Б.ЗАЯА

 

Дарханыг загвар хот, ухаалаг хот болгон хөгжүү­лэх зорилтыг нутгийн удирдлагууд тавьжээ. Энэ зорилтынхоо хүрээнд хотынхоо хөгжилд зураач, урчуудын оролцоог онцол­сон уран бүтээлийн үзэсгэлэн үүдээ нээсэн юм. “Тэнгэр Өөд” хол­бооны 15 дахь удаагийн уг үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, цаасан хайчилбар, баримал, хөөмөл зэрэг 50 гаруй бүтээл дэлгэсэн байлаа. Уран бүтээлчид ч нутгийн­хаа хөгжилд өнгө нэмэх шинэ санааг дэвшүүлж бүтээлүүдээ туурвижээ. Түүнчлэн төрийн ажилт­нууд уран бүтээлчидтэй холбогдож, тэднийг мэдэрч, юу хийдгийг танил­цуулж буйгаараа ач холбогдолтойг зохион байгуулагчид онцлов. Уран бүтээлчид аймгийн нэрийн хуудаст тавигдах лого бүтээж өрсөлджээ. Мөн төрийн байгуул­лагуу­дыг хэрхэн тохижуулж болох санааг тусгасан уран бүтээл туурвисан байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нар оролцов. Уран бүтээлч­дийн бүтээлийг үзэж сонирхсон аймгийн Засаг дарга С.Насанбат “Дархан хотыг загвар хот болгох, эрүүл хот болгох том зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хөгжилд зураач, урчуудын оролцоо маш чухал юм. Тиймээс уран бүтээлчдийн гаргаж байгаа санааг дэмжиж, хамтран ажиллах болно” хэмээв.

Зураач, урчуудын энэ удаагийн үзэсгэлэнд уран зураг голложээ. Олны нүдийг баясгасан олон бүтээл дундаас мэргэж­лийн хүмүүс хоёр зургийг онцлон ярьж байв. Уран зураач, барималч н.Намдагийн үзэс­гэлэн­гийн хойморт залар­сан “Диваажин” зургийг мэр­гэ­жил нэгт нөхөд нь “Нүгэлт орчлонд төрсөн хүн хэзээ нэгэн цагт гэ­гээрч төгсөхийн үед диваа­жинд хүрдэг. Диваажинд хүрэх хаалга харагдаж байна. Тэр хаалга хүртэл энэ орчлонд сайн хүн болж чадвал хэзээ нэгэн цагт диваажинд хүрэх болно гэсэн гүн агууламжтай, хэллэг багатай, дүрслэмж цөөнтэй уран бүтээл” хэмээн онцолсон юм. Түүнч­лэн зураач, дизайнер н.Амгалангийн “Эх дэлхийгээ хайрлая” бүтээлд шатаж байгаа чийдэн дотор цэнхэр нүдэн гаригийг дүрсэл­жээ. Тэрээр хүн төрөлхтөн эх дэлхийгээ хайрлаж хамгаалахгүй бол хэзээ нэгэн цагт чийдэн мэт асах аюултайг дүрсэлснээ дуул­гав. Уран яруу өгүүлэмж­тэй урлагийн бүтээл туур­вигчид үзэсгэлэн гаргах бүртээ шилдгийн шилдэг бүтээлээ шалгаруулдаг аж. Реалист уран бүтээлийн сонгодог жишээ, өгүү­лэмж сайтай уран бүтээл хэмээн мэргэжил нэгт нөхөд нь онцолсон уран зураач, СТА Эрдэнэбатын “Бурхан уул” хэмээх уран зураг шал­гарав. Тэрээр энэ удаагийн үзэсгэлэнд олон сайхан бүтээлийг дэлгэжээ.

Дүрслэх урлагийн гоо сайхныг нутгийн олондоо мэдрүүлж, гуравдахь жил­тэйгээ золгож буй зураач, урчуудын “Тэнгэр Өөд” холбоонд 50 уран бүтээлч бий. Тэд жилд 5-6, нийт 15 удаа бие даасан уран бүтээлээ олонд хүргэжээ. Энэ удаагийн нутгийн хөгжлийг тодорхойлох уран бүтээлийн үзэсгэлэн­гээс гадна ирэх сард Шанхайд уран бүтээлээ тайлагнахаар болсноо дуул­гасан юм. Айм­гийн “Орхон-21” урлагийн төвөөс санаачлан өнгөр­сөн жилээс тус хотод үзэс­гэлэн гаргаж эхэлжээ. Түүнчлэн ирэх 2014 онд Буриад улсад болох Дархан-Уул аймгийн соёл урлагийн өдрүүдэд орол­цохоор бэлтгэлээ базааж байгаа гэлээ.