Архангай аймгийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Баасанжаваас тодрууллаа.
-Аймгууд өвөлжилтийн бэлтгэлдээ хэдийнэ гарчихсан байна. Танай аймгийн хувьд бэлтгэл ажил хэр урагштай вэ?
-Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу бүх суманд өвөлжилтийн бэлтгэлийг хангаад эхэлсэн. Энэ жилийн зуншлага манай нутгаар тал хувьдаа тааруу байлаа. Зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр нэлээд гандуу байсан. Наадмаас хойш бороо ороод өнгө зассан ч энэ сарын дундуур дахиад гандчихлаа.
-Тэгвэл хадлан, тэжээл бэлтгэхэд хүндрэлтэй байгаа байх нь ээ?
-Өмнөх жилүүдэд хадаж байсан талбайгаасаа хадлан авах боломжгүй. Долоон суманд хадлангийн ургац гайгүй гарлаа. Бусад сумынхан гуу жалга, модны цоорхойг хадаж өвсөө бэлтгэж эхэлсэн. Хадландаа жигдрээд гарчихсан. Өнгөрсөн долоо хоногт бороо ороод, уулархаг сумаараа их хэмжээний цас орсон. Модны цоорхой, гуу жалгаараа нойтон байгаа учраас хэд хоног азнаад, өнгөрсөн ням гаригаас хадландаа гарлаа. Албан газруудын түрүүч нь гарчихсан. Би гэхэд 10 гаруй залуу дагуулаад байгууллагадаа 6-7 тонн хадлан бэлтгээд байна. Өвснөөс гадна малын тэжээл бэлтгэх талаар малчдадаа сануулга, мэдээлэл өгч байгаа. Манайх энэ жил 85 мянга гаруй тонн өвс бэлтгэх төлөвлөгөөтэй. Засгийн газрын тогтоолын дагуу сум бүр 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх ёстой. Аймгийн нөөц бэлтгэх үүрэгтэй. Тэр дагуу бүх албан газартаа даалгавар өгчихсөн.
-Ургацын урьдчилсан баланс гарч байна. Танайхны ургац хэр байна?
-3000 гаруй та талбайд улаанбуудай тарьсан ч урьдчилсан балансаар 1000 орчим га талбайгаас ургац авах боломжгүй болсон. Малын тэжээлд шилжихээр байгаа. Нийт тарьсан талбайнхаа 60 орчим хувийг хурааж авах боломжтой байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин