Цэндийн ДОРЖГОТОВ
Алсыг харсан бодлогоор бат бөх мөнхийн дэд бүтэц бүтээхийг “буруу” гэх монгол байхгүй. Тэгсэн атлаа зориулсан мөнгөө танаж, дор бүрнээ шомбодоод, чанаргүй бүтээгдэхүүн оромцоглож, засварт нь дахиад анх төсөвлөснөөсөө өч төчнөөн их хөрөнгөө үрсээр ирлээ. Хашрахгүй улс юм бид. Хамар дорх өнөө маргаашийн ашиг харсан насгүй юмаар нүд хуурах охорхон заль мэхээ монголчууд орхихгүй бололтой.
Дөнгөж тавьсан засмал замаараа хурдлаад үз. Гэв гэнэт гүнзгий нүх нугасыг чинь таслахаар энд тэндгүй онгойж буй. Будаг нь ханхалсан шив шинэхэн орон сууцандаа ороод үз. Хагарч цуурч, ус алдсан цоо шинэ орон сууц дарж алахаар шад падхийн хаа нэг тийш чихран хазайна. Оршин суугчид бөөн айдас дунд, зарим нь цус харвахад бэлэн болсон байгаа. Хувиа хичээсэн шуналдаа хөтлөгдөн ойрын ашиг харж чанаргүй бүтээн байгуулалт оромдох, дорхноо эргээд дахин мөнгө үрэх гай дууддагийг мэдсээр атлаа давтаад л байх юм. Тэртэй тэргүй мөнгө зарцуулж буйгаас хойш эдэлгээ даах юм хийвэл үр ашгаа үүрд өгөх сөн. Эдэлгээ даахгүй юм хийснээс больсон нь гарзгүй. Үүнийг монгол хүн бүр сайн мэдэж байгаа. Гэвч,
Хатуу хучилттай авто замын суурийг газрын хөрсөнд гүн, зузаан тавьж, хад чулуу шиг нягтруулахад зайлшгүй орох мөнгөө манайхан тэвчиж гаргахгүй нарийлаад нохой хушуугаараа юм булахтай адил юм оромдоод тэр нь дорхноо эвдэрч, засахаас аргагүйд хүрч, нөгөө анх хэмнээд гаргаагүй мөнгөнөөсөө бүр хэд дахин илүү мөнгөөр шатна. Ийм хохирлыг монголчууд сайн дураараа 100 шахам жил амсаж, өөрөөр хэлбэл, энэ тэнэг зангаа монголчууд хаялгүй социализмыг туулаад эдүгээ капитализмын 20 гаруй жилийг ардаа хийв. Маргааш дахиад л давтана. Хашрахгүй. Нөгөөдөр бас үргэлжилнэ.
Технологийн журмыг хатуу мөрдвөл брэнд бүтээгдэхүүн төрдөг нь хэнд ч ойлгомжтой. Технологийн сахилга бат бол хууль юм. Монголчууд хуулиа сахьдаггүйтэйгээ адил технологийн журмыг залхуураад яс мөрдөхгүй. Нэг их том амьтад муу технологийн журмыг бол нулимна. Хариу нь эдэлж болохгүй монгол бракууд хамаг мөнгийг нь цөлмөнө. Ийм шуухан ажилтай улс хол харайхгүй байх.
Нийслэлийн бүтээн байгуулалтыг анзаарсан уу. Гудамжны бүх хөдөлгөөнийг хааж, сүр сүндэр, шороо тоос манаргаж байж тавьсан зам маргаашнаас нь эвдрээд дахиад л нөхөөс тавина. Манай гудамжны явган хүний замын алаг хавтанг 2000 оноос хойш 4-5 дахиж суулгалаа. Анх бузгай тэгшхэн суулгасан юм. Дараа дараачийн суулгалтаа оромдсоор одоо явган хүн бүдэрч унахаар энхэл донхол ичмээр юм завааруулснаас ихэнх хавтан нь ховхроод алга болжээ. Хүүхэд ахуйдаа чулуу өрж, айл гэр болж тоглож өссөн нүүдэлчид хот байгуулж үзээгүйгээс, эхлээд юун түрүүнд газрын хөрс-сул шороог алаг хавтангаар битүүлэхийг гоё талаас нь бодсон байх чааваас. Харин хавтан дороо юу булах ёстойг тооцсонгүй. Алаг хавтангаа тавьчихаад маадайцгаав. Маадайсныхаа дараа алаг хавтангийн доогуур янз бүрийн хоолой утас тавих учиртайгаа ухаарч, мөнгө хөрөнгө үрж тавьсан хайран алаг хавтангаа ховхолж гарна. Жаахан хэтрүүлж хэлбэл ийм л тэнэг ажил юм бүр дээр 100 гаруй жил давтагджээ. 100 жилийн хугацаанд бид дутагдлаа зассангүй. Засахыг ч бодсонгүй.
Алаг хавтан ховхлох бага хэрэг. Өч төчнөөн хөрөнгөөр тавьсан засмал замаа цахилгаан өрмөөр эвдээд доогуур нь тавих ёстой шугам сүлжээгээ тавьдаг мангуу ажил бол нийтлэг монгол хот байгуулалт. Шугам сүлжээгээ булаад дахин замаа тавихдаа анх тавьснаасаа бүр дордуулаад хөгийн зам тавина. Хөгийн замаа дөнгөж дуустал бохирын хоолойгоо тавиагүй ч байдаг юм уу. Дахиад л замаа эвдэж мөнгөө үрнэ. Бохирын хоолойгоо булсан болоод өөрсдийнхөө бурууг дахин тавьж буй замдаа гаргаж бүр муухайгаар халтуурдаж дуустал, газар доогуур тавих ёстой холбооны кабел зэрэг янз янзын ажил ундарна. Энэ бол төлөвлөлт гэдгийг ойшоодоггүй, өөрөөр хэлбэл хамрынхаа үзүүрээс цаашхийг хардаггүй монгол зан. Харсан ч “яадгийм” гэдэг монгол зан.
Манай аль ч нам хамрынхаа үзүүрээс цааш харж чаддаггүй бололтой. Сонгуулийн урьд өдөр гэхэд л сонгуулийн маргаашийг харахаа мартчихаад юу амлаж буйгаа ч мэдэхгүй солиорч гарна. Жолоочийн хажуу дахь зорчигч суудлын даруулга хэд хоног хэрэглээд одоо бүр больсныг дээр доргүй хүлээн зөвшөөрчээ. Болих юм бол анхнаасаа тийм хууль гаргаад яах юм бэ. Соёрхсон хуулиа уландаа гишиглэх зуршилд суралцах дасгал хийсэн юм уу. Нэгэнт технологи ярьсан учраас манай хууль хэрэгжих технологи, дээр өгүүлсэн суудлын даруулгын түүх намтар л юм даа. Энэ түүх намтар гайхалтай бөх бат “монгол брэнд” гэдгийг би харин хэлж чадна. Дэлхийн хотуудын газар дорх байгууламж барьсан туршилга байж л байна. Санаа авдаггүй.
Жолоочийн хажууд суусан зорчигч байтугай, баталсан хуулиа манай парламент нулимдаг боллоо. Худал гэвэл сонгуулийн хатуу чанга хууль хэдэн жил хэлэлцэж, хэрэлдэж байж батлаад, “Одоо сонгуульд мөнгө тараавал нэр дэвшигчийг эргүүлэн татаад зогсохгүй төрийн эрх булааж авах гэсэн улстөрийн хэргээр шоронд хатаана” гэж ард түмэндээ бардамнасан. Тэгтэл олон саяыг түм бумаар нь туслахууддаа өгч тараалгасан нь шүүхээр тогтоогдмогц гишүүдэд нь халдаж чадахгүй харин хөөрхий туслахуудыг нь тус бүр 12 саяар торгов.
Хамгийн гол хор нь хамрынхаа үзүүрээс цааш хардаггүй Их хурлаас болж ард түмэн “хууль зөрчихөд яадгийм” гэж байна. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд хариулах үүрэгтэй. Гэрт хулгай хийсэн УИХ-ын эрхэм гишүүн гадаа гарч чихдүүлбэл хуульгүй гэдэг инээдэмтэй хууль үйлчилж буйг хүн бүхэн мэднэ. Тодруулбал УИХ-ын гишүүн хулгай хийж буй үйлдэл дээрээ баригдаж новшроогүй бол эрхэм гишүүний хулгайг хэрэгсэхгүй гээд заачихсан. Томчуудын энэхүү хамрынхаа үзүүрээс хэтрээгүй жол луйврыг сөгөөтэйхөн ард түмэн бол дор нь тас цохино. Гэвч манай ард түмэн бас хамрынхаа үзүүрээс цааш харахгүй хойно муна гадсандаа эрэлхүү гэгч болоод буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэнийхээ 17 тэрбумын лоосууг мэдэхгүй явна гэж байхгүй. 17 тэрбум 17 төгрөг биш. Мэдэх нь байтугай нөлөөлсөн ч байж магадгүй. Энэ чинь төрийн тусгай хамгаалалтад байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахад ХЗДХ-ийн сайд асан Н.Нямдорж мэдээгүй унтаж хэвтсэн гэдэгтэй яг ижил, тахианы тархиар сэтгэсэн өчүүхэн өчиг. Мэдье гэвэл Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг Ц.Нямдорж санаачилж, улсын мөрдөн байцаах газарт нууцаар сэм үүрэгдсэн гэж УИХ-ын гишүүн Тэрбишдагва, гавъяат өмгөөлөгч Нарангэрэл нар тухайн үед мэдэгдэж байв. Өдгөө энэ мэдээ хэрхэн замхравв Н.Энхбаярын баривчилгааг Ц.Нямдорж хамгийн их эсэргүүцэж байсан гэх цуурхал дэгдээж, түүнд нь хамрынхаа үзүүрийг хардаггүй масс хууртаж, хар хэрээ цагаан хэрээ болж мандах шив.
Монголчууд барилга барихдаа ч, зам тавихдаа ч, алаг хавтан суулгахдаа ч, хууль батлахдаа ч, хулгай луйвар мөрдөхдөө ч, гадаад түншлэлдээ ч хамрынхаа үзүүрээс цааш харах мэлмийгүй ажээ.