
Д.БОЛОРМАА
Уухичсан түгжрэл, утаа тортогтой Улаанбаатарын хажууд Булганд талаараа ногоорч, уулаараа цэцэглэжээ. Хөлдүү шахам шарласан газраар зам шагайж явсан цувааныхан Булганы нутагт очив уу, үгүй юу яргуй хөхөрснийг олж харлаа. Зун цаг иржээ, янз нь. Булган, Эрдэнэтэд ажиллахаар мордсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагалдаж яваа нь энэ. Түүнийг хэвлэлийнхнээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын албаныхан дагалдсан юм
ТАРИАЛАНЧИД ТАЛБАЙН АГУУЛАХ БАС ХАШАА НЭХЭВ
Өглөө эрт хурдалсан цуваа бага үдийн алдад Булганы Хутаг-Өндөр сумын Хонгор багт очив. Манай улс энэ онд 325 мянга орчим га-д тариалалт хийж хэрэгцээт буудай, төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо 60 орчим хувийг дотоодын ургацаас хангах зорилттой. Булган аймаг улсын хэмжээний нийт үр тарианы 10 орчим хувийг, төмс хүнсний ногооны 4.1 хувийг үйлдвэрлэдэг байна. Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатын дуулгаснаар энэ жил 32,8 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилттой ажиллаж байгаа гэнэ. Хутаг-Өндөр сумынхны үр тариа, төмс, хүнсний ногооны борлуулалтын гол цэг нь Хөвсгөл аймаг. Гэвч зам хэцүү учраас тээврийн зардалдаа бишгүй мөнгө зарцуулдаг гэнэ. Харин энэ жил засмал зам тавигдаж байгаа учраас алдагдал багасна гэдэгт тариаланчид итгэж сууна. Хонгор багийн тариаланчид ярих зүйл ихтэй, Н.Алтанхуяг сайдад сонсох зүйл олон байлаа.
Ногоочин Н.Бадраа:
-Тариаланчид бидний ажил, амьдралтай газар дээр нь ирээд танилцаж байгаад талархаж байна. Бид зундаа хүч, хөлс заран байж тариа тарина. Гэтэл намар нь үнэ хүрдэггүй. Үүнийг төрөөс анхаарч өгөөч. Жилийн жилд энэ зовлонгоо тоочиж байна. Яагаад дорвитой анхаарахгүй байна вэ.
Тариаланч Х.Сумъяа:
-Бидэнд цаг уурын эрсдэлээс гадна бас нэгэн бэрхшээл байна. Тариалалт хийсэн талбайд мал орж сүйтгэдэг, үр тарианы талыг бид авч, талыг нь мал иддэг гээд малчидтайгаа ойлголцож чадахгүй байна. Өчнөөн цаг хугацаа зарцуулан байж тариалсан талбайг мал нэг л цагийн дотор устгачих юм. Малын эзэнд хэлэхээр “Малаа хаана бэлчээх юм” гэж омогддог. Тэгээд ганц төлөг өгч ам хаадаг нь хөдөлмөр зарцуулсан тариаг маань яаж нөхөх билээ. Иймээс тариан талбайг Засгийн газрын хэмжээнд хашихад тусалж болох уу. Үүний хариуд Ерөнхий сайд энэ асуудалд орон нутгийн удирдлагууд анхаарч, ойрын хугацаанд зөв арга олж, шийдвэрлэхийг зөвлөв. Мөн ямар арга хэмжээ авсан талаар эргэж танилцуулахыг аймаг, сумынханд үүрэг болголоо. Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 90 мянган тонны элеватор барихаар гэрээ байгуулжээ. Гэвч үүнд Булганы Хутаг-Өндөр сум багтаагүй бөгөөд 2014 онд тус суманд 20-30 тонны элеватор, төмс хүнсний ногоо хадгалах зоорь барихаар төлөвлөсөн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал дуулгасан юм.
ХӨВСГӨЛ ХҮРЭХ
88 КМ ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО
Түүний танилцсан өөр нэг ажил нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөлийн Тариалан сум хүртэлх 88 км зам юм. Шинэчлэлийн Засгийн газар 2013онд зургаан аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн. Үүний нэг нь энэ зам. Замыг Арабын эдийн засгийн хөгжлийн сангийн зээл болон Монголын Засгийн газрын санхүүжилтээр хийх бөгөөд гүйцэтгэгчээр Солонгосын “Бэк сок” констракшн ажиллаж байна. 2014 онд ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулсан ч энэ онд хүлээлгэж өгөхийг Ерөнхий сайд үүрэгдсэн учраас “Бэк сок” компанийнхан ажилдаа шуурхайлжээ. Ажлаа эхлээд ердөө 10 хонож байгаа. 88 километр замыг аравдугаар сарын 30-ний дотор багтаан өгнө гэдгээ итгэл дүүрэн хэлэхгүй ч амжуулахыг хичээнэ гэдгээ гүйцэтгэгч компанийнхан хэллээ.
БУЛГАН НОГООН АЙМАГ БОЛНО
Булган аймгийн төвийнхөн Ерөнхий сайдыг ирсэн сургаар Спорт цогцолборынхоо гадаа цугларчээ. Уг нь Соёлын төв өргөөнд уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн ч өнөөх нь хэзээ мөдгүй нурж унах дөхсөн учраас Спорт цогцолборыг сонгож. Булган аймгийн хувьд дэд бүтцийн асуудал хүндхэн талдаа гэдэг нь хэний ч нүдэнд ил бөгөөд энэ талаар ярих хүн олон байлаа. Тухайлбал, аймгийн эрүүл мэндийн нэгдлийнхэн “Бүсийн оношлогооны төвийг аймаг бүрт барьж өгч байгаа. Манай аймагт яагаад барьж өгсөнгүй вэ. Эрдэнэт хотод ойрхон болохоор тэнд очих байх гээд тоомжиргүй хандаад байх шиг байна. Гэтэл манай иргэдийг очихоор тэд хүлээж авахгүй талдаа шүү дээ. Иймд оношлогооны төвийг барьж өгөөч” хэмээн хүсч байв. Харин иргэний бүртгэлийнхэн “Манайд өөрийн гэсэн байр алга. Бусдын байрыг түрээслээд явж байна. Байр, орон сууцтай болгоход онцгойлон анхаараач” гэлээ. Үүний зэрэгцээ аймгийн цагдаагийн хэлтэст насаараа ажилласан Н.Шарав гуай “Манай аймгийн цагдаад парк шинэчлэл, бүтэц орон тоо хэрэгтэй байна. Уг нь 180 албан хаагч ажиллах ёстой. Гэтэл одоо 122 албан хаагч ажиллаж байгаа. Гэмт хэргийн гаралт ихтэй учраас тал, тал тийшээ тарж явсаар байтал таарна. Дээрээс нь техник технологи нь маш сул. Алаг тэрэг гэхэд ердөө ганц байх жишээтэй. Бүтцийг нь нэмэгдүүлж, парк шинэчлэл хийхэд анхаараач” гэв. Өөр нэг асуудал нь Булганчууд ногоон аймаг болох яьж байна. “Уул уурхайд эвдэгдээгүй ганц аймаг нь манайх. Алт, зэс бол бий. Гэхдээ байгалийн унаган төрхөө хадгалан үлдэх хүсэл зорилго бидэнд бий. Орон нутгийн удирдлагууд ч үүнд санал нэгдэж байгаа. Манайд юун Оюутолгой, Тавантолгой байтугай ордууд байна. Хамгийн гол нь Булган аймаг усны эрчим хүч ихтэй. Монголын хамгийн том голуудаас Сэлэнгээс бусад нь Булган аймгийн нутгаар урсч байгаа. Энд усан цахилгаан станц барих боломжтой. Булганд ийм ирээдүй харагдаж байгаа. Бид ашигт малтмал руу орохдоо заавал алт, зэс гэхгүй. Эхлээд нутаг дээгүүрээ урсч байгаа том голуудыг ашиглах, тоолуур тавих хэрэгтэй. Гадагшаа усаа үнэгүй өгөөд байна шүү дээ. Үүнийгээ үнэтэй болгох хэрэгтэй байна” гэцгээж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг байгалиа унаган төрхөөр нь хадгалан үлдэх энэхүү санаачилгыг бүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдээд жишиг ногоон аймаг болгох ёстой гэдэгт санал нэгтэйгээ илэрхийлж ажил хэрэг болоход аль, аль талаасаа анхааръя” гэлээ.
ОРХОНЧУУД ЭРДЭНЭТ ХОТ ХЭМЭЭХ СТАТУСАА АВАХЫГ ХҮСЧ БАЙНА
Үүний дараагаар Ерөнхий сайд Эрдэнэт хотод ажилласан. Түүний томилолттой “Эдийн засгийн чуулга уулзалт” давхацсан юм. Нийслэлд болдог хурал энэ удаа орон нутагт болж байгаагаараа онцлог. Чуулганы нээлтэд бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонсдог, тэдэнд ямар асуудал тулгарч байна, тулгарч буй асуудлыг хамтдаа шийдэх гарц хайх, төр хувийн хэвшлүүд хэрхэн хамтарч ажиллах талаар нээлттэй ярилцдаг энэ арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байгаад Ерөнхий сайд талархлаа илэрхийлээд бусад аймгуудад ч мөн адил зохион байгуулахыг “Эдийн засгийн форум” төрийн бус байгууллагынхнаас хүслээ. Хурлаар яригдсан гол сэдэв нь Орхон аймгийг буцаан Эрдэнэт хот гэж нэрлэх, орон нутгийн хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар ямар байна, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжил ба Эрдэнэт үйлдвэр зэрэг сэдэв байлаа.
“ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ”-ИЙНХАН БАЯР ХҮРГЭВ
Харин Ерөнхий сайдын орхончуудтай хийх уулзалт түүнийг ажил авснаас хойш хийсэн хамгийн добрый хурал гэхэд болно. Учир нь “Зэс эрдэнийн хувь” компанийнхан ирж “Ерөнхий сайдад талархаж байна. Таны дэмжлэгээр бид Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шороог ашиглах эрхтэй боллоо” гэж. Энэ уулзалтын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн “Манай үйлдвэрт өмнө нь хэн дуртай нь шахааны эд хогшил өгч байсан нь үнэн. Одоо бол энэ шахааны бизнесийг авахгүй. Үүнээс болж үйлдвэрийн санхүүгийн чадамж суларсан байна” гэсэн мэдээллийг Ерөнхий сайдад дуулгав. Ийнхүү Н.Алтанхуяг сайд Булган, Орхон аймагт малчин, тариаланч, хөдөлмөрчтэй хоёр өдрийг өнгөрөөсөн нь энэ. Түүний энэ удаагийн томилолт Дорноговь аймагт хийсэн өмнөх томилолттой харьцуулахад шийдэх асуудал цөөхөн байлаа.