Монгол Улсын Соёлын гавьÿат зүтгэлтэн Сүрэнгийн Зэвсэг    

МАРТАХ АРГАГҮЙ ОЙ

Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн бай­гуул­лагын ажилтнууд, олон мянган уншигчид, үзэгчдийнхээ хамт Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглээд гуч гаруй хонож байна. Яг баярын өдөр манай ард­чилсан төр, засаг арваад телевиз, гуч гаруй сайтыг хааж олон зуун сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилт­нуу­дыг ажилгүй болгос­ныг эс тооцвол 100 жи­лийн ойн сайхан болсон. “Санхүүгийн хувьд мөн­хийн хомсдолд байдаг Мон­голын Сэтгүүлчдийн Эвлэлийн удирдлага чадах болохоороо зүтгэж 100 жилийнхээ ойг баярын хурлын илтгэлтэй, шагнал урамшил, медаль тэмдэг­тэй, элдэв ном судартай, бас “Их тэнгэр” цогцол­борт 100 граммгүй хүлээн авалттай ер нь юм юмтай л тэмдэглэлээ” хэмээн үзэг нэгт нөхөд маань ам сайтай байв. Их ойн цал­гисан баяр хөөр намдаж, угтуулан өрнүүлсэн их ажлын ядаргаа тайлагдаж байгаа биз. Аливаа ойг тэмдэглэхэд цаана нь үр дүн, хариуцлага, зорилго, бодлого байдаг болохоор бид 100 жилийн ойгоо амар­хан мартах аргагүй. Шинэ зууныхаа ажилд ороод л явж байгаа байх.

Ой тэмдэглэж хурал хийх, шагнаж урам­шуу­лах, одон медаль тараах нэг хэрэг. Харин туулсан замаа эргэн сайн харж сургамж авах, нухацтай дүгнэх, шинэ зуунд хийх ажил, хүрэх зорилтоо сай­тар бодож, онож тодор­хойлно гэдэг амин асуу­дал. Ой угтсан ажлын хү­рээнд манай судлаачид, эрдэмтэд, сэтгүүлчид 100 жилд туулсан замаа дүгнэн үзэж утга учиртай, углуур­га чансаатай нийтлэлүүд ч бичлээ. Доктор профессор Т.Баасансүрэн, доктор профессор М.Зулька­филь, доктор, профессор Л.Норовсамбуу, ахмад сэтгүүлч зохиолч Х.Занд­раа­байдий, доктор Ж.Бат­баатар, судлаач Ч.Чой­самба, залуу сэтгүүлч Э.Энэ­­рэл, яруу найрагч Н.Гантулга гээд олон хүн санал бодлоо илэрхийлж, уншигчдын хүртээл бол­гов. Хэвлэл мэдээл­лийн­хэн, сэтгүүлчид тэр бүх­нийг анхааралтай эргүүлж той­руулан харж, бодож бол­гоо­ход илүүдэхгүй байх.

 

БИДНИЙ ОНЦЛОГ, ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ

Монголын сэтгүүл зүйн хөгжил дэвшил, ололт амжилт, төлөвшил нь XX зууны хориод оноос ерээд оныг хамаарч байх шиг санагддаг. Чухамдаа үүсч, зүг чигээ олж хөгжсөөр өнөөдөр, хүрсэн үр дүн бүхний үндэс нь тэр л он жилүүдэд тавигдсан гэхэд нэг их хэтийдэхгүй байх. Үүнийг манай судлаачид ялангуяа сэтгүүл зүйн шүүмж судлаач доктор Т.Баасансүрэн нарын олон эрдэмтэд чамбай су­дал­жээ. Тэд манай сэтгүүл зүйн үүсэл, үндэс, ололт амжилт нь Д.Бодоо, Ж.Цэ­вээн, Д.Сүхбаатар, С.Буян­­­нэмэх, Д.На­цаг­дорж, Ц.Дамдинсүрэн, Г.Дэлэг, Өвгөөдэй Дам­дин­сүрэн, Б.Ринчэн, Ц.Намс­рай нарын мөн­хийн гавьяа хэмээн бараг нэгэн дуугаар онц­лон дүг­нэсэн байна. Тэдний араас Г.Жамц, Л.Түдэв, Х.Цэв­лээ, Д.Нямаа, Ц.Даш­­­дон­дов, С.Жамбал­дорж, Г.Дам­ба, Б.Лигдэн, Ц.Бал­дорж, До.Чулуун­баатар, Д.Сарангэрэл на­рын зүтгэлтнүүд зүй ёсоор орж таарна. Түүнчлэн Мон­голын хэвлэл мэдээл­лийн үе үеийн, шат шатны ажилтан ажиллагсад, ах­ма­дууд нэг үгээр хэлэхэд жирийн сэтгүүлчээс эх­лээд үсэг өрөгч, хянагч гээд ер нь тугалга “долоож” үзсэн бүх хүнийг бахархан дурсахаас аргагүй. Тэдний ач буянаар манай сэтгүүл зүй өнөөгийн төвшинд хүр­сэн. Нэг үгээр хэлэхэд мэргэжлийн сэтгүүл зүй болон хөгжиж Монголын онцлогтой үзэл баримтлал, практик онол, бүхэл бүтэн шинжлэх ухааны сургууль (школ) болж төлөвшсөн хэрэг. Тэгэхдээ манай сэтгүүл зүйн түүх, төлөв­шил, хөгжлийн онцлог нь Нэгдүгээрт: Практик сэт­гүүл зүй том жин дардаг. Энэ нь хөгжин өргөжиж өндөр боловсролтой, на­рийн мэргэжилтэй болов­сон хүчнээр хангагдаж улмаар мэргэжлийн сэт­гүүл зүй болж төлөвших үндэс болсон юм. Мон­голын мэргэжлийн сэт­гүүл зүйг 1960-аад онтой холбон үздэг. Тавь гаруй жилийн өмнө үндэсний сэтгүүлч мэргэжилтнийг дотоод, гадаадад дөнгөж бэлтгэж эхэлж байсан бол өнөөдөр хорь гаруй их дээд сургууль сэтгүүлч мэргэ­жилтэн бэлтгэдэг боллоо. Энэ бол тооны том хувь­сал.

Харин манай сэтгүүл зүйн үндсийг тавьж хөг­жүүлсэн Ж.Цэвээн, Д.Бо­доо, С.Буяннэмэх, ака­демич Ц.Дамдинсүрэн, Г.Дэлэг, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчэн, Ц.Дашням, Ц.Намс­рай, Л.Түдэв на­рын хүмүүсийн хэн нь ч гадаад дотоодын ямар нэг их дээд сургуулийг сэт­гүүлч мэргэжлээр төгсөө­гүй, ерөөсөө төрөлхийн заяамал төрмөл сэтгүүлчид байжээ. Энэ цаг үед ч гэ­сэн арай жаахан чийртэй, уншвартай, тулхтай нийт­лэл бичиж байгаа сэтгүүлч нийтлэлчид бараг цөмөө­рөө өөр өөр мэргэжлийн чухамдаа практикийн сэтгүүл­чид байгааг онцлон дурдмаар байна. Тэгэхээр сэтгүүлчийн ажил мэргэ­жил гэдэг хүнээс төрөл­хийн авъяас, заяамал төр­мөл чанарыг яах ч аргагүй шаарддаг аж. Хэн дуртай хүн жинхэнэ сэтгүүлч болж чаддаггүй, харин хэн ч сэтгүүлчийн үнэмлэх авч болдгийг өнөөгийн амьд­рал харуулсаар. Энэ бол манай сэтгүүл зүйн нэг онцлог яах аргагүй мөн. Ингэж хэлснээрээ би мэр­гэжлийн сэтгүүлчдийн бү­хэл бүтэн армийг үгүйс­гэж байгаа хэрэг биш гэд­гийг ажил мэргэжил нэг­тэй нөхөд минь болгоох биз ээ. Хоёрдугаарт: Ма­най ихэнх сэтгүүлчид, нэр­тэй том зохиолчид бай­даг бас нэг онцлог бий. Жишээ нь Ц.Дам­дин­сү­рэн, Б.Ринчэн, Л.Түдэв, Ч.Чимэд, Д.Нямаа, Ш.Сү­рэн­жав, С.Эрдэнэ, Б.Лхаг­васүрэн, П.Бадарч, Д.Цоо­дол, До.Цэнджав, Д.Төр­бат гэх мэт аварга зохиолч, яруу найрагчдыг том сэт­гүүлчид мөн гэхээс өөр яахав. “Нэг үе манай ра­дио телевиз, “Үнэн”, “За­луу­чуудын үнэн” сони­нуудад зохиолчид дүүрэн, бараг л зохиолчдын хороо шиг байсан. Зохиолчид зохиолоо л уянгалуулан бичнэ биз. Сэтгүүлчид зөвхөн мэдээ, сурвалж­лагаа бичих учиртай. Зо­хиолч, сэтгүүлч хоёрын хийдэг, бичдэг ажил тэс өөр” хэмээн зохиолчдыг жаахан адалсан шинжтэй үг зарим судлаачийн ам­наас унадаг. Энэ бол нэг их оносон шүүмжлэл биш. Чухамдаа мэргэжлийн яв­цуурал, нэг төрлийн туйлш­рал. Харин ч манай зохиолчид хөрвөх чадвар сайтай, хос морьтой дав­хидаг. Тал бүрийн авъ­яастай хүмүүс болохыг баталсан баримт гэлтэй. Одоо ч зохиолчид Мон­голын сэтгүүл зүйг тү­шилцэж өргөлцсөөр явна. Гуравдугаарт: Зарим хүн “Сонин хэвлэл со­циа­лизмын үед коммунист дэглэм, нэг намын үзэл суртлын зэвсэг болж бай­сан” гэж сүрхий бухимдан зүхдэг. Гэтэл яг тэр он жилүүдэд манай сэтгүүл зүй дүр төрхөө олж, бо­ловсорч төлөвшсөн гэвэл арай шударга, бодитой дүгнэлт болно байх. Энэ бол Монголын сэтгүүл зүйн өөр нэг онцлог. Эд­гээр онцлогийг манай ихэнх судлаачид, мэр­гэжилтнүүд хүлээн зөв­шөөрдөг төдийгүй гадны судлаачид ч онцлон ярьж бичдэг юм билээ. Со­циа­лизмын үед хэвлэл мэ­дээл­лийнхэн гартаа ба­ригд­саныг нийтэлж, сэт­гүүлч хүн санаанд орж, амандаа багтсаныг ярьж болдоггүй байсан нь үнэн. Энэ нь нэг талаар хяз­гаарлагдмал, баригдмал, хаагдмал байсан мэт ха­рагдавч нөгөө талаар тэр аяараа сахилга, хариуц­лага, чанар, үр дүн байв. Ингээд бодоход харин ч өмнөх тогтолцооны үед манай сэтгүүл зүй жин­хэнэ ёс зүйтэй, илүү хүн чанартай байсан гэж хэлж болмоор. Тэр цагт сэтгүүлч хүний бүтээл үнэн боди­той, зарчимч шударга, амжилт үр дүн, жинхэнэ сайн сайхан, баатарлаг явдал, гавьяат үйлс, том бодлого, том зорилгыг олон түмний хүртээл бол­гож мэдээлдэг, суртал­чилдаг үнэний дуу хоолой болж байсан гэдгийг онц­лон хэлмээр байна.

 

АЛХАМ УРАГШ, ХЭДЭН АЛХАМ ХОЙШ

Монголын сэтгүүл зүй нэгэн зууныг туулахдаа доктор Ж.Батбаатарын хэлсэнчлэн “... үүсч хөгж­сөн, уруудан доройтсон, өөдлөн мандсан”. Сүү­лийн хориод жилд манай сэтгүүл зүйн хөгжлийн шинэ үе эхэлсэн нь тодор­хой. Тэгэхдээ коммунист үзэл суртлаас ангижирс­наар их хөгжиж сайхан болсон мэтээр зарим суд­лаач, улс төрчид туйлшир­даг. Жирийн бичээч би бээр ийм дүгнэлттэй санал нийлдэггүйгээ шуудхан хэлье. Хамгийн гол нь манай сэтгүүл зүй нийг­мийн тогтолцоо өөрчлөгд­сөний ачаар сайн сайхан болоогүй. Харин орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт, техно­логийн дэвшил, мэдээл­лийн хэрэгслийн хөгжил, мэдээллийн их тэсрэлтийн энэ цаг үе Монголын сэт­гүүл зүйд хүчтэй нөлөөлж тооны хувьд том хувьсал, өөрчлөлт гарсан нь үнэн. Бас хэтэрхий задгайрч алдсан ч юм бий. Тэгэхээр энэ өөрчлөлт эерэг болоод  сөрөг үр дагаврыг зэрэг­цүүлэн тээж яваагаас сө­рөг тал хэт давамгайлж байгаа нь харамсалтай. Ерээд оны хувьсгалын буянаар коммунист даран­гуйллаас салсан Монго­лын сэтгүүл зүй эх адаг, зах замбараагаа алдаж, ёс зүй, хүн чанараа гээж, олсон амжилт, хүрсэн үр дүнгээсээ ухарч уруудан доройтож яваа нь өнөө­гийн бас нэг үнэн. Өнгөц­хөн харахад тооны хувьд ахиц гарч үй олон телевиз, богино долгионы радио, хар шар сонинцрууд шил шилээ даран бий болсон. Хоёр сая гаруй хүн амтай Монгол Улс өнөөдөр 200 гаруй (130-аад сая хүнтэй Япон ердөө 6, 23 сая хүн­тэй Австрали 2 теле­визтэй гэнэ билээ. “ӨС” 2013.03.13. ¹65) телевиз­тэй, хэдэн зуун сонинтой гээд бодоход манайд туйлш­рал ямар байдлаар явдгийг харуулж байна. Энэ бол ахиц дэвшил гэхээ­сээ илүү хийрхэл завхрал юм. Ер нь Монголд жижиг том ямар ч асуу­далд бодлого алдагдаж замарч завхардгийн наад захын баримт энэ. Зөвхөн сонин, телевизээр жишээ аван тэмдэглэхэд үзүүлж байгаа үзүүлбэр, хэвлэж буй мэдээ мэдээллийн агуулга, ач холбогдол дэн­дүү доройтсон нь хэн бү­хэнд тод байгаа. Үсрэнгүй “дэвшил, хөгжил” авчир­сан сүүлийн хорь гаруй жилд зах хязгааргүй архи­далт, садар самуун явдал, хар тамхи, хүний наймаа гээд хорвоогийн муу муу­хай бүхэн Монголд хуран цуглаж, хунгарлан бэх­жиж нийгмийг бүхэлд нь бузарлан бохирдууллаа. Энэ бүхнийг харж сэтгэл нь самуурч, цөс нь хөөр­сөн сэтгүүлчид санаанд орж, аманд багтсанаа би­чиж, хулгай дээрэм, ал­лага хядлага, садар са­муун, хүчирхийллийг ар­гач­лан сурталдаж, дуу хоолойгоо нийлүүлэн ярьж байна. Дээр нь “Улс орон хөгжиж байна. Ард түмний аж амьдрал дээ­шиллээ. Хүний эрх, эрх чөлөө гоё боллоо” гэх мэ­тээр хулхи ардчиллыг маг­тан дуулна. Эсвэл “Дуу­чин Жимсээ жи­рэм­сэн болж гэнэ. УИХ-ын дарга нялх амрагтай болов. Ерөнхий сайд Алтанцөгц цэнхэр дээл, цагаан мал­гайгаар гоёжээ. Тэр­бум­тан Эрдэ­нэ­бат ганцад очив. Баатар­баяр дарга ажлаасаа халаг­дав” гэх маягийн мэдээ, жижиг хов цуур­хал, улс төрийн хийр­хэл, хоосон сенсациар эфи­рийн цагаа нөгцөөж, сони­ныхоо хууд­сыг бөг­лөж байна. Иймэр­хүү мэ­дээ мэдээлэл хэнд хэрэг­тэй, улс орны хөг­жилд ямар ач холбогдолтой юм бол оо. Манайд нэг ийм л хар бараан, жудаг мөс чанар, гэрэл гэгээ муутай ядмаг­хан сэтгүүл зүй са­жилж явна. Үүнийг ололт ам­жилт, хөгжил дэвшил, арчиллын үр дүн, чөлөөт хэвлэл хөгжиж байна гэж ухаарч, шоудаж болно гэж үү.

Нөгөө талаар манай сэтгүүл зүй, хэвлэл мэ­дээлэл тэр аяараа оли­гархиудын гар хөл, тэдний бодлого зорилгыг нийтэд тулган хүлээлгэх хэрэгсэл болж байгаагийн хувьд өөрөө бас олигархижиж байна. Тэгэхдээ нэгд: Ма­най ихэнх сэтгүүлчид цаг үеийн мананд төөрөлдөж энэ бусармаг тогтолцоот нийгмийг магтан номлогч, үзэл сурталч, эрх баригч­дын гар хөл болж байгаа нь нууц биш ээ. Монголын ард түмний дал наян жи­лийн туршид зүтгэж, хөлс цусаараа бүтээсэн баял­гийг өмч хувьчлал гэх гоё үгээр халхавчлан хулгай­лан тонож, хангай дэл­хийгээс монголчууд би­дэнд заяасан, өвөг дээдэс минь хэдэн мянганы турш хадгалж хамгаалж ирсэн байгалийн баялгийг луй­вар­чид цөлмөсөөр байгааг болж бүтэж, хөгжиж дэв­жиж, сайн сайхан болж байна гэж бичсээр, үзүүл­сээр байх уу. Сонин хэв­лэлийн газар ажиллагсад, сэтгүүлчид, эхлэн болон идэвхтэн бичигчдийн зон­хилох нь ертөнцийг зөвхөн зоосны нүхээр харж, шу­налын хөөсөнд төөрч таван төгрөгийн зар суртал­чил­гаа, арван төгрөгийн за­хиал­гат мэдээний төлөө толгойгоо өгөхөөс буц­хаар­гүй болоод байх шиг. Хоёрт: Хөрөнгөтнүүд өөрөөр хэлбэл дээр дурд­сан хулгайлан тоногчид, луйвардан цөлмөгсөд бу­руу замаар олсон мөн­гөөрөө далайлган, монгол­чуудын зах сэжүүрээс нь барьж ядан тэмцсээр яваа хэвлэн нийтлэх эрх чөлөө дээгүүр туучиж, өнөөгийн муу муухайг сайн сайхан болгож магтуулах, бузар бусармаг явдлаа нуун далд­лахдаа мөнгө шүтэх сэтгэлгээнд бу­ран­таглуул­сан сэтгүүлчдийг ашигла­даг шинэ маягийн даран­гуйлал, мөлжлөг бий бол­лоо. Ийнхүү нийгмийг бүхэлд нь залгиж байгаа мөнгийг бурханчлах үзэл, хэвлэл мэдээлэлд шурга­лан орж, хүчтэй нөлөөлж, хүрээгээ тэлсээр. Үр дага­вар нь ёс зүйгүй, хүн ча­нар­гүй, хар бараан сэтгүүл зүй төлөвшиж, хоргодох орон байраа хайсаар хө­рөнгөтнүүдийн цавь су­ганд толгойгоо хавчуулж хогийн ургамал лугаа тэ­лэн үржиж байна. Ингэс­нээр Монголд чөлөөт сэт­гүүл зүй хөгжин төлөв­шиж, сайн сэтгүүлчид төрөн гарч, үнэний төлөө явж нийгмийг бохирдлоос цэвэрлэх ариун зорилго маань булшлагдаж магад­гүй бололтой.

Өөр нэг үнэнийг, нэ­мэр хачиргүй хэлэхэд Монголын сэтгүүл зүйн, сүүлийн хорь гаруй жилд олсон хамгийн том амжилт нь олон улсын судалгаа үнэлэмж жишгээр Мон­гол Улс хэвлэлийн эрх чө­лөө­тэй орны тоонд орж дэлхий дахинд хүлээн зөв­шөрөгдсөн. Энэ бол үнэ­хээр том амжилт байлаа. Гэвч харамсалтай нь хоёр гурван жилийн өмнөөс хэвлэлийн хагас эрх чө­лөөтэй орны тоонд орж ухарсан. Харин өнөөдөр үндсэндээ хэвлэлийн бү­тэн эрх чөлөөгүй орон болчихоод явж байгаа юм биш үү. Бүр төр, засгийн бодлогоор хүний эрх зөрч­дөг, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халддаг, нийт­лэл мэдээлэлтэй холбоо­той асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаг, сэт­гүүлчдийг барьж хорьдог, шийтгэдэг, хэдэн сая төг­рө­гөөр торгодог, хүмүү­сийг үзэл бодлоо илэр­хийлэх эрхийг хаадаг, хүний хувийн өмчид увай­гүй халддаг. УИХ-ын ги­шүүд, сайд дарга нар сай­туудын сэтгэгдлээс улаан голоо тасартал айдаг ийм л улс болон хувирлаа. Энэ бүхэн сэтгүүлч мэр­гэжил­тэй Ерөнхийлөгч Ца­хиа­гийн Элбэгдоржийн үед бий болсон ухралт “ам­жилт” юм. Нэн ойрын тааруухан баримт бол Мон­гол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгж­сөний 100 жилийн ойн баярын өдөр, ардчилсан Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдор­жийг “Сэтгүүлч хүний гурван цагийн тухай” уран гоё айлдвар айлдаж, Ерөн­хий сайд Н.Алтанхуягийн сэтгүүлчдэд хандсан мэнд­чилгээг уншиж байх тэр цагаар арваад телевиз, гуч гаруй сайтыг хааж, 300 гаруй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг гудамжинд хөөж гаргасан.  Ийнхүү өнөөдөр ардчил­сан Ерөнхий­лөгч­тэй, ард­чилсан пар­ла­менттай, “шинэчлэл”-ийн Засгийн газартай Монгол Улсын хэвлэлийн эрх чө­лөөний талаарх төрийн бодлого орвонгоороо эргэж байх шиг. Энэ нь бидний нөгөө “Ардчиллын буянд хэвлэн нийтлэх эрх чө­лөөтэй, хү­мүүс санал бод­лоо айдас­гүй илэрхийлэх эрхтэй, хүний эрхийг дээ­дэлдэг орон болсон” гэдэг маань худлаа шоу, үлгэр болсныг харуулж байгаа хэрэг бус уу. Ийнхүү Мон­­гол дахь хэвлэлийн эрх чөлөө төдийгүй манай сэтгүүл зүй нэг алхам ураг­шилсан ч хэдэн алхмаар ухарлаа. Монгол Улсад хэвлэллийн эрх чөлөө байх­гүй болох нь. Энэчлэн манайд сүү­лийн хориод жилд ажиг­лагдаж эхэлсэн ардчил­лын шинж тэмд­гүүд өд­рөөс өдөрт хумигд­саар байгаагийн захын жишээ энэ. Тэгэхээр Мон­голын ардчилал худ­лаа, өнөө­гийнхний яриа­гаар бол хулхи ардчилал юм аа. 

 

ЭРХ АШГАА ХАМГААЛАХЫН УЧИР

Сэтгүүлчид эрх ашгаа хамгаалуулах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, бо­лом­жийн нөхцөлтэй ор­чинд ажиллаж амьдрах бусдын адил эрхтэй билээ. Гэвч өнөөдөр Монголд сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг ямар нэг бай­гууллага, хүмүүс, эрх зүйн үндэслэл бараг алга. Хэв­лэлийн Эрх чөлөөний ту­хай хууль гэж дөрөв таван өгүүлбэр бий. Гэхдээ сэт­гүүлчдийн эрх ашгийг хам­гаалахад нэг их чиг­лээгүй, ерөнхий заалттай. Тэр хуулийг эрх баригчид сүүлийн үед үл тоон зөрч­дөг болсон. Нарийсгаж боловсронгуй болгох шаард­лага зүй ёсоор гарч ирсэн. Тэгээд л янз бүрийн хүмүүс “Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэ­чилсэн хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн барилаа гэж шоуддаг. Тэгэхдээ тэдгээр төсөл нь сэтгүүлч­дийг хатуу гараар барих, хашраах, сэтгүүлчдээс эрх баригчдыг хамгаалах зо­рил­го голлодог бололтой юм билээ.

Монголын Сэтгүүлч­дийн Эвлэл гэж эрх мэдэл, хөрөнгө мөнгө дулимаг  хэцүүхэн талдаа нэг бай­гууллага бий. Эднийх цом­хон чадвартай, нэр хүндтэй, сахилгатай, хий­сэн бүтээсэн юмтай явсан өдөр бий. Намчлагдаж журамлагдсан удирдлага зохион байгуулалтаас ард­чил­сан хэв маяг уруу ороод хорь гаруй жил болж бай­гаа нь олзуурхууштай ч шуудхан хэлэхэд уруудах доройтох тал уруугаа  явж байх шиг харагддаг. Өнөө хүртэл өөрийн гэх байр байхгүй. Энэ бүхнийг тус байгууллагыг удирдаж бай­гаа хүмүүсээс болж байгаа мэтээр төсөөлбөл өрөөсгөл болно. Энд нийг­мийн тогтолцоо, сэтгүүлч­дийн өөрсдийнх нь эв нэгдэл, мэдлэг чадвар, нэр хүнд, зохион байгуулалт, сахилга нөлөөлдөг гэвэл илүү дөхнө. Ер нь ма­найхан чинь бусдыг шүүм­жилж өөлөхдөө чамла­хаар­гүй хэрнээ өөрсдөө болохоор үүргээ биелүүлэх тал нь хангалтгүй, жаахан захиргаагүй, удирдах удир­дуулах ёс жаягийг төдийлөн ойлгодоггүй тал­даа хүмүүс. Үүний наад захын жишээ сэтгүүлч­дийн сүүлийн их (ХҮ гэдэг байх аа) хурлаас нэлээн тод харагдсан. Тэрхүү хур­лын үед хий хөөрч дав­хисан, эмх замбараагүй, хүн бүр оносон оноогүй шүүмжилж, санаанд орсо­ноо цэцэрхэн хашхицсан, бие биенээ үгүйсгэж, бо­лохгүй бүтэхгүй талаас нь харж дайрч давшилсан ерөнхийдөө анархи бай­далтай, үймээн самууны шинжтэй зэрлэгдүү хурал болох шиг болсон. Тэр бүхнээс залхсан цөөнгүй төлөөлөгчид тэгсхийгээд явчихна билээ. Хурлаас нэлээд хэд хоногийн өмнө л, ийм тийм жигүүр, хө­дөл­гөөн, шинэчлэл өөрч­лөл­тийн ажлын хэсэг гэж баахан бужигнаж дав­хилд­­­сан. Шинэчлэлийн зарим нөхөд “Монголын сэт­гүүлч­дийн бай­гуул­лагад хийх өөрчлөлт ши­нэч­лэл, шинэчилсэн дүр­мийн ту­хай илтгэл та­вина” гэж Их хурлын хэ­лэлцэх асуудлын жаг­саал­тад нэ­рээ бичүүл­чихээд хурал­даа ч ирэлгүй, су­раггүй алга болсон явдал бий. Тэгээд ч ихэнх нь ярьж хэлж байснаа бараг их хурлынхаа өдөр үдээс хойш мартсан байх.

Нэг зүйлийг онцлон хэлэхэд зарим хүний ам­наас “Манай сэтгүүлч­дийн байгууллага хөөрхөн улс төрждөг, танил тал, нутаг ус гээд цөөвтөр хү­ний хү­рээнд үйл ажил­лагаагаа эргэлдүүлдэг, гишүүд дэм­чигчдээ нас шүд, “хэл ам таталж шүүм­жилж явдаг нөхөр” гэх маягаар ялга­варлан ха­жиг­ладаг. Асуу­дал яривал “Манайх тө­рийн бус байгууллага, би­дэнд тийм эрх мэдэл байх­гүй. Бид чадахгүй. Бидэнд мөнгө байхгүй гэж ам таг­ладаг” гэж зэмлэсэн мая­гийн яриа түгээмэлдүү сонсогд­дог. Гэтэл гишүү­дийн олон­­хи нь дүрмээр заагдсан татварын хэдэн төгрөгөө нэхэл дагал, хэл амгүй өгнө гэж байдаггүй хэрнээ санхүүгийн эх үүс­вэргүй Удирдах зөвлөл, өөрсдийгөө “Яадаг билээ” гэж яваа дарга нараасаа элдвийг нэхэж шүүмж­лэнэ. Дарга нар маань ч овсгоо самбаа дутмаг одоо­ныхны хэллэгээр менеж­мент муутай хүмүүс байдаг бололтой. Тэднийг хичнээн шахаж шаардаад нэг их шүүс тос гарахгүй байж мэднэ. Их ойн хаялга өгөөж, сургамж дүгнэлт юуны өмнө энэ бай­гуул­лагын өөрчлөлт шинэчлэлд нөлөөлөх учиртай. Олигар­хи эрх баригчид сэтгүүлч­дийг мөрдөж мөшгөнө, барьж хорино, холбог­дол­той холбогдолгүй хэргээр шоронд хийнэ, эрүүгийн хуулиар шийтгэнэ, хэдэн сая төгрөгөөр торгоно. Тэ­гэ­хэд манай сэтгүүлчдийн байгууллага гайгүй сайн­даа үлбэгэрхэн мэдэгдэл, хэвлэлийн ядмагхан хурал зохион байгуулахаас цааш­­­гүй. Ихэнх тохиол­долд чимээгүй дүлий дүмбэ. Гэтэл цаана нь юу болж байна гэвэл хэвлэл, мэ­дээллийн байгууллага, түү­ний эзэд дураараа дур­гиж сэтгүүлчдийн эрх аш­гийг хөсөрдүүлсээр. Ямар нэг хяналт байхгүй. Эзэн юу гэж дуугарна түүгээр ажил нь явдаг газар ч мэр сэр байна.

Тэгсэн хэрнээ хүнтэй­гээ ялангуяа залуу сэт­гүүл­чидтэй ажилладаг, болох болохгүйг нь хэлж зөв­лөдөг, шахаж шаард­даг, туслалцаа дэмжлэг үзүүл­дэг, сургаж дадлага­жуул­даг, ур чадварыг нь дээш­лүүлэх, бичсэн бү­тээ­лийнх нь чанар чансааг сайж­руулах, элдэв алдаа мадаг гаргуулахгүй байх, тэдний ажиллах нөхцлийг анхаарч халамж тавьдаг захиргаа, удирдлага, ре­дак­ци гэж хэвлэл мэдээл­лийн газ­руудад бараг байхгүй. Гай­гүй сайндаа л элдэв сен­саци, үнэн худал, дэл сул, хов живийн элдэв мэдээ, хэд гурван төгрөгийн рек­лам, зар сурталчилгаа олж ир гэж шаардана, нэхнэ. Чадсан нь “тэр сайн” гэ­сэн нэг хэвийн шалгуур, үнэлгээтэй. Олж ирсэнийг нь ямар ч хяналтгүйгээр нийтэлнэ. Олны дэмжлэг авах юм уу, холбогдох хү­мүүс чимээгүйхэн байвал эзэд баатар, сонин сайн болно. Худал мэдээлсэн, хүн гүтгэсэн хэрэг ман­даад болохоо байвал ба­римтыг олж ирсэн, бичсэн сэт­гүүлч буруудаж, шүү­хэд дуу­дагдаж, хэрэгт хол­богдоно, хүндэрвэл тор­гуулна, шо­ронд сууна. Энэ бүхнээс шалтгаалж сэт­гүүлчид олиг­­той өсч өн­дийдөггүй, аль нэг дар­гын ам харж хуруу­ных нь үзүүрээр явдаг тийм нэг идэвхгүй үхшир­мэл бай­дал, ёстой нөгөө хуучин арга барил голлож байх шиг са­нагд­даг. Сэт­гүүлчдийн эвлэл, хэвлэл мэдээллийн бай­гуулла­гуудын захиргаа, редак­ци ийнхүү тааруухан ажил­ладаг болохоор сэт­гүүлчид эзэнгүйдэх явдал түгээмэл байна. Нөгөө талаар аль ч редакциар ороход тэдний ажиллах нөхцөл, ажлын байр тун хэцүү. Наад зах нь өнөө­дөр ид ажиллаж байгаа сэтгүүлчдийн чу­хам хэ­дэн хувь нь өөрийн орон сууцтай байдаг бол...

Энэ бүхнээс ажигла­хад сэтгүүлчдийн эрх аш­гийг хамгаалсан бай­гууллага зайлшгүй хэрэг­тэй болжээ. Энэ бол Сэт­гүүлчдийн Үйлдвэрчний Нэгдсэн Холбоо. Ахмад сэтгүүлч С.Данаажавын санаачилгаар ерээд онд ийм байгууллага байгуу­лагдаж байсан. Гэвч ма­найхны арчаагүй байдал, шуудайд хийсэн ямааны эвэр шиг бодол сэтгэл­гээнээс болж төдхөн ал­дар­сан. Үйлдвэрчний бай­гууллага нь хэвлэл, мэдээллийн ажилт­нуу­дын эрх ашгийг хамгаал­даг. Төр, засгийн эрх баригч­дын даран­гуйллын эсрэг дуу хоолойгоо сонс­го­дог. Сэтгүүлчдийн ажил­лах нөхцлийг сайж­руулах, хөдөлмөрийн хөлс­ний доод төвшинг тогтоож ре­дак­ци, эздийн байгуул­лага­тай гэрээ хэл­цэл хийх, хөдөл­мөр хамгаа­лал, ажлын ца­гийн норм хэмжээг то­хирч хэрэг­жилтэд нь хя­налт тавих, эрх ашгаа хамгаалсан тэм­цэл хөдөл­гөөнийг зо­хион байгуулах гээд хийх ажил хангалт­тай бий. Жи­шээ нь манай сэтгүүлчид хоёр өдөр ажил хаялаа гэхэд улс орон тэр аяараа нүд, чих­гүй болно. Эрх аш­гийн­хаа төлөө үгээ хэлдэггүй, асуудалд хоом­гой хандаж мэргэжлийн алдаа гар­гах, ажилдаа эзэн болж чаддаггүй, олиг­той нийт­лэл бичдэггүй, голдуу бусдын үгээр явж таа­руухан бүтээгдэхүүн гар­гадаг, арчаа унхиа муутай гээд сэтгүүлчдээс өөрс­дөөс нь шалтгаалсан юм ч цөөнгүй байдаг байх.

Төгсгөлд нь хэлэхэд өнгөрсөн түүхээ комму­нист, үзэл сурталжсан гэх мэтээр хараан нулимаж, шороо цацахын оронд Монголын онцлогтой сэт­гүүл зүйн ололт алдаа, сайн муу, дэвшил хоц­рогдлыг тал талаас нь харж, авах гээхийн ухаа­наар хандах нь зүйд нийц­нэ байх. Юуны өмнө “Америкт тийм байдаг. Японд ингэ­дэг. Германд ийм юм би­лээ” гэхчилэн хэн нэгнийг хуулбарлаж туйлшрамгүй байна. Алийн болгон бусдыг сах­магчин шиг дуурайж явах билээ. Даяаршлын энэ эрэн үед нийтийн жишиг, өндөр хөгжилтэй орнуудын арга туршлага чухал ч гэлээ хамгийн түрүүнд өөрийн онцлог, түүх, уламжлалаа тэргүүн зэрэгт тавих нь зөв биз. Манайх юуны түрүүнд гадныхнаас техникийн дэвшил, технологийн олол­тыг нь ашиглах учир­тай. Бидэнд үндэсний онцлог, өөрийн толгой, чамлахааргүй үр дүн бай­на. Үе үеийн ахмадууд, бичиг соёлын мэргэд, тэдний бий болгож өв­лүүлсэн уламжлал, ху­римт­луулсан туршлага, бүтээл туурвилаас сур­гамж үлгэр авах ёстой. Энэ бүхэнд тулгуурлан цаг үеээ ухаалаг цэгнэж тэгэхдээ ирээдүйгээ харж ажиллая. Бид бишгүйдээ туйлшир­лаа. Тэглээ гээд хожсон нь дэндүү бага байна. Гол нь зуун жи­лийнхээ түүхийг тогтон харж хуучин шинэ, прак­тик онолыг оновчтой уял­дуулж бүтээлчээр хандъя. Шинэ цагийн өөрийн онцлогтой сэтгүүл зүйг төлөвшүүлж  улам бая­жуулан хөгжүүлье. Мон­гол Улсын Үндэсний сэт­гүүл зүйн 100 жилийн ойг тэмдэглэсний ач хол­бог­дол энд л байх болов уу.