Л.ЭНХТУЯА
УИХ-ын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг сонгуулийн үр дүнгийн талаар дахин хэвлэлийнхэнд хандлаа. Түүний ярилцлагыг хүргэе.
-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Д.Зоригтын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангараг өргөсөн. Та бүхний шүүхийн асуудал цэгцэрч шийдвэр гарсан гэж ойлгож болох уу?
-Би ч бүтэн жилийн турш сонгуулийн маргаантай холбоотой шуугиан дэгдээсэн хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болоод байгаа. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн асуудлаар хүмүүс мэдээлэл сайтай байгаа гэж бодож байна.
Үнэхээр Ардчилсан намын гишүүд хууль зөрчөөгүй, Ардын намын гишүүд нь хууль зөрчсөн юм уу гэдэг асуултад хүн бүхэн л хариу хайж суугаа.
-Өвөрхангайчууд сонголтоо хамгаална гээд хурал хийсэн?
-Манай нутгийн иргэдийн сонголт үнэндээ энэ төрийг тунгалаг болгоё, парламентаас олигарх гэгдээд байгаа хөрөнгөжсөн нөхдүүдийг гаргах ёстой гэсэн чин сэтгэлээсээ сонголт хийсэн. Харамсалтай нь энэ бохир мөнгөтэй хүмүүс сандал ширээнээсээ салах дургүй байдаг юм байна. Юугаа ч хамаагүй дэнчин тавиад үлдэх ганцхан зорилготой гэдэг нь харагдлаа. Нэр төр гэдэг тэдний хувьд юу ч биш юм байна.
-Таны өрсөлдөгчийн авсан саналын зөрүү нэлээд хол байсан ?
-Хүн бүхэн л мэдэж байгаа. Би Г.Батхүүгээс гурван мянга 500, Д.Зоригтоос зургаан мянга 700 санал илүү авсан. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хороо долдугаар сарын 1-нд 37 тоот тогтоолоороо үүнийг баталж МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг нь 23 мянга 493 санал авсан, Н.Төмөрхүү 21 мянга 267 санал авч олонхийн дэмжлэг авсан тул Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсугай гэсэн байдаг.
-Таны энэ ярьж байгаа болон үүнтэй холбоотой бусад асуудлыг хүмүүс ч сайн мэддэг болсон. Одоо дахин ярих хэрэг байна уу?
-Тийм ээ. Хамгийн сонирхолтой нь шүүх яагаад илтэд нэг талд үйлчлээд байгаа юм бэ гэдэг асуудал байна. Хан-Уул дүүргийн шүүх өдөр шөнөгүй ажиллаад 24 цагийн дотор Г.Батхүү, Д.Зоригт нарын асуудлыг авч хэлэлцээд шийдвэр гаргачихсан. Ядарсан зүдэрсэн хүмүүсийн аминд тулсан асуудлыг ч ингэж хурдан шийдвэрлэхгүй дээ. Иргэний маргаанаар хэрэг үүсгэх хуулийн хугацаа долоо хоногийн дараа л асуудлыг ярьж эхлэх байсан байлгүй. Хоёрдугаарт Хан-Уул дүүргийн шүүхийн зөвхөн нэхэмжлэгч талуудыг байлцуулаад л асуудлыг шийдэж байна. Энэ шийдвэрийг нь нийслэлийн шүүх хүчингүй болгосон байгаа. Шалтгаан нь нэгд, шүүхийн бус асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан, сонгогчийн саналыг татах зорилгоор эд бараа үнэгүй тараасан гээд байгаа асуудлыг шүүх тогтоохгүй. Цагдаа, тагнуулын байгууллага тогтоох ёстой. Хоёрт иргэний хуулийн дагуу гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдол түүнийг заавал байлцуулах ёстой. Гэтэл надад мэдэгдэлгүй шийдвэр гаргасан байдаг.
-Та эхнээсээ л хууль зөрчөөгүй бол ийм асуудал гарахгүй байсан юм биш үү?
-Хэн хууль зөрчсөн гэж батлаад байгаа юм бэ. Шүүхийн шийдвэрүүдийг зөвхөн нэг хуудас цаасанд л тулгуурлан гаргасан. Энэ нь 2012 оны зургадугаар сарын 26-ны өдөр 10 дугаар тойргийн хорооноос аймгийн МАН-ын хороонд ирүүлсэн албан бичиг бий. Үүнд Б.Булганаа, Б.Сэлэнгэ нарыг ажиллуулж сонгуулийн хууль зөрчсөн байна, энэ үйлдлээ засч залруул гэсэн байдаг. Тэднийг миний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан гэх ямар ч баримт байхгүй. Ухуулагч нарын нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй. Ямар нэгэн ажил үүрэг даалгаж байсан протокол ч үгүй. Гэтэл Ардчилсан нам олонхиороо хүч түрж, шүүхийг атгаж байгаагаа ашиглаад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна.
-Тэгэхээр танай намд ямар ч байсан насанд хүрээгүй хүүхэд ажиллаж байсан юм байна. Та үүнийг нь мэдээгүй гэж үү?
-Тойргийн хороо бичиг хүргүүлснийхээ дараа хуралдаад Ардын намын сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүсийн жагсаалтад ийм нэртэй хүмүүс байхгүй байна, ажиллуулсан зүйл байхгүй гээд тогтоочихсон байдаг.
-АН-ын бүлгийн дарга шат шатны шүүхээр С.Чинзоригийн хууль зөрчсөн үйлдлийг нь тогтоосон гэж мэдэгдсэн?
-Д.Эрдэнэбат гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг цуглуулж байгаад нэг их худлаа ярьдаг нөхөр байна. С.Чинзоригийн буруутайг шат шатны шүүхээр тогтоосон гэж байгаа юм. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Захиргааны хэргийн шүүхээр тогтоосон гэж ярьсан байна билээ. Тэр шүүхэд энэ асуудал очоогүй. Би энэ асуудлаар Дээд шүүх, үндсэн хуулийн цэцэд хандаж үзсэн. Гэтэл Дээд шүүх таны асуудлыг шүүхээс гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй гэж мэдэгдсэн учраас хэлэлцэх боломжгүй гэдэг. Харин үндсэн хуулийн цэц болохоор шүүхийн процесс дуусаагүй байгаа учраас хэлэлцэхгүй гэдэг. Бодит байдал ийм л байна.
-Сонгуулийн дараа маргаан гарч л байдаг. Тэгж байгаад нэг талдаа шийдчихдэг гэсэн байдлаар нийгэм ханддаг болсон. Өвөрхангайн маргаан ингээд дуусах байлгүй дээ?
-Сонгуулийн маргааш маргаан гарч л байдаг. 2004 онд Өвөрхангай аймгийн тойрогт З.Энхболд, Д.Сугар, 2008 онд С.Эрдэнэ нар бас л маргаантай байсан. Тэр үед манай нам засаг төр барьж байсан. Иргэдийнхээ сонголтыг хүндэтгээд Ардчилсан намаас нэр дэвшсэн З.Энхболд, С.Эрдэнэ нар гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлээд явсан. Ардчилал ялснаас хойш 20 гаруй жилийн хугацаанд ингэж хүний эрхэнд бүдүүлгээр халдаж, бүхэл бүтэн аймгийн олон мянган сонгогчийн сонголтыг шүүх засаглалаар сүрдүүлж булаасан явдал гарч байгаагүй. Ардчилагчид ардчиллынхаа 23 жилийн түүхэнд өөрсдийнхөө гараар хар толбо үлдээлээ гэхээс өөр юу гэж дүгнэж хэлэх юм бэ, би мэдэхгүй байна.
-Танай нам Ардчилсан намтай тохирчихоод Д.Зоригтыг тангараг өргүүлчихсэн юм биш үү?
-Энд нуугаад байх зүйл алга. Тохиролцсон нь үнэн. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 5-нд би Ерөнхийлөгчтэй уулзсан. Би бүх үнэнээ хэлсэн, арай дэндэж байна гэж. Ардчилсан Ерөнхийлөгчтэй, АН Засаг барьж байгаа, дээрээс нь шүүхийн салбарт шинэчлэл хийнэ гэж ярьж буй цаг үед асуудлыг ингэж шүүхээр далайлгаж, дээрэм хийж шийдэхгүй гэж найдаж байна гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгч ойлголоо гэсэн. Энэ уулзалтаас хойш хоёр хоногийн дараа Ардчилсан намын дарга манай намын даргыг дуудаж уулзсан. Д.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нар нь байлцсан байдаг. Тэнд Өвөрхангай аймгийн мандатыг хоёр нам нэг нэгээр нь авъя гэдэг тохироо болсон. Намын дарга Г.Батхүүтэй дараах хоёр зүйлийг тохирсон. Нэгд Чинзоригийг давж заалдах эрхгүйгээр шүүхийн шийдвэр гаргуулсан учир буруугүй гэдэг гарын үсэг өг гэсэн, тэр өгнө гэсэн. Дараагийн асуудал нь Н.Төмөрхүүд үүсгэсэн эрүүгийн хэргийн нэхэмжлэлээ тат гэсэн.
-Н.Төмөрхүү тоглоомноос гарсан. Гэтэл таны асуудал шийдэгдээгүй учир юу байв?
-Н.Төмөрхүү дан ганц миний багтай холбоотой асуудал гарсан. Хуулийг санамсаргүй зөрчсөн байна. С.Чинзоригт ямар ч хамааралгүй болно гээд өргөдөл гаргасан. Гэтэл Г.Батхүү эр хүний шинжгүй зан гаргаж хэлсэн амнаасаа буцсан. Эхлээд гишүүн болоод дараа нь гарын үсэг зуръя гэсэн. Тангаргаа өргөчихөөд хоёр хоногийн дараа нь “Манай нам олон фракцтай. Нэгнийгээ жийгээд УИХ-д орж ирэх гэлээ гээд хэцүү байна” гэсэн.
-Г.Батхүүг гарын үсэг зурна гэснийг батлах хүн байгаа юу?
-Тэр яриа болох үед Д.Загджав, одоо Төрийн албаны зөвлөлийн дарга болчихсон Б.Цогоо нар байсан.
-Улс төрийн тохироо амжилттай болсон бол та энэ асуудлыг дэлгэхгүй байсан уу?
-Би хэлэх байсан.
-Танай намын дарга нар өөр тохироо хийгээд таг болчихсон юм биш үү?
-Манай намын удирдлагууд хэтэрхий арчаагүй байна. УИХ бүрэлдэнгүүт намын бүлгээ ч байгуулж чадахгүй. Энэ байдлаас л нам хүчгүйдэж, Ардчилсан намд хөтлөгдөж явсаар ирлээ. Ганцхан суудлын төлөө гурван суудлаа алдаа. Д.Арвинг намаасаа гарах гэж байгааг мэдсээр байж Г.Батхүү нарыг хамт тангаргийг нь өргүүлсэн. Сонгинохайрханы асуудлыг ч ингэж яаран шийдэх хэрэггүй л байсан.
-Та нэгэнт ялагдсан. Одоо яах вэ?
-Би ямар боловч өөрийнхөө итгэл үнэмшилдээ үнэнч үлдлээ. Өвөрхангайчуудтайгаа хамт үлдэж чадсанаараа бахархаж байна. Тэдний сонголтыг би ямар нэгэн наймааны хэрэгсэл болгоогүй. Энэ долоо хоногт би Ерөнхийлөгчид захидал хүргүүлнэ. С.Чинзориг гэдэг хүн ер нь энэ улсын иргэн мөн үү гэж. Сонгуульд өрсөлддөг. Сонгогчдоос авсан санал, дэмжлэгийг нь шүүхээр далайлгаад авчихдаг. Сонгогдох эрх минь хаана байна. Шүүх надтай холбоотой асуудлыг шийдэхдээ өөрийг нь байлцуулахгүй, давж заалдах эрхгүй гээд захирамж гаргачихдаг. Энэ асуудлыг ингээд орхиж болохгүй. Бохир мөнгөтэй хүмүүс хүссэн бүхнээ хийдэг ийм жишгийг эвдэхийн төлөө би цаашид улам хүчтэй тэмцэнэ. Өөрийн бүх амьдралаа зориулна.