Р.ОЮУН
Төв цэнгэлдэх хүрээлэн ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хүүхдийн спортын V их наадам өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийсэн бөгөөд өчигдөр гурав дахь өдрөө хөнгөн атлетикийн төрлөөр үргэлжиллээ.
Үдээс өмнө бөөрөнцөг түлхэлт, 100, 400 метрийн зайн урьдчилсан гүйлтийн тэмцээн болж 20 байгууллагын 200-гаад тамирчин оролцов. Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хөвгүүдээс Хан-Уул дүүргийн О.Билэгт, Дархан-Уулын Б.Базаргарьд, Төв аймгийн Б.Шинэжаргал, охидуудаас Булганы С.Буянзаяа, Дархан-Уулын О.Номинзул, Төв аймгийн О.Хонгорзул нар эхний гурван байрт шалгарчээ. Харин 100 метрийн гүйлтэд хөвгүүдээс Д.Шинэбаяр Дархан-Уул, С.Далайцэрэн Баянхонгор, Б.Чимэд-Очир Өвөрхангай, охидуудаас Дархан-Уулаас ирсэн А.Ариунаа, Т.Солонго, Г.Халиун, уртын харайлтад хөвгүүдээс Төгөлдөр Орхон, Б.Түмэнжаргал Өвөрхангай, Г.Алтанбаган Хөвсгөл, охидоос Дарханы А.Ариунаа, Б.Туулцэцэг, Хэнтийн Э.Оюундарь нар эхний гурван байр эзэллээ хэмээн шүүгч, МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийн хөнгөн атлетикийн багш Г.Батцэцэг ярьж байна.
Хүүхдүүд энэ сарын 19-нийг хүртэл спортоор амьсгалж, авхаалж самбаагаа сорьж ялалтын төлөө өрсөлдөх юм. Энэ наадамд 21 аймаг, есөн дүүргээс 100 мянга гаруй тамирчин спортын 45 төрлөөр өрсөлдөж анх удаа Олимпийн жишгээр наадмын эрх авсан 1920 тамирчин оролцож байгаа ажээ. Наадмыг МҮОНТ, NTV, Star TV, TM телевизээр шууд дамжуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “АПУ” ХК, “Хасу мегаватт”, “Дашваанжил” зэрэг үндэсний компани ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Төрөөс биеийн тамир, спортоор дамжуулж хүүхэд, залуучуудад бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгох, спортоор хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, өсвөрийн тамирчдын амжилтыг дээшлүүлэх, ур чадварыг сайжруулах, тэдний дунд шинэ спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилготой ажээ.
Тэмцээний үеэр зарим тамирчин болон Эрүүл мэнд, спортын дэд сайдын сэтгэгдлээс хуваалцсан юм.
Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.БОЛДБААТАР:
-Биеийн тамир, спортын тухай хуулиар энэ наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ жилийнх улсын хэмжээнд болж байгаагүй, Олон улсад тэмцээн уралдаан зохион байгуулдаг стандартад нийцсэн Олимпийн жишгээр зохион байгуулсан наадамд анх удаа олон хүүхэд цуглаж уралдаж байна. Өмнө нь улсын аваргад түрүүлсэн хүүхэд их наадмын аварга гэж явдаг байсан. Бамбар асаасан нь анхны тохиолдол. Олон улсын стандартын дагуу аймаг, дүүрэг бүр өөрийнхөө нэрийн дор жагсч орж ирсэн. Төр, засгаас ч их анхаарч байна. Манайх парламентын засаглалтай улс болохоор УИХ-ын дарга өөрөө ирж нээлтийг нь хийлээ.
Дараагийн олон улсын уралдаан тэмцээнийг зохион байгуулахад манай багш, дасгалжуулагчид, төрийн байгууллага, спортын холбоод нэлээд туршлага сууж байгаа юм. Саяхан багийн спортыг дэмжих талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Энэ зарлиг хүүдүүдэд дэм өгч байна. Багийн спортын хөгжил манайд муу байсан. Их наадамд оролцож буй өсвөрийн тамирчид 2020 оны Токиогийн зуны Олимпийн наадамд Монгол Улсыг төлөөлөх ирээдүйн үндэсний шигшээ багийн гол төлөөлөгч, ирээдүйд тив, дэлхийд нэрээ дуурсгах одууд болно гэдэгт итгэж байна.
Дархан-Уул аймаг Г.ЭНХЦОЛМОН:
-Багш нартайгаа нийлээд 18-уулаа ирсэн. Хөнгөн атлетикийн 100, 400, 800 метрийн гүйлт, уртын харайлт, бөөрөнцөг гэсэн төрлөөр оролцож байна. Би 200, 400 метрийн гүйлт, хоёр буухайнд гүйж байгаа. Манайхан их наадамд анх удаа оролцож байна. Энэ спортоор дөрвөн жил хичээллэж байна. Манай хөлбөмбөгийн баг алтан медаль авсан. Аймгууд дотроо нэгд явж байгаа. Энэ оны хаврын улсын аваргаас 200, 400 метрт мөнгө, 100, 400-гийн буухайд алтан медаль авсан. Мөн Орос, Монгол, Хятадын хамтарсан “Монгол туургатан” хүүхдийн их наадамд 400 метрт гүйж алт, багаараа 400-гийн буухайд мөнгөн медаль авсан.
Архангай аймаг Б.ТҮВШИНСАНАА:
-100, 200 метрийн зайд гүйсэн. Эхэндээ жаахан сандарсан ч гайгүй ээ. Энэ наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ жилийнх өмнөх наадмаас мошш зохион байгуулалттай болжээ.
Төв аймаг Г.ТЭМҮҮЛЭН:

-Хүүхдийн тавдугаар их наадамд анх удаагаа оролцож байна. 400 метрийн зайн гүйлтэд уралдана.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


