С.УЯНГА

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягаас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-Танай аймаг өвөл­жилтийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Агаарын хуурай­шилт­тай холбоотойгоор сүүлийн жилүүдэд говийн аймгууд ихээхэн гандуу байгаа. Тиймээс бид дөрөвдүгээр сарын дунд үеэс буюу хуурайшилт эхлэхээс өмнө үүлэнд нөлөөлөх ажлуудаа хийдэг. Энэ жил бороо хур гайгүй байсан  учраас аймгийн хэмжээнд зуншлага сайхан байлаа.

Хавар тавдугаар сараас эхлээд Засаг даргын албан даалгавар гаргаж өвөлд бэлтгэж эхэлсэн. Дулааны засварын ажлуудыг хийсэн ч санхүүгийн хямралаас болоод томоохон ажлууд зогсонги байдалтай байна. Гэхдээ Азийн хөгжлийн банкны 10 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр аймгийнхаа бүх дулааны шугамыг сольсон.

-Өвс, тэжээл бэлтгэх, нөөцлөх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Улсын нөөцөөс гадна аймаг 150 тонн, сумд 50 тонн өвс тэжээл бэлтгэнэ. Аймгийн хэмжээнд төлтэйгээ нийлээд хоёр сая гаруй мал өвөлжинө. Манай аймаг хадлан байдаггүй болохоор жилийн жилд хангайн аймгуудаас өвсөө авдаг. Энэ жил хангай талын аймгууд өвс муутай байгаа учраас гэрээ хэлэлцээрийн шатандаа явж байна. Хангайгаас төмөр замаар өвс татдаг байсан. Өнгөрсөн жил Дорнодоос татсан. Өвсийг холоос татахаар тээврийн зардал нь өвснөөс илүү гардаг учраас хүндрэлтэй. Мөн тэр хэрээрээ малчдад үнэтэй өвс очно гэсэн үг. Тиймээс аль болох гайгүй үнэтэй, чанар сайтай өвс татахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин