Д.МЯГМАР

Тусгай гэсэн тодотголтой сангууд манай  улсад олон байдаг ч нэмж байгуулах сана­лыг дарга нарт гаргасаар л. Үр, өгөөж муутай хэрнээ өнөө хэр ажилласаар л байгаа сангийн тоо нийслэлд 25-д хүрчээ. Удаах санг нь байгуулахаар хотын дарга  журмын төсөл боловсруулсан ч Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч эсэр­гүүцсэн. Манай сонин Зас­гийн газрын тусгай сангуудын хөрөнгийг ил болгохоор цувра­лаар нийтэлж байгаа билээ. Энэ удаад нийслэлийн тусгай сангуудыг “барьж” авав.

Ядуу хүний зовлонгоор дайжигнагч гэгчээр нийслэ­лийн тулгамдсан асуудлаар үйлчилгээ үзүүлдэг, мөнгийг соронз мэт татаж төвлөрүүлдэг 25 сан улаанбаатарынхны төлөө хурамчаар ажилладаг гэсэн мэдээллийг албаны хү­ний амнаас дууллаа. Тэдгээр сан нийслэлд ямар нэг хэл­бэрээр үйл ажиллагаа явуулдаг ч зарим нь олигтой ажил хий­дэггүй гэнэ. Сангийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан хуудуутай баримтыг Нийслэ­лийн Аудитын газрынхан хэ­дэн жилийн өмнө илчилж бай­сан тохиолдол бий.  Тухайлбал, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бизнесмэнүүдэд тараасан тохиолдол бий. Энэ сангийн дарга бүсгүй тухайн үед Ганц худагт саатуулагдан, хууль, хяналтынханд шал­гуулж, байцаагдаж байсан удаатай. Үйлдвэрлэл хөгжүү­лэх нэрийн дор энэ сангийн хөнгөлөлттэй зээлийг бизнес­мэнүүдэд өгөөд туучихсныг аудитынхан  илчилж байлаа. 100-200 үнээний саалийн ферм байгуулна гэсэн зохио­лоо өөрчилж эзэн нь сангаас авсан мөнгөөрөө Ланд-200 авч хөлөглөн, найман нэрийн ба­рааны дэлгүүр нээж архи зар­сан шиг суусан түүх олон давтагддаг. Эсвэл энэ сангаас зээл аваад хаягаа шилжүүлээд, гэрээ нүүлгээд явчихсан то­хиол­дол гарч байсан. Саалийн ферм байгуулж  нийслэлийнх­нийг эко сүүгээр хангана гэж төсөл бичиж олон зуун сая төгрөгийн зээлийг энэ сангаас салгасан нөхдийн амлалт хэ­рэв биелсэн бол... Өнөөдөр нийслэлийнхэн цагаан идээ­гээр тасрахгүй, эрүүл мэндээ дэмжээд хэчнээн сайхан байх сан бол. Жижиг, дундынхныг дэмжих сангийн хөрөнгө энэ мэтээр дарга нарын танил, ах дүү, хамаатан садны бизне­сийг дэмжих хөрөнгийн эх үүсвэр болчихжээ. Үүнийг тухайн үеийн дарга нар сон­соод хэлээ хазаад өнгөрч байж билээ. Гэсэн атлаа иймэрхүү сангууд татан буучихгүй бай­саар л байгаа нь дарга нарт хэрэгтэй болоод л тэр байх. Үүний цаана хэн нэгний то­моо­хон эрх ашиг нуугддаг болов уу. Тиймээс л сан нэрээр элдэв аргаар сүлбэлддэг бүлэг­лэл нийслэлд үүссэнийг ч үгүйсгэмгүй. 

Тэдгээр сан Засгийн газ­рын зорилтот ажлыг биелүүлэх үүрэгтэй гэдэг. Засгийн газ­рын тусгай сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуу­лах, сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг төрийн сан­гийн дансанд төвлөрүүлдэггүй. Арилжааны банкинд байгаа дансанд төвлөрүүлж шууд зээл олгох, сангаас хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний эцсийн үр дүнг бүрэн гаргадаггүй зэрэг дутагдал байдгийг  www.iltod.gov.mn цахим хуудаст мэдээлжээ.

Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг төрийн санд байршуулахаар хуулийн хүрээнд шийдвэрлэсэн боловч зарим сан хөрөнгийн тодорхой хэсгийг арилжааны банкуудад байршуулж гүйлгээ хийдэг байна. Ийм утгаараа нийслэ­лийн олон сан өнөөдрийг хүр­тэл бидэнд гай болоогүй, гавъяа байгуулалгүй чимээгүй оршин тогтносоор ирсэн. Одоо энэ сэдвийг хөндөж, ухаж төнхөх цаг нь болжээ. 25 сангийн хөрөнгийн зарцуулалт, сан­хүүгийн задаргааг олон нийтэд тайлагнадаг болцгооё. Тод­руул­бал, тусгай сангуудын дансыг шилэн болгоё. Улаан­баатар хотын харьяанд байдаг энэ 25 сан аль ч Засгийн үед гавьтай ажил хийгээгүй өнөө, маргаа­шийг арга­цааж, энэ тэрхэн ажлыг сан­хүү­жүүлж ирсэн бололтой.  25 сантай байлаа гээд Улаан­баатар хот маань сүүлийн жилүүдэд бусад орны нийслэ­лээс илүү гарч, хөгжлөөрөө цойлоогүйг захын иргэн хэлэх байх.

Хорт утаатай, хөрсний бохирдол нь дээд цэгтээ тулсан хотод бид аж төрдөг. Ямар ч засгийн үед хогноосоо салж чаддаггүй нийслэл Улаан­баатар гэдэг нь батлагдсан. Хог, хаягдлын сангаар дам­жаад жилдээ тэдний дансанд 4.5 тэрбум төгрөг цугладаг гэсэн тооцоог Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан хэлж байсныг санаж байна. “4.5 тэрбум төгрө­гөөр нийслэлийнхний хогийг бүрэн зайлуулж дийлэхгүй байгаа учраас ирэх жилээс төсвөөс татаас авч нийт 11 тэрбум төгрөгтэй болчихвол хоггүй Улаанбаатар болно” хэмээн тэрээр ярилцлагадаа дурдаж билээ. Тиймээс Хог хаягдлын тусгай сан олон жил ажиллахдаа гийгүүлсэн зүйл­гүй байна.

Нийслэлд нүүрлэсэн гам­ши­гаар далимдуулан сан бай­гуулахгүй бол тухайн үеийн дарга ангийнхан мэдрэмжгүй­гээ харуулах биз ээ. Тухайл­бал, агаарын бохирдол нийс­лэлийн шүдний өвчин болсон. “Цэвэр агаар” санг байгуулаад нийслэлийн агаар цэвэршээ­гүй юмдаг. Сангийн хөрөнгийг хэдэн нөхөд эрээвэр, хураавар зүйлд зарцуулаад дууссан. Үүнийг Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан албан мэдээгээр нотлож болно. “Бидний амьсгалж байгаа агаар химийн хортой бодисийн исил, хүхэрлэг хийн агууламж нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн арав дахин их болсон” гэсэн мэдээллийг орой бүр телевизийн мэдээний доогуур урсан өнгөрхийг уншаад л суудаг нь харамсалтай энэ үнэн. 

Улаанбаатар хот жил жилийн хаварт замаа засч, шинээр барьсан ч жилийн нүүр үзэлгүй хагарч, эвдэрч, энхэл донхол болж тосгон маягийн нийслэл хэвээр үлд­сэн. Уг нь бидэнд Нийслэлийн замын сан гэж тусгай сан бий. Гэтэл одоо ямархуу замаар ажил, сургуульдаа явж, аж төрдгийг улаабаатарынхан бүгд мэднэ. Жил бүр л хотын замыг нөхдөг, засдаг хэрнээ ирэх жил нь бас л тэр ажлаа хийж, туушиндах хэрэг гардаг нь ч бас үнэн. Энэ нь Замын сангийн мөнгийг зөв зарцуулж чадахгүй байгаагийн бодит нотолгоо юм шүү. Зам барьж, засч олон тэрбум төгрөг зарлаа гэж мэдээлдэг ч Замын сан­гийн хөрөнгөөр хийсэн ажил нь цаг хугацааны шалгуурт дийлэнхдээ тааруу дүн авдаг. Үүнийг харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргиж суудаг цаг ул болох биз ээ. Учир нь АН-ынхан “Хот шиг хотод хүн шиг амьдруулна” гэж амлаж Засгийн эрх авсан учраас тэд­ний амлалт биелэхийг хүлээцгээе.

Олны нүдэнд ил болсон энэ жишээг дарга ангийнхан үгүйс­гэхгүй байх. Улаанбаатар сүүлийн жилүүдэд шороон бас цементэн хот болсон гэх мэ­тээр тааруу бүхнийг нэрлэвэл цаг, цаас их орох байх. Энэ бүхэнд зориулж сан байгуу­лаад байвал хэцүү еэ.

Хотод мал байлгахгүй гээд хөөж, туудаг нийслэлд Малын хулгайтай тэмцэх сан байх хэрэгтэй юү гэдгийг бодож үзээсэй. Нийслэл, дүүргүү­дийн нутагт мал байлгахыг хориглодог. Зөвшөөрсөн цөөн хэдэн хороо нийслэлээс алс­лагд­сан байдаг тул тийм ч олон мал нийслэлд байдаггүй гэсэн үг. Тиймээс сан нэртэй ний­гэмд гавьтай ажил хийдэггүй татвараас бултдаг тусгай үүрэг­тэй ч тусгүй сангуудыг цэгц­лэе. Үүний оронд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санд илүүтэй хөрөнгө хаямаар юм. Энх цагт аж төрж байгаа хэр­нээ дайны үеийнУлаанбаатар аятай өдөр бүр хэдэн арваараа хүн бэртэж, гэмтэж, гэмт хэр­гийн золиос болж байна. Тий­мээс Гэмт хэргээс сэргийлэх сангийн ажлыг чанартай болгоосой хэмээн хүн бүр хүсдэг байх.

“Улаанбаатар сан” гэж нийслэлд бий. Юу хийдэг сан юм бүү мэд. Ямартай ч “Хий­морь тэтгэсэн миний Улаан­баатар” дууг клиптэй болгож санхүүжүүлсэн буянтай гэж дуулж байснаас өөрийг мэдэх­гүй. Гэтэл энэ сан 2002 онд ХХК болсныг саяхан дуулав. 2002 онд НИТХ-ын Тэргүүлэг­чид эл шийдвэрийг гаргажээ. Одоо компанийн нэр нь “Улаан­баатар сан” боловч сан­гийн ажил эрхэлдэггүй юм байх.

Нийслэл 26 дахь санг бай­гуулах гээд дуншиж байтал НИТХ дахь МАН-ын  бүл­гийн­хэн бойкотолж түр азна­сан. Энэ бол “Орон сууц хөг­жүүлэх сан” юм. Нэг талаас Үүл баатар ахмадуудаа хямд үнэ төлж түр суух орон сууцанд аж төрүүлэх санаатай зүдрээд байгаа юм байх. Гэтэл өнөө­дүүл нь ойлгохгүй улстөржүүл­сэн гэдэг юм. Үнэн чанартаа Нийслэлийн 51 хувийн орол­цоотой Орон сууц санхүүжил­тийн корпорацийн ажлыг тэр санд өгөх гэсэн юм байх. “Энэ корпорацийн ажлыг хагасалж “Орон сууц хөгжүүлэх сан”-д даатгах гэлээ” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа АН-ынханг буруутгаж дуулдсан.  

Олон сайхан нэртэй сан­тай хэрнээ нийслэлийнхэн маань хөгжөөгүй “сөнөсөн” байдал­тай өнөөдрийг хүрсэн. Бэлэнч­лэх сэтгэлгээг өөгшүүлдэг, дарга нарын эрх ашгийн төлөө ажилладаг учраас иргэд энэ элдэв санг дэмждэггүй. Харин дарга нар сан байгуулах гэж дайрч, дэврээд байгаагийн цаана санхүүгийн томоохон эрх ашиг бий. Сан ажиллуу­лахад татвараас “бултдаг” учраас ямар ч дээд албан тушаалтан ийм аргыг сүвэг­чилж ивээлдээ авдаг гэх юм билээ. Бас санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэггүй гэж байгаа. Ер нь л “но”-той шүү, хотын энэ олон сан. Тиймээс Улаанбаатарын тусгай сан­гуудын талаар цуврал нийтлэл хүргэх болно.