С.УЯНГА

Хэнд ч мартагддаггүй хэний ч санаанаас гардаггүй өдөр бол есдүгээр сарын 1. Тэр ч утгаараа энэ өдөр эх орны минь өнцөг булан бүрт буй эрдмийн өргөөнд  хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинан байдаг. Тэр л хязгааргүй эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, эрдмийн их уурхай болсон Их Засаг олон улсын их сургууль өчигдөр 22 дахь намартайгаа золголоо. Тус сургуулийг  Их Британы Үндэсний магадлан итгэмжлэлд орж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Төв азийн анхны сургууль гэдгээр нь бид мэднэ. Мөн өдгөө 16 мянган төгсөгч Их Засаг олон улсын их сургуулийн эрдмийн алтан босгоор алхан орж, амьдралынхаа зам мөрийг хөөж,  тус сургууль Монголд төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулсаар байгаа нь  хувийн сургуулиуд дундаа хэр чансаатайг илтгэнэ.

Алтан категорын олон улсын чанарын “Хаан титэм”, шагнал, Нийслэлийн шилдэг тохижилттой сургууль, Биеийн тамир спортыг дээдлэгч, Оюутанд ээлтэй сургууль зэрэг олон хүндэт өргөмжлөлтэй энэ сургууль 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, долоон мянга гаруй оюутан сурагч мөнгөн хонхныхоо дуугаар анги танхимдаа жигдрэн орсон юм.

Шинэ хичээлийн жилийн нээлтэд Их Засаг, Чингис Соосэ цогцолбор сургуулийн удирдлагууд, Эрдмийн зөвлөл, Өвөрмонголын өөртөө засах орны Санхүү эдийн засгийн сургуулийн захирал Дү Жинь Жү тэргүүтэй БНХАУ-ын боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцов. Нээлтийн үеэр тус сургуулийн захирал  Н.Ням-Осор хэлсэн үгэндээ “Чингис хааны нэрэмжит дэлхийд ганцхан сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн баяраа тэмдэглэж буй эрдэмтэн багш, ажилтнууд, оюутан сурагчиддаа баярын мэнд хүргэе. Шинээр элссэн эрхэм оюутнууд та нар бол Их Засаг олон улсын их сургуулийн өнөр өтгөн  ам бүлийн хамгийн хүндтэй гишүүд байх болно. Бид энэ жил Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль, бүх оддын эрдмийн их сургууль, Нийгэмд нээлттэй,  Биеийн тамир спортыг дээдлэгч хэмээх алдар нэрээ улам баталгаажуулж амжилт ололтын оргил өөд оюутан залуус та бүхэнтэйгээ хамтран зүтгэх болно. Өнгөрсөн он жилүүдэд сургуулийнхаа нэрийн хуудас болсон супер студент, уран илтгэгч, шилдэг оюутнууддаа улам их амжилтыг хүсье” хэмээн онцолсон юм.

Их Засаг ОУИС бол Чингис хааны аравтын тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж буй Монголын цорын ганц сургууль гэдгээрээ  үргэлжид оюутан сурагчдад ээлтэй шинэ санал санаачлага гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байдаг. Тухайбал, Энэ хичээлийн жилд Их Засаг, Чингис-Соосэ цогцолбор сургуульд  харьяалагдах Хуульзүй, Үндэсний инженер технологи, Дүрслэх урлаг дизайн технологи, Теат урлаг, Эрдмийн сургууль зэрэг 10 гаруй бүрэлдэхүүн болон харьяа салбар сургуулиуддаа 50 гаруй төсөл хөтөлбөр, мэргэшүүлэх чиглэлүүдээр сургалт явуулж эхэлжээ. Мөн “Бага олимп” спортын наадам, Оюутны урлагийн их наадам, “Супер студент” реалити шоу зэрэг оюутан сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн уламжлалт ажлуудаа үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон байна.

Монголын шилдэг таван сургуулийн нэгд тооцогддог  Их Засаг олон улсын их сургууль  багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ уйгагүй хөдөлмөрийн үр шимээр оюутан суралцагчдаа төлөвшүүлэх талаар улсдаа өөрийн брэндийг бий болгож чаджээ.

Бүх л зүйлийн эхлэл болж, сайхан ирээдүй рүү хөтөлдөг шинэ хичээлийн жилээ угтсан  хүн бүхэн  баяр хөөрөөр цалгин байг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин