Д.БОЛОРМАА

 

“Сант Марал” сангийн захирал Л.Суматиг “Ярилцах цаг”-таа  урилаа.

 

-Танай санг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан 1.3 сая төгрөгөөр торгохоор бол­сон байна. Ямар шалт­гаанаар тэр вэ?

-Хоёр асуултаас болж буруутгаж байгаа гэсэн. Тодруулбал, таны бодлоор төрийн тэргүүний албан тушаалыг хэн хашиж чадах вэ, УИХ-д суудал­тай намуудын аль нь таны санаа бодолд нийцсэн нэр дэвшигчийг дэвшүүлэх бол гэсэн хоёр асуулт.

-Судалгааны хувьд байдаг л асуулт уу?

-Уг нь тийм. Яагаад буруутгав гэдгийг нь мэд­сэн­гүй. Буруутгаж байгаа үндэслэлийг нь тодорхой мэдмээр байна. Ардчил­лын гол зарчим болох мэдээлэл авах эрх ноцтой зөрчигдөж байна гэж хэлье. Судалгааны бай­гуул­лагын мэдээл­лийн чөлөөт урсгал байх эрхийг  үгүйсгэж байгаа үед ард­чи­лал гэж ярих хэрэг бай­на уу. Одоохондоо бид энэ асуудлыг анхааралтай ажиг­лаж байна. Зөвхөн хуулийн зөвлөхтэйгөө ярил­­цахад “Танай бай­гууллага буруугүй. Хууль, эрх зүйн хувьд алдаа алга” гэж хэлсэн. Шударга өр­сөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан ямар үн­дэс­лэлээр буруутгаж бай­гааг ойлгохгүй байна.  Гэх­дээ Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн өмнө үүнийг том асуудал болгож ярих­гүй. Яагаад гэвэл сон­гуулийн компанит ажил эсвэл улс төрийн үйлдэл болж мэдэх юм.

Одоо миний зүгээс хийх зүйл гэвэл хуулийн талаас нь ямар байна, цаашаа юу хийх хэрэгтэй байна  гэдгээ бодох юм. Сон­гуулийн дараа бусад су­далгааны байгууллага бо­лон олон улсын байгуул­лага, хэвлэл мэдээл­лийнхнийг оролцуулан асуудлыг ярилцах болно. Тэгэхгүй бол бусдаас асуулт асууж болдоггүй, судалгаа хийх эрхгүй болж мэдэхээр байна.

-Рейтинг өндөр улс төрчийг зарласнаараа буруудсан юм болов уу?

-Ийм л учраас улс тө­рийн үүдэлтэй гэж хардах юм. Магадгүй манай сан­гийн судалгаанд бусдад нэр хүнд нь өндөр ч гэсэн гарах ёсгүй улстөрчийн нэр байсан юм уу, бүү мэд. Үүнийг таамгаар яриад байх нь зохимжгүй. Ерөн­хийлөгчийн сонгуулийн дараа суурьтай нь аргагүй ярилцаж хөдөлгөе гэсэн санаа байна.

-УИХ дахь намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулаад дууслаа. Танайх нэр дэвшигчдийн рейтинг тогтоох судалгаа хийж амжив уу. Эсвэл хийхээр зэхэж байна уу?

-Судалгаа хийх санаа бол байна. Гэвч сан­хүү­жилт алга. Нөгөө талаас хэд хэдэн томоохон су­далгаа хийж байгаа бо­лохоор нэр дэвшигчдийн рейтинг тогтооход хүн, хүч хүрэхгүй бололтой юм. Сонгууль болохоос өмнө судална гэсэн зорилт бий. Зөвхөн хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй юм. Ер нь өмнө нь хийж байсан судалгаагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар нам дотроо лидер нь байлаа. Бодит байдалд ч гэсэн намыхан нь тэднийг гаргаж ирсэн. Ц.Элбэг­дорж, Б.Бат-Эрдэнэ на­рын гараа бол ойрхон. Чухамдаа сурталчилгааны хугацаанд өөрсдийгөө хэр­­­хэн таниулах, сонгогч­дыг өөртөө татах байдал нь чухал байна.  Ц.Элбэг­доржийн хувьд эрх баригч намын нэр дэвшигч гэдэг утгаар  бүхий л талдаа дэмжлэг өндөр байж мэдэх юм.

-Нэр дэвшигчдэд хот, хөдөө гээд ялгаа харагдаж байна уу?

-Нарийн судалгаа хий­гээгүй учраас ярих боломжгүй байна. Зөвхөн өмнө нь хийж байсан су­далгаанаас харахад Б.Бат-Эрдэнэ аварга хөдөө орон нутагт, Ц.Элбэг­дорж Ерөнхийлөгч нийслэлд дэмжлэг өндөртэй байдаг. Харин МАХН-ын нэр дэвшигч Н.Удвалын хувьд эмэгтэй улстөрч гэдэг утгаар эмэгтэйчүүдийн дэмжлэгийг ихээр  авах байх гэж харж байна.

-Нэр дэвшигчдийн рейтинг ойролцоо байх ч сонгуулийн суртал­чил­гааны явцад хийсэн ухуул­гаар сонгогчдын санал өөрчлөгдөх нь байдаг уу?

-Манай сангийн хийж байсан өмнөх судалгаа­наас харахад 100 хувь эргүүлж чадсан тохиолдол тун ховор. Жилийн өмнө хийсэн судалгааг дахиад хийхэд өмнөх хариулт давхардаж байдаг юм. Энэ нь монголчууд нэг хүнд итгэсэн бол хэр барагтаа хир халдаадаггүйг илтгэх биз. Магадгүй улс төрчдөд бусдын дэмжигчдийг өөртөө татах, сонгуульд өгөх гэж байгаа саналыг нь өөрчлөх хэмжээнд очоо­гүй байж мэдэх юм. Ми­ний мэдэхэд нэг л зүйл өөрчлөгдсөн санагдаж бай­на. Юу гэхээр 2004 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд хоёр нэр дэв­шигч  мэтгэлцсэн байдаг. Энэ мэтгэлцээнээс өмнө сон­гуульд ялагдагч та­лынх нь нэр дэвшигч ард түмний дэмжлэг багатай гэж су­дал­гаагаар гарсан. Харин мэтгэлцээний да­раа түү­нийг дэмжих иргэд олширч улмаар сонгуу­лийн үеэр бидний тоо­цоолж байс­наас хоёр да­хин илүү санал авсан байдаг. Энэ нь мэтгэлцэх ур чадвартай нэг нь зарим талаараа бусдыг өөртөө татдагийн илэрхийлэл болно.

-Заавал Ерөнхий­лөгчид нэр дэвшигч гэлтгүй улс төрийн намуудад хэн, хэн рейтинг өндөр байна. Энэ талаар судалсан уу?

-Саяхан хийсэн судалгаанаас харахад АН-д Ц.Элбэгдорж, МАН-д УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Бага­бан­ди, МАХН-аас Д.Тэр­биш­дагва, Ч.Улаан, бие даагчдаас С.Ганбаа­тарын рейтинг өндөр байна. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, С.Ганбаатарын хувьд ойрын жилүүдэд энэ байр сууриа тогтмол барьж бай­гаа. Тэд топ 10 улстөрчийн нэгд яах аргагүй багтаж байдаг юм. Харин намуудын хувьд Засгийн газарт байгаа АН, МАХН-ын нэр хүнд сайн байгаа бол МАН-ынхан хэвээр, бусад жижиг намууд мууд­сан байна. Тухайлбал, иргэдийн дунд “Та МАН-ыг сөрөг хүчний байр сууриа илэрхийлж чадаж байна гэж үздэг үү” гэсэн асуултад 44 хувь нь чад­даггүй, 40 хувь нь чадаж байна гэж хариулсан байдаг. Иймээс олонхи нь сөрөг хүчний байр сууриа илэрхийлж чадахгүй байна гэж үзэж буй юм. Харин Шинэч­лэлийн Засгийн газар хэр сайн ажиллаж байна гэж бодов гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 59 хувь нь сайн гэж хариулсан бай­гаа. Энэ хариулт засагт байгаа АН болон одоо­хондоо “Шударга ёс” эв­сэлд сайн байгааг илэрхийлж байна. Харин жижиг намуудын нэр хүнд муудсан нь өн­гөрсөн жил сонгууль гээд бага сага сурталчилгаа хийгээд өнөө жил юу ч ярихгүй байгаатай холбоотой.

- Монголын улс төрд барууны үзэл баримт­лалтай нам байна уу. Ин­гэж асууж байгаагийн учир нь “Ардчилсан нам хэ­дийнэ зүүний үзэл баримт­лалтай болчихжээ” гэх шүүмжлэл байна?

-Барууны үзэл баримт­лалтай гэж ярьдаг болохоос заримдаа ийм үзэлтэй нам бараг байхгүй. Иргэний Зориг нам өөрсдийгөө либераль үзэлтэй гэдэг ч тэдний явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь төвийг сахихад чиглэдэг. Харин Ардчилсан нам зүү­ний үзлийг баримтлахаас өөр аргагүй. Учир нь тэдний дийлэнх сонгогчид нь Монголын ядуучууд болохоор баруун жигүүрт байх ямар ч үндэслэлгүй болчихож байгаа юм.

-Танай санг торгоход хүргэсэн асуулт хариултын эзэн хэн байсан юм бэ. Нууц биш бол хариулахгүй юу?

-Таны бодлоор төрийн тэргүүний албан тушаа­лыг хэн хашиж чадах вэ гэсэн асуултын олонхи хувийг Ц.Элбэгдорж ман­лайлсан байсан. Харин хоёр­дугаарт МАХН-ын дарга Н.Энх­баяр жагссан. Хэдийгээр Н.Энхбаяр нь Ерөнхий­лөгчийн сон­гуульд нэр дэвших бо­ломжгүй ч гэсэн түүний хувийн нэр хүнд иргэдийн дунд өндөр байгаа. Энэ судалгаа Ерөн­хийлөгчийн сонгуультай холбоотой гэхээс илүү улс төрчдийн рейтинг тогтоох зорил­готой байсан юм.

-Зарим улстөр судлаач хамгийн санаа зовоож байгаа зүйл бол иргэдийн улс төрийн идэвхи буурсан үзүүлэлт гэх боллоо. Ерөн­хийлөгчийн сонгуульд ир­гэд өргөнөөр оролцох болов уу?

-Тэр бол худлаа. Нэг жилийн өмнө хийсэн судалгаагаар иргэдийн 77 хувь нь санал өгнө гэж байсан бол энэ онд 83 хувь болж өссөн байна. Энэ нь улс төрийн идэвхи сайн хэвээрээ гэсэн үг.

-Танайхаас гадна нэ­лээд олон судалгааны байгууллага бий. Зарим намууд дэргэдээ судал­гааны байгууллагатай байна. Тодруулбал, МАН-ынхан дэргэдээ судал­гааны байгууллагатай. МАН-ын судалгаа, танай судалгаа хоёр заримдаа нийцдэггүй. Тэд нэг талыг хэт барьж байна уу?

-Хэдийгээр намын дэр­­гэдэх судалгааны төв ч гэсэн боломжийн хэм­жээнд ажилладаг гэж дүг­нэдэг. Яахав, цаанаа улс төрийн захиалгатай боло­хоор зарим үр дүнг нийтлэ­хийг хүсдэггүй тал бий.  Алийг нь нийтлэх, нийт­лэхгүй гэдгийг  на­мынх нь удирдлага мэддэг боло­хоор намдаа ашиггүй мэ­дээл­лээ нуух, ил гаргаж чаддаггүй байх гэж ойл­гож байна.

-Танайхаас өөр хараат бус гэх судалгааны бай­гууллага бий юу?

-Өөрийгөө тэгж  үздэг байгууллага байгаа байх. Гэхдээ аль ч намаас хараат бусаар улс төрийн судалгаа хийгээд нийтэд гаргадаг нь миний мэдэхээр байхгүй.

-Танай сан хаанаас санхүүждэг юм бэ?

-Өөрсдийгөө санхүү­жүүлнэ шүү дээ. Өөр су­дал­гаанаас орж ирсэн мөнгөө дараагийн су­дал­гааны зардалд зарцуулах жишээтэй.  Эсвэл мөнгөө хэмнэх үүднээс хоёр дав­хар судалгаа хийх ч то­хиолдол бий. Ингэлээ гээд үр дүнд нь нөлөөлөхгүй. Ер нь улс төрийн нам, улс төрчийн рейтингийн судалгаа хийхэд зардал ихтэй, ашиггүй байдаг. Гэхдээ бид ашиггүй гээд зүгээр суудаггүй. Бо­лом­жоо эрэлхийлээд судалгаа хийдэг. Харин маркетинг болон бизнесийн судалгаа хийхэд саад бэрхшээл  учрах нь гайгүй. Яагаад гэвэл үйлчлүүлэгчдийн юу хүсч байгааг мэдэх хү­сэлтэй томоохон аж ахуйн нэгжийн захиалга байдаг юм. 2007 онд “ХААН” банк манай сангаар стра­тегийн су­далгаа хийл­гэсэн. Удалгүй банкны салбартаа тэргүүлэгч нь болсон. Энэ нь бидний гаргасан судалгааны үнд­сэнд ажлаа хийсний илрэл юм. Харин улс төрийн рейтингийн судалгааг жилд жилдээ хоёр удаа хийхийг эрмэлзэх юм. Даанч төсөв мөнгө хүрэл­цэхгүй учраас төдийлөн хийсэн юм алга. Уг нь өөрийн цахим хаяг­таа улс төрийн судалгааг та дэм­жиж байгаа бол дэмжлэг үзүүлээч гэж уриалга гар­гасан ч нэг ч хүн тус­лаагүй. Улстөр судлаачид манай сангийн улс төрийн ба­рометрийг ашигладаг ат­лаа эргээд туслахыг хүс­дэггүй нь харамсалтай юм.

-Таны реклам муу байсан юм биш үү?

-Магадгүй л юм. Эс­вэл хүмүүс ойлгоогүй ч байж болно. 

-Судалгаа хийгээд топ улстөрчдийг шалга­руу­лахад түүнийг тодрууллаа гэж өөр нэг талаас  дарамт шахалт үзүүлэх тал байдаг уу?

-Манай сан 1995 оноос хойш судалгаа хийж бай­на. Энэ хугацаанд нэг ч удаа дарамт ирж бай­гаагүй.  Харин гомдол ирэх нь олон. “Яагаад би танай топ 10 улс төрчийн нэг болоогүй юм. Би Ерөнхий сайд хүн. Яагаад тэр­гүү­лээ­гүй юм” гэхчилэн гом­дол ирж байсан. Тэглээ гээд яалтай билээ. Иргэд өөрсдөө түүнийг дэм­жээ­гүй юм чинь яах билээ дээ.