Ч.ГАНТУЛГА

 

Залуу нас өөрөө боломж байдаг. Тэр боломжийг хэрхэн ашиглах нь гагцхүү залуу хүн таниас өөрөөс чинь хамаарна гэсэн урмын үгээр “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Аливаа орны ирээдүйн хөгжлийг залуус тодорхойлдог учир тэдэнд хандсан төрийн оновчтой бодлого зайлшгүй шаардлагатай билээ. Залууст тулгамдаад байгаа асуудал, тэдний эрх үүргийн тухай санал бодлоо солилцоход энэхүү чуулганы гол зорилго байсан юм. Энэхүү илтгэлийн дараагаар манайд залуучуудын асуудлаар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудын танилцуулга үзэсгэлэнг нээсэн юм.­­­­­­­­­

 

ХҮН АМЫН 60 ХУВИЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУС ЭЗЭЛЖ БАЙНА

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулах ажлын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Монголын залуучуудын холбоо, Монгол Улсын засгийн газар хамтран энэхүү чуулганыг зохион байгууллаа. Манай хүн амын 60 хувийг хүүхэд болон залуус эзэлдэг. Энэхүү үндэсний чуулганд Төрийн болон төрийн бус байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй залуус идэвхтэй оролцож, залуучуудын хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцож, зөвлөлдсөн юм. Чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнэ болон НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Синаноглу, “Монголын залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Х.Батсайхан, “Монголын скаутын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Баяржаргал зэрэг албаны хүмүүс Залуучуудын хөгжил ба тэдэнд тулгамдсан асуудал сэдвээр илтгэл тавилаа. ­­­­­­­­­­­

 

Сайд С.Эрдэнэ:

МАНАЙ ЯАМ ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН ОЛОН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 

-Залуу хүнд сайхан амьдрах боломж дүүрэн байдаг. Гагцхүү хэрхэн үр бүтээлтэй ажиллаж, амьдрах нь хувь хүний нь ухамсарын асуудал. Өнөөдөр манай залуусын 26 хувь нь эрхэлсэн ажилгүй, орлогогүй гэсэн судлагаа гарсан. Энэ хэдийгээр бага сонсогдож байгаа ч нарийвчлаад үзэх юм бол маш их тоо шүү. Төр болон манай яамны зүгээс залууст хандсан олон зорилтот ажлыг эхлүүлж байна. Залуучуудыг нийгмийн ухамсартай, хариуцлагатай болгох, тэдний сурч, боловсрох нөхцлийг бүрэн хангаж өгөх, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрт тэгш хамруулах зэрэг найман зорилгыг өмнөө тавиад, сургалт семнарыг зохион байгуулж байна. Манай төр, засгийн зүгээс сүүлийн 20 жил залууст чиглэсэн зорилтот ажлыг зохион байгуулж байгаагүй юм билээ. Бие даасан залуучуудын хуультай болъё, залуустаа тулгамдаад байгаа асуудлаа олонхиороо хэлэлцээд шийддэг чадвартай болгоё, залуусынхаа оролцоог идэвхжүүлье гэсэн үүднээс өнөөдрийн чуулганыг зохион байгуулж байна. Бид хүн бүрийг мэргэжилтэй, их дээд сургууль төгс гэж албадахгүй. Гагцхүү мэргэшсэн, амьдралаа аваад явах чадвартай болооч гэж уриалмаар байна. Энэ бүхнийг өнөөдөр ганцхан төр яриад нэмэргүй. Залуучууд та бүхний нэг бүрийн оролцоо чухал юм шүү. Ирээдүйнхээ төлөө, эх орныхоо хөгжлийн төлөө бидний эхлүүлж буй олон талт ажилд бие сэтгэл нэгдэн оролцоорой залуусаа.­­­­­­­­­­­

 

НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Синаноглу:

МОНГОЛ ЗАЛУУСЫН АЖИЛ ЭРХЛЭЛТ БАГА БАЙНА

-Танай сайхан оронд энэхүү чуулганд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Монгол бол хөгжиж яваа орны нэг. Нийт хүн амынх нь дийлэнхи хувийг залуус эзэлдэг, харьцангуй залуу хот. Залуус нь ч соёлжиж байгаа нь харагддаг. Харин боловсролын талд анхаарах шаардлагатай. Залуусаа боловсролоор дэмжихгүй байна гэж НҮБ-ын ажилтныхаа үүднээс дүгнэлээ. Боловсролын чанарыг дээшлүүлбэл ажилгүйдэл багасна. Мөн эрүүл мэндийн салбарт анхаарах зүйл олон байна. Залуу чийрэг боловсон хүчинг бэлтгэх нь чухал шүү. Танай оронд ДОХ-ын вирус авсан хүмүүс бага ч 14-25 насныхан энэхүү өвчнийг авах магадлал өндөр байна. Мөн залуустаа итгэж, үнэмших сэтгэлийг суулгах нь хамгийн чухал. Хүн хүндээ, төр нийгэм нь залуустаа итгэж, шинэчлэл, өөрчлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй. ­­­­­­­­

 

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат:

ЗАЛУУСЫН ЭРИН ЗУУН ИРЛЭЭ

Манай залуусын төр, засагтаа гомдлох үе одоо биш. Бид өөрчлөлтийг өөрөөсөө хайж, өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Залуусын эрин зуун ирж байна. Дэлхийн өнцөг булан бүрт залуус нэгдэж, нийгмийнхээ дуу хоолой болж байна. Манай залуус ч дуу хоолойгоо нэгтгэж, өөрсдийнхөө, цаашлаад үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө дуугарах  цаг болсон. Манай залуучуудын холбоо энэ 2013 оныг “Аваръя, оролцъё” гэсэн уриатай жил болгож байна. Энэ нь аливаа асуудлыг олуулаа шийдэж, зөв зам руу олуулаа урагшилъя гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Бид залуучуудад тулгамдаад байгаа асуудлыг төрийн хүрээнд авч хэлэлцүүлэхээр “Лоби” хэмээх байгууллагыг байгуулсан. Энэ нь та бүхний дуу хоолойг төрийн өндөрлөгүүдэд хүргэх зууч гэсэн үг. Манай хамт олон эх орныхоо өнцөг булан бүрт байгаа залуустайгаа уулздаг. Тулгамдаад байгаа асуудлыг нь сонсдог. Тэр бүрт залуус нэг зүйлийг ярьдаг нь танил тал, арын хаалганы тухай гомдоллодог. Манайд танилгүй бол ажилгүй болчихсон үе юм уу. Тэгвэл бид энэ байдлыг таслан зогсоох гэж “Би өгөхгүй, авахгүй” аянг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн нийгэмд эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шударга өрсөлдье залуусаа. Манай залуучуудын холбоо залууст чиглэсэн олон асуудлыг цэгцтэй шийдэх гэж Монголын залуучуудын холбооны дэргэдэх 17 хороо байгууллагыг байгууллаа. Нэг жишээ дурдахад спортын хороог гавьяат тамирчин Э.Бадар-Ууган хариуцаж байна. Залуусыг хүмүүнлэг, нигүүлсэнгүй байгаасай гэж холбооныхоо хажууд хүмүүнлэгийн байгууллагыг байгуулсан. Энэ байгууллага залуусыг хамруулсан буяны ажил, хариу нэхээгүй аянг өрнүүлж байна.­­­­­­­­­­­­­­­­

 

Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Б.Баяржаргал: ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ

-Монголын залуу­чуудын суурь хүмүүжил хүүхэд наснаас эхэлдэг. Энэ насандаа зөв төлөвш­сөн хүүхэд ирээдүйд сайн аав, сайн ээж, сайн иргэн болж хувирдаг. Харин өнөө­гийн нийгэмд ажиг­лагдаад байгаа сөрөг зүйл бол хүүхдийн оролцоо. Нийгмийн, гэр бүлийн амьдралд нийт хүүхдүү­дийн таван хувь нь л оролцдог гэсэн өрөвдөлтэй судалгаа гарсан. Энэ бол байхгүйтэй адилхан гэсэн үг. Хүүхэд эцэг, эхтэйгээ ойлголцоогүйн улмаас гэр бүлийн хүчирхийлэл гар­даг. Гэр бүлийн сургалт, семинарыг түлхүү зохион байгуулах шаардлагатай болсон. Хүүхдүүдийн хү­мүү­­жил, нийгмийн асуу­далд зориул гэж түрүүчийн засгаас манай байгуул­лагад 10 сая төгрөг өгсөн. Гэвч энэ мөнгө хаанаа ч хүрсэнгүй. Гэхдээ бид зүгээр суухыг хүсээгүй. Гадаадын олон байгуул­лагад төсөл бичсэн. Сур­галт семнар зохион бай­гуул­сан. Үүний хөдөл­мөр, үр шим нь 1.173.314600 болж бидэнд ирсэн. Энэ бол залуус сэтгэж, бодож, хөдөлмөр­лөж чадвал баялгийг бү­тээж чадахын том жишээ юм. Залуусаа өөрөөр сэтгэцгээе.