Д.БОЛОРМАА

 

УИХ-ын гишүүн Ц.Оюун­баатартай ярилц­лаа. Тэрээр хэсэг гишүү­дийн хамт Өршөөлийн тухай хууль санаачилсан байна.

-МАН-ынхан Ерөнхийлөг­чийн сонгуульд нэр дэв­шиг­чээ тодрууллаа. МАН МАХН хоёр Ерөн­хийлөг­чийн сонгуульд хам­тарч оролцох эсэх тухай ярьж байгаа. Танай намын­­хан Б.Бат-Эрдэнэ гишүү­нийг хэрхэн үзэж байна?

-Би “Шударга ёс” эсвлээс жагсаалтаар орж ирсэн хүн. Намын гишүүнчлэлийн хувьд МАХН-ын 1985 оны ги­шүүн. Хэдийгээр ахмад гишүүн ч намын байр суурь төлөөлж яримааргүй байна. Монголын улс төрд сүүлийн 10 гаруй жил идэвхтэй ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд МАН-аас Б.Бат-Эрдэнэ гишүүн буюу монгол­чуудын мэдэхээр улсын наадамд 12 удаа  түрүүлсэн дархан аварга нэр дэвшиж байгаад талархаж байна. Ард түмэн таатай хүлээн авч байх шиг харагдаж байна. Өнөөгийн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх асуудлыг дэвшүүлэн гарч ирсэн. Түүний зарим санаачилга бодит үр дүн авчирсныг үгүйсгэж бо­лох­гүй. Гэхдээ хүний эрх зөрчдөг, хууль тогтоомж зөрчдөг, иргэдийг улс төрийн намаар алагчил­даг, ажил төрлөөс нь халдаг үзэгдэл арилах нь бүү хэл гаарсан энэ үед  үүнийг засах Ерөнхийлөгч Монголд хэрэгтэй байна. Энэ хүн нь Б.Бат-Эрдэнэ гишүүн байх бололцоотой. Өөрөөр хэлбэл, түүнийг хүчтэй өрсөлдөгч болох нь гэж харж байна.

-Та надад МАН-тай МАХН хамтрах эсэх тухай хариулт өгөөч?

-”Шударга ёс” эвсэл Ерөнхийлөгчийн сон­гуульд дөрвөн хүний нэрсийг сунгаанд сойж байна. Мэдээж хэнийг нь ч нэр дэвшүүлсэн санал хуваах бололцоо бий. Гэхдээ “Шударга ёс” эвсэл болоод ИЗНН-аас нэр дэвшин санал хувааж хоёр дахь шатны сон­гуулийг бий болгох хэрэг­гүй болов уу. Зардлаа бодсон ч гэсэн. Харин санаа зовоох асуудал нь улс төрийн намаас нийгэм өөрөө залчихаад байна. АН, МАН-аар талцаад хоорондоо тэрсэлдэж, нэг­­нийхээ үйл ажилла­гаанд саад болж, тэр байтугай улс төрийн өрсөлдөгчөө эрхийг нь хязгаарлаж шоронд хорих байдлаас иргэд маш их залхжээ. Тухайл­бал, Сон­гинохайрхан дүүр­гийн нөхөн сонгууль арай гэж 30 хувийн ирцтэй байх жишээтэй. Хэрэв дахин маргаан үүсвэл 10 хувиас илүү гарах­гүй. Энэ нь Монголын улс төр, нам­чирхалаас нийгэм бүхэл­дээ залхсаныг тод харуулж байгаа хэрэг. Намчирх­лаас болж МАН, АН ялгаагүй нэр хүнд нь уначихсан байна. АН Засгийн эрхэнд гараад мэргэшсэн төрийн албан хаагчийг бөөн, бөөнөөр нь сольж, бүхэл бүтэн яам агентлагуудын ажилтнуу­дын талыг нь халлаа. Энэ бүхэн монголчуудын дур­гүйцлийг хүргэж байна. Монгол төрийн төлөө, эх орныхоо төлөө ажиллах сонирхолтой, аль нэг нам гэдэггүй хүнийг төрд алба хаах, эх орондоо зүтгэх боломжийг алдаг­дуулж байна. Ийм учраас улс төрийн намаас зугтах, үгүйсгэх хандлага руу оржээ. Магадгүй энэ байдлаараа Ерөнхий­лөг­чийн сонгуульд ирц 50 хувьд хүрэх эсэх нь нэр дэвшихээсээ илүү чухал асуудал болно. Тиймээс иргэдийн улс төрийн идэвхийг сэргээе гэвэл жирийн иргэд, нам бусчуудыг сонгуульд орол­цох бодит нөхцлийг хангаж өгөх шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, Монголынхоо сонгуулийг хүчтэй байл­гах, ард түмнийхээ са­налыг авч чадах боломж нь нам бусчуудыг улс төрийн сонгуульд өр­гө­нөөр оролцуулна гэсэн үг.

-Нам бусчуудын тө­рийн бус байгууллагыг та удирддаг билүү?

-Эх орондоо эзэн байхын төлөө тэмцдэг нам бусчуудын холбоог үүсгэн байгуулсан хүн нь би мөн. Манай байгууллагад эр­дэм­тэн судлаач багтсан гэдгээрээ онцлог. Цааш­даа их хур­лаа хийгээд бүтэц зохион байгуулалтад орвол өөр ч удирдлага гарч ирж болно. Үүнийг би нам шиг хувь болгон өмчир­хөхгүй. Удах­гүй нам бус­чуудын их хурлаа хийхээр төлөвлөж байна. Магадгүй ирэх зургадугаар сард хийж таарах байх.

-Ерөнхийлөгчийн сон­гууль­тай зэрэгцээд үү?

-Хүмүүс улс төр, намчирхалаас залхаад байна. Ийм цаг үед  МАН, АН-ын нэр дэвшигч ир­гэдийн саналаар сон­гуульд ялахгүй. Нам бус­чууд алийг нь дэмжинэ тэр хүн сонгуульд гарч ирнэ. Энэ бол маргашгүй үнэн. Ер нь манай төрийн бус байгууллага нь намчирх­даггүй Ерөнхийлөгч, намчирхдаггүй Засгийн газартай болохыг хүсч байна. Хэн нэгэн бүлэг, албан тушаалтны эрх ашгийг хамгаалан намын нэрэн дор 20 жил төрд суусан хүн бий. Намын нэрийн дор авлигыг цэцэглүүлэн хөгжүүлсэн, эх орны баялгийг гад­ныхантай хуйвалдаж ид­сэн луйварчид нуугдаж байна. Энэ үүднээс намыг гишүүнчлэлгүй болгох, задлах нь УИХ-ын гишүү­дийн туйлын зорилго юм. Монголыг хуваасан, үн­дэсний аюулгүй байд­лыг алдагдуулсан, гадаа­дын том гүрнүүдийн гар хөл болсон улс төрийн дал­баанд нуугдсан ав­лигач­даас салахгүй бол Мон­голын хөгжил бүрхэг болно.

-Та нам бусчуудын тухай ярьж байна. Гэхдээ та өөрөө МАХН-ын гишүүн биз дээ?

-Би түрүүнд хэлсэн дээ, МАХН-ын 1985 оны гишүүн. “Шударга ёс” эвслээс жагсаалтаар орж ирсэн гишүүн гэж. 1985 оны МАХН нь өнөөгийн МАХН мөн бол гишүүнээр тооцогдож явна. Гэхдээ нам бусчуудын холбоо нь заавал аль нэг намд харъяалалгүй байх тухай шаардаж болохгүй. Манай төрийн бус байгууллага хатуу гишүүнчлэл байх­гүй. Цаашдаа хүний эрхийн төлөө тэмцдэг төрийн бус байгууллага, иргэний нийгэмтэй хамт­ран ажиллана. Улс төрийн тогтолцоог эрүүл болгохын тулд эрх зүй, улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг зоригтойгоор хийх байгууллага юм.

-Хууль тогтоогчид шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуульч хүний зүгээс дүгнэхэд эдгээр хууль сайн төсөл болж уу. Нэршлээс нь эхлээд нэ­лээд их өөрч­лөлт орж байна?

-Хуулийн байгуул­лагын үйл ажиллагаа, эрх дархтай хамаатай 11 хуулийн төсөл байна. Одоогоор эхний зургаан хуулийг нь хэлэл­цэж байгаа. Хуулийн нэр томьёоноос эхлээд бод­лого, концевцийн хувьд нэлээд их зөрчил бий. Одоо хэрэгжиж буй хуультай зөрчилдөх магад­лал өндөр. Яахав, хуу­лиудыг богино хугацаанд бэлтгэсэн уч­раас түүхий зүйлүүд байна. Гэхдээ огт өөрчлөлтгүй сууж байс­ныг бодвол өөрч­лөхөөр хичээж байгаа нь сайн зүйл. Хүний эрхийн хуульчаар 30 гаруй жил ажилласан хүний хувьд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийн  ажлын хэсгийг хариуцаж байгаа. Энэ хуулийг гаргахыг дэмжиж байгаа. Цаашдаа энэ хууль Гэмт хэргийн тухай болон Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай уялдан зохицох ёстой. Манайд нэг сул тал ажиглагдаж байна. Юу гэхээр улс төрийн намууд нэгнийхээ оруулж ирсэн хуулийн төсөл бүрийг дэмжих юм. Үг дуугүй дэмжих бус мэргэжлийн үүднээс ан­хаарах ёстой. Амьдралд үр ашигтай хэрэгжихүйц, хүний эрхийг хангасан, шударга ёсыг сэргээн тогтоосон хууль ус, агаар шиг хэрэгтэй.

-Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг ний­гэм хүлээж байна. Гэхдээ хууль хэрэг­жиж эхлэхээр төсөв мөнгө шаардах тухай хуульчид хэлж байсан?

-Гэрч, хохирогчийн тухай хууль хүний эрхийг хамгаалах, гэрч, хохи­рогчийн эрх ашгийг хам­гаа­лахад асар их ач хол­бог­­долтой. Гэрч, хохи­рог­чийг хамгаалснаар шүүгч нарт асуудлыг шударгаар шийдэх болол­цоо бүрдэнэ гэж тооцож байна. Мэ­дээж хөрөнгө шаардана. Гэхдээ хөрөнгө шаардаж байна гээд гараа хумхиад байж болохгүй. Цөөн хүн амтай Монгол орны хувьд тийм ч өндөр хэмжээний зардал гарах­гүй байх.

-Таныг Өршөөлийн тухай хууль санаачилсан тухай сонссон. Ийм хууль батлагдаагүй удсан ч нийгэмд нэлээд сөргөөр ойлгогдсон хууль шүү дээ. Та хэний хүсэл зорилгоор хууль санаачилав гээд л хардах байх?

-Хүний эрх гэдэг аль нэг улс төрийн нам, хувь хүнээс үл шалтгаалах зүйл. Хүн болж төрсөн хэн ч эрхээ хамгаалуулах ёстой. Энэ эрхийг хам­гаалах үүргийг төр хү­лээдэг. Төр хүний эр­хийг зөрчигч биш хангагч нь байх ёстой. Төр нь хүний эрхийг хамгаалах тогтол­цоог нь бүрдүүлэх ёстой атлаа хүний эрхийг дээд хязгаараар зөрчиж байна. Цагдаа, шүүгч, прокурор гээд хуульчид нь хүртэл өөрсдөө хүний эрхийг хязгаарлаж байна. Улс төрийн шалтгаанаар тө­рийн албан хаагчдыг хэдэн мянгаар нь солж бай­гаагийн цаана намын харъяалал байдаг. Энэ бол цөөхөн монгол­чуудад аюултай үзэгдэл. Нөгөө талаас манай улс шо­ронжсон байна. Сая­хан МАН-ын Засгийн газрын үед 461 дүгээр хорих ан­гийг шинээр шилжүүлэн бариад дуус­сан. Гэтэл түүний орыг залгаад Налайхад хорих анги барихаар зургаан тэрбум төгрөг батлуулаад сууж байна. Одоогоор Мон­голын шоронд 7000 хүн байгаа. Батлан хамгаалах салбар, хилийн цэргээсээ илүү гарсан шоронгийн хүнтэй болсон гэсэн үг. Цагдаа­гаасаа ч хэд дахин илүү хоригдолтой. Гэхдээ улс төржсөн, хөнгөн, хүндэв­тэр хэрэгт цөөхөн жилийн ялтай хүнийг шоронгоор дүүргэж таа­рахгүй. Хүний эрх, ир­гэний нийгмийн төлөөлөл болсон С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга,  Л.Цог, Ц.Цолмон нарын гишүүд хамтраад Өр­шөөлийн тухай хуулийн төслийг удахгүй УИХ-ын даргад өргөн барина. Гол шалтгаан нь Монгол Улс шоронжсон байна. Бид анх удаа УИХ-аас Өр­шөөлийн хуулийг гаргаж байна. Урьд нь Ардын их хурал, Ерөнхийлөгч са­наач­лан гардаг байсан юм. Анх удаа жирийн гишүүд энэ хуу­лийг өргөн барьж байна. Хуулийн төслийг 30 гаруй хүн дэмжиж гарын үсгээ зурсан.

-74 гишүүний 30 нь дэмжиж байгаа гэж ойлгох уу?

-Тэгж ойлгоно. Аль нэг улс төрийн намын тө­лөөлөл биш хүний эрхийн хуульчид хуулийн төслийг санаачлан өргөн барьж байна. Хуулийн төсөлд зааснаар хохирогчдын хо­хирлыг гэм буруутай гээд ял эдэлж байгаа хүн заавал төлж барагдуулах ёстой. Өмнөх Өршөөлийн хуу­лиар асар их хохирол учруулсан атлаа эдийн засгийн хохирлоо төлөө­гүй байж шоронгоос гарсан байсан. Энэ нь олон нийтэд дургүйцэл, зэвүүцлийг маш ихээр төрүүлдэг. Харин энэ удаа тийм боломж байхгүй.

-Хэзээ өргөн барих вэ?

-Хуулийг өргөн ба­рихад зарим нэг хүндрэл учирч байна. Өргөн барихаас өмнө прокурор, шүүх, Засгийн газраас санал ав гэж даалгасан. Яахав, бид холбогдох га­зарт нь хандсан. Хэрэв тэр байгууллагууд нь хуга­цаандаа саналаа өгөхгүй бол ирэх долоо хоногт өргөн барихаар тооцож байна. Хуулийн төсөл батлагдсанаар Мон­голын шоронд дүүрэн байгаа 7000 хүнээс 3000 нь сул­лагдана. Ямар хүн сул­лагдах вэ гэвэл хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд хор аюул бага учруулсан хүмүүст хамаарна. Харин  авлига авсан, албан ту­шаалын эрх мэдлээ ур­вуулан ашигласан, онц ноцтой хүнд гэмт хэрэг  үйлдсэн хүмүүст хамаа­рах­гүй. Өөрөөр хэлбэл, гурав хүртэлх жилийн ял­тай хүн. 3-5 жилийн ялтай бол 50 хувиар хөнгөлөх заалттай.

-Ерөнхийлөгчийн са­наа­чилсан өмнөх хуулиар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс гарч ирээд эргэж орсон  тохиолдол бий. Таны санаачилсан хуульд ийм тохиолдол гарахгүй гэх баталгаа байна уу?

-2000-3000 хүний асуу­дал ярьж байгаа учраас алдахгүй гэж хэлж чадах­гүй. Хүмүүжлийг нь ан­хаарах ёстой. Дээрээс нь урьд нь өршөөгдөж байсан хүн хамрагдахгүй.

-Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд яах бол?

-Хөнгөн, хүнд, хүн­дэв­тэр гэмт хэрэг үйлдсэн бол өршөөж таарна. Харин онц хүнд гэмт хэрэг буюу хүний амь хөнөөсөн бол ялыг нь 50 хувь хөнгөлнө.

-Таныг Н.Энхбаярт зориулж хууль санаачил­жээ гэх хардлага гарах байх даа?

-Н.Энхбаяр гэдэг хү­нийг энэ хуульд тусгайлан бодож үзээгүй. Би өөрөө хүний эрхийн салбарт 30 жил  ажилласан хүн. Энэ бол хүний эрхийн төлөө хийж байгаа ажил. Тэгээд ч Н.Энхбаяр дарга өөрөө хэргээ хэлмэгдэлт, цааш­даа цагаатгах ёстой  гэж үздэг. Хүний эрхийн сал­барт ажилладаг хүн, олон улсын шинжээчид ч гэсэн үүнийг улс төрийн шинж­тэй гэж дүг­нэдэг шүү дээ.