Ц.БАЯР
Хөвсгөл аймгийн Рашаант сум, Сэлэнгэ мөрний Сацын булангийн 253.3 метр шинэ гүүрийг ашиглалтад хүлээлгэн өглөө. Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг нийслэл Улаанбаатартай холбохоор Сацын булангийн гүүрийн ажлыг эхлүүлсэн. Хэдийгээр санхүүжилтийн хувьд асуудалтай байсан ч, гүүрийн ажлыг гүйцэтгэсэн “Эрдэнэ суварга” компани Хөгжлийн банкны санхүүжилтээр энэхүү ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өглөө. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дүн нь 5.86 тэрбум төгрөг аж. Энэхүү гүүр ашиглалтад орсноор Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант чиглэлийн хатуу хучилттай автозам дээрх гүүртэй холбогдож Хөвсгөл аймаг хоёр маршрутаар Улаанбаатартай шууд холбогдох боломжтой болж буй юм. Гүйцэтгэгч компани болох “Эрдэнэ суварга” компани гүүрийн чанарыг гурван жил хариуцан баталгаат хугацаа өгч байгаа аж. Тэд гүүрийн ажлыг хийхдээ ажилчдынхаа 80 гаруй хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлжээ. Орон нутгийнхны хувьд ч гүүр чанартай, сайхан болсон хэмээн ам сайтай байлаа. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гүүрийн ашиглалтыг орон нутагт хариуцуулах хэрэгтэй гэж байв.
Эх сурвалж: zms.mn
