Б.ЗАЯА

Хууль зүйн яамнаас замын хөдөлгөөнд оролцож буй дуут дохио буюу маяктай автомашиныг хязгаарлах журмыг боловсруулжээ. Энэ талаар тус яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболдоос тодрууллаа.

 

-Дуут дохиог хэрэглэх автомашиныг хязгаарлах журам боловсруулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дуут дохиог ямар нэгэн газрын дарга ч юм уу олон хүн зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцдог байдал харагддаг. Ингэснээр замын хөдөлгөөнд ачаалал нэмдэг. Тэд ажлаа шуурхай бүтээхийн тулд давуу эрх эдлэх гэсэндээ тэр. Тиймээс дуут дохионы хэрэглээг ангилан хязгаарлах журам боловсруулаад байна.

-Ямар байгууллага хэрэглэх боломжтой вэ?

-Тусгай дуут дохиог нийгэмд үйлчилгээ үзүүлэгч эмнэлэг, цагдаа, онцгой байдлынхан хэрэглэнэ. Олон улсын айлчлал зэрэг шаардлагатай тохиолдолд төрийн тусгай хамгаалалтынхан хэрэглэж болно.

-Журам хэзээ хэрэгжиж вэ?

-Одоогоор тодорхойгүй байна. Хянуулах шатандаа явж байна.