Ж.ЦОГЗОЛМАА
Энэ орчлонд хүний заяаг олж төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтоохтой адил ховор хувь төөрөг гэдэг. Эхийн хэвлийгээс ертөнц дахинтай мэндэлж анхны дуугаа хадаан амьтай бүхэнд өөрийгөө тунхаглах шинэ хүнийг хайр энэрлээр угтан авах хамгийн хүндтэй үүрэг нь эх баригчдад ногддог. Есөн сарын турш биеэ хувааж, ариун хэвлийдээ үрээ тээсэн эх хүний амьдралын хамаг утга учир ганцхан хоромд шийдэгддэг болохоор амаржих хийгээд эх барих нь үгээр илэрхийлэхийн аргагүй мөч билээ.
Энэ л хүндтэй мэргэжлийг эзэмшиж, олон зуун хүүхдийн хүйн эх болсон, III амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч, тасгийн эрхлэгч Я.Отгонбаярыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Тэрээр долоон мянга орчим хүүхдийн хүйн ээж юм. 1990 оноос Увсын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт ажиллаж, III амаржих газарт найм дахь жилдээ ажиллаж байна. Цаг, минутаар хэмжигддэг түүний албанд завсарлага гэж байхгүй болохоор сурвалжлага хийхээр очиход эгэл хорвоод яарсан шинэ зочноо угтах гээд завгүй байхтай нь таарав. Эх, хүүхэд хоёр элдэв хүндрэлгүй эсэн мэнд амаржсан аз жаргалтай учралын нэгэн гэрч болсондоо миний бие ч бэлгэшээж, баярласнаа нуух юун.
ЭМЧЭЭС ӨӨР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИНЭ ГЭЖ ТӨСӨӨЛЖ ЯВСАНГҮЙ
Я.Отгонбаяр Увс аймгийн Тэс сумын уугуул. Хэн хүнгүй л мэднэ дээ, Увсынхан гэхээр өндөр биетэй, том алаг нүдээрээ ялгардаг тэр л шинж чанар сурвалжлагын баатрын маань төрх. Тэнд өвөлдөө хасах 50 хэм хүрч хүйтэрдэг бол зундаа бараг 40 хэм болох нь гэмээр хална. Ийм болохоор аливаад хурдан дасан зохицдог, оновчтой шийдвэрийг удаалгүй гаргадаг гээд уугуул ардын зан чанар Я.Отгонбаярын мэргэжилд шингээстэй.
Тэрээр 12 хүүхэдтэй айлын дунд охин. Дээрээ зургаан ахтай. Багаасаа эмч болохыг хүссэн болохоор малын эмч ахынхаа чагнуурыг барьж тоглодог байж. “Миний чин хүсэл эмч болох байсан. Энэ мэргэжил хэчнээн хүнд, хэцүү ч би ядарч байна, цөхөрч байна, больё гэж хэлж үзээгүй, тэгж бодож ч байгаагүй” хэмээн ярив. Багаасаа л ээж, аав нь өвдвөл хамгийн түрүүнд санаа тавьж, эмчлэх хүн нь өөрөө гэдгийг мэдэрч өссөн болохоор өөр ажил албын тухай төсөөлөөгүй явжээ. Тэгээд ч эх баригчийн мэргэжил хариуцлага өндөр, нэгэн гэр бүлийн арван сарын хөдөлмөр, цаашлаад насан туршийнх нь аз жаргал, хүсэл мөрөөдлийг амьдралын алтан хэлхээст залгуулах болохоор алдах эрх үгүй. “Бидний өчүүхэн алдаа тухайн гэр бүлийн бүх амьдралд нөлөөлөх учраас бид алдаж болохгүй, алдах эрхгүй хүмүүс. Тийм болохоор амаржих гээд ирсэн эх бүхнийг дүү шигээ, охин шигээ л харж, ханддаг” гэж тэрээр ярьсан юм.
Биднийг III амаржих газарт очиход нийтлэлийн маань баатар жижүүртэй байсан бөгөөд маргааш нь өдөржин албаа гүйцэтгэх үүрэгтэй байв. “Өнөө өглөө би 08.00 цагт ажил дээрээ ирлээ. Маргааш 12.00 цагт бууна. Энэ хооронд хүн бүрт хүрч ажиллахыг хүсдэг. Алдаа эндэгдэлгүй, эх үрсийг эсэн мэнд амаржуулах гэж хичээдэг дээ” гэж ярилаа. Өнөөдрийн байдлаар III амаржих газар 45 ортой ч ачааллаа хоёр дахин хэтрүүлээд 80-90 эхэд үйлчилж байгаа юм. Харин шөнөжин ажиллах жижүүрийнхэнд 90 хүн ногддог аж.
Тэрээр 1986 онд наймдугаар ангиа төгсгөөд эх барихын техникум төгссөн. Дараа нь мэргэжлээрээ ажиллаж байгаад ЭМШУИС-ийг төгсчээ. Түүний ажлын анхны талбар Партизаны Сангийн аж ахуйн оюутан охиныг эх барьснаар эхэлсэн юм. “Юу болсныг ч би өөрөө ойлгоогүй. Их л сандарсан. Дараа нь гэнэт хүмүүс баярлаад, баяр хүргэж байсан” хэмээн тэрээр мэргэжлээрээ ажилласан анхны мөчөө хуваалцсан юм. Тухайн үед Я.Отгонбаяр дөрөвдүгээр курсын оюутан байжээ. Тэр үеийн сургалтын чанар өндөр байсан учир төгссөн хүүхдүүд нь ажил дээр гараад түүртдэггүй байжээ.
Түүний ажлын гараа Увсын нэгдсэн эмнэлгээс эхэллээ. “Энэ мэргэжлээр өдий зэрэгтэй ажиллаж байгаа маань Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хамт олны минь ач буян юм. Тэгэхэд жижүүр эмч тасгийн дунд ажиллаад явчихна. Эх баригч өөрөө бүх ажлаа хийдэг байлаа. Тэндээс л их зүйл сурсан маань өнөөдрийн ажлын маань гол чиг шугам болж байна” гэж эмч маань хэллээ. Мөн “Би өмнөхөө үргэлж бодож амьдардаг, бас талархдаг. Би чадчихлаа гэж бодож явсангүй. Харин надад зааж сургасан тэр олон багш нарын ач гавьяа юм гэж залбирч явдаг юм. Хамт олондоо, ахмад эмч нартаа талархдаг. Цаашдаа ч сурах зүйл их байна” гэлээ.
ЭЭЖИЙНХЭЭ ҮЛДЭЭСЭН ЭДЛЭЛИЙГ НАНДИН ШҮТЭЭН МЭТ ХАДГАЛДАГ
Есөн хүү, гурван охинтой Янживынх хэмээх их айлын нэгэн гишүүн нь Отгонбаяр. Аав нь айлын ганц хүү байсан бөгөөд ертөнцийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байгаа гэнэ. 84 нас зооглож, таван үеэ үзэж, 80 гаруй ач, зээ, жичээ үзсэн буянтай буурал байжээ. Есийн есөн хүүг томоотой, хүмүүжилтэй өсгөнө гэдэг эцэг хүний ноён нуруу, уужуу ухаанаас эхтэй. Тиймдээ ч энэ айл нутаг усандаа хүүхдүүдийнхээ хүмүүжлээр алдартай. “Манайх есөн хүүтэй гэхэд чимээ шуугиангүй нам гүмхэн айл байсан. Гэхдээ аав маань бидэнд гар хүрч үзээгүй. Их зөөлөн хүн байсан. Гэлээ гээд биднийг үгээрээ урамшуулж, харцаараа хүмүүжүүлсэн дээ” хэмээн Я.Отгонбаяр ярилаа. Хүүхдүүдийнхээ идэх хоол, өмсөх хувцсыг дутаахгүй гэхдээ завгүй амьдарсан энэ хүний хүчинд 12 хүүхэд нь хүний дайтай хүн, нийгэмд байр сууриа эзэлсэн сэхээтнүүд болсон нь энэ. Ямартаа л социализмын хэцүү бэрх үед ОХУ-д хоёр ч хүүхдээ сургасан нь энэ эцгийн хэчнээн самбаатай хүн явсныг хэлээд өгч байлаа.
“Миний аав хэзээ ч надаас “Чи чадах уу” гэж асууж байгаагүй, харин “Миний охин чадна, миний охиноос өөр хэн чадахав” гэж үргэлж урам өгч, хурцалж явсан даа” хэмээн хэлэхдээ эмч бүсгүйн нүдэнд нулимс цийлэлзээд ирсэн юм. Аавынхаа энэ л үгийг өдөр бүр бодож, урамшиж яваа нь энэ. Тэрээр сүүлийн долоон жилийг аавтайгаа үджээ. Жижүүрлэж хоноод орой гэртээ ирэхэд аав нь халуун цай, хоол хийчихсэн угтана. Ингэхдээ “За, эхчүүд нь сайн уу, хүүхдүүд нь бүгд сайн биз дээ” гэсээр амаржсан эх, үрсэд санаа зовсоор угтдаг байж. Амралтын өдөр, Цагаан сар, хүүхдийн баяраар ч жижүүрлэж хонох нь энүүхэнд болохоор ар гэр, хань ижил нь андахгүй ойлгоно.
Түүний ээж Мөнхөө нутаг усандаа сайхан цай, хоолоороо алдартай нэгэн байв. Аав нь харцаараа хүүхдүүдээ хүмүүжүүлдэг бол ээж нь цаанаа л намбатай амьдралын ухаанаараа ухаажуулж өсгөжээ. Өдгөө энэ хоёр буурай хоёул ертөнцөөс халин одсон ч үр хүүхдэдээ үлдээсэн өв, хүмүүжил нь насан туршийн оюуны хөрөнгө болжээ. Есөн бэрийг эв түнжинтэй байлгана гэдэг эх хүний хатан ухаан. Хамгийн том ахынх нь эхнэр тэднийд 16-тайдаа бэр болж ирснээс авахуулаад л охин шигээ өсгөсөн нь энэ өнөр бүлийг халуун дулаан уур амьсгалаар тэтгэсээр иржээ.
“Манай нутгийнхан цай сайтай шүү дээ. Ялангуяа, ээжийн чанасан цайг гүйцэх цай амссангүй. Ээж минь гийчин ирэх бүрт цай чанана. Халуунд хална гэж цааргалахгүй, хоол ундтай угтдаг сайхан хүн байлаа. Би яаж ч хичээгээд ээжийн хийсэн лапшаг гүйцэхээр хоол хийж чадахгүй л явна” гэсэн юм. Цаанаа л өвөрмөц ээжийн үнэр, цаанаа л дулаахан ээжийн гар, нойрмог зүүднээс үнсэж сэрээдэг зөөлөн уруул, хэчнээн оройтож очсон ч аягатай хоолоо хөргөхгүй гэж хүлээж суудаг жаахан ижийгээ эрхгүй санасан тэр л мөч яах аргагүй нялх балчир насанд биднийг хүргээд өгсөн мэт байв.
“Эмээгийн хийсэн шиг сайхан ааруул дахиад идмээр байна” гэж охин нь нэхэхэд амьд ахуйд нь мэдрээгүй тэр л их хайр, сэтгэл гаргаж хийсэн бүхний үнэ цэнийг нь ухаарсан хэмээн Я.Отгонбаяр хэлж байна. Түүнд ээжийнх нь хийж өгсөн тэрлэг бий. Хайрлаж, нандигнахдаа өмсөхийг урьтал болголгүй хадгалжээ. Бас ээжийнхээ хамгийн сүүлд өмсч байсан дан дээлийг нь ч хадгалжээ. Охин хүүхэддээ гээд үлдээсэн элдэв үнэт эдлэлийг нь зүүхээсээ илүү нандин шүтээн мэт санаж дээдэлсэн байна. Өглөө бүр цайныхаа дээжийг өргөхдөө ээжийгээ ундаалсан юм шиг уужирдгаа тэрээр хуваалцлаа. “Ээж минь намайг тэнгэрээс харж байгаа. Би ээждээ “Ээж ээ, би таныхаа захиасыг биелүүлж яваа шүү. Охин нь олон хүүхдийн хүйн ээж болсон. Захиас даалгаврыг тань бүгдийг биелүүлнэ ээ” гэж хэлнэ” хэмээн нойтон сормуус дороосоо жаахан ижийгээ хайж ядсан харцаа нуун байж тэрээр өгүүлсэн юм.
ОХИН МИНЬ ЭМЧ БОЛОХООС ТАТГАЛЗЛАА
Нийтлэлийн баатар маань 1994 онд эх болж охиноо төрүүлжээ. “Их л өвдсөн дөө. Ер нь над шиг тэгж айхтар өвдсөн хүн байхгүй байх. Охиныг минь авчраад өгөхөд миний жижгэрүүлсэн хувилбарыг өлгийдчихсөн юм шиг үнэхээр хөөрхөн байж билээ” хэмээн тэрээр ярив. Олон хүүхдийн хүйн ээж болсон ч гэлээ өөрөө амаржиж эх болохын цагт хүүхдээ тэвэрч, угаахдаа хүртэл айж, сандраад ирснээ бас нуусангүй. Үрээ төрүүлэх гээд тэр их өвдөлтийг мэдэрч байхдаа 12 хүүхдийг тээж төрүүлсэн ижийгээ эрхгүй ихээр өрөвдөж, хайрлажээ. “Би ганц хүүхэд төрүүлэх гэж тэгж их зовж байхад ээж минь биднийг яаж төрүүлсэн юм бол доо гэж үнэхээр их хайрладаг юм билээ” гэлээ.
Охиноо эмч бол гэж тэрээр зөвлөжээ. Гэвч татгалзсан хариу сонссон байна. Я.Отгонбаярын мэдэрч буй ажлын амт, чин хүсэл, аз жаргалыг охин нь ойлгохгүй, тэгээд ч төрсөн өдрөөр нь ч эзгүй байх тохиолдол энүүхэнд болохоор ийн шийдсэн хэрэг.
“ГАНГАН ЧАГНУУР, ӨНГӨЛӨГ ҮЗГЭЭР ГОЁНО ДОО”
Ер нь ажаад байхад эмч бүсгүйчүүд тогос шиг гоёод явж байх нь ховор юм. Мэргэжлийн орчин нь үргэлж л маск, малгай, ариутгалын саван, бээлийгээр “үргэлжилдэг” болохоор тэр биз.
Я.Отгонбаяр ч будаж, гангалах завгүй эмч нарын нэг. “Эмч нар гоёж гоодоод явах завгүй шүү дээ. Цагаан нөмрөг, ганган чагнуур, өнгөлөг үзгээрээ л гоёдог юм даа” хэмээн хэлэхдээ инээв. Эмнэлгийн орчин цаанаа өвөрмөц үнэртэй, тэгээд ч тэр нь биед шингэчих гээд байдаг учраас сүрчиг хэрэглэх нь дөхөмтэй санагддаг аж. Харин үс, зүсээрээ гангалахын тухайд хэлэх ч юм биш. Хагалгаанд орох болбол малгай өмсөнө, маск, нүдний шил зүүнэ. Тэгэхээр үсээ янзалж, нүд, сормуусаа будах тухай бодох ч хэрэггүй юм. “Ээж аав минь багаас л нүүрээ эрт будаж болохгүй гэж сургасан. Ер нь залуу хүнийг нас нь гоёдог гэдэг дээ” гэсээр өвчтөнүүдийнхээ түүхийг нэгтгэсэн дэвтрийг уншиж суулаа. Эх баригч хүний ажил гадна төрхөө гоёж гоодохоосоо илүү эх, үрийг энх мэнд уулзуулах тохиол бүрээрээ сэтгэлээ “чимдэг” нь энэ ажээ.
ЭМЧ ХЭНИЙГ Ч ЯЛГАЖ, ТОЙРЧ ГАРДАГГҮЙ
Эмч нарыг хүсээгүй байхад гарах хүндрэлүүд бий. Цаашлаад ажил дээр золгүй тохиолдол гарвал тэнгэр нураад ирсэн юм шиг хамаг бүхэн үгүй болчих мэт гүн харуусал төрдгөө тэрээр нуусангүй. Бүсгүйчүүд өөрсдөдөө анхаарал муу тавиад, бэлгийн ариун цэвэр сахихгүй, хавсарсан эмгэгтэй яваад байвал хүсээгүй хүндрэл хаяанд байна. Тиймээс л хүндхэн эх, нярай ирвэл гэртээ харьсан ч тэднийгээ бодоостой өнждөгөө Я.Отгонбаяр хэлж байна. Ер нь ниймгийн бухимдал ихэссэнтэй холбоотой эмнэлгээр үйлчлүүлэхээр ирсэн хүмүүс ч бухимдалтай болсноос гомдол, санал бага сага гардгийг тэр хэллээ. Хүн өвдөж зовохоороо хамгийн түрүүнд эмнэлгийг, эмчийг зорьдог. Тийм атлаа бидний дунд эмчдээ итгэх итгэл, эмнэлэгтээ найдах найдлага шороотой хутгалдчихаад байгаагийн цаана сөхөх сэдэв мундахгүй юм. “Тухайн хүний сэтгэлд хүрэхгүй үйлчилгээ үзүүлсэнд нийгэм тэр чигтээ бухимдалтай хүлээж авдаг болсон байна. Бид чинь хүний төлөө тангарагтай юм болохоор өвдөөд ирсэн хэнийг ч тойрч гардаггүй шүү дээ. Хэчнээн ядарсан ч өвдөөд ирсэн хэн бүхэнд үйлчлээд л гаргаж байна” гэж Я.Отгонбаяр хэлсэн. Бүх хүний сэтгэл муудчихаагүй болохоор эмнэлгийн ажилтан, сувилагч нар бүгд л шаналж зовсон бүхэнд туслах гэж чадлаараа чармайдаг нь төрөх эмнэлгийн хэр их ачаалалтай байгаагаас харагддаг билээ. Ачаалал бүх л эмнэлэгт их байгаа. Тиймээс үзүүлэх гээд ирсэн таны өмнө танаас ч илүү их өвдөж байгаа хүн бий шүү гэдгийг санаад жаахан ч гэсэн хүлээцтэй байгаасай гэж эх баригч маань бас зөвлөж байна. “Үнэндээ хүн зөвхөн өөрийгөө л боддог. Энэ эмч намайг л үзэх ёстой гэж хардгаас биш өөрийнх нь өмнө хэчнээн хүн өвдөж зовоод ирснийг тунгааж боддоггүй. Тиймээс хүн бүр сэтгэлийн бэлтгэлтэй байх нь чухал шүү дээ. Тухайн эмч зав цагтайдаа таныг хүлээлгээд байгаа биш гэдгийг ойлгоосой” гэж тэр ярив.
Зөвхөн III амаржих газрын хувьд гэхэд хүлээн авахын эмчид өдөрт 80-90 хүн үзүүлдэг. Тэр хүний ачаалал ийм их байлаа ч аль болохоор хүртээмжтэй үйлчлэхийг хичээгээд ч нийгэм үүнийг бухимдалтай хүлээн авсан хэвээр байна. “Төрөхийн ачаалал их байна гэхэд хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, ясли, сургууль хаана байна гээд хар даа. Нийгмийн бухимдал үүсээд байгаагийн учир энэ шүү дээ. Яахав, бид тухайн эхийг төрүүлээд нэг хонуулаад л гаргачихна. Гэртээ гарчихаад тэр хүүхэд өвдлөө гэхэд хүүхдийн эмнэлэг нь хэд билээ, хэр хүрэлцээтэй билээ гэдгээс эхлээд сэтгэл эмзэглүүлсэн зүйл олон байна” хэмээн нийтлэлийн баатар маань бодлоо хуваалцаж байна. Иймд төрөх эмнэлгүүд, сургууль, цэцэрлэг, яслийн тоог нэмэхээс нааш нийгмийн бухимдал саарахгүй гэдгийг ч бас өгүүллээ.
ХҮҮХЭД БҮР ХҮССЭН ЖИРЭМСЛЭЛТЭЭС ТӨРӨӨСЭЙ
Сүүлийн нэг жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх, нялхастай холбоотой хар мэдээллүүд бараг л өдөр өнжилгүй цацагдсан. Ийм болохоор нийгэм ч айдастай олон сарыг үдлээ. Тэндээс тийм нярай олдлоо, тэр эмнэлэгт тийм эхийг хүлээж аваагүй байна, гэртээ амаржжээ гээд л энэ төрлийн мэдээ одоо ч хөвөрсөөр байна. Төрүүлсэн үрээ хөсөр хаях хатуу сэтгэл эх хүн бүрт байхгүй нь мэдээж. Олон хүүхэд төрүүлж, тэднийхээ сайн сайхны төлөө хамаг бүхнээ зориулж яваа эхчүүд хатуу сэтгэлтнүүдээс хамаагүй олон бий. Иймд толботой ирээдүйг бий болгохгүй байх хатан ухаан нь эх хүн болох охид бүсгүйчүүдээс хамааралтай билээ. Хүсээгүй жирэмслэлт. Энэ л үг охид бүсгүйчүүдийн эрүүл мэндэд чимээгүй “дайн” зарлаж байна. Тэд янз бүрийн эм ууж, үр хөндүүлснээр эрүүл мэндээрээ хохирохоос гадна хамгийн аймшигтай нь дөнгөж бүрэлдэж буй амийг эмнэлгийн багажаар таслаж байна.
Өдөр бүр шинэ хүн тосч авдаг Я.Отгонбаярын хувьд дээр дурдсан “хүйтэн” өгүүлбэрүүдээс охид бүсгүйчүүлийг хол явахыг зөвлөж байна. Хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хамгаалж, нөхөн үржихүйн насандаа зөв шийдвэр гаргах эхлэл нь багаас нь эх болох боловсролыг олгоход оршино хэмээн тэрээр тайлбарлаж байгаа юм. Хэдэн настайдаа эх болвол эрүүл мэнд, эдийн засгийн хувьд боломжтой вэ гэдгийг их, дээд сургуулийн боловсрол эзэмшүүлдэг шиг системчлэн олгох нь ус агаар шиг чухал болсны дохио энэ юм.
Ахмадуудын хэлдгээр ёстой л эрх нь дэндчихсэн хүүхдүүд багш нарынхаа ч үгийг авахааргүй тийм их эрх чөлөөний “илүүдэл” дунд амьдарч байна. Ийм болохоор замбараагүй амьдралынх нь буруугүй буруутан болсон нялх үрээ хэвлийд нь хөнөөх, үүнээсээ болж өөрөө насан туршийн өвчин эмгэг тусах тохиолдол элбэг байгаад эх баригч маань гүн эмзэглэл тээж явдгаа нуусангүй. “Гаднаас муу мэдээлэл их авдаг шигээ эрүүл мэндийн мэдлэгийг бага авч байна” хэмээн тэр үүнийг тайлбарласан юм. Хүсээгүй жирэмслэлтээс үүдэн ургийн гажиг, элдэв өвчин гарах нь бий. Нууж хаасаар есөн сар тээсэн хүүхдийг хяналтын эмч огт үзээгүй болохоор эрхтэн бүтэн хүн гарна гэдгийг, ямар нэг суурь өвчин эхээс нь хүүхдэд дамжаагүй гэдгийг нотлох аргагүй болохоор ирээдүйг түшилцэх үрсийнхээ эрүүл мэндийн төлөө өнөөдрөөс гэр бүл бүр анхаарах учиртайг тэрээр сануулж байна.
Гаднаас нь харахад нэг их гоёж гоодсон сайхан эмэгтэй байвч үзлэг хийхэд эмзэглэхгүй байхын аргагүй өвчтэй, үрэвсэлтэй байх нь олон таардгийг хэлж байна. Эмэгтэй хүнийг илэрхийлдэг эрхтэнээ нүүр, гоо сайхандаа анхаардаг шигээ эрүүл, сайхан авч яваасай гэж тэрээр охид бүсгүйчүүдэд зөвлөж байна. Ядаж улиралдаа нэг удаа эмчид үзүүлдэг, эмчийн зөвлөгөөг дагадаг байх нь ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ. Эмэгтэй хүн өрх гэрийн толь болохоор эрүүл, өнгөлөг амьдралыг бий болгох алхам бүр тэднээс л шалтгаалж байна.
АНХНЫ ДУУГАА ХАДААХ ШИНЭ ХҮНЭЭС МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ЭХЭЛНЭ
Түүний амьдрал, ажлын урт замаар аялсны дараа сурвалжлагаа жаргаах цаг дөхлөө. Нярайн уйлах анхны дуунаар бүхнийг ертөнцөд зарласан торгон мөчид сэтгэлийн илч дулаан түгээдэг эмчийн завгүй ажлаар “зочиллоо”. Өрх гэрийн халамжит хань, аав ээжийнхээ захиасыг алдалгүй биелүүлж яваа Я.Отгонбаяр хэмээх энэ эгэл бүсгүйн сэтгэлийн харгуйг сонины хуудаснаа бүгдийг багтаан дүрслэхэд цаг хугацаа, үзэг цаас ч хүрэлцэхгүй нь мэдээж. “Та ээж боллоо. Би таны үргэлжлэл шүү” гэж бурхны бэлэг болон ижийдээ ирсэн зочин бүрийг угтах түүний завгүй ажилд бас хязгаар үгүй. “Миний мэргэжлийн гол зарчим бол тайван байх. Төрнө гэдэг чинь өвчин биш. Хүүхдээ гаргасны дараа зүгээр болчихдог учраас миний мэргэжил аз жаргалын хөдөлмөр юм” хэмээн тэрээр ярьсан юм. Аз жаргалын эхлэл болсон, сав ертөнцийн үргэлжлэл болсон эх, үрс эрүүл байг. Монголын үрс маш олон болох болтугай.