Ц.БАЯР

Сүүлийн гурван жилд 744 айлын орон сууц ашиглалтад оржээ

Шинэчлэлийн засгийн газраас хот хөдөөгийн ялгааг бодитой арилгахын тулд хөдөөгийн асуудлыг хотоос ярьж шийддэгээ больж бодит хөрөнгө  оруулалтыг “ Орон нутгийн хөгжлийн сан”, “ Сум хөгжүүлэх сан” –гаар дамжуулан өөрсдийнх нь мэдэлд өгдөг болсон билээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн бүрт хуваарилдаг байсан нэг тэрбум төгргийг больж  аймаг сум, багийн иргэдийн нийтийн хурлын мэдэлд зарцуулах эрхийг  өгч төсвийн хуулиар зохицуулснаар  орон нутагт үр дүнгээ өгч  эхэлсэн байна. Тухайлбал, Архангай аймагт арав гаруй томоохон ажлыг уг сангийн хөрөнгө буюу улсын төсвийн хөрөнгөөр хийсэн байв. Үүний нэг нь” Гудамж төсөл” юм. Цэцэрлэг хотын 25 жилийн дараах хэтийн төлвийг харж хүн амаа хоёр дахин нэмэгдэхээр тооцож 19 тэрбум төгрөгөөр 8.4 км зам тавьжээ. Төслийн хүрээнд аймгийн төвд  олон улсын стандартад нийцсэн  хатуу хучилттай авто зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам,  гарц, дугуйн зам гудамжны гэрэлтүүлэг  ногоон байгууламж гээд  төвлөрсөн долоон уулзвар бусад жижиг найман дөрвөн замын уулзвар, 22 жижиг гурван замын уулзвар, гэрлэн дохио авто машины зогсоол, газар доорхи байгууламж гээд  бүтээн байгуулалтын ажил иж бүрнээр хийж гүйцэтгэжээ. Нийтдээ аймгийн төвөө гурван тойргоор  14 км хатуу хучилттай хар замаар холбосон.  Хүн ам нь сүүлийн гурван жилийн хугацаанд 3000- аар өсч өнөөдөр 92.800 хүн амтай болжээ. “ Шилжилт хөдөлгөөн ихтэй байсан манай аймагт сүүлийн гурван жилд нутаг орноо орхин явагсад буурч, явсан нэг нь эргэн ирснээр хүн ам ийнхүү өссөн. Манай аймгийн амьжиргааны төвшин  өмнөхөөс 12 хувиар  нэмэгдсэн” гэж аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ онцлов. Сүүлийн хоёр жилд малын тоогоор тэргүүлж өнгөрсөн оны сүүлчээр  гэхэд дөрвөн сая долоон зуун мянган мал тоолуулсан амжилтаар  улсад хоёрдугаарт оржээ. Аймгийн төвдөө 23 мянган хүн амтай. 16 мянган тээврийн хэрэгсэлтэй бол 2028 он гэхэд 50 мянган хүнтэй болж, 32 мянгаар тээврийн хэрэгсэл нэмэгдэнэ гэж ирээдүйн  замын ачааллыг тооцоолжээ. Инжнерийн шугам сүлжээ дэд бүтэц замын ажлыг шийдсэнээр гэр хороололд хаус, таун барих ажил нэмэгдэж гурван жилийн өмнө таван сая төгрөгийн үнэтэй байсан газар зэрэглэлээсээ шалтгаалж 30 сая төгрөг хүртэлээ өсчээ.

Зам дагаж хөгжил ирдэг гэдгийг энэ аймгаас харж болно. Тус аймагт сүүлийн 21 жилийн хугацаанд 36 айлын орон сууц ашиглалтад орж байжээ. Тэгвэл  сүүлийн  хоёр, гурван жилд  1000 айлын орон сууц барих ажлын хүрээнд нийтдээ 744 айлын орон сууц ашиглалтад оруулсан байна. Мөн Архангай аймаг  хүүхдийн цэцэрлэгийн асуудлаа бүрэн шийджээ. Ашиглалтад орсон орон сууцны нэг давхарыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авч  гурван  цэцэрлэг шинээр байгуулж  хуучин цэцэрлэгүүдээ засварлаж өргөтснөөр өнөөдөр 16 цэцэрлэгт 750 хүүхэд шинээр нэмэгдэж хүүхдээ цэцэрлэгүүд нь булаалцалдаж байсан тухай аймгийн төвийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч  ярьж байсан. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат ”100 хүүхдийн  цэцэрлэг шинээр барихад нэг тэрбум таван зуун мянган төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Харин орон сууцны нэг метр кв-ийн үнэ манай аймагт 780- 1350 мянган төгргийн ханштай. Тэгэхээр 400-700 сая төгрөгөөр нэг давхарыг худалдан авснаар зардлын хэмнэлт гарч байсан” гэв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  56 мянган га талбайг хамарсан 80 жилийн дараастай хур хогийг лантфилийн аргаар түрж 5,6 га талбайд цомхотгож ангилан ялгалт хийж боловсруулалт хийсэн нь өөдлөх айл үүднээсээ гэгчээр цэвэр цэмцгэр хот болжээ.  Хуучин онгоц буудаг байсан зурвас газрыг шинэ хороолол байгуулах дэд бүтэцийг хийж дуусчээ. Мөн найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж байгуулсан бол 550 хүүхдийн хүчин чадалтай спортын төрөлжсөн сургалттай ЕБС сургуулийг нэг тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан гээд дурьдаад байвал тоочиж барахгүй бүтээн байгуулалт хийснийг харж болохоор байна.  Арын сайхан хангай өнгө төрх өмнөхөөсөө ийнхүү эрс шинэчлэгдэж, цэвэр цэмцгэр, бүтээн байгуулалт ид өрнөсөн аймаг болсныг хараад тэнд очсон хүн бүхэн ам сайтай байсан юм.

Хангайн аймагтаа ганц спортын төрөлжсөн сургууль

Архангай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  спортын төрөлжсөн сургалттай сургуулийг энэ оны хичээлийн шинэ жилийн босгон дээр барьж ашиглалтад оруулсан байна. Нийт 320 хүүхдийн хичээлийн, 100 хүүхдийн дотуур байртай. Мөн 120 хүүхэд нэг дор хооллох цайны газартай. Түүнчлэн спортын бэлтгэл хийх гурван заалтайгаас гадна тус бүрдээ усанд орох  душтэй, ариун цэврийн өрөөтэй аж. Одоогоор 520 хүүхэд суралцаж  40 гаруй багш сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байна.Тус аймгаас  залуучуудын болон идэрчүүдийн, чөлөөт бөхийн  дэлхийн аваргууд олноороо төрөн гарсан.Тиймээс энэхүү онцлогийг харгалзан  спортын төрөлжүүлсэн сургуулийг байгуулсан ажээ. Сургуулийн спортын сургалт хариуцсан менежер Л.Эрдэнэцогт “ Мэргэжлийн самбо, сагс, гар бөмбөг, теннис, хөнгөн  атлетик, цана, зэрэг спортын арав гаруй төрлөөр хүүхдийг багаас нь  мэргэжлийн мастер багш нараар хичээлүүлж амжилт гаргахыг зорьж байгаа” гэв. Спортын төрөлжсөн сургалттай сургууль  гэдгээр нь онцолж Дархан-Уул аймаг зэргэлдээ аймаг сумдын хүүхдүүд ирж суралцаж байгаа ажээ. 3 А ангийн сурагч Б.Нэргүй “ Би энэ сайхан сургуульд суралцах болсондоо их байртай байгаа. Ирээдүйд би энэ сургуулийнхаа захирал болох хүсэлтэй “ гэв. Харин тус ангийн хүү А.Мягмарсүрэн “ Би хөл бөмбөг сонирхдог. Том болоод хөл бөмбөгийн  багийн тамирчин болох хүсэлтэй. Саяхан дугуйландаа бүртгүүлсэн” гэж байлаа. Ийнхүү багаас нь спортоор дагнан хөгжүүлэх шинэхэн сургууль хангайн хүүхдүүдээ спортын их замд хөтөлж байна. Архангай аймгийн томоохон бүтээн байгуулалтын нэг нь энэ сургууль. Улсын төсвөөс нийтдээ нэг тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ.

Дугуйн замын босоо тэмдэглэгээ манайд байдаггүй

Дугуйн замын босоо тэмдэглэгээ манайд байдаггүй. Дугуйн болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны замыг Архангай аймаг “ Гудамж төсөл”- ийн хүрээнд  хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 8.5 км хатуу хучилттай замыг тус аймгийн төвд барьсан.  Манайд дугуйн замын босоо тэмдэглэгээ байдаггүй тул  хэвтээ тэмдэглэгээг зам дээр байршуулжээ. Энэ нь манай улсад тавигдсан аль ч замд дугуйн зам тавьж байгаагүйтэй холбоотой аж. Хатуу хучилттай авто зам, явган хүний зам,  гарц, гудамжны гэрэлтүүлэг, ногоон байгууламж, төвлөрсөн 7 уулзвар, 8 дөрвөн замын уулзвар, мөн  22 жижиг уулзар, гэрлэн дохио, газар доорх дэд бүтцийн сувагчлал, тэмдэг тэмдэглэгээг иж бүрнээр нь хийж гүйцэтгэжээ. Нийтдээ 28200 квдрат метр явган хүний зам тавьсан байна.

Орон сууцны нэг давхарыг хүүхдийн цэцэрлэг болгожээ

Архангай аймгийн удирдлагууд ашиглалтад орж байгаа шинэ орон сууцны нэг давхарыг тухайн компанитай ярилцаж зөвшилцснөөр хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гаргажээ.  Одоогоор гурван  орон сууцны нэг давхарт 300 хүүхдийн цэцэрлэг байгуулаад байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сүүлийн хоёр жилд Их-Тамир суманд 100, Чулуут суманд 150, Эрдэнэбулган суманд 300 хүүхдийн  гурван цэцэрлэг шинээр барьжээ. Зарим  хуучин  цэцэрлэгүүдэд өргөтгөл засвар хийж  нийтдээ 750 хүүхэд хүмүүжиж байна. Зах зээлийн ханшаар 100 хүүхэдтэй нэг цэцэрлэг барихад нэг тэрбум таван зуун төгрөг шаардлагатай. Тэгвэл  дөрвөн бүлэгтэй 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн байрыг 700 сая төгрөгөөр худалдан авснаар эдийн засгийн хэмнэлт гарсан тухай тус аймгийн ИТХ-ын дарга Ч. Мөнхбат танилцуулсан. Эрдэнэбулган сумын 13 дугаар цэцэрлэгт одоогоор 60 -аад хүүхэд хүмүүжиж байна. Цэцэрлэгийн тохижилтыг  дотоод нөөц болоцоогоор хийж байна.  Энэ сумын хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг ийнхүү бүрэн шийджээ. Аймгийн хэмжээнд 16 цэцэрлэгтэй.

Эх сурвалж:www.polit.mn