Б.ЗАЯА

ЦАЦРАГИЙН ХЭМЖЭЭ ЕС ДАХИН ИХ ГАРЧЭЭ
Дорноговь аймагт мал “учир битүүлгээр” үхсээр байгаа мэдээг нутгийн иргэд дахин дуулгалаа. Энэ нь урантай холбоотой хэмээн мэдэгдэв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тушаалаар тус аймагт үүссэн нөхцлийг тодруулахаар явсан шалгалтын багийнхан мал үхсэн шалтгаан урантай холбоогүй, “Кожеговь” компанийн орчимд уран хэмжээнээсээ хэтрээгүй хэмээн дүгнээд байгаа юм. Тэдний дүгнэлтийг нягтлахаар Байгаль орчны иргэний зөвлөл, “Гал үндэстэн” холбоо, “Голомт” цөмийн эсрэг хөдөлгөөн, “Цагаан хас” эх орончдын хөдөлгөөн зэрэг ТББ-ынхан өнгөрсөн долоо хоногт тус нутагт ажиллажээ. Тэд Засгийн газрын дүгнэлтийг эсэргүүцэж байгаагаа хэлсэн юм.
ТББ-ууд “Кожеговь” компанийн эргэн тойрон дахь газруудад хэмжилт хийж үзэхэд цацрагийн хэмжээ хэтэрсэн байгааг тогтоосон гэлээ. Тодруулбал, компанийн өрөмдлөг хийсэн газар болох DL374 гэсэн тэмдэгтэй газарт цацраг зөвшөөрөгдөх хэмжээнээс ес дахин их гарсан байна. Түүнчлэн төл мал ихээр хорогдох болсныг нутгийнхан дуулгажээ. Орон нутагт ажилласан ТББ-ын төлөөллүүд ийнхүү ярив.

М.Баатархуяг:
ГАЖИГТАЙ ТӨЛ ОДОО Ч ТӨРЖ БАЙНА
/”Гал үндэстэн холбоо”-ы тэргүүн/
-Зөвхөн Норсүрэн гэх малчныд мал үхсэн юм биш. Бид “Кожеговь” компанийн ойр орчимд амьдардаг 10 гаруй малчин өрхийнд очлоо. Тэдэнд ч гэсэн адилхан хохирол учирсан байна. Тухайлбал, энэ хаврын мал төллөлтөөр малчин Д.Дашжамцынд хөл нь мэдээгүй ботго төрөөд эхийгээ хөхөж чадахгүй байсаар үхсэн байгаа юм. Мөн малчин Б.Батзоригийн үнээнээс үхсэн тугал төрсөн, нас гүйцсэн ингэний хөл нь хавдаж байгаад үхсэн. Тэднийд сүүлийн 25 хоногийн хугацаанд гурван бод мал ийм маягаар үхсэн байсан. П.Пүрэвцэнд хэд хоногийн дотор долоон мал гаргахад гурвынх нь уушги өвчтэй, том том хүрэн толботой, элэгнийх нь тал цагаан, бөөр нь идээтэй байсныг бидэнд хэлсэн. Энэ мэтчилэнгээр малчдын төл мөл амьгүй төрж, эсвэл эд эрхтэн нь мэдээгүй төрөх, эрүүл мал ч гэнэт үхдэг болсон. Гажигтай мал одоо ч төрж байна шүү дээ. Үхсэн малын гэдэс дотрыг үзвэл уушги нь харлаж, элэг нь цэврүүтсэн байдалтай байсан. Үхсэн малын сэгийг нохой, шувуу хөндөхөө больсон. Төл малын нүд өвдөж, зарим нь нүдгүй төрөх тохиолдол ч гарсан. Ураны хор хохирлын хамгийн тод илрэл нь нүдэнд нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Ж.Эрдэнэзаяа:
ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД АМЛАЛТДАА ХҮРЭХ ЁСТОЙ
/”Цагаан хас” эх орончдын хөдөлгөөний тэргүүн/
-Ерөнхий сайд өнгөрсөн онд байгаль орчны 700 гаруй байгууллагын өмнө цөмийн эсрэг тэмцэхээ амласан. Гэтэл бодит байдалд ийм байхад Засгийн газрын тэргүүний тушаалаар ажилласан баг эсрэг дүгнэлт гаргаж байгаад итгэхгүй байна. Төрийн тэргүүн ч амлаж байсан.
Г.Ариунболд:
ЦАЦРАГИЙН ХЭМЖЭЭ ХЭТРЭЭГҮЙ ГЭСЭН НЬ ХАЧИРХАЛТАЙ
/“Голомт” цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн/
-Газрын хэвлийд хүхрийн хүчил уусгах аргаар уран боловсруулах, шар нунтаг гаргах арга нь ураны ил уурхайтай харьцуулахад хог, хаягдал бага гаргадаг ч эрсдэлгүй гэж хэлж болохгүй. Сүүлийн хоёр жил “Кожеговь” компани уран олборлох ажиллагаа явуулж ирсэн. Засгийн газраас томилогдсон шалгалтын багийнхан мал үхсэн шалтгаан цацрагаас болоогүй, химийн хордлоготой байж болзошгүй гэсэн. Ялангуяа “Кожеговь” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа талбайд цацрагийн хэмжээ хэвийн байна гэсэн нь олны анхаарлыг татаж байна. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. “Кожеговь” компанийн орчимд хэд хэдэн газарт цацрагийн хэмжилт хийхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс ес дахин их байгааг тогтоолоо. Гэтэл тэр орчимд анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй нь компанийн хариуцлагагүй үйлдэл юм. Засгийн газрын дүгнэлтээр хэвийн хэмжээндээ байна гэсэн нь хачирхалтай.
Ц.Энхбаяр:
УЛААНБАДРАХЫН АРААС 102 СУМ ЖАГСЧ БАЙНА
/”Гал үндэстэн холбоо”-ы удирдах зөвлөлийн гишүүн/
-Хонгор суманд болсон үйл явдал Улаанбадрахад давтагдаж байна. Азаар тэнд хүн эндээгүй байна. Хонгор сумыг Засгийн газар зөнгөөр нь орхисон шиг Улаанбадрахыг ингэж орхиж болохгүй. Улаанбадрахын араас 102 лицензтэй 102 сум жагсч байна. Гадаадын иргэн, компанийн баяжих хүслийн золиос монголчууд байж болохгүй. Бид газар нутгаа хамгаална, цэгцэлнэ. Төрийн ордныг ч цэвэрлэнэ.