Б.ТУУЛ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын томоохон их сургуулиудын дотуур байрны бүртгэл энэ сарын 28-нд эхлэх  бөгөөд гурав хоног үргэлжилнэ. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээлийн шинэ жилийн нээлтээс хойш эхлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 43 дотуур байр байдаг гэсэн тооцоо бий. Дотуур байранд амьдрах оюутнууд бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн томилолт, дөрвөн хувь цээж зураг, төлбөр төлсөн баримт, оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй.

Үнийн хувьд МУИС-ийн дотуур байрны нэг жилийн төлбөр өнгөрсөн жил 400 мянган төгрөг байсан бол энэ жил 230 мянган төгрөгөөр буюу 50 гаруй хувиар нэмэгдэх төлөвтэй байна. МУБИС-ийнх 385 мянга, АШУҮИС 430 мянга, ШУТИС 450, Улаанбаатар их сургууль 450 мянга болсон байна. Мөн “Оюутны өргөө” цогцолборын оюутны байрны төлбөр 780 мянгаас 850 мянган төгрөг болж өсчээ. Хувийн их дээд сургуулиудын дотуур байрны төлбөр одоогоор нэмэгдээгүй байна.