
НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг 14 хоногийн завсарлага авсан. НИТХ-ын дарга Д.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-”Ахмадын орон сууц-4000" хөтөлбөрийг хэлэлцэхээс МАН-ын бүлэг завсарласан. Ямар учраас бүлгүүдийн байр суурь нэгдсэнгүй вэ?
- МАН-ын бүлгийнхэн 14 хоногийн завсарлага авч, энэ сарын 9-нд хуралдахаар болсон. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан аливаа асуудлыг улстөржүүлэх хандлага ажиглагдаад байна. МАН-ынхан энэ хөтөлбөрийг дэмжиж байгаа ч түрээслүүлэхгүйгээр хөнгөлөлттэй үнээр хувьчилж өгнө гэсэн. Энэ нь ахмадуудад төдийгүй иргэдэд таалагдах болов ч хэрэгжих боломжтой эсэхийг бид тооцоолох хэрэгтэй. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь үнэхээр ядарсан, харж хандах хүн бүл цөөтэй, орлого багатай ахмадуудыгаа дан ганц орон сууц бус үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрүүлэх соёлын төвтэй цогц газартай хороололд амьдруулъя гэж байгаа юм. Харин хөнгөлөлттэй үнээр хувьчилъя гэдэг нь одоогийн зах зээлийн зарчимд нийцэх үү. Ардчилсан нам засаг барьж байх үедээ газрыг, малыг хувьчлахдаа асуудлыг тодорхой шийдвэрлэж байсан. Харин өнөөгийн нөхцөлд орон сууцыг хувьчилъя гэдэг нь бэлэн мөнгө амлахтай адил сонсогдож байгаа юм. Энэ нь зорилтот хөтөлбөр. Ахмадууд маань улс эх орондоо хийдгээ хийчихээд насны эцэст юм юмандаа ойрхон тухтай орчинд байх нөхцлийг бүрдүүлнэ. Тиймээс ИТХ-ын хуралдаанаар асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн барьснаар нь баталж, яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. Харин үүний дараа МАН-ын нөхөд хэрэгжилтийг хянах бүрэн боломжтой. Ингэснээр ахмадуудын асуудлыг хугацаа алдахгүй шийдэж чадна.
-Ахмадын орон сууцыг ямар хэлбэрээр барих вэ. Хөтөлбөрт хамрагдах ахмадуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Одоо хэлэлцэх журамд шаардлагыг тодорхой тусгасан. Хэрэв батлагдчихвал бүх зүйл тодорхой болчихно. Харин орон сууцыг нийтийн байр хэлбэрээр барина гэж ойлгож болохгүй. Энэ бол асрамжийн эсвэл халамжийн газар биш. Ердийн орон сууц барина. Энэ орон сууц нь нийслэлийн өмч байх бөгөөд ахмадууд тэтгэврийнхээ мөнгөөр төлөх хэмжээний түрээстэй байна. Нэг зүйлийг хэлэхэд энэ хөтөлбөрийг ярьж эхлэхэд л манай ахмадууд бүртгүүлье гэж эхнээсээ ирцгээж байна. Над руу ч, Засаг дарга руу ярьж “Байр нь хаана байгаа юм гэх зэргээр тодруулж байгаа нь ямар их хүлээлт байгааг харуулж байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг бодолцож асуудалд улс төрийн өнцгөөс бус нухацтай ажил хэрэгч хандаж, ажлыг урагшлуулах шаардлагатай байгааг МАН-ын бүлгийнхэнд уриалъя.