Э.ОРХОН

Элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй эхэлнэ. Ирэх сарын 14-нд орос, англи хэл, химийн хичээлээр сурагчид эхний шалгалтаа өгнө. Шалгалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн элсэл­тийн шалгалтад хэдэн хүүхэд бүртгүүлээд байна. Нийслэл болон хөдөө орон нутагт тус бүр хэдэн хүүхэд бүртгүүлсэн бэ. Өмнөх оны шалгалтын бүртгэлтэй харьцуулахад ямар байна?

-Энэ жил улсын хэм­жээнд 43875 хүүхэд элсэл­тийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 37435 нь энэ онд, 6440 нь өмнөх онд төгссөн хүүхдүүд байна. Хөдөө орон нутагт энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 23009 хүүхэд төгсөнө. Мөн өмнөх оны 2719 хүүхэд шалгалт өгөхөөр бүргүүлсэн. 

-Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд сарын хугацаа үлдсэн байна. Шалгалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Дээрх 40 гаруй мянган хүүхдийг нийслэлд 30, Багануур дүүргээс гад­на 21 аймгийн 22, улсын хэмжээнд нийт 52 шалгал­тын төв ажиллуулахаар бэл­дээд байна. Мөн аль сургуулийн хүүхэд аль шалгалтын байранд очиж, хэн гэдэг хүүхэд аль танхимд орж хэддүгээр дугаарт суух вэ зэрэг суудлын хуваарийг бодох зэрэг бэлтгэл ажил хийгдэж байна.

-Суудлын хуваарь бүхий шар хуудсаа элсэгчид хэзээ авах вэ? 

-“Энэ сарын 20-ноос эхлэн суудлын хуваарийн мэдээлэл манай төвийн цахим хуудаст тавиг­дана. Суудлын хуваарь бүхий шар хуудсыг зурга­дугаар сарын 1-10-ны хоо­ронд энэ жил сурч байгаа хүүхдүүд сургуулийнхаа захиргаагаар дамжуулж өмнөх онд төгссөн хүүх­дүүд БҮТ-өөс зарласан газраас бичиг баримт­тайгаа ирж шар хуудсаа авах боломжтой.