
Л.ЭНХТУЯА
Хурдан хүлэг эзнийхээ хийморь лундааг өргөж, буян хурааж байдаг гэж Монголчууд эртнээс бэлгэшээж ирсэн. Тиймдээ ч буянтай хүний удамтай адуунд хэзээнээсээ нүд унагаж, гар татаж байгаагүй. Хаана төл сайтай азарга, сав сайтай гүү, удам сайтай хүлэг байгааг асууж сураглаж, ам дамжсан үгийг цаг заваа заран байж баталгаажуулан ханцуй дотроо наймаалцаж ирсэн эрчүүд цагийн аясыг дагаж, үнэ хаялцуулан дуудлагаар худалдаж, худалдан авдаг жишиг тогтжээ. Энэ нь залууст хүлэг морьдыг шинжих эрдэмд суралцах, хашир туршлагатай, хөдөлмөрч уяачид олон жилийн хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх хаа хаанаа хэрэгтэй ажил болж байгаа бололтой. Орчин цагийн хурдан морьдын дуудлага худалдааг Макс группын ах дүү хоёр тод манлай өчигдөр SS клубт зохион байгууллаа. Энэ дуудлага худалдаагаар нийтдээ 26 адууг худалдахаар танилцуулгыг нь цахим хуудаст байршуулсан байна. Сонирхогч, худалдан авах морины хорхойтнууд өдрийн 13.00 цагаас эхлэн гадна талбайд уясан хурдан хүлэг, сарваа, даага, шүдлэн соёолон, гүү, азаргуудыг шинжсэнээр арга хэмжээ эхэллээ. Дуудлага худалдааг дотор зохион байгуулсан бөгөөд үнэ дуудах удам угшил сайтай хурдан буянгуудыг дэлгэцээр давхар танилцуулж байлаа.
Дуудлага худалдаа нь тогтсон журмын дагуу явсан. Сонирхсон хүн бүхэн чөлөөтэй оролцож байсан бөгөөд оролцогчид бүртгэлийн дагуу пайз авч байлаа. Дуудлага худалдааны анхны үнийг эзэн өөрөө тогтоосон байсан. Харин оролцогч үнийг хамгийн багадаа 500 мянган төгрөөр өсгөх ёстой байлаа. Дуудсан үнэ 10 сая давсан бол нэг сая төгрөөр өсгөхөөр журманд заасан байсан юм. Худалдаанд оролцох, сонирхохоор шинэ залуу уяачид төдийгүй тод манлай уяач Д.Онон, Б.Бат-өлзий, Т.Энхтайван тэргүүтэй хашир туршлагатай уяачид ч иржээ. Тод манлай Д.Онон дуудлага худалдаанд оролцож байгаа залууст “Хаврын цагт адууг харахад туранхай байгаа ч хаврын хариг, өвлийн хатууг давж эцэж ядарснаас өвчин биш. Харин ч тарга нимгэнтэй байгаа цагт дотор яс, таван цулыг нь шинжихэд амархан байдаг” хэмээн аминчлан захиж байлаа. Харин Б.Бат-өлзий тод манлай “Хүн нүдээрээ адууг танина гэж байдаггүй. Удам угшилд л найдах нь дээр” гэж захив. Дуудлага худалдааны анхны худалдан авагч Увс аймгийн Баруунтуруун сумын уяач н.Батхуяг эрлийз хүрэн соёолонг таван саяаас эхлэн дуудаж, зургаан сая төгрөгөөр авлаа. Тод манлай уяач Д.Ононгийн хурдан удмын даагатай гүү 20 сая хүрсэн нь энэ дуудлага худалдааны хамгийн өндөр үнэлгээ байлаа.