Амьтны хүрээлэн, явуулын парк ажиллуулагч “Талын жононгууд” компанийнхан Ерөнхийлөгчид хандлаа. Тэд 2006 оноос амьтны хүрээлэн, явуулын парк ажиллуулж хүүхэд багачуудад үйлчилж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй аймгаар явуулын паркаа аялуулж, 30 гаруй төрлийн 100 орчим амьтныг хүрээлэндээ нэгтгэжээ. Цаашид Монголд томоохон амьтны хүрээлэн барьж, мини паркийн үйлчилгээг хүүхэд бүрт 100 төгрөгөөр хүргэх боломжтой юм байна. Гэвч тэдэнд ажлаа эрхлэх газрын асуудал хүндэрснийг дуулгав. Энэ асуудлаа хотын захирагч асан Б.Мөнхбаярын үеэс төрийн бүхий л байгууллагад тавьж байсан ч өдийг хүртэл шийдвэрлүүлж чадаагүй байна. Тиймээс төрийн тэргүүнд хандахаар шийдсэн гэлээ. Энэ талаар тус компанийн захирал Л.Сайнбат “Монголын хүүхэд бүр хүссэн тоглоомоороо тоглож, баясах ёстой. Гэтэл хүүхдийн паркад хүүхэд бүр тоглох боломжгүй, өндөр үнэтэй байдаг. Кино театрууд ч ялгаагүй. Төрийн тэргүүн олон жил төрд зүтгэж байгаа хүн. Энэ хугацаанд хүүхэд багачууд, амьтдаа хайрлахын төлөө юу хийснийг нь асууж, ярилцмаар байна” гэв. Тэрээр Ерөнхийлөгчийг хүсэлтийг нь хүлээн авахгүй бол 1000 иргэн, 100 амьтны жагсаал зохион байгуулна гэлээ.