Б.ЭНХ

Ховд аймгийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.Лувсангаас тодрууллаа.

-Ховд аймагт зуншлага хэр зэрэг байв?

-Сүүлийн гурав, дөрвөн жил манай нутагт хур бороо элбэгтэй, мал сүрэг тарга тэвээр сайтай байна. Энэ жилийн хувьд ч зуншлага сайхан байлаа.

-Өвлийн бэлтгэлээ базааж байна уу?

-Манайх Хар ус нуурын сав газраас хадлангаа бэлтгэдэг. Одоогоор нуурынхаа сав тохой руу орж чадаагүй. Гадна талаа хадаж байна. Дотор ус ихтэй байгаа учир 10 хоногийн дараа орно. Айл өрх, хувь хүмүүс хандлангаа бэлтгээд дуусч байна. Аймгийн ЗДТГ 260 мянган тонн өвс бэлтгэдэг. Бас л бэлтгээд дөхөж байна. Өнгөрсөн хавар шүлхийнээс болж нөөц өвсөө дуусгачихсан. Тиймээс улсын нөөцөө базааж байгаа.

-Баруун нутгаар хүйтэн өвөл болдог. Хадлан тэжээл элбэгтэй бол ховдчууд өвлийг өнөтэй давах нь ээ?

-Манай нутаг Алтайн бүс учраас цас орлоо ч шуураад харлачихдаг. Нутаг орон өвстэй байгаа тохиолдолд зуд, зурханд ороод байдаггүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин