Б.ЭНХЗАЯА

 

МЕТР КВАДРАТЫН ҮНЭ 10 МЯНГАН АМ.ДОЛЛАР

 ШӨХТГ-аас “Таван богд” группийг өчигдөр шалгав. Монголын нэр хүндтэй компанийг хууль зөрчсөн гэж үзжээ. Тус компанийг импортын бүтээгдэхүүнээ валютаар худалдаалж байна гэсэн гомдолтой цөөнгүй иргэн ханджээ. Засгийн газраас төгрөгийн ханшийг үнэ­гүй­дүүлэхээс хамгаа­лахаар 2009 оны долдугаар сард Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр, тооцоо гүйцэтгэх тухай хуулийг баталсан юм. Гэвч хууль хэрэгжихгүй л байна. Зөвхөн “Таван богд” ч биш юм. Хүүхдээ нэр хүндтэйхэн их, дээд сургуульд оруулъя гэтэл доллараар төлбөр төлөхийг шаардана. Олон жил цуглуулсан мөнгөөрөө орон сууц худалдан авъя гэсэн ч доллараар төлнө. Бүр худалдаа эрхэлье гээд үйлчилгээний газар хайвал төлбөрөө долларт шилжүүл гэх болсон нь энгийн үзэгдэл болж. Хэдэн газар руу утас цохиж лавлаад үзлээ. Худалдаа үйлчилгээний “Алтжин бөмбөгөр” тө­вийнхөн нэг метр квадрат талбайг 10 мянган ам.дол­лараар үнэлж, дөрвөөс доошгүй метр квадратыг худалдан авахыг шаарддаг байна. Тэгвэл их дээд сургуулиуд ч төлбөрийг ам.доллараар хийхийг хүсдэг ажээ. Тухайлбал, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн ангид сурал­цахын тулд 4500 ам.дол­­лар төлөх жи­шээтэй. Түүнчлэн “Жен­ко тур” аялал жуулчлалын компани гадаад аялалаа доллараар хийхийг зөвшөөрч байв. Тус компанийн борлуулалтын менежерээс лавлавал хуулийн талаар мэдэж буй ч гадаад валютаар төлбөр хийх боломжтой гэлээ.

 

 

ХУУЛЬ ЗӨРЧИГЧДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА ГЭЖЭЭ

 

Валютаар худалдаа эрхлэх нь тухайн байгууллагад ашигтай ч худалдан авагч иргэн, бүр цаашлаад Монголын эдийн засагт сөргөөр нө­лөөлөх гэмтэй. Инфля­цийг нэг оронтой тоонд барина хэмээн төр засгийнхан ярьдаг боловч энэ мэт “жижигхэн” асуудал нь цаанаа хор хохиролтой болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Дөрвөн жилийн өмнө сүр дуулиантайгаар баталж байсан хуулийн хэрэгжилтэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон хяналт тавих  байв. Хэрэв хуулийг зөрчвөл үйл ажиллагаанаас нь олсон валютын орлогыг хураана. Удаа дараа зөрчил гаргавал иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай. Үүнээс гадна байгууллагын үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар хуульчилжээ. Хууль зөрчиж байгаа аж, ахуйн нэгжүүд олон байгаа ч тэднийг хэрхэн хянаж, арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй. Хууль хэ­рэгжүүлэгчид нь ч “Хууль батлагдсанаас хойш бид удаа дараа шалгалт хийлээ. Байдал сайжирч, өөрчлөгдөж байгаа. Гадаад валютын хиймэл, зохиомол хэт их эрэлтийг зогсоож байгаа” хэмээн ам сайтай байсан юм. Гэвч одоо дол­лар, юанийн өсөлт иргэдийн нуруунд  үүрүүлсэн ачааг улам хүнд­рүүлсээр л байна. Тиймээс төрийн байгууллага нь ч хяналтаа чангаруулах шаардлага гарчээ.