С.УЯНГА
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатаас тодрууллаа.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ? -Манай аймгийн хувьд гурван эх үүсвэрээс өвөлдөө бэлтгэж байна. Мал аж ахуйн салбарт өвс тэжээлийн бэлтгэл ажил ид явагдаж байгаа. Аймгийн Засаг даргын тогтоолоор 380 тонн өвс тэжээл бэлтгэх ёстой. Одоогоор манайх 200 гаруй тонн өвс бэлтгээд байрших цэгүүддээ хүргэсэн. Харин 180 тонныг дараагийн дөрвөн цэг дээр бэлтгэнэ. Мөн Дорнод аймагт 200 га талбайд өвс тэжээл бэлтгэх бригад хадлангийн ажилдаа гарсан. Энэ жилийн ургац хураалтын ногоон тэжээл татах шийдвэрийг Засгийн газраас хүлээж байна. 50 тонн малын тэжээлийг ургац хураан авалтын дараа бэлтгэнэ. Сум болгон 100 тонн өвс тэжээл бэлтгэх ёстой гэсэн албан даалгаврыг хариуцуулж өгсөн. Тайлан мэдээ гаргаад сумдтай цахим хурлаар харилцаж байгаа. -Суурин газрын бэлтгэлийг хэр хийж байгаа вэ? -Суурин газрын өвөлжилтийн бэлтгэл бэлэн болж байна. Аймгийн төвийн уурын зуухны талаар өнөөдөр комисс хуралдаж шийдвэр гаргана. Уурын зуухны шинэчлэлт хийх шаардлагатай байгаа юм. -Малчдаа хөнгөлттэй өвс тэжээлээр дэмжих талаар ямар бодлого баримталж байна вэ? -Манай аймагт энэ өвөл нийтдээ 3.5 сая толгой мал өвөлжинө. Тиймээс аймгийн зүгээс аюулгүйн нөөцийг бүрдүүлж байна. Малчдад өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын чигийг өгсөн. Малчдад тусламж болгож 100 тонн өвс хямд үнээр өгөхөөр бэлдсэн. Цаашдаа цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан өөрчлөгдөж магадгүй. Харин ургацын хувьд нийт тариалангийн талбайгаасаа 65 хувийн ургац хурааж авна гэсэн төлөвлөгөө гаргасан. Энэ жил нийт 60 мянга гаруй тонн улаанбуудай хураах тооцоотой ажиллаж байгаа ч 35 хувийн ургац алдсан.Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин