Ч.ГАНТУЛГА

“Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэнг урилаа. Түүнтэй уулзахаар Улсын филармонийн гадаа очиход үлээвэр хөгжмийн сүрлэг аялгуу, хийл хөгжмийн намуухан аяз эгшиглэнэ. Ч.Даваасүрэн гуайг сураглахад “Манай дарга өрөөндөө байгаа” гээд зааж өглөө.

Уран бүтээлчид нь даргыгаа “Их даруу­хан, ухаалаг хүн шүү” гэж тодорхойлдог юм билээ. Түүний өрөө рүү ороход цонхны тавцан дээр өнгө өнгийн цэцэгс алаглаж, намуухан дуу эгшиглэсэн таатай орчин угтав.

Монгол Улсын Филармонийн дарга урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн­гийн амьдрал, уран бүтээлийн тойргоор хамтдаа аялцгаая.

-Нэг зүйл сонин санагдлаа. Бүжигчин хүн хөгжмийн байгууллагыг өнөөдрийг хүртэл удирдаж байна. Нууц нь юу вэ?

-2001 онд соёл урлагийн яаманд манай сургуулийн найз ажил­ладаг байлаа. Нэг өдөр намайг дуудсан юм. Очтол Улсын филармонийн дарга болооч гэсэн санал тавьсан. Би гайхсан гэж жигтэйхэн. Тэгээд “Чи мэдэж байгаа биз дээ би чинь бүжгийн хүн, хөгжмийн тухай мэдлэг байхгүй тэр ч арай сэрүүдэх байхаа” гэхэд  найз маань “Би чамайг филармонид очоод хөгжим тоглоодох” гээгүй гэсэн. Миний хувьд түүний оронд “Ардын дуу бүжгийн чуулга”-ын дар­гаар оч гэсэн бол өөр. Харин филармонийг хөгжмийн байгууллага гэдгийг мэдэхээс өөр тө­сөө­лөл байгаагүй. 10 гаруй өдөр бодсон. Олон хүнээс асуусан. Тэр байтугай Д.Ухнаа даргаас өөрөөс нь хүртэл асуусан удаатай. Хүн бүхэн “Ээдээ мэ­дэхгүй хэцүү шүү дээ” гэсэн. Харин эхнэр маань “Чи нэгэнт урлагаасаа холдож чадахгүй шүү дээ, зориглоод үз” гэсэн нь сэтгэлд хүрсэн. Тэр үед А.Цанжид гуай соёлын сайд байсан. Надаас асууж байна “Чи Филар­монийн даргаар очоод хамгийг түрүүнд юу хийх вэ гэж. Би ч үнэнээ л хэллээ “Би бүжигчин хүн, хөгжмийн тухай мэдлэг байхгүй. Яг одоогоор таньд тийм сайхан өөрчлөлтийг хийнэ гэж худлаа амалж чадахгүй нь. Очоод танилцаж судалж байгаад төлөвлөгөө гаргая” гэсэн. Хэд хоногийн дараа дуудаад “Сайд чамайг үнэлсэн байна лээ тушаал чинь гарлаа ирж ажлаа ав” гэсэн.

-Бүжигчнээр удир­дуулна гэхэд хөгжимчид хэрхэн хүлээж авсан бэ?

-2001 оны арван­хоёрдугаар сарын 10-нд сайдын тушаал гараад, би 16-нд нь ажлаа хүлээж авсан. Энэ зургаан хо­ногийн хугацаанд одоо­гийн залуусын хэлдгээр би жинхэнэ од болж байлаа шүү дээ. Бүжгийн хүн яахаараа хөгжмийн байгууллагыг удирдаж байгаа юм бэ гэж хэв­лэлийн хурал зарлаад л. Ахмадууд нь цугларч эсэр­гүүцээд бөөн бужигнаан болсон. Гэхдээ би тэр хү­мүүсийн буруу гэж хэ­лэхгүй. Хэрвээ намайг чуулгад байхад хөгжмийн хүн ирээд биднийг удир­дана гэвэл “Зүгээр л цаашаа зогсчих” гэж хэлнэ биз дээ. Түүнээс ялгаагүй.

 

СЭТГЭЛЭЭР УНАЖ БОЛОХГҮЙ. ФИЛАРМОНОО ЗААВАЛ СЭРГЭЭНЭ ГЭЖ ӨӨРТӨӨ ХЭЛСЭН

 

-Ажлын анхны гараа юунаас эхэлсэн бэ?

-Уран бүтээлч хүний хамгийн эрхэмлэж, хүндлэх ёстой зүйл нь тайз. Гэтэл Филар­монийн тайз тас харанхуй, ямар ч засвар хийгээгүй, хадааснууд нь сэрийгээд гараад ирчихсэн байсан. Миний хамгийн эхний ажил тайз, ариун цэврийн өрөө хоёрыг янзлахаас эхэлсэн. Хэдийгээр тэр тайзан дээр тоглолт хийж, хүмүүс орж үздэггүй ч бэлтгэл, сургуулилт хийж байгаа уран бү­тээлчид арай ч ийм тайзан дээр тоглож болохгүй гэж бодогдсон. Тайзныхаа шалыг хулдаасалж, засвар хийсэн. Гэрэлнүүдийг шинэчилж ороод ирэхэд арай л гэгээтэй болгосон. Одоо ч тэр үед авсан хөг­жим гэрэлнүүдийг хэрэг­лэсээр л байгаа. Дараа нь нэгэнт л тайз байгаа юм чинь филармонийнхоо үндсэн тоглолтыг хийе гэж зориглосон. Намайг ирэх үед гаднын уран бүтээлчид ирээд танай морин хуур чуулгыг, хөгжимчдийг чинь авъя гээд тохиролцдог тийм л байгууллага байсан. Өөрсдийн уран бүтээл гэж байдаггүй, тоглолт хий­дэггүй байсан үе. Хийхийн ч арга байгаагүй л дээ. Тайз нь тайз гэж хэлэхэд хэцүү. Хүмүүс мэддэггүй байж. Ганц нэг тоглолт хийгээд ирэхээр хүмүүс мэддэг болсон.

-Шинэч­лэ­л хийхэд, эсэр­гүүцээд байсан нөхдүүд арай өөр болж эхэлсэн үү?

-Энэ бүхэн ганц миний хүч хөдөлмөр байгаагүй. Урлагт хайртай уран бүтээлчдийн маань сэтгэл байсан юм шүү. Аливаа зүйл сайжраад ирэхэд дургүйцэх хэн байхав. Удалгүй бие биенээ ойлгож эхэлсэн. Биднийг зангидаж өгсөн хамгийн гол хүчин зүйл итгэл байсан. Уран бүтээлчид, ажилчид маань надад итгэсэн. Би ч уран бүтээлчиддээ итгэсэн. Энэ байгууллагад чамла­хааргүй олон жилийг өн­гөрөөлөө. Одоо ч манайхан илүү ихийг хийхийн төлөө тэмүүлж байна.

-Долдугаар сарын 1-ний  үйл явдлыг хүмүүс мартаагүй. Тэр өдөр филармоний бүх хөгжим, хэрэгсэл шатсан шүү дээ. Даргынх нь хувьд юу бодож байв?

-Үнэхээр хүнд цохилт болсон. Монголын урлагийн асар их өв шүү дээ. Бид гартаа барих хөг­жимгүй, өмсөх тоглолтын хувцасгүй үлдсэн. Нулимс урсдаг юм билээ. Уран бүтээлчдийн сэтгэл зүй, хүсэл мөрөөдөл унтрах шиг. Миний хувьд тэр олон хүний амьдрал нүдний өмнүүр жирэлзээд өн­гөрөх шиг болсон. Гэхдээ “Сэтгэлээр унаж болохгүй шүү, заавал филармоноо сэргээнэ” гэж өөртөө хэлсэн. Тэр үед Монголынхоо төрд, ард түмэндээ л хязгааргүй их баярласан. Н.Болормаа сайд хангалттай хөрөнгө гаргаж өгсөн. Бид дол­дугаар сарын 10-нд хүн­дэтгэлийн хөгжим тоглох байсан. Хамгийн гол хүч нь “Морин хуур” чуулга, Улсын филармони байлаа. Гэтэл хөгжимчид нь байдаг, хөгжим нь байхгүй. Төрийн удирд­лагууд надаас “Долдугар сарын 8 гэхэд хөгжмөө авч ирж чадах уу” гэхэд нь би “Чадна”  гэсэн. Тэр өд­рөө шууд Хятад руу нис­сэн. Хэдэн өдөр явж, хөгжмөө цуглуулаад эх орондоо ирлээ. Хүн­дэтгэлийн тоглолт ямар ч асуудалгүй сайхан болж өндөрлөсөн. Төрөөс гар­га­сан мөнгийг зөвхөн хөгжмийн зэмсэг авахад зарцуулсан. Харин манай байр балгас болоод үлдсэн. Өдий зэрэгтэй болсон нь манай ард түмний буян. Ажилчдаа амраагаад байраа яах вэ гэсэн том ажилтай тулсан. Нэгэнт л ард түмний дэмжлэг ирсэн болохоор Эрээн рүү өөрөө явъя гэж шийдсэн юм. Ганц литр будаг хүртэл хоёр дахин хямд тусч байсан. Ингээд арванхоёрдугаар сар гэхэд байраа бүрэн засч дууссан.

-Бүрэн засварласны дараа л сэтгэл чинь амарсан байхдаа?

-Тэгэлгүй яахав. Сайхан янзалсан байраа харахад сэтгэл өөрийн эрхгүй огшдог юм билээ.  Хамгийн гол нь үндэсний урлагийн уурхай болсон байгууллагаа дахиад босгож чадсандаа сэтгэл хангалуун байсан шүү.

 

“УЛААНБААТАР” ХОТЫГ ҮЗЭХИЙН ТУЛД ХӨГЖМИЙН СУРГУУЛЬД ШАЛГАЛТ ӨГСӨН

 

-Асуултаа жаахан өөрчилье. Та аль нутгийн хүн бэ?

-Би Увс аймгийн уугуул. Найман хүүхэдтэй айлын дундах нь. Аав маань намайг хоёрдугаар ангид байхад бурхан болсон. Ижий минь бид наймыг хуруу хумсаа хуйх­лан байж хүний дайтай хүн болгосон. Бүгдийг нь ажил, мэр­гэжилтэй болгож өсгөсөн. Манайх хамгийн том нь эмэгтэй, бусад нь эрэгтэй. Олон эрэгтэй хүүхэд гэхэд бид замбараатай өссөн шүү. Өдөр бүр ажлаа ээлжилж хийнэ. Хуваариа таслана гэж байхгүй. Ээж минь биднийг энэ ухаанд сургасан. Хариуцлагатай байхыг ойлгуулсан.  Бидний амьдрал тийм хангалуун бай­гаагүй. Бусдын л адил зовлон жаргал ээлжилж, өлсөх үедээ өлсөж, амьдралын хатууг туулж хүн болцгоосон.

-Увсынхан хүү төрөхөөр бөх болгоно гэдэг. Багадаа ах, дүү нартайгаа хэр ноцолддог байв?

-Хүүхэд л юм хойно ноцолдолгүй яахав. Өгөө, аваатай үзэж тарна. Нутгийн буурлууд биднийг хооронд нь барил­дуулна. Уначихаараа шаралхана. Нууцхан бэлт­гэл хийнэ. Хүүхэд насны сайхан дурсамжууд олон бий.

-Багадаа ноцолдож өссөн хүү яагаад урлагийн хүн, тэр тусмаа бүжигчин болчихов?

-Тавдугаар ангидаа найзуудтайгаа гудамжинд тоглож байтал хөг­жим бүжгийн сургуульд шалгаруулж авна гэсэн зар байхыг харсан. Дэггүй зан хөдлөөд бүгдээрээ шалгуулж үзье гээд орж байсан юм. Тэр үед бүжигчин болно гэдэг сонин биш, Улаанбаатар хотыг үзэх хүсэл илүү байсан. Ортол мэр­гэжлийн шалгалт гээд хөл, гар өргүүлээд л. Одоо бо­доход эвсэлийг нь шалгаж байсан юм билээ. Хамгийн сүүлд нэг хүү бид хоёр үлдсэн. Сонсголын шалгалт өгсөн чинь нөгөө найз маань хасагдаад би ганцаараа тэнцчихлээ. Эндээс л миний уран бү­тээлч болох гараа эхэлсэн. Бөөн баяр гэртээ гүй­гээд очтол ээж итгээгүй. “Чиний урлагийн сур­гуульд тэнцэнэ гэж юу байсан юм. Битгий худлаа яриад бай” гээд бүр заг­надаг юм байна. Тэгэхээр нь хамгийн том эгчдээ хэлээд гуйлаа. Эгчийгээ дагуулаад очсон чинь шал­галтын комисс би­чиг үлдээгээд явсан байж. “Танай хүүхэд хөгжим бүжгийн сургуульд тэнц­сэн тул маргааш өглөө есөн цагт бэлэн бай” гэдэг юм байна. Маргааш нь ахтайгаа очтол шалгалтын комиссынхон “Бид ба­руун таван аймгаар явс­наас ганцхан танай дүү л тэнцлээ” хот руу бүжгийн сургуульд авч явмаар байна гэсэн. Ингэж хотын хүн болж байлаа.

-Хот үзэх хүсэлдээ хүрчээ. Тэр үед хот ямар байсан бэ?

-Онгоцноос буугаад л тэс өөр орчинд ирсэн юм шиг санагдсан. Тэр үед одоогийнх шиг өн­дөр барилгууд байгаагүй. Хүн ч цөөхөн, машин ховор тааралддаг байлаа шүү дээ. Хөгжим бүжгийн урд тал тэр чигээрээ гэр хороолол байсан. Манай Увсын нэг айл тэнд байдаг байлаа. Тэднийд орж аяга цай уучихаад гарч хот үзмээр санагдаад болдоггүй. Эвтэй­хэн шиг “Би гарчи­хаад ирье” гэж хэлээд талбай руу алхаад ирсэн. Үнэхээр сайхан сэтгэл төрж билээ. Үзээгүй зүйлээ үзэж, хүмүүсийн хэлдгээр нүд тайлна гэдэг л болсон. Сургуульдаа ороод юун хөгжмийн анги руу шилжих, бүжгийн урлагийг ойлгож, хайрлах болсон. Хүүхэд юм болохоор гүйж, харайж байх нь сайхан санагдсан байх.

-Амьдралын анхны гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Манай ангиас 17 хүүхэд төгссөн. Тэр үед “Ардын дуу бүжгийн чуулга”-д эрэгтэй бүжиг­чин ховор байж. Нэг анги  төгссөн зургаан залуу хийж бүтээх чин хүсэлтэй очсон. Гэхдээ маш өндөр шалгуураар авдаг байсан үе. Сэвжид гэж мундаг уран бүтээлчээр шалгуулсан би өөрийгөө азтай гэж боддог шүү. Тэр үеэс чуулгадаа 15 жил бүжигчин хийсэн. Эргээд бодоход  амьдралын минь алтан он жилүүд юм даа.

-90-ээд оны шуурганд урлаг үнэгүйдэж, театр хоосорч олон уран бүтээлч тайзаа орхисон гэдэг?

-Яг тэр нийгмийн ороо бусгаа үед би хотод байгаагүй. Манай улсаас 40 уран бүтээлч Америкийн хотуудад хоёр жилийн хугацаатай аялан тоглолт хийхээр болсон юм. Тэр багт багтаж, бү­жиг ангийнханыгаа ахалж явсан. Явуулын цирк маягаар аялсан. Тэр үед америкчууд Монгол гэж мэддэггүй байсан. Чингис гэхээр багахан гадарладаг байсан үе. Тэр хоёр жилд манай ард түмнийг бүрэн таньсан гэхэд болно. Дэлгүүрт нь “Чигисийн монгол ирж байна” гэсэн бичигтэй сүү зардаг бол­сон, телевизүүдээр байнга бидний тухай гардаг байлаа. Манай уран нуга­ралт, хүндийг өргөлт, бүжиг нийт америкчуудыг бишрүүлж эхэлсэн. Гэхдээ би тэнд ажиллах жилээ гүйцээж чадаагүй. Бү­жигчдээ өмөөрч, удирдла­гуудтайгаа муудалцаад хот руу буцаана гэхэд нь цүнхтэй хувцсаа бариад эх орондоо ирсэн.

 

АДИЛХАН ААВЫН ХҮҮ БИ Ч ГЭСЭН ЧАДНА

 

-Таны ганзагын наймаа хийж байсан гэж сонссон?

-Хүний амьдрал үр­гэлж сайхнаараа бай­даггүй шүү дээ. Эх орондоо ирэхэд хүн бүрийн амьдрал эрс өөрчлөгдсөн байсан. Ганцхан бүжигчний ца­лингаар амьдрахад хэцүү болсон. Толгойтой бүхэн наймаанд явж байсан үе. Адилхан аавын хүү би ч гэсэн чадна гээд амьдралын эрхэнд наймаанд явж эхэлсэн. Хятадаас бараа аваад орос руу гаргасан. Дараа нь Унгар луу бараа зөөсөн. Тэр үед машин гаргаж зарвал ашигтай юм байна гэдгийг анзаарсан. Үнэ­хээр ашигтай ажилласан. Долоон мянгаар авсан машинаа 20 мянга гаргаад зарж эхэлсэн. Эхэндээ ганцхан машин зөөдөг байсан бол сүүлдээ олноор нь гаргадаг болсон.

.-Чуулгын тайзан дээр бүжиглэж байсан уран бүтээлч, ганзгын наймаа хийгээд гахай үүрээд явахад юу бодогдож байв?

-Миний хувьд тэр он жилүүд амьдралын минь том эргэлт болсон. Би амьдрах ухаан, хөдөлмөр, мөнгөний үнэ цэнэ гэд­гийг тэндээс л мэ­дэрсэн. Хүмүүс амьдрахын төлөө яаж тэмцдэгийг тэндээс л харсан, ухаарсан. Сэт­гэлийн асар хатуужилтай болсон. Нэг зүйл эхлүүл­сэн бол заавал ард нь гарах ёстой гэсэн хариуцлагыг ойлгосон.

-Тэр чигээрээ наймаа хийж, бизнес эрхлээд явах боломж бүрэн байж. Яагаад урлагтаа эргээд ирсэн юм бэ?

-Тэр үед С.Сүхбаатар гуай намайг дуудсан. Чи чуулгадаа эргээд ор. Гэхдээ бүжигчнээр биш. Би чамайг арын албанд, үйлдвэр ангийн даргаар то­мил­моор байна гэ­сэн санал тавь­сан. Тэгээд ч хүсч, мө­рөө­дөж эзэмшсэн мэргэжил бо­лохоор орхиж чадахгүй юм билээ. Хэдий уран бүтээ­лээсээ түр хөн­дийрсөн ч сэтгэл зүрх минь урлагтаа, чуулгатаа байж л байсан. Эргээд бодоход нэгэнт л урлагийн амьд­ралаар амь­дарсан хүнд буцах зам гэж бай­даггүй юм шиг. Энэ үед миний хөлсөө урсган байж эхлүүлсэн бизнес маань овоо хөлөө олоод эхэлсэн. Хоёр ажилд сам­­гардаад яахав гэж бо­доод 1999 онд чуулгаасаа гарсан юм.

 

ЗЭМЛЭЛ БҮРТ ХУРЦЛАГДДАГ

 

-Бүхэл бүтэн урлагийн том байгууллагыг удирдаж яваа хүний хувьд хааяа хатуурхах үе гарах уу?

-Уран бүтээлчиддээ дасчихаж дээ. Хааяа аав шиг нь, ах шиг нь, найз шиг нь байх үе гардаг. Би дарга гээд л хатуурхаад байвал ямар уран бүтээлч тэсэх вэ. Яаж сайхан уран бүтээл төрөх вэ. Би өөрөө зэмлэл бүрт хурцлагддаг. Урлагийн хүнд сэтгэл зүй маш чухал. Урлаг хүнийг уяхан, эмзэг болгодог юм. Би даргын хувиар биш, адилхан уран бүтээлчийн хувиар хандахыг зорьдог. Учир нь би ч ялгаагүй уран бүээлч болохоор жаргал, зовлонг нь мэднэ. Тиймээс ямар үед нь яаж харьцах вэ гэдгээ мэддэг. Залуу уран бүтээлч нарт жаахан урам өгөхөд л сэргээд ирдэг. Харин алдаан дээр нь дөрөөлөөд загнаад байвал дараа нь тэр хүнээс жинхэнэ бүтээл хүлээх хэрэггүй л болов уу. Удирдагч хүн уран бүтээлчдийнхээ сэтгэлийн утсыг хөглөдөг байх ёстой. 

-Хэрвээ энэ амьдралыг далай гэж төсөөлвөл та хэр сайн сэлүүрдэгч вэ?

-Би учир зүггүй олон зүйл хийлээ гэж онгирох дургүй. Өөрийнхөө хэм­жээнд ажиллаж, амьдарч байна. Гэхдээ гэр бүлээ хоёр идүүлж, хоосон хо­нуу­лахгүй. Энэ байгуул­лагаа чадах ядахаараа л залж явна. Олон бэрх­шээлийг даван туулж, бүх зүйлийг болж, бүтэх та­лаас нь зохицуулаад л амьдарч байна.