Г.ЖАМЪЯН

(Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн)

Эл хөргийн маань гол баатар, зургаахан настай­даа түймэр тавьсан хэр­гээр аймгийн сэргийлэхэд дуудагдан, Батноровоос Өндөрхаан руу үхэр тэр­гээр хүргэгдэж явлаа. Эмээтэйгээ хоёул. Эмээ нь: “Сэргийлэхэд очоод ганц ч үг дуугарч болохгүй шүү. Би л ярина. Чи дуу­гүй байгаарай” гэж захи­саар явлаа. Таарсан ч хоёр амьтан дуудагдаж дээ.

Энэ бол тэртээ 1960-аад он. Амьдрал эрээнтэй бараантай... Аавыгаа мэдэх­гүй, ээж нь өөр амьд­рал зохиогоод явчих­сан.  Базарсад дүүтэйгээ эмээ­гийнхээ асрамжинд байсан нь тэр. Эмээгээс нь гадна авга ах Гон­чиг­сүрэн хамт амьдарна. Тэр үед сум, нэгдлийн зүгээс зохион байгуулсан иргэ­ний бичиг баримт цэгцлэх ажлын үеэс хойш Базар­сад авгаараа овоглох болжээ.

Нэг өдөр дүүтэйгээ хөдөө очиж, том  лаазанд цай чанаж уухаар гурван чулууны дунд аргал зээглэн, гал түлсэн чинь гэв гэнэтхэн гал нь хийсч ойр хавийн өвс ногоонд үсчин, шатаж эхэлсэн аж. Хоёр хүү галыг унтраах гэж цайгаа асгаж, цам­цаараа балбаад ч дийлсэн­гүй. Хуурай өвсөнд ассан гал улам дүрэлзэн асах нь тэр. Айсан хоёр жаал сал­хины өөд, галаас зугтан амь мэнд гараад гэртээ очиж эмээдээ дуулгаснаар хэрэг мандах нь тэр. Сумын­хан хөгшин залуу­гүй хөдөлж галыг унтраа­сан боловч бас л хэдэн га талбай шатчихаж. “Бургас модонд хүрээгүй нь яамай” гэлцээд түймрийн хэрэг намжиж байтал “Түймэр тавьсан эзэн хэн бэ? гэсэн асуудал босч ирээд, эмээгийн хоёр хүү дээр яах аргагүй буух нь тэр. Тэгээд Намсрай эмээ бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулж түймэр тавиулсан. Базарсад дүүтэйгээ түймэр тавьсан хэргээр аймгийн сэргий­лэхэд байцаагдан 1000 төгрөгөөр торгуулж хавтаст хэрэг хаагдсан юм. Тэр  үед хүүхэд ч хүүхэд, цагдаа ч цагдаа байж дээ. Одоо бол уул түймэрдсэн ч зүгээр л өнгөрч байгаа шүү дээ.

Базарсад энэ хэрэг явдлаас хойш хоёр жилийн дараа Батноровынхоо бага сургуульд орж, Бэрхийн найман жил, Өндөрхааны арван жилийг төгсгөн урал­даант шалгалтаар Улсын багшийн дээд сур­гуулийн Монгол хэл уран зохиолын ангийг сонгож билээ. Эр өсч, эсгий сунадаг хойно, яахав дээ. Оюутны амьдралаар дөр­вөн жилийг үдэхдээ олон сайхан нөхөдтэй, онц сайн хосолсон дүнтэй, чамбай оюутан байлаа.  Хичээлдээ шамдана. Хэл судална. Шүлэг зохиол ч оролдоно. Сургуулийн дөрвөн жил сойлго таарсан морь шиг өнгөрлөө. Ангийнхнаас  нь одоо док­тор Ч.Жачин, боловс­ролын байгууллагын нэр хүндтэй ажилтан Д.Эрдэнэ­чимэг, Г.Чад­раа­бал нарын олон сайчууд төрж гарсан юм.

Нутаг амьтай Базарсад маань сургуулиа төгсгөж дээд боловсролын диплом гардахдаа төрж өссөн нутаг Хэнтий аймагтаа очиж ажиллана гэдэг хатуу бодолтой байлаа. Түүний, ном болж хэвлэгдээгүй ч гэсэн бичиж хадгалсан шүлгийн зузаан дэвтрийн эхэнд “Харганын цэнхэр уул” шүлэг бий.

 

...Хаврын яргуй шиг насандаа

Хургаа хариулж явсан,

Харганын  цэнхэр ууландаа

Хүү чинь эргэж ирлээ дээ..... гэсэн бадагууд бий. “Харганын цэнхэр уул” “Хүрдэтийн гурван бүрд” зэрэг шүлгүүдэд нь нут­гийн хөгжмийн зохиолч,  соёлын тэргүүний ажил­тан, багын найз Б.Бадрал нь ая хийгээд, одоо тэр нь Хэнтий нутгийнхны, тэр дундаа Батноровынхны дуулах дуртай дуу болсон юм.

1978 оны хавар. Г.Базарсад маань Хан Хэнтий нутагтаа ирлээ. Аймгийн төвд юм уу, Батноров сумандаа баг­шаар очих бодолтой. Айм­гийн гүйцэтгэх захир­гааны боловсролын хэлт­сийн дарга Г.Сономцэрэн, их сургууль төгсгөж ирсэн залуучуудыг хүлээн аваад: “ Одоо эх орон мэднэ шүү” гэж хэлж сурсан үгээрээ яриагаа эхэлж байна. Дээд боловсрол эзэмшихийг та нар өөрсдөө мэдсэн. Одоо эх орон хаана ажиллуу­лахааа мэднэ гэсэн үг.

“Эх орон мэдэж” хаана хувиарладаг юм бол гэж бодож суутал, УБДС төгссөн Гончигсүрэнгийн Базарсадыг Жаргалтхаан сумын найман жилийн дунд сургуульд багшаар томиллоо гэж байна. Базарсадын дотор олон зүйлийн бодол эргэлдлээ. “Төрж өссөн Батноровтоо очих хувь дутлаа. Жаргалтхаан ч найман жилийн сургуультай, хөдөөрхүү газар даа. Нэг олз нь Улаанбаатар хот орох замын хажууд. Дуртай цагтаа хот ч орж болно. Аймаг ч орж болно. Ямарч байсан очоод үздэг хэрэг хэмээн бодож суусан Базарсад сэтгэл шулууд­лаа. Мижиддоржтой хоёул очлоо. Захирал нь хүлээн авч, “За яамай. Нутгийн хүүхдүүд ирлээ” гээд ханхай өрөө зааж өглөө. Зуныг тэнд өнгөрөөх юм байх. Таньдаг айлгүй, хоол ундгүй. Мөнгөтэй бол сумын цайны газарт мантуу талххан идээд байж болно. Сургуулийн захирал залуу багшийг очсны маргааш орж ирэн “Залуучууд яаж ийгээд амьдарна биз дээ. Би хөдөө явлаа. Та хоёр намайг иртэл сургуулийн ойр орчмын зэрлэг зулгааж бай” гэчихээд яваад өгөв.

Мижиддорж Базарсад хоёул тав хоног зэрлэг зулгаалаа. Захирлын өгсөн даавуун бээлий цоороод халгайд хүрэх байтугай хамаг гар нь шарх болов. Захирал сураг ч алга. Базарсад нэг шөнө, өнгийн бодолд  дарагдаж хэвтэхдээ “Явчихъя” гэдэг бодол төрөв. Хаашаа? Хот руу юу? Аймгийн төв рүү юу? Бүр Батноров руугаа юу? Ийнхүү бодолд дарагдсаар өглөө болгосон чинь сумын захиргааны дэргэд Өндөрхааны  “шар 53” ачаа ачаад хөдлөхөд бэлэн болж  байна. Зүс таних жолоочид нь гуйгаад аймаг орох болов. Зургаан настайдаа “сэжигтэн” болсон Базарсад 22-тайдаа “оргодол” болов. Хаана очиж хэнтэй уулзах вэ? гэдгээ бодож яваа. “Даржаа гуай л тус болбол болно доо. Хүнд их тусал­даг сайн хүн. Батноров сум нэгдлийн дарга бай­гаад аймгийн захиргаанд нэлээн хариуцлагатай албанд ирсэн. Дээхнэ нэг уулзаад, “Сургуулиа төг­сөхөөр ах дээрээ очоорой” гэж байсныг саналаа. Захиргаан дээр очоод Даржаа гуайтайгаа уулзаж чадалгүй Сономцэрэнд баригдвал яана! гэж бодсоор “Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа” гэсэн хаягийн доор ирчихсэн байв. Юмны ерөөл тавилан гэдэг сонин. Гадна хаалга таттал өмнөөс Даржаа гуай нь гараад ирэв. Даржаа: “Миний дүү...” гэсээр угтаж, замд хоёулаа хэсэг­хэн ярилцаж амжлаа. Базарсад, Жаргалтхаанд хувиарлагдсанаа, оргоод хүрч ирсэнээ, Батноровтоо ажиллах өдрийн бодол шөнийн зүүд болж яваагаа хэлж амжив.

Даржаа гуай: Бат­норовтоо очоо. Захиралд нь намайг явууллаа гээ­рэй. Би үүгээрээ ярьчихна гэв. Ингэж Базарсад маань өсч төрсөн нутаг усандаа ирж байсан нь одоогоос 35 жилийн тэртээ билээ. Базарсад багш: “Дээд сургууль төгссөн ромбо зүүчихээд нутаг усандаа ирж байх ч мөн сайхан шүү. Өнөөх Гончиг­сүрэнгийн дүү, Намсрай эмээгийн хүү дээд сургууль  төгсөөд иржээ гээд л, хэн хүнгүй үнсээд л, орон гэртээ уриад л. Эмээгийн сахилгагүй банди ийм хүн болчихно гэж бодоогүй юм шиг. Эмээ минь байгаа болоо­сой, энгэр дэх тэмдэгээ үзүүлээд нэг үнсүүлэх юмсан гэж хүртэл бодог­доно” хэмээн хуучилж байсан удаа бий.

Намар, аймгийн төвд хоёр зуу гаруй багш цуг­ласан том семинар зөв­лөгөөний үеэр Г.Базар­садыг Батноров сумын дунд сургуулийн хичээ­лийн эрхлэгчээр томилсон шийдвэр танилцуулав. Захирал нь Ж.Сүхбаатар гэж сурган хүмүүжүүлэх ажлын баялаг туршлага­тай нэгэн. Ийнхүү Г.Базар­сад маань турш­лагатай захирал, тулж дэмжих хамт олны дунд орж ажиллалаа.

Багшийн дээд сургуулийн ахлах курст  байхдаа танилцсан хайр­тай хүүхэн Ж.Эрдэнэ­цэцэгийгээ авчирлаа. Улсын шалгалт өгч байхдаа онгоцоор очин анхныхаа үрийн зулайг цонхны цаанаас “үнсэж” байсан ууган хүүгээ авчирлаа. Батноровт нэгэн өрх, Базарсадын гэж айл гал голомтоо ийнхүү бадраасансан. Базарсад ажилдаа ороод анхны цалин гэж, гарт багтахаар­гүй их мөнгө авлаа. Тэр нь 540 төгрөг л дөө. Ийм мөн­гө хэзээ ч барьж үзээгүй тэрээр, юунд яаж зарахаа мэдэхгүй, өврөө байн байн тэмтэрч явсан гэдэг.

Эхнэртээ дээлийн гадар, хүүдээ баривчны торго авснаар хөдөл­мөрийн хөлсөө яаж зарцуулдагийг мэдэрлээ. Сургуулийн хичээлийн эрхлэгч гэж дааж  давашгүй ажил алба. Бас хэл уран зохиолын багш нь жирэмсний чөлөөтэй, түүний оронд хичээлийг нь заана. Шөнийн бор хоногт л гэрийн бараа хардаг байсан юм. Мэдэх­гүй чадахгүй зүйлд захи­рал Ж.Сүхбаатар сэтгэл харамгүй тусална. Ахмад туршлагатай багш нараас ч байнга суралцаж байв. Батноровынхоо сургуульд өнгөрүүлсэн дөрвөн жилийг Г.Базарсад “Амьд­ралын их сургууль” гэж жижиг дэвтрийнхээ эхэнд тэмдэглэсэн байдаг юм.

1981он. Нэг өдөр, ачаа тээш ч байхгүй шинэхэн  ГАЗ-53 машин Базар­садын үүдэнд ирж зогслоо. Хэнтийн Галшараас яваа гэнэ. Жолооч нь “Сум нэгдлийн дарга Дондов гуай таныг аваад ир гэсэн. Бүр нүүлгээд ир” гэсэн гэнэ. Сонин юм. ажилтай албатай хүнийг хаа холын нэг нэгдлийн дарга “Нүүлгээд ир” гэж байдаг. Базарсад, энэ учир би­түүлэг байдлыг Батноров сум нэгдлийн дарга С.Цэдэв гуайдаа дуул­галаа. Дарга их ууртай байна. “Чи л салгалж очиж, шилжье гэж гуйгаа биз. Ясан толгой мөрөн дээр байсан цагт явуу­лахгүй шүү” гээд утсаа шүүрч авлаа. Аймгийн намын хорооны хэн нэг даргатай л ярьж байх шиг байна. Дуу нь сулран суларсаар : “За яахав ээ. Намын хорооны товчоо шийдчихсэн юм бол юу гэхэв. Уул нь сайн ажиллаж байгаа, нутагтаа хэрэгтэй хүн юмсан” гээд утсаа таслав.

Г.Базарсад Галшар сумын дунд сургуульд захирлаар очиж байгаа нь энэ. С.Цэдэв дарга, Ж.Сүхбаатар захирал, сур­гуулийн хамт олон залуу багшийгаа сайхан үдэж өглөө. Нүүдэл суудлын ажлаа гурав хоногт амжуулъя гэснээр ирсэн жолооч гурав хоног хүлээж, Базарсадынхан ч аян замд цэгцэрлээ. Тэнд дөрвөн жил ажилласан Базарсадыг 1985 онд мөн л аймгийн Намын хороо­ны шийдвэрээр татан авч ажиллуулсан байдаг. Тэрээр аймгийн Намын хороонд яг таван жил ажиллаад төрсөн нутаг Батноровоо зорьжээ. Тэр нь Монголд ардчиллын салхи хэдийнэ сэвэлзээд эхэлчихсэн, чухамдаа ард­чилсан нийгэм рүү эргэлт буцалтгүй шилж­сэн үе байлаа. Сумын сургуулийн захирлын албатай очсон тэрээр Д.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайд байх үед сумын Засаг даргаар ч ажиллаад үзэж. Ингэж Базарсад багш маань Хэнтий аймгийн удирд­лагын шийдвэрээр айм­гийнхаа хэрэгцээтэй газар, ажлыг нь сайж­руу­лах шаардлагатай сур­гууль, хамт олны дунд очиж ажилласнаар өнөө­дөр 35 жилийг ардаа үд­жээ. Аймгийнхаа захир­гаанд сургалт, мэдээлэл хариуцсан ажилтан, Батноров сумандаа дунд сургуулийн захирал, сумын дарга зэрэг албыг хашиж байгаад сүүлийн таван жилд Хэнтий айм­гийн төв дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалтын мене­жерээр ажиллаж байна. Түүний боловсролын салбарт оруулж байгаа хувь нэмрийг улс, аймгаас удаа дараа өндөр үнэлж байв.

Эднийх зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд нь төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн. Сайнзаяа нь аавынхаа мэргэжлийг өв­лөн багш болохоор Багшийн сургуульд суралцаж байгаа.

 Хэнтийд хэн нь л бол “Базарсад багшаа” , эсвэл “Сад багш...” хэмээн авгайлж хүндэтгэн уулздаг энэ буурал хүн, буман шавиараа бахархан хүүрнэж сууна билээ.

Олон жилийн өмнө Сад багшийн “Алтан гадас” одонгийн мялаал­ган дээр нутгийн яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй агсаны  өргөн барьсан ерөөлийн дөрвөн мөрөөр эл хөрөгөө өндөрлөе үү

...Арвин эрдмийн шимийг

Алдрайхан шавь нартаа хүртээгээрэй

Алдаатай оноотой хорвоог

Ариусгаж урт наслаарай...