Б.ЗАЯА

Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ц.Энхсайхантай  ярилцлаа.

 

-Хэдхэн хоногийн өмнө барилгын ослоор хүн нас барлаа. Барилга, бүтээн байгуулалтын улирал эхлэхээр осолд өртчих вий гэсэн айдас иргэдэд байна.  Яагаад энэ салбарт осол гараад байна вэ?

-Барилгын салбарт гарч байгаа ослын олонхи нь үйлдвэрлэлийнх байдаг. Гэхдээ өнгөрсөн жил гэнэтийн ослууд цөөнгүй гарсан. Он гарсаар эхний улиралд барилгын салбарт гурван осол гарч, нэг хүн нас барж, хоёр нь хө­дөл­мөрийн чадвараа алдсан. Осол гарч байгаа шалт­гаан захиалагч байгуул­лагатай холбоотой. Тэд барилгаа бариулахын тулд гүйцэтгэгч компани авдаг, тэр нь дахин туслан гүй­цэтгэгч авна. Туслан гүй­цэт­гэгч компани нь ба­рилга барих, угсрах тусгай зөвшөөрөлтэй байгууллага байх ёстой. Гэтэл тусгай зөвшөөрөлгүй компани, эсвэл хувь хүмүүсээр ажлаа гүйцэтгүүлж байгаа нь ослын шалтгаан болж байна. Түүнчлэн захиа­лагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын аль аль нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүйтэй, энэ талын хууль эрхзүйн мэдлэг хангалтгүй байдагтай холбоотой.

-Барилгын компа­ниудад танайх хяналт тавьж, засч залруулах ёстой гэж ойлгож байна?

-Мэдээж бид хяналт тавих үүрэгтэй. Барилгын ажил өрнөхийн өмнө нэлээд хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сэдэвтэй нэг сарын аяныг мэргэжлийн байцаагчдын дун явууллаа. Мөн ажил олгогчдоо ч хамруулсан. Түүнчлэн энэ сарын 1-нээс манай газраас хяналтын шалгалтыг эх­лүүл­сэн. Хяналт шалгалт хийхээс гадна зөв­лөн туслах үүргийг гүй­цэтгэж байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр хөдөл­мөрийн аюулгүй ажил­лагааг хангах тухай албан шаардлагыг бүх барилгын компанид хүргүүлсэн. Одоогоор хариугаа ирүү­лээгүй 179 байгууллага байгаа. Тиймээс тус газ­руудад давтан шалгалтыг хийнэ. Энэ ондоо ба­рилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагагыг шал­галтад хамруулна. Үүнээс гадна сургалтыг нэлээд олон явуулна. Ялангуяа зөвлөн туслах үйлчилгээг чухалчлан хүргэнэ.

-Гэнэтийн ослоор өн­гөрсөн жил хүү­хэд, за­луучууд харам­салтайгаар амиа алдсан. Осол гаргахгүй байх стандартын шаард­лага ямар байх ёстой юм бэ?

-Барилгын талбайн аюулгүй зохион бай­гуулалт хамгийн түрүүнд хаалт хамгаалалт, ха­шаанаас эхэлдэг. Ту­хайлбал, хашаа нь тусгай стандарттай байдаг. Хаалтыг гүйцэд хий­гээгүйгээс болж гадна талбайд явж байгаа иргэдийг гэмтээх, амь насанд хүрэх аюул уч­руулж байна. Нөгөө талаар талбайн аюулгүй зохион байгуулалт гээд яриад эхлэхээр стандартын бус газар олголттой холбоотой байдаг.

-Газар олголттой хол­боотой гэлээ. Ер нь нийс­лэл дэх эмх зам­бараагүй газар олголт барилгад нөлөөлөөд байна уу?

-Нийслэлийн барилга байшин барьж байгаа газрын хувьд дэндүү бага, стандартаа зөрчсөн. Манайхаас газар олголтыг хариуцдаггүй учир ядаж тэр талбайдаа тохируулж, хашаа хашлагаа өндөр барихыг зөвлөдөг. Компаниуд тэр бүр үүнийг хэрэгжүүлдэггүй. Газар олголт нь үйлдвэрлэл явуу­лах талбайгүйгээр бай­шиндаа тулгаад хашаагаа барьчихсан. Энэ нь гадна явж байгаа хүмүүсийг эрсдэлд оруулах нь элбэг.

-Танайхныг барилгын ажлыг явцыг хянадаггүй, мэргэжлийн хүмүүс хангалтгүй ажилладаг гэх хардалт олон нийтийн дунд бий. Үнэхээр хяналт сул байна уу?

-Мэргэжлийн хяналтын газраас ба­рилгын салбарт жил бүр хяналтыг хийдэг. Нийслэлд одоогоор жил дамжин барьж байгаа 507 барилга бий. Мөн ши­нээр барьж байгаа барилгууд ч байна. Энэ салбарт манайхаас дүүрэг бүрт 2-3 байцаагч ажил­ладаг. Мэдээж бид өдөр бүр барилгын ажлыг хянах боломжгүй. Засгийн газрын 2011 онд баталсан 311 дүгээр тогтоолд барилгын дотоод хяналтыг байгууллага өөрөө тави­хаар зааж өгсөн. Тиймээс тухайн байгууллага уг хяналтыг тавьж зөрчлөө арилгаж, осолгүй ажиллах зорилтыг тавих ёстой. Хөдөл­мөрийн байцаагч өдөр бол­гоных нь үйл ажил­лагааг хянах боломжгүй байдаг тул энэ хардалт учир дутагдалтай. Манайх удирдамжийнхаа дагуу шалгалт хийгээд албан шаардлагаа өгдөг. Зөрчил арилгуулсан хэдий ч эр­гээд л зөрчил гаргачихсан байдаг.

-Мэргэжлийн хянал­тынхныг албан шаардлага хүргүүлэхээс хэтэрдэггүй гэдэг?

-Яахав, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль байдаг. Бид энэ хуулийн хэрэгжилтийг хангуулдаг. Хууль дүрмээ зөрчсөн тохиолдолд хэлж зөвлөдөг. Мөн зөрчлөө арилгуулах хүртэлх хугацаагаар албан шаардлага өгдөг. Хуульд үйл ажиллагааг зогсоох заалт бий. Гэхдээ хүний амь нас эрсдэх аюул учирсан нь тогтоогдсон тохиолдолд үйл ажил­лагааг нь зогсооно гэсэн л байдаг. Харин энэ хуулийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дү­рэмд өөрчлөлт орж байгаа. Тэ­гэ­хээр энэ чиглэлд нааш­тай үр дүн гарах байх. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын ажлын хэсэг байгуулах захирамж гар­сан. Үүний дагуу барилга угсралтын үйл ажил­лагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журмыг шинээр боловсруулж байна. Энэ нь хууль дүрэм, стандартаар зохи­цуулагд­сан асуудлуудаас гадна зохицуулагдаагүй, яаж хэрэгжүүлж болохыг журамлаж байгаа юм.


Харанга дэлдсэн хар өдрүүд

Барилгын салбарт өнгөрсөн он балагтай жил байлаа. Олон хүн осолд өртөж, гэмгүй олон иргэн цаг бусаар нас барсан юм. Ээжтэйгээ хөтлөлцөн зам хөндлөн гарч явсан 12 настай охиноос эхлэн онцгойгийн ажилтан бусдын тушаалаар барилгад ажиллаж байгаад эрүүл мэнд амь насаараа хохирсон. Ослын шалтгаан барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас гэсэн ганцхан тайлбарыг мэргэжилтнүүд өгч байв. Өнгөрсөн онд гарсан барилгын ноцтой ослуудыг түүвэрлэн хүргэе. Энэ харамсалтай ослын олонхи нь есдүгээр сард болсон байдаг.

13 НАСТАЙ ХҮҮ БАРИЛГЫН ШОРООНД ДАРАГДАВ

 

Наймдугаар сарын 11. Орхон аймагт 13 настай хүү “Агни трейд” гэх компанийн барилгын ажил хийж байх үедээ шороонд дарагдаж амиа алдсан. Тэрээр найзынхаа хамт Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өргөтгөлийн барилгын подвалын үерт өртсөн шороог зөөж байхдаа нурангид дарагдсан байна.

12 НАСТАЙ ОХИН БЕТОН ЗУУРМАГ ШАХАГЧИД ДАРУУЛАВ

 

Есдүгээр сарын 3. Барилгын ослын хамгийн ноцтой, олон нийтийг сэрдхийлгэсэн осол энэ байв. Саппорогийн тойрог орчимд явган хүний гарцаар ээж, дүүтэйгээ гарч явсан 12 настай охины дээрээс хэдэн арван тоннын хүнд даацтай бетон зуурмаг шахагч унан харамсалтайгаар амиа алдсан юм. Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороо, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн баруун талд зөвшөөрөлгүй баригдаж байсан барилгын бетон зуурмаг шахагч хугарсан юм.

 

КРАН ХУГАРЧ, ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЛЭЭ

 

Есдүгээр сарын 7. Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд баригдаж байсан “Рапид харш” орон сууцны барилгад осол гарч 26 настай залуу амь эрсэджээ. Барилгын материалаа өргөж байсан краны оройн хэсэг хугарч амиа алдсан байна.

 

ХӨГЖИМ СОНСЧ ЯВСАН ЗАЛУУ ТӨМӨРТ ЦОХИУЛАВ

 

Есдүгээр сарын 18. “Тэнгис” кинотеатрын урд замаар хоёр найзын хамт алхаж байсан 25 настай оюутан Ч-ийн дээрээс гэнэт урт труба унаж, эмнэлгийн анхан шатны тусламж авч чадахгүйгээр нас барсан. Төмөр нь зөвшөөрөлгүй баригдаж байсан 11 давхар  барилгаас унасан байлаа.  Хохирогч осол гарах үед чихэвч зүүн хөгжим сонсч явсан. Тухайн үед барилгын гүйцэтгэгч компани гэх “Модун спеакэл” компанийн захирал Х.Батбилэг, менежер М.Очирпүрэв нар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм.  Тэд хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд өнгөрсөн юм.

 

ӨНДӨР ХҮЧДЭЛД ЦОХИУЛЖ  НАС БАРАВ

 

Арваннэгдүгээр сарын 7. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байсан “Асар шим” компанийн барилгын гурван давхарт ажиллаж байсан 33 настай Э өндөр хүчдэлд цохиулж, нас барсан.

 

ТУЛГУУР ТӨМӨР ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ

 

2013 оны дөрөвдүгээр сарын 29. Энэ жилийн анхны харамсалт мэдээг дуулгасан өдөр. Баянгол дүүргийн III хороо Нарны гүүр, Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-ын барилгад ажиллаж байсан 40 настай ажилчны дээрээс төмөр сапуд унаж амиа алдсан байлаа. Тэрээр  “Шинэ их холдолт” компанийн харьяат ажилчин бөгөөд байрны дэргэд цемент зөөж явсан байна. Энэ үед барилгын есөн давхарт нь “Минимакс” компанийн ажилчид кранаар сапуд өргөж байснаа алдсан байна.