Төв аймгийн Заамар сум Туул голын хөндийн өнөөгийн дүр зураг
Алт хайгчид маш их газрыг эндийчдэг, тун бага “ алт” олдог. Гераклит
Алтны ид шид. Манай нутгийн нэртэй дархан Очир гэдэг хүнийг Да лам буюу Дамбийжаагийн зарлигаар нэг өдөр гэнэт аваад явчихжээ. Мөнөөх Дамбийжаатан ардын намынханд баруун хязгаарт алуулсны дараахан Очир гуай нутагтаа буцаж ирэхдээ хоёр тэмээ ачаатай ирсэн юм байх. Тэр хүн Дамбийжаагийн эхнэр хүүхнүүдийн ээмэг бөгжийг хийдэг алтны дархан нь байж байгаад, гэнэтийн тэр довтолгооны үеэр багагүй алтан гулууз бултуулж авчирснаа хэнд ч хэлэлгүйгээр хаа ч юм бэ, Ханхөхий уулын ард нэгэн газар булж орхисон гэнэ. Дараа нь өвгөн “юмтай” гэдгээрээ олноо дорхноо алдаршиж, нэр нь хүртэл Баян Очир гэгдэх болсон боловч, өөд болохдоо тэрээр эхнэр хүүхэддээ хүртэл нөгөө алтаа хаа нууснаа хэлэлгүй өнгөрсөн. Тэр хүний сүнс нь нуусан алтандаа хоргодож буг болсон юм гэнэ лээ гэж нутгийнхан маань шивэр авир ярьцгаадаг байлаа.
Барон Унгерн багагүй алт хойноос авчраад Монголын өргөн уудам газрын хаа нэгтээ булж орхисон нь, одоо хүртэл олдохгүй байгаа тухай орос монголын хэвлэлээр байнга яригддаг. Эх орны дайны үед фашистууд шатаах зууханд оруулж байгаа хүмүүсийнхээ алтан шүдийг бүгдийг булгалж авдаг байсан талаар ч бидний үеийнхэн бүгд мэднэ. Ер нь алт яахаараа ингэж үеийн үед хүмүүний шуналыг хөдөлгөж, шулам болгох үүд хаалгыг нь нээж өгч байдаг юм бэ?
Алтны энэ шулмын ид шидийг бидний өвөг дээдэс “Оройд нь хүршгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй там” хэмээн энгийнээр тун онож хэлсэн байдаг. Алттай боллоо гээд хэнбугайн ч сэтгэл ханаж байсан удаагүй, улам л ихийг олохыг хичээж, урьдах цуглуулснаа алдахаас айж эмээж явсаар, сэтгэл санаа нь хэзээ ч амар тайвныг үзэлгүй өрлөгдөн голоо цохиж бэдэрсээр, үхэхдээ ч сүнс нь хорвоог орхиж чаддаггүй, хоргодон шаналдаг гэдэг. Алт хэдийгээр есөн эрдэнийн нэгэнд ордог ч гэлээ, Монголчууд түүнийг нэг их сүртэй шүтэн биширч, эдэлж хэрэглэж байгаагүй билээ.
Нөгөө талаар алт эрдэнэсээр амьдралыг бүхэлд нь үнэлдэггүй юм аа гэхэд түүгээр бас хэмжигддэг болохыг хүн төрөлхтөн түүхэн явцдаа хүссэн хүсээгүй нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн.
“Атом жин нь-79” гэж үелэх системд тэмдэглэгдсэн алт хэмээх өнгөлөг шар металл яахаараа ийм үнэ цэнд хүрдэг юм болоо. Хамгийн гол нь энэ металл ховор, олборлоход төвөгтэй тэгээд түүнийг гаргаад авчих арга зам одоохондоо байхгүй учраас. Aлхимичид хар тугалгыг алт болгох гэж хэдэн зуун жил үзээд бараагүй хаясан гэдэг юм билээ.
Египетийн фараодын үеэс хүмүүний амьдралд хүч түрэн орж ирж, хүн төрөлхтний хоорондох мянга мянган жилийн алаан тулааны гол шалтгаан нь болж байсан энэ металлыг дэлхийн түүхэнд манай хойд хөршийн их багш Ленин л огт үнэлээгүй цорын ганц хүн. Коммунистууд хэзээ л хөрөнгө мөнгийг үнэлж байлаа. Тэр үед чинь нударган, хөрөнгөтөн гэдэг шалтгаанаар хэдэн саяар нь гэм зэмгүй хүмүүсийг өчиггүйгээр цааш нь харуулж, эд хөрөнгийг нь үрэн таран хийж байсан юм чинь. Ленин багш тэр үед ингэж айлдаж байж:
-Муусайн хөрөнгөтнүүдэд бид цаг нь болоод коммунизмаа байгуулах үедээ алт гэдэг чинь ямар ч үнэ цэнэгүй зүйл гэдгийг үзүүлээд өгнөө гайгүй. Тэр цагт бид тэр шижир алтаар чинь гудамжныхаа бүх нийтийн жорлонгийн суултууруудыг хийх болно.. Тийм үе тун удахгүй ирнэ... Энэ үгийг сонсоод бүх дэлхийн лүмпэн пролетариуд хичнээн их баярлаж хөөрч байсан ч, амьдрал нь харин дараа нь огт өөрөөр эргэцгээснийг бид мэднэ.
Зөвхөн алтанд л байдаг, байгалийн бусад бодисд байдаггүй хэд хэдэн гайхалтай шинжүүд бий. Химийн бодисын ангилал талаас нь авч үзвэл, төмөртэй л адилхан металл мөртлөө, торго мэт уян налархай, хосгүй зөөлөн эд. Алтаар утас хийгээд дээл хувцас оёж нэхэж болно. Ганцхан грамм алтыг сайн давтаж чадвал, хааш хаашаагаа нэг метр талбайг төвөггүй бүрнэ.
Алтан ялтсан дээр бичсэн эртний судар байдаг тухай та сонсоод яасан их хүнд байдаг болоо гэж бодож байгаа бол айлтгүй. Гэрэлттэл нь нимгэлсэн алтан ялтсаар арван мянган хуудастай ном хийхэд зузаан нь ердөө л ганцхан миллиметр болох жишээтэй. Үнэмшмээргүй байгаа биз?
Алтыг гоёж гоодоход биш, үйлдвэрлэлийн зориулалтаар хамгийн их хэрэглэдэг улс гэвэл арлын Япончууд юм байх. Электрон тоног төхөөрөмж, компьютер бүтээхдээ тэд жилд тавин тонн гаруй алт хайлдаг гэнэлээ. Алт бусад ямар ч металлтай урвалд ордоггүй, гадаа гандаж, хөдөө хөлдөж, хэдэн мянган жилээр хэвтсэн ч, шар өнгөө хэзээ ч алддаггүй. Тийм учраас л бүстэй, бүсгүй хүний ямар ч эд эрхтнийг чимэж чаддаг увьдастай эд юм байх. Алтаар яаж төрсөн биеэ чимэж болдгийг араб, энэтхэг бүсгүйчүүдээс яруу тодоор сурч болно шүү.
Би нэг удаа Каирт явж байгаад тэндхийн бүсгүйчүүд манайхан шиг ээмэг зүүлтийг ганц нэгээр нь санжийтал зүүдэггүй, гар, бүр хөлийнхөө шилбэнд хүртэл зузаан зузаан алтан бугуйвчийг давхар давхраар нь углачихсан, шажигнуулж явахыг нь хараад орчуулагч залуугаасаа тэсэлгүй “Танай нутгийн хүүхнүүд яахаараа ийм их алт биедээ үргэлж зүүж явдаг юм бэ. Өөрсдөд нь тээртэй байдаггүй юм уу” гэж асуусан чинь тэрээр миний асуултанд ийм тайлбар хийсэн юм. “ Манай араб эмэгтэйчүүд шариадын хуулийн дагуу эрчүүдийнхээ нүдний харцаар нь байдаг. Дөрөв хүртэл эхнэр авах эрхтэй араб эр нэг л өдөр аль нэг эхнэрээ ямар нэг шалтгаан олоод гэрээсээ гэнэт хөөж орхих удаа гарч болно. Ийм үед араб хүүхнүүд бусадтай адил орилж чарлах нь бүү хэл, өөдөөс нь ганц үг дуугарах эрхгүй улс. Тийм учраас гэрээсээ өмссөн зүүсэнтэйгээ хэзээ ч хөөгдөхөд бэлэн явж байгаа нь л тэр” гэсэн юм. Гар хөлөндөө зүүсэн жаахан алт нь л тэдний амьдралын баталгаа юм байх.
Бидний өвөг дээдэс харин алтыг гоёж гоодохдоо бус хамгийн эрхэм нандин зүйлдээ хэрэглэж байсны нэг жишээ, одоо улсын номын санд хадгалаастай байгаа “Сундуйн жүд” хэмээх ном. Тэр номыг бүтээхэд 450 кг алт, мөнгө орсон гэдэг баримт бий. Алтыг та архитай ч юм уу, устай холиод тансаглан ууж болно. Тэр хүний бие эд эрхтэнд сайн болоод муу ямар ч нөлөөгүй.
Алтыг ямар ч аргаар гартаа оруулж авах гэсэн хүмүүний хөлст хөдөлмөр, цуст тэмцэл, тулаан мянга мянган жил үргэлжилсэн түүхтэй ч, одоогоор дэлхийд олборлоод байгаа бүх алтны дөрөвний гурвыг нь зөвхөн өнгөрсөн ХХ зуунд олзворлосон гэдэг юм билээ. Хольцоогүй алтыг зарим оронд 24 карат гэж үнэлдэг бол, манайхны хувьд 999 хувийн сорьцтойг дээд зэргийн чанартай шижир алтанд тооцдог.
Алт тийм ч найдвартай баталгаатай эд биш он цагийн урсгалаар дээшээ доошоо хэлбэлзэн өөрчлөгддөг. Хорь гаруйхан жилийн өмнө буюу 1980-аад онд нэг унц алтны үнэ 850 долларт хүрч байсан бол одоогоос арав гаруйхан жилийн өмнө 253 болтлоо шалдаа унаж, дахин өссөөр өнөөдөр Лондонгийн бирж дээр 1200 ам.доллар хүрээд байна.
Мөн хүн төрөлхтний бүхэл үеийн турш олзворлосон алтыг бүгдийг нь нэг газар авчраад овоолох юм бол манай гайгүй шиг бизнесмений гэрт багтчихаар буюу ердөө хааш хаашаагаа хорин метр куб л болох юм билээ. Өчүүхэн байгаа биз. Гэхдээ алт маш цул хүнд. Дээрх алтны жин 160 мянган тонн болно гээд боддоо. Барууны кинон дээр гардгаар сайн эрчүүд банкнаас алтыг цүнх цүнхээр нь дээрэмдчихээд цагдаагаас зугатаагаад жирийлгээд байдаг чинь шал худлаа. Аяны бүү хэл зүгээр л нэг дундаж албан хаагчийн өдөр тутмын хэрэглээний арав хүрэхгүй см зузаантай дипломат цүнхийг цэвэр алтан гулуузаар дүүргэчихээд бариад яв гэвэл ийм цүнхний жин 300 кг татах учраас хэнбугайн ч сачий нь хүрэхгүй.
Алттай газар ховор уу? Үгүй ээ, алт хаа бол хаана бий, дэлхийн хатуу хучааст хамгийн өргөн тархсан металл. Сибирийн ширэнгэн ойгоос эхлээд Сахарын элсэн цөлд ч, Алтай, Хангайн өндөр уулсаас говийн зэрэглээт хөндийд ч, тэр бүү хэл гадаад далай тэнгисийн их усанд ч алт байна. Харамсалтай нь маш бага агууламжтай. Монголын аль ч нутгийн шороог аваад угаасан танд тонн бүрээс 0.03 грамм алт өгнө гэж тооцож болно. Далай тэнгист очоод азаа үзье гэвэл алт олох шанс нь үүнээс арав, зуу дахин л багасахаас биш бас ор хоосон буцна гэж ер үгүй. Ийм учраас л тав зургаахан тонн алт авахын тулд алтны магнатууд там шиг том том нүх ухаж, уул шиг шороо овоолж хаяад байгаа юм. Эрдэмтдийн тооцоогоор хэрэв бид дэлхийн гадаргын км зузаан шороог бүгдийг нь угааж чаддагсан бол таван тэрбум тонн алттай болж болно гэжээ.
Дээрх 160 мянган тонн алт үүнтэй харьцуулахад юу ч биш байгаа биз дээ. Гэхдээ хүн төрөлхтний түүхийн урт хугацааны турш олборлосон алтыг бүгдийг нь цуглуулаад овоолох юм бол ердөө хааш хаашаагаа 20 шоо метр болох тухай дээр өгүүлсэн. Тэгвэл үүнийг угаахад гарсан шороог дэргэд нь овоолох юм бол таван мянган метр өндөр асар том пирамид болох аж. Өөрөөр хэлбэл Богд уулан дээр дахиад таван Богд уул давхарласантай өндрөөрөө дүйцнэ гэсэн үг. Өнөөх жар далан жил барьж босгосон саран дээрээс харагддаг гээд байгаа Египетийн агуу Гиза пирамид үүний хажууд юу ч биш, тэр чинь ердөө л 150-хан метр өндөртэй эд шүү дээ. Үүнээс даруй дөч тавь дахин өндөр пирамид босно гэсэн үг. Санаанд ч багтамгүй. . Эртний Грекийн суутан Гераклит юутай үнэн хэлж вэ. Энэ сонин баримтуудыг би 2006 онд хийсэн “Алт бидний ирээдүй мөн үү” кинондоо өгүүлсэн байгаа. Хэрэв та сонирхвол “Youtube” рүү орж үзээрэй.
Өвөрхангайн Уянга, Говь-Алтайн Бигэрт илэрсэн судлуудад алтны агууламж дээрх хэмжээнээс даруй зуугаас, мянга дахин өндөр байдагт хэргийн гол учир байна. Тийм учраас эдгээр нутгуудад Монголын өнцөг булан бүрээс гэнэт баяжихыг мөрөөдсөн гэнэн хүмүүс мянга мянгаараа шаван цуглаж, үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнаж, бараг дайн тулаандаа хүрч байгааг бид зурагтаар олон удаа харцгаасан. Гэхдээ хэдэн жилийн өмнө Заамар сумын Өлтийн амнаас 5.5кг цул алт олж 350 сая төгрөгөөр зарж, цулайсан гурван залууг эс тооцвол тэдний дундаас учиргүй баяжаад түнтийчихсэн нь тун цөөхөн, харин ихэнх нь угаасан мөнгөн ус, уусан архиндаа хордоцгоож, ухсан шороондоо дарагдан амь насаа алдаж, эрэмдэг зэрэмдэг болцгоож байна.
Эртний нэгэн сургамжтай явдал. Алтны улангаслын үе буюу 1850-иад онд Америкийн баруун эрэг рүү баяжихыг мөрөөдсөн 150 гаруй мянган нинжа нар Европоос их далай гатлан очиж уралдаж ухацгаасан. Тэд шалигүй жаахан юм олцгоож, харин алтыг нь худалдаж авч байсан цөөхөн хятадууд мөн ”levis” хэмээх жинсэн өмдөө тэдэнд борлуулж байсан хэдэн худалдаачдаас бусад нь бүгд эрүүл мэндээрээ хохирч ядуурч, дампуурцгаасан байдаг. Америкийн баруун эргийг тэр чигээр нь мөнгөн усаар хордуулсан учир цэрэг армийн хүчээр тэднийг хөөн тараасан. Тэрбум тэрбумаар хэмжигдэх долларын зардал гарах учраас тэдний мөнгөн усаар бохирдуулсан газруудыг одоо хүртэл баян Америк цэвэрлэж дийлэлгүй аргаа барахдаа хордсон голуудын дагуу хохимой толгойн дүрстэй пайз зүүж “Энэ голын уснаас ууж болохгүй, жирэмсэн эмэгтэй хүн усанд орж болохгүй ” гэсэн сануулга энд тэндгүй өлгөсөн байдаг юм билээ.
Холын жишээ татья. ӨАБНУ өнгөрсөн зууны далаад оноос оноос өнөөдрийг хүртэл 40000 тонн алт олзворлосон нь өнөөгийн ханшаар бодоход 1 их наяд 600 тэрбум доллар болж байна. Тэд тухайн үедээ дэлхийн алтны 80 хувийг дангаараа гаргадаг байлаа. Гэтэл алтаар баялаг 55 сая хүнтэй энэ орны хүн амын 40 хувь нь одоо хүртэл ядуу гуйланчлалын байдалд байсаар байна.
Өөрийн орны байдлын ажвал. Одоогоос хорь гаруйхан жилийн өмнө манай улс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт “Толгойтын” гэгддэг алтны улсын ганцхан үйлдвэртэй, тэр нь жилд дөрөв таван зуун килограмм алт өгдөг байлаа. 80-аад оны үед судалгаагаар Заамарт алтны томоохон судлууд илэрч эхэлж, “Энэ хэдэн халтар монголчуудыг чухам нүдийг нь бүлтийтэл хооллох их алт тэнд байна” хэмээн манай яамны оросууд шүүрс алдацгаадаг байсан. Бид ч дор бүртээ их алтан дээр сандайлж, баяжих нь хэмээн сэтгэж, их л хөөрцөглөцгөөсөн. Төрөөс 1992 онд алт хөтөлбөрийг эхлүүлж, Төв аймгийн Заамар, Өвөрхангайн Уянга, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын нутгаас багагүй алт олборлож эхэлсэн. Олборлосон алтны хэмжээ 2004 онд жилдээ 25 тонн хүрч байлаа. 68 хувийн татвар гэгч харалган шийдвэрийг УИХ гаргаснаас болж олсон алтаа ихэнхийг нь урагшаа хойшоо нууцаар хил давуулж, Монгол банкинд тушаах алтны хэмжээ 10 дахин буурсныг бид мартаагүй байгаа.
Алт хөтөлбөрийн үр дүнд өнөөдөр юу болов? 100 тн гаруй алтаа ухуулсан үр тарианыхаа ургац, мал сүргээрээ улсдаа тэргүүлдэг байсан тосон Заамарын хөндий тоосон Заамар болж, Туул голын хөндий хүнд металлд хордсон овоолгоор дүүрэн дахин нөхөн сэргээгдэшгүй болтлоо эвдрэн сүйрч, Өвөрхангайн үзэсгэлэнт Уянга эгээ л дайн байлдаан болсон газар аятай сэглэгджээ. Энд анх үйл ажиллагаагаа эхлэн Монголын алтыг сорчлон ухаж байсан алтны магнат “Монгол газар” өнөөдөр дампуурлаа зарлан шүүхийн хаалга татав. Долларын тэрбумтан болох мөрөөдөлтэйгээр ирж, Монголын газар шороог арван жил сэндчилсэн “Алтан Дорнод Монгол”-ын эзэн Паушек гэгч орос эр 30 тэрбум татвараас бултан хөрөнгөө хаяад Монголоос дутааж одов. 68 хувийн татвараас нь болж би алдагдалд орсон хэмээн уйлагнаж Олон улсын шүүхэд хандан Монгол улсаас гаргуулах гэж оролдсон 1.6 тэрбум долларын нэхэмжлэл нь бидний азаар хүчингүй болж, харин өөрөө 25 сая долларын өрөө Газпром банкинд төлөхөөр Москвагийн шүүхээр таслагдаж бүрмөсөн хормойгоо гүвсэн билээ. Алтны нинжа нарын тоо 100 мянгад хүрсэн ч тэдний амьдрал огтхон ч дээшилсэнгүй. Харин мөнгөн усыг тонн тонноор нь хэрэглэн өөрсдийнхөө эрүүл мэнд болоод хүрээлэн орчноо мөнгөн усаар хордуулсаар байна. Шинэ зуунтай золгон алтыг ид олборлож байсан арав гаран жилийг эргээд ажвал дампуурч өрөнд орсон баячууд, мөнгөн усанд хордож, шаналсан ядуучууд, хатаж ширгэсэн гол, нуурууд л нүдэнд тусаж байна.
Гаргаж буй алтны хэмжээ ч социализмын үеийнхээс даруй хорь гуч дахин нэмэгдсэн. Бид баяжицгаав уу? Эсвэл байгаль орчин сүйрч, өвс ургамал гундаж, ган ганчиг нэмэгдэв үү? Онгийн гол тасарч, Таацын цагаан нуур ширгэж, нийтдээ том жижиг мянга гаруй гол горхи сүүлийн хориодхон жилийн дотор амьсгал хураалаа. Одоо цаана нь хичнээн гол мөрөн, говь хангайг ийм хувь заяа хүлээж байна вэ? Алт гэгч ийм ид шидтэй, ад зэтгэрийн эд санж. Харамсалтай байгаа биз. Яалтай ч билээ дээ.
“Элбэгдож, Энхболд, Сайханбилэг нарын үед энэ уулыг ийм болгосон юм гэнэ лээ” гээд Эрдэнэтийн уурхайнх аятай том ангал нүхний хажууд үр хүүхэд маань зогсож, гадна дотны жуулчдад тайлбарлаж өгч байх сайхан үзмэртэй л болох юм биз дээ. Амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэдэг. Ноён уул орчмыг оролдвол байгаль орчиндоо ямар их хөнөөл авчрахыг би таван жилийн өмнө “Хаан хор” нийтлэлдээ анхааруулж байсан. Сануулах үүднээс сая “sonin.mn”, “Улаанбаатар” сонинд тавьсан байгаа, олж уншаарай. http://www.sonin.mn/news/politics-economy/41407
Алт ухах нь хувь хүн болоод улс орны хөгжилд дорвитой нөлөө үзүүлдэггүйгээс гадна цаашдаа байгаль орчинд, ирээдүйдээ маш хөнөөлтэй үр дагавар авчирдгийг одоо хүн болгон ойлгох цаг нэгэнт болжээ.
Өнөөдөр “Шийдлийн” гэх өөртөө ахадсан гоё нэртэй эвслийн засгийн газрынхан урьдны алдаанаасаа сургамж авах нь бүү хэл “Алт хөтөлбөрийг сэргээж, жилд сая унц алт олборлоно” /Өдрийн сонин №2015-3-30/, “Ноён уулыг хөндөлгүйгээр алтыг нь ухуулж, 200сая долларын ашиг олно” хэмээн ерөнхий сайд нь сэтгэлийн хөөрлөөрөө мэдэгдэл хийж олон түмэнд онигоо болж байна. /2015-4-5/. Газрыг нь ухалгүй алтыг дээрээс нь сороод авчихдаг арга байдаг гэж би л лав сонсоогүй юм байна.
Нэг төгрөгийн алтан баталгаа 0.2 грамм алттай тэнцэж байсан ядуу социализмын үед би 800 төгрөгийн цалинтай байсан нь тэр үед 300 доллартай тэнцэж байж. Гэтэл одоо бидний сарын цалин үүнээс хол давж байна уу? Тарвага алж баяждаггүй, тамхи татаж хоосордоггүй гэдэг шиг алтаар оролдсон хувь хүн болоод улс орон яаж сүйрдгийг дээрх хэдэн жишээгээр харуулахыг хичээв. Харин уул уурхайн шимийг хүртье гэж байгаа бол ядаж төмрөө хайлуулж, нүүрсээ боловсруулаад гаргах юм бол үүнээс арай өөр үр дагавартай байх магадлалтай юм уу гэлтэй.
Монголоо хөгжүүлнэ хэмээн амалж байж сонгогдсон төрийн түшээд минь!!! Намайг нохой хуцсан чинээ санаж байгаа бол мөн Монгол эх орондоо цаашдаа амьдарна гэсэн бодлоо орхиогүй бол өөрсдийн үр ач, болоод бидний хойч үеийг бодсон алсын хараатай шийдвэр гаргаарай гэж ахмад хүний хувьд захих байна.
Үнэхээр алт бидний ирээдүй мөн гэж үү?
Док.Ш.Пүрэвсүрэн