Ц.БАЯР

“Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт “Чингис” зочид буудалд өнөөдөр эхлээд байна. Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж байгаа ажлын шинэ байрны тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар, ажлын байрны захиалга 45 хувиар тус тус буурч байгаа ч ажлын байранд зуучлагдаж буй иргэдийн хувь өссөн тухай мэдээллийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өглөө.  Мөн хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудлын нэг болох их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгсөгчдийн ажилгүйдлийн хугацааг богиносгох, ажил олгогчийн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай өндөр бүтээмжтэй ажиллах хүчнийг хөгжүүлэхэд ажил, мэргэжлийн зөв сонголт зохих хувь нэмэр оруулах тухай ч дурдсан. Зөвлөлдөх уулзалтаар ажил, мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлэх, үндэсний тогтолцоог бий болгох асуудлыг холбогдох талуудтай хамтран хэлэлцүүлэх, санал солилцох зорилготой бөгөөд  энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл, туршлага солилцон, зөвлөмжийг санал болгохоор төлөвлөсөн байна. Хөдөлмөрийн яамны санаачилгаар зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.

Эх сурвалж:www.zms.mn