөөндөө угтаж авсан юм. Захирагчийн өрөөний хананд Төрийн есөн хөлт цагаан тугийг залдаг есөн шарга морины зураг, мөнгөн тоногтой эмээл, хазаар, морины цутгамал баримал, морин хуур байна. Аргагүй л Морьт сумангийн ангийн захирагч гэсэн шиг морь ороогүй зүйл түүний өрөөнд бараг алга. Цай уунгаа энэ тухай сониучирхвал ангийн захирагч “Миний өрөөнд морьтой холбоотой зүйл олон бий. Ангид зочилж ирсэн хүмүүс төрийн шаргуудтай зургаа авахуулах сонирхолтой байдаг. Тэр зурагнуудын заримыг эвлүүлээд жаазанд хийсэн. Гадаадын морьт сумангийн захирагчийн өрөөнд бол хувцасны өлгүүрээс нь эхлээд бүх зүйл нь морины толгойтой байдаг юм билээ” хэмээв. Ийнхүү ойр зуурын юм ярьсны дараа төрийн торгон сүргийг хариулдаг адуучныд очихоор боллоо.
МОНГОЛЫН НОМЕР НЭГ АДУУЧИН
[caption id="" align="alignnone" width="700"]
Морьт сумангийн адуу, хонь, ямаа, үхрийн суурь нийлээд ангийн хэмжээнд энэ өвөл 10 мянга гаруй мал өвөлжих аж.[/caption]
Ангиас холгүй намаржиж байгаа адуучин Т.Бат-Оргилынх руу явах зуур Б.Ганбаатар хурандаа адуучин залуугаа Монголын номер нэг адуучин гэж үнэлдгээ хэлж байна. Энэ үг ангийн захирагчийг адуучиндаа ямар их итгэдэг, хэрхэн үнэлж явдгийг нь харуулах шиг. Т.Бат-Оргил төрийн торгон сүргийг хүлээж аваад цөөнгүй жил болжээ. Түүнийг анх авахад 48 адуутай байсан бол өдгөө 300 давжээ. Т.Бат-Оргилын хариулж байгаа адуунаас гадна Дорнодын Хөлөнбуйрт байгаа бэлтгэл адууны суурьтай нийлээд өдгөө 1000 орчим адууг анги хариуцаж байна. Морьт сумангийн адуу хонь, ямаа, үхрийн суурь нийлээд ангийн хэмжээнд энэ өвөл 10 мянга гаруй мал өвөлжих аж. Т.Бат-Оргил энэ нутгийн унаган хүүхэд. Багаасаа л мал маллаж, малд хайртай болж өссөн тэрээр төрийн торгон сүргийг хариулж байгаагаараа бахархаж явдгаа хэлж байна. Т.Бат-Оргил төрийн туг залдаг есөн шарга, тэдгээрийг дагадаг бараан зүсмийн морьд гээд морин поло, үзүүлэх сургуулийн морьдыг бүгдийг хариуцдаг аж. Тэрээр “Би анх төрийн адууг хариулдаг байсан н.Оюунгэрэл гэдэг хүнийг дагаж туслах малчин хийж байгаад төрийн торгон сүргийг хариулж эхэлсэн.Үүрээр босоод адуугаа хураах, уургаа бариад захад нь исгэрэн давхих адуучин хүний жаргал, барагтай хүнд олдоод байдаггүй завшаан. Төрийн торгон сүргийг хариулж байгаа болохоор эх орноо манаж байгаа хилчин шиг нүд, чихээ байнгын соргог байлгах ёстой. Сүүлийн жилүүдэд цаг сайхан болохоор бэлчээрээрээ л хариулж байна. Энэ жилийн хувьд цас орж, хүйтэрч эхлэхээр өвөлжөөндөө бууна. Хүмүүс энэ өвөл хэцүү болно гэж ярьж байгаа ч адуундаа хангалттай тарга, хүч авахуулсан болохоор санаа зовохгүй байна. Юмыг яаж мэдэхэв, цаг хүндэрвэл тэжээнэ. Ангийнхаа жүчээнд оруулна” гэлээ. Тэрээр адуу хариулахаас гадна морь уяна, гүүгээ барина, эмнэг сургана гээд завгүй их ажилтай.
[caption id="" align="alignnone" width="700"]
Энэ жил 100 га газраас хадлан бэлтгэж байгаа.[/caption]
Төрийн торгон сүрэг, тэр дундаа туг залдаг есөн шарга морь байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд үүнд улсын алдартай уяачдын хувь нэмэр их байдаг аж. Тухайлбал, тод манлай уяач Д.Онон жил бүр шарга унага өгсөөр нийтдээ 10 шарга морь нэмэгджээ.
Хаа сайгүй ургац хураалт, хадлангийн ажил, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд завгүй байгаа энэ үед мал аж ахуй хосолсон ангийг зорьж ирснийх хадлангийн бригад дээр нь саатсан юм. Тус ангийн хадлангийн бригад наймдугаар сарын 20-нд хадландаа гарчээ. Түүнээс хойш сарын хугацаанд 11 мянган боодол өвс авчихаад байгаа гэнэ. Ангийн хэмжээнд 10 мянган боодол өвс авах төлөвлөгөөтэй байсан ч хадлангийн бригад сайн ажиллаж давуулан биелүүлжээ. Гэхдээ зуншлага оройтож эхэлсэн учраас өнгөрсөн жилийнхээс өвс муу байна.
Бригадын ахлагч Б.Сэлэнгийн хэлснээр “Ангийнхан орон нутгийн удирлагуудтай зөвшилцөж, гэрээ хийсний дагуу энэ жил 100 га газраас хадлан бэлтгэж байгаа. Өнгөрсөн жил бага талбайгаас төлөвлөгөөгөө биелүүлж байсан бол энэ жил 100 га газраа бүрэн хадаж байж дунджаар 23 кг-тай 11 мянган боодол өвсөө авсан. Одоо нэмээд 600 боодол өвс авна гэсэн тооцоотой. Гэхдээ өвсний чанар гологдохгүй. Трактор, тармуур, пресс сайтай, дээр нь хугацаат цэргийн албан хаагчид тусалж байгаа учир богино хугацаанд ажлаа амжуулж байна. Сүүлийн өдрүүдэд бороо орсноос өвсөө хатаах, эргүүлж тойруулах ажил ихтэй” хэмээн ажлынхаа явцыг танилцууллаа.
ТӨРИЙН ШИЛМЭЛ, ЦӨМ СҮРЭГТЭЙ БОЛНО
[caption id="" align="alignnone" width="700"]
Саальчин М.Батсүх сүү, цагаан идээгээр ангиа хангадаг.[/caption]
232 дугаар ангийн Малын нэгдсэн аж ахуй Зэвсэгт хүчний нөөцийн махыг амьдын жингээр хадгалах, өсгөх гол үүрэгтэй. Тэдний 32 суурь хоёр аймгийн зургаан суманд тархан байрлаж байна. Ангийн малыг туршлагатай малчид хариулдаг аж. Тэдний нэг, үхэрчин Б.Пүрэвдоржийнд очсон юм. Ангийн зүгээс малчидтайгаа харилцан тохиролцсон хөдөлмөрийн, хариуцлагын гэрээ хийдэг байна. Нэг айл дөрвөн тонн өвс, тэжээлээ бэлдэж, ноос, ноолуур, сүү цагаан идээ, төл бойжуулах гээд бүгд норм төлөвлөгөөтэй аж. Үүний дагуу Б.Пүрэвдоржийнх энэ жил дөрвөн тонн сүү, нэг тонн аарц ангидаа нийлүүлжээ. Мөн ааруул, тараг, өрөм өгч байгаа аж. Эднийх 35 үнээнээс өглөө, оройдоо 70 гаруй литр сүү саадаг гэнэ. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр анхаарч байгаа ангийн зорилго, чиглэлтэй уялдуулан сүүний чиглэлийн үхрийг өсгөж байгаа юм байна. Сүүний чиглэлийн нэг үнээнээс зуны цагт 5-8 литр сүү сааж, ангидаа нийлүүлэхээс гадна ойролцоох амралтын газруудад борлуулдаг гэнэ. Б.Пүрэвдоржийнх 1990 онд Өвөрхангайгаас илгээлтээр ирж тухайн үедээ ангийн сувай хонь хариулж байгаад түр завсарлаж үхэр маллах болсон нь энэ. Эхнэр М.Батсүх нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумынх бөгөөд ийм сайхан газрын хаяа түшиж, халуун ам бүлээрээ малын буянаар дутагдах зүйлгүй амьдарч байгаадаа талархаж явдгаа хэлж байлаа.
Ангийн нэгэн эрхэм зорилго бол төрийн шилмэл, цөм сүргийг бий болгох. Энэ утгаараа малаа төрөл бүр дээр нь үүлдэр угсааг сайжруулахад анхаарч байгаа юм байна. Энэ талаар Малын нэгдсэн аж ахуйн дарга, хошууч Г.Гантөгс “Манай ангийн хонины уг гарал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны үзэмчин хонь. Үүний үр дүнд махны гарц сайжирсан. Сүүлийн үед Дорнод аймгийн Хөлөнбуйрын барга хонь авчирч байгаа. Ерөнхийдөө махны гарц дээшилж эр хонь амьдын жингээрээ 60-70 кг-тай, эм хонь 50 кг-тай болж байна. Манай анги нутгийн монгол үхэртэй байж байгаад сүүлд нь Дорнодын Булганаас талын улаан үхэр авчирсан. Ингэснээр бие нь томорч, сүүний гарц нэмэгдсэн. Мөн энэ жилээс махны гарцыг нэмэгдүүлэхээр Сэлэнгэ үүлдрийн бух авчирлаа. Ямаагаа ноолуурын чиглэлийн Баяндэлгэрийн улаан, Галшарын ямааг өсгөж байна. Туг залдаг найман шарга, тэдгээрийг дагадаг бараан адуунууд бүгд 4-5 жилийн зайтай шинэчлэгдэж байдаг. Тиймээс адуун сүргийн хувьд Дорнод, Сүхбаатарын угшилтай ч сүүлийн жилүүдэд монгол адуу давжаараад байгаа учраас биеийг томруулах зорилгоор өнгөрсөн жил гадаадаас эрлийз азарга авчирсан. Мөн ангийн онцлогоос хамаарч шарга, зээрд морьдтой болохоор зүсэнд анхаарч байгаа” гэлээ. Нэг хэсэг малчин олдохгүй ховор байсан бол сүүлийн үед залуус мал маллах хүсэлт их гаргадаг болжээ. Энэ талаар хошууч Г.Гантөгс “Залуу хүмүүс мал маллах сонирхолтой болжээ. Нөгөө талаар эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөх гээд төрийн байгууллагыг түшихтэй холбоотой байх. Манай анги малчдадаа хүнсний ногоо, өвс тэжээл, түлшийг нь хямдралтай өгдөг. Дээр нь эрүүл мэнд,нийгмийн даатгалыг төлдөг учраас цалингийн зээл гээд төрөөс үзүүлж байгаа бүх үйлчилгээг авна. Жилд малчдын зөвлөгөөн хийж Цэргийн төв эмнэлгээс эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулдаг зэрэг олон сайн тал бий” гэв.
Тэд жил бүрийн намар малаа ангилан ялгадаг. Өөрөөр хэлбэл, эднийх шиг малаа ангилдаг газар байдаггүй бөгөөд үйл ажиллагаа нь нэгдлийн зарчим шиг хэрнээ техник технологийн дэвшилтэй уялдуулдаг нь сонирхол татаж байв.
ХҮҮХДИЙГ БАГААС НЬ МОНГОЛ АХУЙТАЙ ОЙР ӨСГӨМӨӨР БАЙНА
Монголдоо ганц морьт анги гэдэг утгаараа энэ ангид алба хааж байгаа цэргүүд цэргийн эрдмийг сурахаас гадна мал аж ахуйг түшиглэн монгол ухаанд суралцдаг. Нэг жилийн хугацаанд хос мэргэжилтэй болоод буцна гэсэн үг. Энэ тал дээр ангийн захирагч Б.Ганбаатар “Манай анги арми өргөтгөн зохион байгуулагдсан үеэс хойш өдгөө 36 жил болж байна. 1990-ээд оны эхээр Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудаас малчид элсүүлж, 1990-2005 онд 30 мянга гаруй толгой малтай болж, 1999 онд түмэн төлийн баяр хийж байсан түүхтэй. Тэр ч утгаараа энэ нутгийг цэргийн мал аж ахуй эзэгнэсэн сайхан нутаг гэж боддог. 2011 онд Ерөнхийлөгчийн санаачлагаар ангийн суурин дээр Морьт суман болон өргөжүүлсэн. Өвөг дээдсийн 850 жилийн тэртээгээс улбаатай монгол цэрэг морьтойгоо дэлхийн талыг эзэгнэж явахдаа бэлтгэл сургуулилтаа энэ нутагт хийж байсан. Ийм уламжлалт түүхэн газар морьт сумангаа байгуулсан нь утга учиртай. Нутаг ус нь ч гэсэн морин цэргээ татаж бий болгосон. Эртний өв уламжлалаа сэргээсэн энэ ангийг удирдаж яваагийн хувьд монгол хүүхдийг багаас нь монгол ахуйтай ойртуулах нь ямар чухал гэдгийг ойлгож, мэдэрч байна. Ангийн онцлогт тохируулаад хөдөө орон нутгийн цэргүүдийг татах бодлоготой байдаг. Гэхдээ Улаанбаатараас ирсэн цэрэг мал аж ахуйтай харьцангуй хурдан дасдаг. Монгол хүний цусанд төрөлх чанар нь байдаг шиг байгаа юм. Хотоос ирсэн цэрэг мал аж ахуйн талаар анхны мэдэгдэхүүнгүй, монгол ахуйгаас холдсон ирдэг. Энэ бол монголчууд махаа иддэг мөртлөө монгол ахуйгаа мэддэггүйн илрэл. Тиймээс цаашид уламжлалаа сэргээх, хөдөө рүүгээ хандах хандлагыг сэргээх талаар онцгой анхаармаар санагддаг. Сүүлийн үед эцэг эхчүүд монгол уламжлалаа, малаа мэдэхгүй байгаа хүүхдээ соёлтой хэмээн ярьж байгаад сэтгэл эмзэглэдэг. Манай ангид ирсэн албан хаагчид монгол гэр барихаас эхлээд мал маллах морь унаж сурах гээд уламжлалт монгол ахуйтай ойртож сурдаг” хэмээн шүүмжлэлтэй ханддагаа хэлж байлаа. Хугацаат цэргүүдийн дийлэнх нь хадландаа гарч, ногоогоо хураахаар явж, харуулд цөөн цэрэг үлдсэнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
[caption id="" align="alignnone" width="700"]
20 тоннын мах хадгалах агуулах, ногооны зоорь барьжээ.[/caption]
Байлдагч У.Мөнхбаяр: НАРАН ШАРГЫГ ТЭЖЭЭХ ДУРТАЙ
-Би Булган аймгийн Тэшиг сумаас ирсэн. Өглөө босох, жагсаалын бэлтгэлээс эхлээд бүгд сайхан. Нутагтаа мал маллаж байсан учраас хэцүү зүйл байгаагүй. Ирээд хэд хэдэн эмнэг сургасан. Өөрийн сонирхсон морь уяж, эмнэг сургах ажлын хажуугаар Морьт сумангийн жижүүр хийж, харуулд гарна гээд өдөр бүхэн үр дүнтэй, сайхан өнгөрч байна. Мөн жүчээнд байгаа наран шарга морио тэжээнэ гэдэг миний хамгийн дуртай ажил. Манай ангийн адуунд дуртай цэргүүд “Уяач” хөтөлбөрт хамрагдаж Дорнод руу явдаг. Бидний олон цэрэг энэ хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байгаа.
Байлдагч Г.Мөнхтүшиг: МОРЬ МИНИЙ ХОББИ БОЛСОН
-Би Багануур дүүргээс татагдаж ирсэн. Улаанбаатарын унаган хүүхэд учраас анх малтай дасахад хэцүү, шантрах үе байсан. Сүүлдээ морио өөрөө уургалж, эмнэг сургадаг болсон. Мөн гэр барьж сурсан. Төрийн есөн шаргыг харж, ойртож харьцаж байгаадаа өөрөөрөө бахархдаг. Одоо бол морь миний хобби болсон. Дээд сургуульд сурч байгаад цэрэгт ирж, Монголын хамгийн онцлог анги Морьт суманд алба хааж байгаадаа баярлаж байгаа. Цэргийн алба хааснаар хүний үг дааж, хатуу үг сонсч сурсан гээд би маш олон чухал зүйлд суралцаж, монгол уламжлал ямар хэрэгтэй гэдгийг мэдэрлээ. Ангитайгаа, цэргүүдтэйгээ их дассан. Халагдана гэхээр эвгүй байна гэж ярьсан юм.
Тэд харайдаг, цоройдог, хэвтдэг дадалд морьдыг сургахаар хээр гардаг. Мөн туг залдаг есөн шарга морийг залгамжлах залуу шарга морьдыг сургана, харна, тэжээнэ гээд бүх л ажлыг хариуцна.
Анх хотоос ирсэн цэргүүдийг морь унуулж сургахаар номхон моринд мордуулдаг бол тэд сүүлдээ морь унах, маллах дуртай болдог гэнэ. Тэднийг гэр барих, мал маллах ухаанд дарга нар нь маш сайн сургадаг юм билээ.
МОРИН ПОЛОГИЙН БАГИЙНХАН ХАТАН ХААНЫ ТАЛБАЙ ДЭЭР ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ ХИЙЖЭЭ
[caption id="" align="alignnone" width="700"]
Английн Зэвсэгт хүчний морин пологийн багийнхан Морьт суман дээр ирж хамтарсан бэлтгэлд гарчээ.[/caption]
232 дугаар ангийнхан 2011 онд XIII зуун Чингис, 1921 Сүхбаатар жанжин, 1939-1945 оны ялалтын үеийг харуулсан гурван хайрцагтай морин парадыг Чингисийн талбайд алхуулж байсан. Түүнээс хойш олон улсын сургуулилт, аймгийн түүхт ой, тэмдэглэлт баярт морьт цэргийн парад, морьтой үзүүлэх тоглолтод байнга явдаг болжээ. Мөн Эзэн Чингисийн үеэс улбаатай Өгөдэй хааны үед морьтон баатрууд тоглож ирсэн морин полог сэргээсэн явдал. Энэ ч утгаараа Морин поло сургалтын төвтэй болох эхлэлийг тавьж, морин пологийн талбайтай болохоор ажиллаж байна. Тэд морин пологийн хоёр баг тамирчинтай. Салбарын яамнаас ч морин полод ч ихээхэн ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа. Өнгөрсөн хавар Батлан хамгаалахын дэд сайдын урилгаар Английн Зэвсэгт хүчний морин пологийн багийнхан Морьт суман дээр ирж дадлага сургуулилт хийж, хамтарсан бэлтгэлд гарчээ. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард тус ангийн морин пологийн багийнхан Англи явж Хатан хааны морин пологийн талбайд үзүүлэх сургуулилт хийгээд иржээ. Гадаад улсын баг Эзэн хааны талбайд тэр бүр тоглоод байдаггүй ховор боломжийг манай улсад олгосон, Английн хатан хааны талбайд тэднийг поло тоглох үеэр тэнд ажлаар очсон Ерөнхий Ч.Сайханбилэг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцжээ. Энэ үеэр нийслэлд пологийн талбай байгуулах асуудлыг Хотын захирагч хөндөж тавьсан байна. Тиймээс Зэвсэгт хүчний хүрээнд биш нийслэлд морин поло хөгжиж байгаад таатай байгааг тус ангийнхан дуулгасан юм. Морин пологийн бүх тоноглолыг гадаадаас авдаг бөгөөд нэг багтаа дөрвөн хүн тоглодог уг спорт хүнээ, морио хамгаалсан онцгой дүрэмтэй аж. Морин полог хөгжүүлэхэд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар дэмждэгт талархаж явдаг юм байна.
ӨДӨР ИРЭХ БҮР ӨРГӨЖИН ДЭЭШИЛЖ, ӨНГӨ ЗАСЧ БУЙ 232 ДУГААР АНГИ
[caption id="" align="alignnone" width="700"]
232 дугаар ангийнхан урлагийн үзлэгтээ бэлдэж байна.[/caption]
Зэвсэгт хүчний 232 дугаар анги өргөтгөн зохион байгуулагдсанаасаа хойш аж ахуй зохион байгуулалт, тохижилтын хувьд цэргийн анги шиг анги болгохоор зүтгэж байна хэмээн Б.Ганбаатар хурандаа даруухан хэлж сууна. Угтаа бол гар, сэтгэл нийлж хэрхэн ажилладгийг энэ хамт олон харуулсан. Ангийн захирагч 2011 оны хавар томилогдож ирснээсээ хойш хэдэн вагончик байсан газрыг цэргийн ангийн зэрэгтэй болгоход хамт олноо хэрхэн удирдан чиглүүлснийг тэдний бүтээн байгуулалт, шинийг санаачлан хийсэн бүхнээс харж болно. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө харж суухгүйгээр өөрсдөө үйлдвэрлэл явуулж, “сэтгэж” байна. Блокны үйлдвэрээ түшиглээд хэрэгцээ, шаардлагатай бүтээн байгуулалтыг богино хугацаанд босгож чаджээ. Тэр бүхнээс цухас дурдвал, блокон хашаа, 20 машины гарааш, 20 тоннын мах хадгалах агуулах, ногооны зоорь, биеийн тамирын талбай, шалган нэвтрүүлэх, шатахуун түгээгүүр байр, үүдний тохижилт гээд олон ажлыг гарын доорх материал ашиглаад өөрсдийн хүчээр хийсэн байна. Бие бүрэлдэхүүн чийрэгжүүлэлтийн өрөө, биеийн тамирын талбай, номын санд чөлөөт цагаа өнгөрөөхөөс гадна зарим аймагт ч байдаггүй дээд зэрэглэлийн снукер биллъярдын заалтай. Ангийнхан жил бүр аваргаа шалгаруулж, бооцоот тэмцээн зохиодог гэнэ. Тус ангийн шилдгүүд морин поло тоглохоор ирсэн Английн багийг хожсон тухайгаа бидэнд сонирхуулж, снукер биллъярдыг нэг цаг тоглоход 10-15 км алхсантай тэнцэх хэмжээний дасгал сургуулилт болдог гэдгийг ч хэлсэн юм.
Мөн ангийн захирагчийн “бүтээсэн” хамгийн том ажил өмнө нь айлын хашаа, сургуулийн актлагдсан дотуур байрыг засч толгой хоргодож байсан офицер, ахлагч нартаа 16 айлын орон сууцыг бариулж өгчээ. Дээр нь блокны үйлдвэрийнхээ хүчинд хашаа, гараашийг бариад өгчихөж. Энэ тухайгаа тэрээр “Зөвхөн хөрөнгө оруулалтыг хараад суухгүйгээр зэрэгцээд хөдөлж байх ёстой. Байгаа орчноо гарын доорх материалаар өөрсдөө бий болгохын төлөө ажиллаж байна. Мөн дээр нь блокны машинаа ашиглаад хийж чадах барилга, бүтээн байгуулалтаа хийхийг зорьж байгаа. Хамгийн гол нь ангийн удирдлага албан хаагчдынхаа нүдийг хараад зовлон жаргалыг ойлгох мэдрэмжтэй байх их чухал.
Хүн байгаа цагт бүх л зүйл шаарддаг. Хөрөнгө мөнгөнөөс эхлээд бололцоотой бол зэрэг зэрэг босгоод баймаар санагддаг. Гэхдээ яахав, боломжийнхоо хэрээр ажиллаж байна. Одоо хүн эмнэлэг,спорт заал, машин засварын газар, харуулын байр гээд хийх ажлууд их бий. Наад зах нь төрөл бүрийн тэмцээн, спартакиадаас байнга медальтай ирдэг албан хаагчдаа бэлтгэл хийх спорт заалтай болгочих юмсан” хэмээн цаашдын төлөвлөгөөнийхөө нэн тэргүүний ажлаас дурьдсан юм.
Морьт сумангийнхан төрийн торгон сүргийг адгуулахаас гадна Улаанбаатар хүрээний ангиудын махны хэрэгцээг хангадаг арын албыг давхар хашдаг. Мөн хугацаат цэргийн хангалт үйлчилгээний тасгийн хүнс, хувцас, шатахуун, техник гээд бүх төрлийн хангалт үйлчилгээг хариуцдаг. Энэ хүрээнд гэрээтэй газруудаасаа эрүүл ахуйн шинжилгээтэй хүнсийг сар бүр татаж авна. Мөн мал нядлах байр, махны хөргүүртэй зоорь, хүнсний агуулах, морины битүү болон задгай жүчээ, ангийн түлшиндээ хэрэглэх мод, нүүрс гээд өвөлжилтийн бэлтгэлийнхээ 80 гаруй хувийг хангасан. Мичин жилийг угтаад өвс, тэжээл, хужир гээд бэлтгэлээ. Малын паразит өвчнөөс сэргийлэх тарилга, туулгалтын ажил бүрэн хийсэн. Өөрөөр хэлбэл мичин жилийг бүрэн бэлтгэлтэй угтаж байгаа гэдгийг Цэргийн хангалт үйлчилгээний тасгийн дарга, дэд хурандаа Д.Ганхуяг онцолсон юм.
Биднийг очиход Зэвсэгт хүчний ангиудын дунд зохиогддог Урлагийн үзлэгтээ бэлтгээд завгүй байлаа. Бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн албан хаагчдаас эхлээд бүгд л хуучин цагийн цэргийн хувцас, хөгжмийн зэмсэг барьсан гүйлдэнэ. Энэ үеэр Штабын даргын үүрэг гүйцэтгэгч, дэд хурандаа З. Майдараас тус ангийн сургалт, бэлтгэлийн талаар сонирхсон юм. 232 дугаар ангийнхан үүргээ амжилттай, хариуцлагатай биелүүлж байгаагийн нэг илрэл нь энхийг дэмжих ажиллагаанд албан хаагчдаа оролцуулж байгаа явдал ажээ. Дэд хурандаа З.Майдар “ 2011 онд анги байгууллагаа тохижуулах гол зорилт байсан бол одоо бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлд анхаарах чиглэлээр нэлээн ажил хийж байна. Сургалтаа соёл, хүмүүжлийн ажилтай уялдуулж байгаа нь үр дүнтэй. Хэнтий аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд явагддаг Марш тактикын тэмцээнээс алт мөнгө, хүрэл медаль авсан. Мөн Зэвсэгт хүчний хэмжээний буудлагын тэмцээний аварга. Ар талын ангиудын уламжлалт спартакиадаас өмнө нь хүрэл медаль авч байсан бол энэ жил цомыг нь авсан гээд манай ангийнхан төрөл бүр дээр амжилттай сайхан явна. Одоо урлагийн үзлэгийн удирдамжийн дагуу 18 төрлөөр бэлтгэж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 15 офицер, ахлагч энхийг дэмжих ажиллагаанд явсан. Энэ чиглэлээр тусгай булантай болох гэж байгаа. Сургалтын жил эхлэх гээд энэ жилийнхээ соёл хүмүүжлийн төлөвлөгөөг гаргаж байна” хэмээн товчхон танилцууллаа.
Эх орон, эр цэргийн хуарангаас эхэлдэг гэдэг. Тэгвэл Монголын нууц товчоо бичигдэж дууссан Хэрлэнгийн хөдөө аралд төрийн торгон сүргийг адгуулж байгаа 232 дугаар ангийнхны ажил үйлс өнгөлөг, мал сүрэг тарган тавтай байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин