Ч.ГАНТУЛГА
Дэлхийн талыг морин дэл дээрээс эзэлж, Их эзэн Чингис хааны удам гэдгээ тусгаар тогтнолоороо тамгалсан Монгол Улсын торгон хил амар амгалан байна. Эх орны мөнхийн харуул болж, хилийн зурвасаа алтан амиараа хамгаалж, зогсох хилчдийн хийморь ч өөдөө байна. Монголын тал нутагт намар ирж, өвсний толгой шарласан үед Монгол Улсын хязгаар бүрээс эр зориг, авьяас чадвараараа шалгарсан хилчид шилдгээ тодрууллаа. Монголд орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 82 жилийн ой тохиож буй эдгээр өдрүүдэд тэд алдаа оноо, амжилт бүтээлээ ийн дүгнэсэн юм. Төв аймгийн Баянчандмань сумын сургалт бэлтгэлийн төвд 50 гаруй хилчин дөрвөн өдрийн турш авхаалж самбаа, авьяас чадвар, онолын мэдлэгээрээ өрсөлдлөө.
[caption id="attachment_21033" align="aligncenter" width="600"]
Манай сурвалжлах баг эмэгтэй ахлагчдын марш тактикийн тэмцээнтэй зэрэгцэн дөрөө мултлав. Бүсгүй хүнийг эмзэг турьхан, энхрий зөөлнөөр л төсөөлж явлаа. Гэвч даргаасаа үүрэг авч, дөрвөн кг жинтэй буу мөрлөөд, гранат шидэж, уулын өөдөө гүйхийг хараад дуу алдахгүй байж чадсангүй. Хилийн манаанд зогсох нөхрийнхөө араас цайныхаа дээжийг өргөж, эх орныхоо энх тайвны төлөө залбиран мөргөх бүсгүй тавиланг дүрэмт хувцас, өргөсөн тангаргаараа чимсэн 29 бүсгүй энэ өдөр үүрэг авч, гараанаас гарсан юм. Тэдний дунд дөнгөж 20 гаруйхан настай залуухан ахлагчаас эхлээд, хал үзэж хашир суусан ахмад хилчид ч өрсөлдөж харагдана лээ. Бэлтгэл сургалтын төвийн уулын бэлийг тойруулаад 10 цэг бэлджээ. Бүсгүйчүүд эдгээр цэгт очиж, үүрэг биелүүлнэ. Тэд нийт зургаан км-ийг туулах бөгөөд цэг бүр амь өрссөн, тэсвэр хатуужил шаардсан босго өндөртэй гэдгээрээ онцлог. Тамирчин гараанаас гарахын өмнө даргадаа илтгэж, хувцас болон зэвсгийн бүрэн бүтэн байдлыг шалгуулна. Үүнээс гадна гааз эсэргүүцэгч, нус хөлсний алчуур, сам, хутга, бууг биедээ авч явах ёстой. Тэмцээний салхийг 0245 дугаар ангийн ахлагч П.Ганчимэг хагаллаа. Бүсгүйчүүдийн эхний зогсоол гранатын цэг.
ТЭВЧЭЭР ШАЛГАСАН ТАКТИКИЙН ЦЭГ
Дайсныг хөнөөх хамгийн шилмэл арга бол гранат шидэх. Цэрэг, армийнхан энэ аргыг төгс эзэмшвэл нэг шидэлтээр салаа цэргийг ч устгах боломжтой аж. Цэгт хүний толгой харагдахуйц гүн нүх ухчээ. Эндээс бүсгүйчүүд гурван цэгт гранат шидэж онох ёстой. Гэвч эхний тамирчин нэг цэг оносноор тус цэгээс хоёр минутын торгуултайгаар гарсан юм. Харин дараагийнх саадын зурвас. Энд замд тээгэлдэж болохуйц энгийн саадуудыг бэлдсэн байв. Тамирчин харайж, мөлхөж болохуйц юм. Харин дээшээ авирах, торон дээгүүр гүйх зэргийг эрэгтэй ахлагч нарт бэлдсэн аж. Энэ цэгээс цааш мөрийн цэгийг даваад буудлагын цэгт очно. Бүсгүйчүүд энэ цэгт эрчүүдээс дутахгүй гэдгээ харуулж байв. Бууг энгийн бид мөрлөх гэсэн боловч дийлэхгүй байв. Харин тамирчин бүсгүйчүүд 40 секундэд есөн сум тавих бөгөөд зөвхөн нэг байрлалаас биш хэвтээ, босоо, суугаа гэсэн байрлалуудаар ангилжээ. Зайны хувьд 50, 75, 100 метрт цэц мэргэнээ сорилоо. Энэ үед тус цэгт Говь-Алтай аймгийн 0214 дүгээр ангийн тамирчин Б.Мөнхтуяа үүрэг биелүүлэхээр ирж таарсан бөгөөд тэрээр “Буудах үед буу тийрэлт өгдөг учир үүнээс өөрийгөө хамгаалахын тулд буудлагын зөв техникийг сурах ёстой” гэв. Эдгээр цэгээс хамгийн хэцүү тэвчээр, хүч шаардах нь тактикийн цэг аж. 50 газарт 50 см-ийн өндөртэй төмөр тороор байлдагч бүсгүйчүүд мөлхөж гарна. Мөлхөхдөө төмөр сараалжинд хөл гар, малгайгаа хүргэж болохгүй. Тэгвэл минутын торгуультай. Энд л эмэгтэй хүний сэтгэлийн тэнхээ, хатуужил илүү тод харагдсан. Мөлхөхөд хоёр гарын булчин илүү ажилладаг тул амархан сульдаж байгаа нь ажиглагдав. Гэвч тангараг өргөж гарсан бүсгүйчүүд замын дундаас буцалгүй, хөлс, нулимсаа дуслуулан байж замаа туулж байгааг нь харахад сэтгэл өвдөм ч бахархмаар байлаа.
[caption id="attachment_21032" align="aligncenter" width="600"]
ЗУРГААН САРТАЙ ОХИНТОЙГОО ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ИРЖЭЭ
Энэ удаагийн тэмцээн 12 жилийн дараа болж байгаагаараа онцлог. Тиймээс бүс нутгаасаа шалгаран тэмцээнд оролцоод, бариандаа орно гэдэг хамгийн том амжилт аж. Бүсгүй хүнд ахдам тэсвэр тэвчээр гаргаж, эр зоригийг үзүүлсэн хилчин бүсгүйчүүдийн дунд зургаан сартай охиноо тэврээд ирсэн Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангийн ахлагч н.Аззаяа аргагүй онцгой байсан. Амаржаад удаагүй бүсгүй хүний бие, сэтгэл ямар байдаг билээ. Албандаа зүтгэх болоогүй турьхан бүсгүй эх орон, торгон хилийнхээ төлөө өргөсөн тангаргаа биелүүлэхээр сэтгэл шулууджээ. Бяцхан охин нь нүүр дүүрэн инээмсэглэж, ээждээ амжилт хүсэх шиг. Охиноо орхиод гарах бүсгүйн сэтгэл догдолж, улам эрч хүчтэйгээр барианаас гарсан юм. Тэрээр бүх цэгүүдийг амжилттай туулж, хөнөөлийн голомтод хүрч бэртэл авсан хүнд чиг тавьж боон, галын шугамаас 30 кг жинтэй зэвсэг зөөж холдууллаа. Мөн холбооны цэгт хүрч, төвтэй амжилттай холбоо тогтоогоод, тусгай бэлтгэсэн хананд хутга шидэж оноод, цааш техникийн цэг рүү гүйв. Тэр цэгт бүсгүйг бүхээгтэй том машин хүлээж буй. Машинаар чигээрээ 100 метр явж зогсоод, байр зүйн цэгийг амжилттай дайрч, хамгийн сүүлчийн цэг болох хорт утааны байршил руу ирлээ. Энд зориулалтын майханд утаа тавьжээ. Тамирчин бүсгүй хорт утааны баг зүүж майхан руу орж, хоёр минут болох ёстой. Энэ хугацаанд даргын тушаалаар хорт утааны багныхаа хоолойг солино. Хэрэв энэ үед амьсгал авбал хордох аюултай аж. Гэвч ахлагч н.Аззаяа үүрэг бүхнээ амжилттай биелүүлээд барианы зүг гүйсэн юм. Тамирчдыг барианд орохоос өмнө хүндэтгэлийн марш эгшиглэнэ. Энэ аялгууг сонсох тамирчдын хөл нь хөнгөрч, хэдий ядарсан ч барианыхаа зүг тэмүүлэх юм.Үүний адил сэтгэл нь цэлмэж, нялхарсан н.Аззаяа бүсгүй ч охиндоо яаран тэмүүлж явна. Барианд амжилттай орсныхоо дараа охиноо бодоод хоёр хөлөө зөөж байлаа хэмээн уйлах эх хүнийг хараад бүсгүй хүний хатан ухаан, хатуужил тэвчээрийг бахдаж сууснаа нуух юун.
БҮЖИГЧИН БҮСГҮЙ ТҮРҮҮЛЭВ
Бүсгүйчүүдээс гадна гэрээт хилчид болон эрэгтэй ахлагч нарын өрсөлдөөнөөр марш тактикийн тэмцээн үргэлжилсэн юм. Гэрээтүүд 12 км-ийн зайнд өрсөлдсөн бол эрэгтэй ахлагч нар 13 км замыг тууллаа. Тэдэнд 13 цэг бэлджээ. Үүнээс байгалийн гурван саад цэг хамгийн сонирхолтой юм. Уулын толгой ороож, үүрэг гүйцэтгэх эрчүүд хоёр арлыг холбосон олсоор зүүгдэж гарах аж. Гар алдахад жалга руу унах аюултай даалгаврыг хилчид чадмаг биелүүлсэн. Цааш гар түрникээр дамжиж, бэхэлгээгүй дүүжин гүүр давснаар энэ даалгавар дуусна. Эрчүүд бүсгүйчүүдийг бодвол барианд ядарсан шинжгүй орж ирсэн. Тэмцээний дүн гарахад эмэгтэй ахлагч нарын төрөлд 0253 дугаар анги буюу Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин М.Баярмаа түрүүлсэн нь сонирхол татсан. Урлагийн бүсгүй тэсвэр тэвчээр шаардсан энэ хүнд замыг туулж түрүүллээ гэхэд бахархам байлаа. Тэрээр өмнө нь таван удаа марш тактикийн тэмцээнд оролцсон туршлагатай аж. Харин гэрээт хилчдээс 0303 тусгай салбарын ахлагч н.Мөнхбадрал шалгарлаа. Харин эрэгтэй ахлагчдаас тус салбарын тамирчин Б.Мөнх-од тэргүүлж, дэслэгч цолоор шагнуулсан юм. Авхаалж самбаа, эр зориг, мэдлэг боловсрол тэгширсэн ийм л азтай, одтой, хилчдээр хамгаалуулж байгаа учир Монголын хил үргэлж дархан байх биз ээ.