Д.ОДОНТУНГАЛАГ
Сэлэнгэ аймаг дахь Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газар нь Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, гадаадын иргэнд Монгол Улсад нэвтрэх виз олгох, сунгах, Монгол Улсын хил дээр нэвтрэх зорилгоо тодорхойлж чадаагүй, хөрөнгийн эх үүсвэргүй иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаах, Харьяа нутаг дэвсгэр дэх гадаадын иргэдэд хяналт тавих, Гадаадын иргэнд Монгол Улсад зорчих хувийн урилга олгох, Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэлд хасалт хийх зэрэг үүрэг бүхий газар юм. Мөн материалыг хүлээн авч Ерөнхий газарт шилжүүлэх, олон улсын болон төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар,Монгол Улсын иргэний харьяалалтай хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, Иргэн, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтээр гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар тухай лавлагаа гаргах, Хөдөлмөр эрхлэх гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, Гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авах, Монгол Улсаас албадан гаргах дүгнэлтийг Ерөнхий газар хүргүүлж шийдвэрлэх гэсэн үндсэн чиглэлтэйгээр ажиллаж байна.
Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу 2014 оны долдугаар сарын 01-ний өдрөөс Алтанбулаг боомтын үйл ажиллагаа 24 цагийн горимд шилжиж, шалгалтын үйл ажиллагааг дөрвөн ээлжээр зохион байгуулж байгаа. Тус боомтоор өдөрт дунджаар 1700-1800 зорчигч, 550-600 тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрдэг.
Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомт нь 24 цагийн үйл ажиллагаанд шилжин ажилласнаар зорчигч 57.2 хувь, тээврийн хэрэгсэл 49.1 хувь өсчээ. Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын болон харилцан визгүй зорчиж эхэлснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч 52.2 хувь, тээврийн хэрэгсэл 43.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор 2015 оны наймдугаар сарын байдлаар 76 орны 51030 зорчигч, өдөрт дунджаар 250-300 зорчигч, 10-12 зорчигчийн галт тэргийг шалган нэвтрүүлжээ. Мөн Сүхбаатар өртөөнд ачааны галт тэрэгний шалгалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд хоногт дунджаар 330-350 ачааны галт тэрэг, 12 зүтгүүрийг шалган нэвтрүүлж байгаа юм.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын тусламжаар “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем” байгуулах зорилгоор “Е-Immigration” төслийг хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна гэж боомтынхон ярьж байна. Уг төсөл хэрэгжсэнээр олон улсын жишигт нийцсэн техник техинологи ашиглаж шалган нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдэж байгаа ажээ. Мөн хилийн боомтоор нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн шалгалтад зарцуулах хугацааг бууруулж, бүртгэлийн нэгдсэн сантай болох, Гадаад иргэдийн Монгол Улсад нэвтэрсэн виз болон оршин суух хугацаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчлийг хянах, Зорчигч, тээврийн хэрэгслийн шалгалт, баримт бичгийн зөрчлийн илрүүлэлтийг хурууны хээ, фото зургийн ижилсүүлэлтийн нарийвчилсан програмаар илрүүлэх, Төмөр замын боомтод зөөврийн шалгалтын төхөөрөмжийг /mobile inspection/ ашигласнаар шалгалтын хугацааг багасгаж, түргэн шуурхай нэвтрүүлэх зэрэг давуу талууд бий болж байгаа ажээ. Мөн нөгөөтэйгүүр тус төслийн хамгийн гол үр дүн нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаад, дотоодын иргэдэд олон улсын жишигт нийцсэн шуурхай соёлтой үйлчилгээг үзүүлэх боломж бүрджээ.
Үйл ажиллагаа өргөжин, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр шалгагч албан хаагчдын ур чадвар өсч байгаа. Энэ үүднээс Алтанбулаг боомтын шалгагч нар олон улсын мэргэжилтнүүдийн туршлагаас судалж, ажил мэргэжилдээ ахиц дэвшлийг бий болгохоор “Хуурамч бичиг баримтын шалгалт ба аялалын бичиг баримтын нууцлал” сургалтанд хамрагдлаа. ОУХБ-ын Монгол Улсыг хариуцсан ажилтан Пар Лилжерт, Бээжин дэх Германы Элчин Сайдын Яамны бичиг баримтын зөвлөх,нислэгийн компани хариуцсан ажилтан Маркус Леймбак, Тайланд улсын мэргэжилтэн Софида Буунпраковсак нар баримт бичгийг шалгах журам, нууцлалын хэлбэрүүд, илрүүлэлтийн талаар жишээ баримттай хичээл орж, илтгэл, мэдээлэл, судалгаануудыг оролцогчдод танилцууллаа.