Өршөөлийн тухай хуулийг ээлжит бус чуулганы уржигдарын хуралдаанаар хаалттай хэлэлцэж баталсан. Олны анхаарлыг татаж, тэрдундаа төрөл бүрийн учир шалтгаанаар хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд хүлээлт үүсгээд байсан хууль батлагдсанаар 2000-3000 хоригдол суллагдана гэсэн мэдээллийг албаныхан өгөөд байгаа. Өөрөөр хэлбэл, одоо хоригдож байгаа 8000 хоригдлын 20-30 хувь нь ялаас чөлөөлөгдөх юм. Батлагдсан өдрөөсөө эхлэн дагаж мөрдөж эхлэх Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг өчигдрийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Хууль хэрэгжүүлэх комиссыг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ахлах бөгөөд комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд Ц.Оюунгэрэл нар багтсан. Мөн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунбаатар нар хууль хэрэгжүүлэх комиссын бүрэлдэхүүнд Өмгөөлөгчдийн холбоо, ЦЕГ-ын дарга, ХЭҮК-ийн төлөөлөл байх ёстой гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
Ийнхүү Өршөөлийн хууль батлагдаж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсанаар нийгмийн хүлээлт ч тайлагдав бололтой. Мөн тус хууль батлагдсантай холбогдуулан АТГ-аас мэдээлэл гаргажээ. Тодруулбал, Гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар хуулийн төсөлд тусгасан. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн харьяалан шалгах гэмт хэрэгт шалгагдаж шүүхээр шийтгүүлэн ял эдэлж буй 35 орчим хүн байгаа юм. Эдгээрийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйл, 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар ял эдэлж буй 25 хүн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас чөлөөлөгдөх, эдлээгүй үлдсэн ялаас нь гурван жил хасагдахаар байна. Ингэхээр хорих ял эдэлж байгаа этгээдүүдийн дийлэнх хэсэг нь өршөөлөөр суллагдах магадлалтай. Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан, Г.Дэнзэн, “Гал-Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр гэх мэтийн хэргүүд өршөөлийн хуульд хамрагдах талаар дурьджээ. Мөн хүнд болон онц хүн гэмт хэрэгтнүүдээс 350 хүн наранд гарах боломж бүрдсэний дийлэнх нь эмэгтэйчүүд гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Ямартаа ч ажлын хэсэг шуурхайнхан ажлаа хийвэл нэг сарын дараагаас буюу ирэх есдүгээр сараас эхний ялтнууд суллагдаад эхлэх юм. Хэдийгээр Өршөөлийн хууль зарим талаараа шүүмжлэлд өртөөд байгаа ч амьдралдаа алдаж гишгэсэн хүмүүст дахин боломж олгож байгаа явдал ч байж магад. Хууль батлагдсантай холбогдуулан Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс өршөөлөөр суллагдан гарч ирэх хоригдлуудыг ажлын байранд зуучлахаар сургалт зохион байгуулаад эхэлжээ.
Өршөөлийн хуульд давтан гэмт хэрэг үйлдсэн, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ялтнууд хамаарахгүй. Мөн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол хуульд хамрагдахаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр гэмт хэрэгтэй хэрнээ гурван жил хүртэлх ялтай байвал суллагдана. Харин түүнээс дээш ялтай бол 50 хувийг нь чөлөөлөх юм.