Д.БОЛОР
МУИС-ийн Хууль зүйн их сургуулийн багш, доктор, профессор Ж.Бямбаатай хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Мэргэжлийн хүнтэй уулзсаных сүүлийн үед өрнөж байгаа хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлийн талаар асуух нь зүйтэй байх. Хуулийн байгууллагад өөрчлөлт хийх эрх зүйн бичиг баримтаас гадна бүтцийн өөрчлөлт ч хийгээд амжлаа. Тухайлбал, цагдаагийн хэлтсүүдийг задалж хэд хэдэн хэлтэс болгож хуваав. Энэ нь төсөв нэмэгдэж, бүтэц данхайх хэлбэр боллоо гэсэн шүүмжлэл бий?
-Цагдаагийн байгууллагын бүтцийг чиг үүргээр нь задалж болно. Гэхдээ зайлшгүй уялдаатай байх үйл ажиллагааг зохиомлоор салган холтгож боломгүй санагдана. Жишээлбэл, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах бүтцийг урьдын адил өөр хоорондоо албан контор, унаа машин, цол хэргэм, зэрэг зиндаагаар нь өрсөлдүүлэх юм бол гэмт хэрэгтэй хүч нийлүүлэн тэмцэх үндсэн үүргээсээ холдоно. Харин өнөөгийн шинэтгэлийн үүднээс мөрдөх албаны хүрээнд эрүүгийн эрэн сурвалжлах, эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах газрууд, түүний нэгж салбаруудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, нэгэн нударга болгож чадвал гэмт хэрэгтэй тэмцэхэд ач тусаа өгнө. Ам нээвээс уушиг нээ гэдэг. Ер нь цаашдаа мөрдөх чиг үүрэг бүхий газруудыг нэгтгэн хүч төвлөрүүлэх боломж байвал бодит ажил болгон хэрэгжүүлэхээс зайлсхийх хэрэггүй. “Өөртөө ямар нэгэн байдлаар хамааралтай газар, хэлтэстэй байвал болно” гэсэн сэтгэлгээнээсээ хууль хамгаалах байгууллагууд дээр, дооргүй салах цаг болсон.
-Эрүү болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг нэрнээс эхлээд л өөрчлөх тухай дуулдаж байна. Хуулийн төсөлд давтан гэмт хэрэг үйлдсэн нь хамаагүй гэж тооцохоор болсон гэх. Шинээр санаачилсан энэ хуулийн төслүүдэд ямар учир дутагдал харагдаж байна вэ?
-Хуучнаар Эрүү болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гэж нэрлэгддэг төслүүдтэй олж танилцаагүй байна. “Шүүхийн шинэтгэл”-ийн гэх бусад төслүүдийн талаар Хууль зүйн яамны холбогдох газрууд, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хэний ч болов саналыг байнга сонсож ярилцлага өрнүүлж байгаа биз. Хүссэн болгон нь оролцох боломжтой учраас “тусгай заллага” хүлээхгүйгээр тэнд очиж чадах ядахаараа бурж байна. Ер нь аливаа хуулийн нэрийг өөрчлөхдөө уламжлалаас гадна орчин цагийн нөхцөл шаардлагыг харгалзан үзэхээс өөр арга байхгүй болов уу. Эрүүгийн гэдэг “эрүү”-тэй холбоотой, “байцаан шийтгэх” гэдэг нь зөвхөн байцаан залхаах гэсэн үг мэт өнөө үед ойлгогдож болзошгүй учраас нэр томъёог өөрчлөхийг огт үгүйсгэж болохгүй. Ер нь Эрүүгийн хууль маань нэр томъёо төдийгүй өнөө цагийн нийгмийн харилцааг зохицуулахад илт болхидож байна. Тухайлбал, онол, практикийн хувьд эрүүгийн зөрчил, гэмт хэрэг хоёрын хооронд том ангал үүссэн. Тухайлбал, жирийн иргэнийг “ална” гэсний төлөө гэмт хэрэг биш, эрх мэдэлтнийг заналхийлвэл тэрхүү үйлдлийн төлөө 10-25 жилийн ял өгч болзошгүй зандалчлах хэмээн үзэж байна. Хүч хэрэглэлгүйгээр булаах гэмт хэргийг дээрмийн хэрэгтэй хутгаж холион бантан тарьж байна. Зодоон хийвэл нэг бол “ухамсарын шанаа” гэж энхрийлэх эсвэл ноцтой гэмт хэрэг хэмээн тооцож байх жишээтэй. Тиймээс объектив, субъектив шалгуурын заавал байх шинж, харилцан үйлчлэлийг анхаарах нь зүйн хэрэг. Давтан гэмт хэргийг ч гэсэн онол, арга зүйн орчин цагийн үнэлэмжийн үүднээс зөв ангилж чадвал “Ариунцэцэгт оноосон 10 жил” шиг шуугиан гарахгүй байх бүрэн боломжтой.
-Эрүүгийн хуулийг шинэчилсний дараа бусад багц хуулийг оруулж ирэх ёстой гэсэн байр суурь байна. Гэвч суурь хуулиасаа урьдан батлах нь?
-Өнөөгийн шинэчлэлээр гэмт үйлдлийг ялган зүйлчлэх, ял онооход шүүх засаглалынханд ихээхэн эрх мэдэл, боломж нөхцөл олгож байна гэж ойлгосон. Чиглэл санаа нь зөв. Учир нь хамгийн шударга шалгуурыг хууль тогтоогч биш тухайн хэргийн дотор нь орж уйлж дуулсан шүүх засаглалынхан яс махнаасаа мэдэрч шийддэг. Тийм ч учраас хорих ялын туйлын тодорхой санкц шиг тэнэгүүдэд зориулсан тулгалтаа Хууль тогтоох засаглалынхан маань одоо болих ёстой. Гэхдээ шүүх засаглалынхан хууль тогтоох эрх, үүргийг эдлэх учиргүй юм шүү гэдгийг онцлоход илүүдэхгүй. Эрх зүйн тогтолцооны конвергенцийн хүрээнд эрүүгийн бодлогоор хэргийн ангилал, ял шийтгэл, түүний төрөл гэх мэтчилэн олон ярвигтай асуудлыг шийдвэрлэхэд тухайн нийгмийн хөгжлийн бодит шаардлагаас гадна, мэрэгшлийн онол, сэтгэлгээний төвшин хоёрын хослол тун чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харахад хуулийн томчууд маань Эрүүгийн суурь хуулийг гаргахгүйгээр энэ шинэчлэлийг хийж болохгүй гэх юм. Минийхээр бол эхлээд хэрэгжүүлэх механизмаа шинэчлэн бэлтгэе, юуны урьд процессын хуулиа тэгээд дагалдах Мөрдөх болон Маршалын албаны хуулиа, Гэрч, хохирогчийг хамгаалах механизмаа бүрдүүлье. Түүний дараа материаллаг хуулиа тун чамбай гаргая гэж хичээх ёстой.
-Х.Тэмүүжин бол таны шавь. Тэр хүний өөрчлөлт шинэчлэлт Монголын хөрсөнд уусахад хэцүү гэсэн шүүмжлэл бий?
-”Хичээл заасан нэр зүүгчдийг багш гэж нэрлээд байх нь хаашаа юм. Би багшлагчдыгаа гураь ангилдаг байсан” гэсэн Х.Тэмүүжиний нэгэн ярилцлага санаанд орж байна. Тэрээр төрийн онол, улс төрийн чиглэлийн хичээлүүдээ бусдаас нь илүү сонирхдог, заадаг багш нарын ч онцгой хүндэтгэдэг оюутан байсан болов уу. Түүнээс хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Мэдээж, хууль зүйн бүх салбар чиглэлийг одоо анхаардаг болсон биз. Гэхдээ бид мэтийн хэлж ярьсан зүйл ямар ч бай садаа болоогүй байх. Тиймээс ч түүний зоригтой өөрчлөлт шинэчлэлт нь амжилт олно хэмээн найдаж байна. Учир нь Х.Тэмүүжиний командад зөвхөн онолынхон төдийгүй халуунд халж, хүйтэнд хөрсөн хуучин цэргүүд цөөнгүй бий.
-Шүүхийг нэгтгэхээр боллоо. Бүсчилсэн шүүх гарсан нь хэрэг маргаанаар мэргэжих шүүгчийг төрүүлэх сайн талтай ч энэ нь үйлчлүүлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүнд сурталтай байж болох юм. Тухайлбал, Төв аймгийн иргэн нийслэлд ирж давж заалдах нь?
-Давж заалдах шатны шүүхийг шинээр бүсчилэн зохион байгуулсан. Уг нь хэрэг, маргааныг анхан шатны шүүхүүд л эцэслэн шийдвэрлэх учиртай. Түүнд давж заалдсан тохиолдолд л давах шатны шүүхийн ажиллагаа эхэлдэг. Хэрэв анхны шийдвэр үндэслэл нь бодитой, тулгуурласан хууль нь эргэлзээгүй бол элдэв аз туршсан маргаан эрс багасдаг. ХБНГУ, Голланд, Дани гэх мэтийн Ром-Германы эрх зүйн уламжлалт тогтолцоот орнуудын анхан шатаар шийдвэрлэсэн 100 хэргийн 3-4 хувьд нь давж заалддаг бол манайд 60-70 хувь энүүхэнд. Давж заалдах ажиллагааны журам, зорилго нь анхан шатныхаас өөр. Учир нь шүүн тунгаагдах зүйлийн гол нь урьд нь цугларсан, шалгагдсан баримтад мэдээллүүд. Тиймээс тэнд заавал талууд оролцож мэтгэлцээд байдаггүй. Нэг талаар, урьдын бүхий л ажиллагааг нягтлан шалгах онцгой журмуудын нэг юм шүү.
Тийм ч учраас элдэв “хүндрэл чирэгдэл” нэг их гараад байхгүй болов уу. Гарсан ч явц дундаа арилах биз. Тэгээд ч тулгуур үндэслэлээр дахин хянагдах ажиллагаанд нутгийн фактор мэтийн элдэв нөлөөлөл эрс багасах учиртай одоогийн шийдлийн чиг хандлага зөв биз.